“Оюутолгой”-н Канад, Виржиний Арлууд дахь оффшор бүсүүдийг онилох нь яав...

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Монголын Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа гэх мэдээллийг гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдэд өгөх сонирхол  “Оюутолгой” компанид илүү байгаа нь тодорхой байв. Харин манай эрхмүүдийн тухайд тэдний үгэнд унаж бүдрэх сонирхолгүй нь бас тодорхой байгаа юм. “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаа учраас, баяжмалаа хил давуулах боломж нь ч бас хаагдаад байгаа гэсэн агуулгатай тайлбарыг өгч байна.  Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж үзэж болохоор байгаа гэж буй. Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлнэ гээд байгаа. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталж байгаа юм байна.

Тэгэхээр энд оффшор бүс дэх данс руугаа шилжүүлнэ гээд байгаа нь анхаарал татаад байгаа юм. Уг нь манай улсын Засгийн газраас Арабын нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болгосноор Оюутолгойн татвараас зайлсхийх байдалд нэг талаас хориг тавьсан гэж ойлгогдож байсан.

Гэтэл үгүй бололтой  юм. Ямартай ч Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон нь өнгөрөгч оны үйл явдал. Гэхдээ Айвенхоу Майнз нь  Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч, хүртэх ашиг нь ихээхэн өндөр байх боломж хэвээрээ байгаад байсан.

Учир нь манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC), Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V. болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Харин  Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан “Давхар татварын гэрээ”-ний буянаар Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломж бүрэн байв.

Оюутолгой ХХК-ийн батлагдсан ТЭЗҮ-д 2014 онд 745 сая ам.долларын ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд хэрэв тухайн онд ийм ашигтай гарвал 2015 оноос эхлэн ногдол ашиг тараах боломжтой гэж үзсэн байдаг. Харин Оюутолгой ХХК-ийн 2014 оны цэвэр ашгаас Нидерланд дахь толгой компани руу шилжүүлэх ногдол ашгаас Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээний 10.3 дахь заалтаас болж татвар суутган авахгүй тохиолдолд манай улс 110.4 тэрбум төгрөгийн татварын алдагдал хүлээх тооцоо байв. Тодруулбал, Оюутолгой ХХК-ийн 2014 оны 745.0 сая.ам.долларын ашгийг 1 ам.долларыг  1200 төгрөгөөр бодон төгрөгт хөрвүүлбэл 894.0 тэрбум төгрөг болно. Харин Оюутолгой Нидерланд ХХК толгой компанид очих ногдол ашгийн орлогыг тооцвол 551.9 тэрбум төгрөг аж. Тэгэхээр үүнээс манай улс 20 хувь буюу 110.4 тэрбум төгрөгийг татварт суутган авах ёстой ч “Давхар татварын гэрээ”-нээс болж бидний хувьд асуудал бүрхэг байгаа гэдгийг эдийн засагчид хэлж сануулж байсан. Улмаар Нидерландын Вант Улстай байгуулсан Давхар татварын гэрээ цуцлагдсанаар энэхүү боломжийг нь хаасан гэж хараад байгаа.

 Гэтэл Оюутолгойн гадаад эзэд Канад болон Их Британий Виржиний Арлууд дахь  оффшор бүс рүүгээ Оюутолгой төслөөс босч ирэх мөнгийг шилжүүлэх гээд байгаа бололтой.

Тэгэхээр эхэнд өгүүлсэнчлэн 4 улстай байгуулсан Давхар татварын гэрээний асуудал шийдэгдэж байх үед Канад зэрэг бусад улстай байгуулсан гэрээнүүдийг ч эргэн харах ёстой талаар хөндөж байсан нь, дэмий яриа бус гэдгийг нөхцөл байдал ийнхүү харуулж эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top