Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Улсын хэмжээнд арьс шир боловсруулдаг 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 170 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч жилд бэлтгэгддэг 10,3 сая ширхэг арьс ширний 25,8 хувийг л үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байна. Бусдыг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийн БНХАУ руу экспортолж, дотооддоо нэмүү өртөг бүтээх ихээхэн нөөц бололцоог алдаж байна. Үүний шалтгаан нь үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй, улмаар бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 cap сул зогсдогтой холбоотой.
Энэ салбарын үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлснээр улс орны нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тооцоо гарч байна. Манай улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбар дэлхийд арьс ширний технологиор тэргүүлдэг Итали, Испани, Туркээс технологи дамжуулж, 2016 он гэхэд 10 сая арьс ширэн түүхий эдийнхээ худалдан авалт, боловсруулалтыг 100 хувь өөрсдөө хийж, үүнээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, 20 хувийг хагас боловсруулан экспортолж, 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олдог 25 мянган ажилтантай, экологид ээлтэй орчин үеийн техник, технологитой, улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )