Аймгийн арслан Лхагвасүрэнгийн Үйтүмэнг асууж сураглах бөх сонирхогч олон. Ахархан хугацаанд барилдсан ч бөх сонирхогчдын тод танил болж гарцаагүй дараагийн улсын цолтон болно гэгдэж байхдаа гэмтэн бөхөө орхисон нь аргагүй харамсал төрүүлдэг. Их бөхийн дэвжээнд идэр залуугаараа мөнхөрч үлдсэн Үүдээ арслан 20 насандаа сумын заан, 21 насандаа аймгийн арслан, 22, 23 насандаа дараалан улсын их баяр наадамд гурав давж төрийн наадмын түрүү Х.Мөнхбаатар, Д.Сумъяабазар нарт тахим буулгаж явсан гэхээр хэр зиндааны хүчтэн байсан нь харагддаг.
-Таныг сүүлийн жилүүдэд морь уяж байгаа гэж дуулдах боллоо.
-Манай аав Лхагвасүрэн аймгийн алдарт уяач. Ах Л.Айлтгүйбаатар гэж улсын аварга малчин, мөн аймгийн алдарт уяач хүн одоо Батцэнгэлдээ амьдарч байна. Ах маань ойр хавийн сумддаа сайн нааддаг, өнгөрсөн жил л гэхэд сумандаа их нас түрүүлгэж, азарга, соёолон хязаалан гээд дээд дөрвөн насны морь айрагдуулах жишээтэй. Би хот хөдөө хоёрын дунд ирүүт очуут л байна. Бага наадмуудад л уралдаж байх шив дээ. Бидний хэмжээ тэр юм байлгүй (инээв). Сайжраад ирвэл том наадамд уралдах байхаа.
-Монгол наадмын дэвжээнд дээгүүр хүч үзэж байгаа үе үеийн алдартнууд багадаа хөвгүүд идэрчүүдийн улсын аваргаас бөхийн гараагаа эхэлсэн байдаг. Таны хувьд?
-Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад хоёр оролцсон. Бүр хөдөөний хүүхэд Архангай аймгийнхаа аварга болоод ирж оролцоод 12-т шалгарч байлаа. Налайхын Х.Хүрлээ түрүүлж, Дагваа аварга мөнгө авч, Завханы Я.Моломжамц хүрэл авсан жил. Би Дагваа аваргатай зоондооо таарч давхар хамж байгаад суначихаж байсан [инээв]. Хүрлээ хөл сүхий авдаг, аварга үеийнхнээсээ биерхүү шар хүүхэд байлаа.
Нэгдүгээр курсэд байхдаа дээд насанд оролцож 11-т шалгарсан. Тэр үед 100 гаруй хүүхэд оролцоно. Хэсэгт хуваарилаад, эхний дөрвөөр гарсан 40 хүүхдүүдийг дахиад зоонд хуваагаад, нэг хоёроор шалгарсан хүүхдүүдийг 1-10, гурав дөрвөөр гарсныг нь 10-20-р байр эзлүүлдэг байсан юм. Би эхний зоонд их сайн барилдана. Дөрвөн хүүхэд шалгарахад нэгээр гараад дараагийн зоонд их муу барилдана. Эндээс л хоёр жил дараалж гурваар гарсан. Ингээд сүүлчийн зоонд бараг бүгдийг нь хаяад л арав гаргаад орчихож байгаа хэрэг. 11-р байр гэдэг чинь сүүлийн зоондоо бүгдийг хаясан гэсэн үг л дээ. 1998 оны улсын аваргад би эхний зоондоо тэр жил мөнгө авсан О.Сугарагчааг хаясан байв. Гэтэл дараагийн зоондоо муу барилдаж гурваар гараад сүүлийн зоондоо бүгдийг хаяад 11-т шалгарахад, эхний 10-аас Мөнгөө (Мөнгөнцоож харцага) 10-т шалгарч байсан юм. М.Бат-Отгон 9-р байрт орж байгаа юм. Т.Санчир наймд, М.Дугаржанцан долоод, Б.Сайнбаяр бас шагналт байрт орсон байх шүү. Бүрнээ начин түрүүлж, жүдогийн О.Сугаррагчаа мөнгө авч, Төв аймгийн Н.Гантулга (Уушги хайрхан) хүрэл дээр буусан.
Багын найз СТА бөх тайлбарлагч Агваанбаярын Ганболдын хамт
-Танай үеийнхэн бүгд л Анагаахын барилдаанаар дамжиж алдрын их замналаа эхэлдэг. Та хэр амжилт үзүүлж байв?
-Анагаахын барилдаанд аймгийн арслан цолтой 2 жил барилдаад л гэмтсэн. Түрүүлж үзээгүй юм ш дээ. Ц.Цогтжаргалтай, Д.Азжаргалтай, Д.Амгаланбаатар заантай үлдэж, бас нэг хэнтэй ч билээ дээ үлдэж үзүүрлэж л байсан. Олон удаа шөвгийн дөрөвт үлдсэн. Томчуудын барилдаан дээр эд нартай таарахаар хаяад байдаг мөртлөө залуучуудын барилдаанд уначихаад байсан. Эргээд бодоход түрүүлэх хувьгүй л байсан юм шиг байгаан. Дөрөвт бол амархан үлдчихнэ. Одоо би дүү Шинэбаатартаа хэлдэг “Би аймаг цэрэгт наймд үлдэхэд өөрийгөө муу барилдлаа гэж боддог байсан. Та нар наймд үлдэхээрээ баярлаад байх шиг санагдах юм” гэж. Яахав тухайн үед барилдах бөх нь цөөн, аймгийн арслангууд олноор ирдэггүй байсан байж магадгүй. Гэхдээ л тэнд бөхийн барилдаан болдгоороо л болж байсан.
Залуучуудын насанд жүдо, самбо, чөлөөт гуравт орж гурвууланд нь хүрэл зүүж байлаа. Бэлтгэл ч жигдрээд сайхан болоод ирж байгаа юм. Гэхдээ миний жин дээд тал нь 90 кг л хүрдэг байсан.
-Улс хувьсгалын түүхт 80 жилийн ой төрсөн цолтныхоо тоогоор ч, дуулиан шуугианаар ч зартай наадмуудын тоонд зүй ёсоор багтана. Та ч тэр дуулианы нэг байж тунан барилдаж байсан нь тодхон санагдаж байна. Наян жилийг эргэн нэг дурсвал?
-Наян жилээр би хоёр дээр одоогийн улсын арслан Д.Азжаргалын ах аймгийн начин цолтой байсан Д.Батжаргалыг давсан юмаа. Д.Батжаргал тэр жилээ Говьсүмбэртээ түрүүлж арслан болсон байх. Гурвын давааны төгсгөлд улсын цолтнууд ам аваад аймгийн цолтнууд үлдсэн. Би сүүлд начин болдог Завханы Б.Бадамдоржтой нугалаанд таарлаа. Гарангуутаа таллаж ард нь гараад давсан. Бяраар Бадмаа илүү аралтай, хурдаар би илүү байсан болов уу. Амархан давчих шиг санагдаж байсан шүү. Сайнаа (Б.Сайнбаяр) Увсын Ж.Алтансүхтэй, Х.Мөнхбаатар Өвөрхангайн Р.Ганхуягтай нугарч таарч байсан санагдана. Ж.Алтансүх хөндлөн суйлаад ангижавыг маань тун тэвдүүлсэн дээ. Сайнаа унаж явахдаа дагуулж мушгиад давж байсан. Сүүлийн нугалаан дээр таарсан арслангууд ихэнх нь 2000 оны аймгийн арслангууд байсан юм.
-Дөрвийн даваанд та одоогийн хүчит арслан Х.Мөнхбаатартай тунаж унасан байдаг. Энэ сонирхолтой барилдааныхаа талаар уншигчидтай хуваалцвал?
-Тэр жил чинь дөрвийн даваа оноолт гараагүй байсан сүүлчийн наадам л даа. Начингууд ам авсаар гурван бөхөөс Б.Одхүү Ц.Цогтжаргал арсланг аваад Мө бид хоёр тунаад гарсан. Хавар нь Анагаахын барилдаан дээр би Х.Мөнхбаатарын хөлийг нь авч хаяж байв. Улсын цолтнуудын барилдаан дээр хоёрын даваанд таарч золгоход хутгуулаад унасан. Тэр хаврын хувьд нэг, нэг болчихоод байгаа. Наадмаар сэрвүүгээс хөл авья гэж товлож гараад чадаагүй элэг бүс, сэнжиг алдаад жаахан хүчээр дутаад унаж байсан даа. Одоо бодоход алдаа гаргасан юм билээ. Бяраар дутуу байж сэнжигнээс татахаар нь зөрүүлж татаад урагшаа алхтал сөрөөд дунгуйлдаад татчихдаг. Сэнжигээ тавиулаад хойшоо чарсан бол унахааргүй байсан болов уу.
Тунасан хоёрын барилдаан
-2002 оны төрийн наадамд та дахиад гурав давсан даа?
-Хоёрын даваанд Баянхонгорын Б.Ганбаатарыг орхисон. Гурав дээр Б.Жавхлантөгс багшаараа давсан. Дөрөв дээр оноолтод Д.Сумъяабазар заанд унасан. Зургаан зааны үеийнхний ааглуу он жилүүд. Эднээс л арай зөрчихсөн бол учир байсан байх. Би ч яалтгүй таарч байгаа нь тэр л дээ. Дээр нь Өсөхөө аварга, дор нь Ганбат арслан байгаа юм чинь. Дээд бөхчүүд нь ч тасархай байж дээ. Хоёр Эрдэнэ хариагүй, зургаан заан, И.Доржсамбуу, Ч.Батзориг, Д.Бумбаяр, О.Одгэрэл, М.Жамьяанпүрэв, До.Ганхуяг гээд сайн начингууд ид сайхан. Залуучуудын сэтгэлзүй ч их өөр байж, дээгүүр үзэж байгаа аймгийн цолтнууд нь улсын начин болчихвол л тэнгэрийн умдаг атгалаа гэж бодно. Сэтгэлзүй нь тийм жижигхэн болохоор чинь ямар амжилт гаргах нь тодорхой. Одоо бол зарим сайн барилддаг аймгийн цолтнууд бараг улсад түрүүлнэ гэж бодож байж магадгүй. Тэгээд энэ оныхоо намар нь гэмтсэн дээ.
-Ер нь танай удамд нэртэй зартай бөх байсан уу. Одоо дүү нар чинь сайн барилдаж байгааг бодхуул удамд бөх байсан болов уу гэж төсөөлөгддөг?
-Нагац талд орон нутагтаа сайн барилддаг сумын заанууд нэлээд байсан юмаа. Аавын талд ч мөн заанууд байсан. Аль аль талд бяртай хүчтэй, биерхүү хүмүүс байдаг. Эд нарын дэргэд Шинээ, Отгоо бид гурав бол биеэр жижигдээ орно шүү. Цэнхэрийн Ц.Нямдорж арслан чинь манай ээжийн төрсөн ахын хүүхэд. Аав нь сумын заан, ах нь аймгийн начин бас сумын заан байдаг. Одоо энэ цэргийн начин Алтантуяагийн Мөнхболд чинь аавын талын мөн ойрхон хамаатан даа.
-Батцэнгэл сум бараг улсын цолтон төрсөнгүй арван жил болчих шиг боллоо?
-Архангай аймгийн Батцэнгэл сум маань бөхийн өлгийн нутгийн нэг. Улсын хамгийн олон харцагатай гэгдэж байгаа сум. Харин Т.Мөнгөнцоожоос хойш арав шахам жил улсын цолтон төрсөнгүй. Бөхийн их үр үндэстэй газар яагаад улсын цолтон төрөхгүй байна гэж бодогдох юм. Янз янзын шалтгаан байдаг байх. Гэхдээ их хөдөлмөр хийж, хөлсөө урсгаж байхад нэг л өдөр ногоон дэвжээ нь хардаг гэж үнэн үг байхаа.
-Таны яриаг сонсож байхад бөхөд ойр байгаа биднээс ч илүү мундаг судалгаатай байдаг бололтой?
-Үндэсний бөхийн барилдааныг байнга үзэж байна. Хүргэн Б.Гончигдамба, дүү нар цуг бэлтгэл хийж байгаа. Би хааяа очиж ганц нэг юм хэлж өгнө. Чиглүүлэх маягтай. Тэрний арга барил ийм байна, тэр ийм талтай, тийм мэхтэй гээд. Тэр хүнтэй тэгж барилд, бэлтгэлжилт нь ийм байна гэх мэт. Харж байж ярихгүй бол таг энд буруу харж суучихаад хүнд юм хэлнэ гэхэд хэцүү. Шинээ өнгөрсөн жил аятайхан болоод байсан, энэ жил гэмтэл бэртэл гээд жил шахуу гарсангүй. Шантаралгүй өдөр бүр заал руугаа цүнхээ үүрээд явж л чадвал бөх болно.
-Одоо сайн барилдаж байгаа залуус бүгд харьяалал компанитай болчихлоо. Таны үед түгээмэл болж байсан уу?
-Ер нь ивээн тэтгэгч компани, байгууллагатай болсон байсан шүү. Би Алдар нийгэмлэгийн тамирчин, “Автобус-3” компаний нэр дээр барилдаж байсан.
-Хүчит арслан Х.Мөнхбаатар та хоёр сайн найзууд бололтой. Таны альбомонд арслангийн олон сайхан зураг байх юм?
1997 оны намар би ҮБТДС-ийн оюутан болоод Улаанбаатар руу орсон. Х.Мөнхбаатар яг л тэр багцаанд хотод ирсэн байх. Тэр үеэс л танилцаж нөхөрлөж эхэлсэн дээ. Тавийн ундаагаа хувааж уугаад, хоолоо хувааж идээд цуг бэлтгэлээ хийгээд явж байсан залуу цагийн андууд байна өдгөө улсын том цолонд хүрчихсэн барилдаж байгаа нь сайхан хэрэг.
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Б.Сайнбаяр, Б.Сэр-Од бид гурав чинь нэг ангид төгссөн. Сэр-Од чинь доороос мундаг гарч ирсэн ш дээ. 1998 онд их багадаа аймгийн арслан болоод мөрний гэмтэл нь болж өгөхгүй хэсэг бөхөө орхисон.
-Сэргээшийн талаар?
-Шударга өрсөлдөөн, тамирчдынхаа эрүүл мэндийг бодоод авах ёстой л доо. Авах арга дээрээ л жаахан асуудал байх шиг. Дүрэм журмаа чангатгаад, боловсронгуй болгоод бөхчүүд, ард түмэнд ойлгомжтой болгох нь зөв байх. Х.Мөнхбаатарын хувьд бол бэртэл гэмтлээ эдгээх гэж л тэр. Тэр эмийг монголчууд бэртсэн хүн болгон ууж хэрэглэдээд ирсэн, тэрний найрлагад юу байдаг гэдгийг хэн ч мэдэхгүй. Х.Мөнхбаатарийн бэртэл эдгэхгүй хэцүү байсан. Улсын наадамд дээгүүр барилдах бөх нийт барилдаж байгаа бөхчүүдийн цөөхөн хувь нь байгаа шүү дээ. Ямар эм бэлдмэл хэрэглэснийг нь асууж тодруулаад бүр сайн мэдлэгтэй болгох нь зүйд нийцэх байх. Бэртэл хэнийг ч тойрдоггүй. Эргээд эрүүл саруул болоход мэдээж эм тариа шаардлагатай. Харин энэ талаар зөвлөгөө өгдөг, аль нь сэргээшийн төрөлд багтдаг эсэх талаар хэлчих тийм бөхчүүдтэй ойр ажиллаж байгаа юм алга. Хэнээс асуух уу, аптекийн эмзүйчээс л бараг асууж байна ш дээ. Аа харин зөвлөгөө сургалт нь сайн хийгдээд, таниулга сайн хийсэн дараа илэрвэл шийтгэлээ чангатгах хэрэгтэй. Уг нь бусад барилдааны үеэр гэнэт түүвэр байдлаар авдаг байвал. Дэлхийн тамирчдыг чинь дэвжээн дээр нь очоод бэлтгэл дээр нь гэнэт авдаг болсон байна. Хөрөнгө мөнгө нь боломжтой бол манай үндэсний бөхөд ч ингэж авч болно доо.
-Хаялцах барьцны талаар ямар бодолтой явдаг вэ. Бөхчүүд янз янзаар л ярьж байна?
-Өөрөө барилдаж байсан хүний хувьд хаялцах барьцны хөл авах хувилбар их зүгээр байсан даа. Оруулах хамгийн зөв арга байж магадгүй шүү. Араар тэврэх, хөл авдаг хоёрыг хоёуланг нь оруулаад шодолтоор хожсон хүн өөрөө сонгодог байж болмоор. Уг нь хөл авахыг нэг хэсэг туршаад больсон, дэмжигдээгүй учраас татгалзсан гэсэн. Үзэгчид бөхчүүдийн жин масс нэмэгдэж, уран гоё барилдаан цөөрч, үзэгчдийн тоо хумигдаж эхэллээ гэж их ярих болж. Хөл авахыг оруулаад эхэлбэл жижиг биетэй бөхчүүд тэр хувилбарыг сонгоно. Иймээс эргээд бүх бөхчүүд хөлөө хамгаалах бэлтгэл хийж эхэлнэ. Одоо бол зогсож барьж байгаад шодно. Шодоход ерөөсөө алдах юмгүй. Барьц сонгуулсан ч унахгүй, харин дараа нь өөрөө өргөөд тавьчихна гээд. Хэн ч гэсэн хэдэн минут зугтааж байгаад тогтоосон хугацааг дуусгаж чадна. Хугацаанаас өмнө хаях мэхний ямар нэг хувилбар байлаа ч хийхгүй. Учир нь найдвартай юм хэдхэн минутын дараа хүлээж байгаа шүү дээ. Бөх хүн даваагаа бодохоос үзэгчдэд заавал гоё юм харуулъя гэхгүй нь тодорхой. Харин үзэгч өөр зүйл хүлээж байдаг. Хэн ч өнөөдөр Шагдарын Зоригт шиг өмсөх мэх хийж начин болохгүй байх шүү. Бэлтгэл дээр ганцхан хаялцах барьцаа давтаад, жингээ нэмнэ. Хөл авна гэдэг хурдтай, сурцтай, жин багатай байх шаардлагатай. Иймээс үүнд зориулаад биеэ бэлдэж эхлэх болов уу. Гоё барилдаанууд тэндээс нэлээд үүсэх болов уу гэж боддог.
Ухардаг бөх олширч байх шиг байна. Жин ихтэй, хаялцах барьцнаас сайн барилддаг бөхчүүд зугтааж гарсаар байгаад хугацааг дуусгадаг. Тэрийг бөхийн дүрмээр шахаад өгмөөр санагдаад байдаг. Хоёр удаа ухарч гарвал сануулга өгнө. Гурван удаа ухарч гарвал шууд хасна шүү гээд. Хэд хэдэн удаа дүрмээ хэрэгжүүлээд өгөхөд хэн хасагдаад байхыг хүсэх билээ. Дүрмэндээ зохицоод эхэлнэ. Ухарч хасагдсанаас урагшаа яваад уная гэж бодно. Ерөөсөө гоё барилдаан гэдэг чинь сэрвүүгээс л гарна. Тэр хугацааг ухарч байгаад дуусгаж байна.
-Манай сайтын гарьдмагнайн зочны хойморт тухалсан танд баярлалаа.
Ийм нэгэн сонирхолтой зургийг арслан надад үзүүлэв. Баруун гар талаас аймгийн заан Говьсүмбэрийн Ш.Наранбаяр, Л.Үйтүмэн, цааш харж байгаа нь улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр, цаана нь цухуйж байгаа толгой одоогийн улсын заан Д.Баасандоржийнх гэнэ.
Ярилцсан О.НАБА
Сэтгэгдэл ( 0 )