Г.Ганбаясгах: Бэлгийн мөлжлөгөөр жилд 36 тэрбум долларын ашиг олдог

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт манай оронд саяхан айлчлахдаа Г.Ганбаясгах хэмээх Монгол бүсгүйд  “Орчин үеийн боолчлолыг төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны баатар” гэсэн өргөмжлөл гардуулсан юм. Тэрээр Хүйсийн тэгш эрхийн төвийг арваад жилийн өмнөөс байгуулан хүн худалдаалах гэмт хэргийг илчлэх, таслан зогсоох, хохирогчдод бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон зүйл санаачлан хийжээ. Түүнийг Zindaa.mn сайт "Редакцийн зочин" буландаа урьж, хүн худалдаалах гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
 
-“Баатар”-ын алдар хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ шагнал ганцхан надад олгосон шагнал биш ээ. Манай хамт олны сүүлийн 10-аад жилийн хөдөлмөрийн үр дүнг үнэлсэн хэрэг биз.
-Америкийн төрийн департаментийн энэ шагналын гол шалгуур нь юу юм бэ? 
-Шалгуур үзүүлэлтүүдийг нь нарийн мэдэхгүй байна. АНУ-ын Засгийн газраас дэлхийн улс орнуудад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг юу хийж байгааг сонирхож, тайланг нь авч нэгтгэж үздэг юм билээ. Манай байгууллага энэ онд 10 дахь жилийнхээ тайланг өгсөн. Нийтдээ дэлхийн 171 орны тайланг авсан байна лээ. Шагналыг цөөн улсад өгдөг гэсэн. Гол нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар юу хийж, ямар үр дүнд хүрч байгаагаар нь энэ шагналыг олгодог болов уу. Би байгууллагаа удирдаж байгаа гэдгээрээ л шагналын эзэн болсон байх. Түүнээс биш энэ ажлыг ганц хүн хийдэггүй. Хийх боломж ч байхгүй. Шагналд гол нь бодитой үр дүнг харгалзан үздэг байх. 


-Танай байгууллагыг зөвхөн жендерийн тэгш эрхийг хангахад голлон анхаарддаггүй, бас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг гэж ойлгож болох нь ээ?
-Үйл ажиллагааны маань гол чиглэл нь жендер суурьтай хүчирхийллийг таслан зогсоож, жендерийн харьцааг бий болгох, зохих түвшинд нь хүргэх явдал юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтчилэн энэ хүрээнд олон талын ажлуудыг хийдэг. Манайх жендерийн тэгш эрхийн хуулийг анх санаачлагч байгууллагын нэг юм. Мөн их, дээд сургуулиудтай хамтраад жендерийн тэгш эрхийн асуудлыг сургалтын хөтөлбөрт оруулж өгсөн. Ер нь бид энэ талаар сурталчилгааны нэлээд ажил хийлээ. Хүчингийн гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаагаа явуулж байна.
-Олон хохирогчтой учирсан уу. Тэдгээрийн хэд нь худалдагдсан хүмүүс байсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 гаруй хохирогчид туслалцаа үзүүлсэн. Эдгээрийн 400 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, үлдсэн 300 гаруй нь бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн золиос бологсод, гадаадад цагаачилж яваад бусдад хууртагдаж, мэхлэгдэн янз бүрийн хохирол амссан хүмүүс байна. Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд автах явдал элбэг тохиолддог. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоосон асуудлуудын нэг болж байна.


-Бэлгийн хүчирхийлэл гэснээс зарим хөвгүүд охидод хүчиндүүлсэн гэдэг мэдээлэл байсан. Ийм тохиолдол та бүхэнтэй тааралдсан уу?
-Хорвоо дээр хүн гэдэг амьтан амьдарч л байгаагаас хойш ийм тохиолдол байж болохыг үгүйсгэхгүй. Хүч хэрэглэх үйлдэл эр, эм гэлтгүй гардаг. Гэхдээ эрэгтэй хүн биологийнхоо хувьд ч тэр, бэлгийн халдлагад өртөх магадлал харьцангуй бага. Эмэгтэйчүүд илүү өртдөг. Яагаад гэвэл эрчүүдээс тэд чинь хүч тамираараа хүртэл дутуу шүү дээ. Бидний хувьд эрчүүд бэлгийн халдлагад өртсөн үйлдэлтэй тааралдаж байгаагүй юм байна.
-Ер  нь хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад анх хэдий үеэс гарч эхэлсэн  юм бэ?
-Хамгийн анх бүртгэгдсэнээс нь харахад 1999 онд ийм гэмт хэрэг гарсан байдаг юм. Харин хохирогчидтой уулзаад ярилцаж байхад 1993-1994 онд Конконг, Макао зэрэг улсад худалдаалагдсан байсан. Тухайн үед хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт манай хүмүүсийн дунд их бүдэг байсан юм билээ. Бүсгүйчүүд маань худалдагдсан гэдгээ сайн ойлгоогүй явж байсан гэдэг. Мэдээж тийм хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж цагдаад хандахгүй байх. Манай улс 1996 оноос хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн заалтыг хуулиндаа тусгаж өгсөн.
-2000 оны эхээр манай цагдаа, тагнуулын байгууллагынхан хүн худалдаалах гэмт хэрэг Монголд огт байхгүй гэж мэдээлдэг байсан шүү дээ. Тухайн үед нууж хаадаг байсан юм болов уу?
-Би одоо боддог юм. Нуухаасаа илүү энэ төрлийн гэмт хэргийг таньж мэддэггүй байсан байх гэж. Хүн худалдаалах гэмт хэрэг чинь хар тамхи, мансууруулах бодис худалдаалах гэмт хэрэгтэй адилхан нарийн зохион байгуулалтай гэмт хэрэг шүү дээ. Эхний үед манайхан ийм гэмт хэргийг Монгол шиг буурай хөгжилтэй оронд тохиолдохгүй мэтээр төсөөлж байсан болов уу. Өндөр хөгжилтэй орнуудад л ийм гэмт хэрэг гардаг гэж боддог байсан байх. Бид анхныхаа хохирогч нартайгаа уулзаад цагдаагийн байгууллагад хандахад хүртэл иймэрхүү байдал ажиглагдаж байсан. Зарим цагдаа нар юу гэж хүн худалдах гэмт хэрэг манайд гарч байхав гэсэн юм яриад сууж байдаг байлаа. Хэдэн янхныхаа асуудлыг та на ярьж яваа биз гэх хүн ч таарч л байсан. Тэр үед бас санхүүжилтээ гаднаас олж авах гээд ийм юм ярьж байна гээд хүртэл биднийг үл тоох хандлага ажиглагдаж байсан шүү. Арай гэж хуурамч бичиг баримт хүртэл бүрдүүлж байж гадаадад худалдагдсан хүнийг буцаагаад эх оронд нь оруулаад ирэхэд хууль бус бичиг баримттай этгээд гээд тэр хүнийг маань дахиад дээрээс нь шийтгэсэн тохиолдол ч гарч байсан.


-Дарга нарт ойлгуулахад тийм хүнд байсан хэрэг үү?  
-Асуудлын голыг таньж мэдэж, нээж гаргаж ирэх нь бидний хувьд маш чухал байсан. Ойлголт ер нь дээрээ ч, доороо ч тааруухан байсан гэж би дээр хэллээ шүү дээ. 2003-2006 оны оны байдлаар манайд 25 орчим хохирогч хандсан байлаа. Энэ төрлийн хэргийг нийгэмдээ хүлээн зөвшөөрүүлэх, ойлгуулахын тулд бид 2005 онд өөрсдөө судалгааны ажилд гадагшаа явцгаасан. Хонконг, Бээжин, Макао, Солонгос зэрэг улсад Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Интерпол, Монгол Улсын их сургуулийн судалгааны багтай хамт очсон. Тэнд монгол охид үнэхээр хүнд хэцүү байдалтай байгааг нүдээрээ харцгаасан даа. Хөөрхий тэр охид буцах бичиг баримтгүй, мөнгөгүй, хүний эрхшээл дор өрөмдмөөр байдалтай байсан. Амь нас нь дээсэн дөрөөн дээр л байлаа. Оргоод явах боломжгүй. Тиймээс бөөндөө байж байгаад яаж ийгээд мөнгөний өрөө төлөөд эндээс бушуухан явна гэсэн хүмүүс биднийг угтсан юм. Тэдгээр охидыг бид Монголдоо авчирсан. Авчраад иргэншүүлэх, ийм гэмт хэргийн золиос болохгүй байхыг олон нийтэд таниулах ажлуудыг хийж эхэлсэн. 2007 оноос олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран гадаадад гараад иймэрхүү төрлийн гэмт хэрэгт өртсөн хүмүүсээ олж цуглуулж авчрах ажлыг одоо болтол хийж байна. Тэднийг эх орондоо ирээд хэвийн амьдралдаа ороход хүртэл туслалцаа үзүүлдэг. Мэргэшүүлэх, ажил төрөлтэй, боловсролтой, орон гэртэй болгох, эмчлүүлж сувилуулах гээд олон төрлийн юм бий шүү дээ. Тэр бүгдийг амжуулахын төлөө ажиллаж байна.
-Эх орондоо эргэж ирсэн хүмүүсээс дахиад ийм гэмт хэргийн золиос болох явдал тохиолддог уу?
-Судалгаа хийгээд явж байхад иймэрхүү хандлага бас ажиглагдаж байсан. Яагаад гэхээр тэднийг харж хандах байгууллага, хамт олон байхгүйгээс юмуу, эсвэл мөнгө олж амьдралаа тэтгэх боломжгүй, ажлын байргүй зэргээсээ болоод урьдын хамт явж байсан хүмүүстэйгээ нийлэх, гадаад руу гарах тохиолдол илэрч байсан. Өөрөөр хэлбэл, дахиад хүн худалдаалах гэмт бүлэглэлийн гинжин хэлхээнд орох явдал гарч болох юм билээ. Тиймээс нийгмийн орчныг сайжруулах, ажлын байрны хүртээмжийг дээшлүүлэх гээд олон асуудлыг цогцоор нь шийдэж байж энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулна. Төр, засгийн түвшинд ихээхэн анхаарах хэрэгтэй байна.  
-Худалдагдаж байгаа охид юун түрүүнд мөнгөний барьцаанд орж золиос болдог уу. Эсвэл өөр сонирхол тэднийг хөтлөөд байна уу? 
-Эх орондоо мөнгөтэй бол тэд юу гэж ийм хэргийн золиос болохов дээ. Гадагшаа явбал мөнгөтэй болно гэсэн ойлголтоор тэд хууртагдаж байгаа. Ер нь ийм гэмт хэрэгт нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн ялгаа их нөлөөлдөг. Энд нэг оёдлын үйлдвэрт ажиллаад 200-аад мянган төгрөг авснаас гадаад руу гараад үүнээсээ хэд дахин их мөнгө олж болох юм байна гэж ойлгодог. Тэгж хууран мэхэлдэг. Манайд томоохон үйлдвэр алга. Хүн тогтож ажиллах газар хомс байна.


-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд төр засаг эдгээр бүх хүчин зүйлийг харж шийдэх хэрэгтэй боллоо гэсэн үг үү?
-Хүн худалдаалах гэмт хэргийн гаралтыг ажиглаад, хэрэгт холбогдсоныг нь гадаадаас татаж авчраад, шийтгээд байх бол нэг хэрэг. Харин нийгмийн бүх асуудлаа жигд харж ядуурлыг бууруулахад ахиц гаргаж чадвал охид бүсгүйчүүд маань ийм гэмт хэргийн золиос болж хохирохгүй шүү дээ. Биеэ үнэлэгчдийн талаар хэвлэл мэдээллээр цацаад, нийгэмд жигшүүлэх гэж оролдсоноор гэмт хэрэг буурахгүй.  Гол нь ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй. Тохилог, хангалуун амьдрал дундаас хэн ч ийм гэмт хэрэгтэн болохгүй.
-Хүн худалдаалах гэмт хэргийг дагалдаад өөр олон төрлийн гэмт хэргүүд гардаг. Тухайлбал, хар тамхины хэрэг. Та бүхэнтэй хар тамхичин олон тааралдав уу? 
-Ер нь хүн худалдаалах гэмт хэрэг бол хамгийн хүнд гэмт хэрэг. Олон төрлийн гэмт үйлдлүүд дагалдаж байдаг. Нэг гэмт хэргийг дагаад 10-15 гэмт хэрэг гардаг гэсэн судалгаа бий. Тураах, сарын тэмдэг зогсоох эм хэрэглэх, оргох, зодуулах, санаа сэтгэлийн хүнд дарамтанд орж бие эрхтнээ гэмтээх гэх мэт бүх үйлдлүүд эрсдэл дагуулна. Маш олон гэмт хэргийн хохирогч болно. Хар тамхи татах, тээвэрлэх явдал ч гарч байсан. Энэ бүхнээс болоод эрүүл мэнд нь хэзээ ч нөхөгдөхөөргүй болсон тохиолдол бий. Биднийг Макаод явж байхад хар тамхи биедээ тариагаар хийдэг, татдаг охид олон тааралдаж байсан. Бээжин, Эрээнд мөн ялгаагүй. Эзэд нь охидыг эсэргүүцэхэд хүчээр хар тамхи тарьж мансууруулаад хүчирхийллээ үйлддэг явдал цөөнгүй гарсан байна лээ.
-Хар тамхи хэрэглээд мэдээж сэтгэцэд нь өөрчлөлт ордог байх даа?
-Зөвхөн хар тамхинаас биш, байнгын дарамтанд байсан охид маань сэтгэцийн өөрчлөлттэй болсон тохиолдол байгаа. Одоогийн байдлаар хоёр охин сэтгэцийн өөрчлөлтөөс болж эмчилгээнд ороод байна. Тэд өнөөдөр амьд байх уу, маргааш амьд байх уу, үгүй юу гэсэн байнгын айдас дор шаналж яваа болохоор аргагүй шүү дээ.      
-Дэлхийн хэмжээнд жилд хэдэн хүн худалдагддаг вэ?
-Нарийн тоо гаргахад их төвөгтэй юм шиг байна лээ. Гэхдээ зарим судалгаанаас харахад жилдээ 2,6 сая хүн худалдаалагддаг гэсэн. Үүний 50 орчим хувь нь Азид байна.
-Хүний наймаагаар хэдий хэмжээний ашиг олдог бол? 
-Зөвхөн худалдаж аваад дамжуулан зарахад 12 сая ам.долларын ашиг олдог. Тухайн худалдаж авсан хүнээ бэлгийн мөлжлөгөөр ашиглахад жилдээ 32-36 тэрбум долларын ашиг олж байна. Охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлээд, дараа нь хөдөлмөрийг нь мөлжөөд, эцэст нь ашиг орлого багасаад ирэхээр хар тамхины наймаанд явуулчихдаг. Ингэж хэд хэдэн хүнд гэмт хэргийн золиос болж байна. Мөн зэвсгийн наймаанд ч ашиглагддаг. 


-Тэгвэл манай улс хүн худалдаалах гэмт хэргийн дамжуулагч уу, шууд гаргагч уу?
-Олон улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийг дамжуулагч, гаргагч, хүлээн авагч гэж гурав хуваадаг. Эхний жилүүдэд манайх дамжуулагч байсан. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг манай улсын нутаг дээр үйлдэгддэггүй байлаа. Дараа нь гаргагч улс болсон. Одоогийн байдлаар монгол охид  бүсгүйчүүд 15-16 улсад худалдаалагдаж байна. Энэ бол бидэнд мэдээлэгдсэн хохирогчдын тоогоор авч үзсэн үзүүлэлт шүү дээ. Амь насаа алдаж, бусдын эрхшээлд орчихсон бусад хүмүүсийг хамруулан нийтэд нь тооцож үзэж чадахгүй байгаа. Сүүлийн үеийн олон улсын тайлан мэдээнүүдийг харж байхад Монгол улс ийм гэмт хэргийн хүлээн авагч болж болзошгүй гэсэн дүн гарч байна. Солонгос, хойд Хятадын иргэдийг манайд барилга, зам дээр ажиллуулж байгаа. Тэдний бичиг баримт нэг хүн дээр байдаг. Амьжиргааны түвшин нь ямар байгаа билээ. Тэдний дундаас хүний худалдаа гарахгүй гэх баталгаа алга болж байна. Өнгөрсөн онд бид Филиппиний гурван иргэнийг нутагт нь буцаасан. Тэд Монголд ирээд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа худалдаалагдах, боолчлогдох байдалд орсон байсан. Ингээд үзэхээр Монгол маань ийм гэмт хэргийн хүлээн авагч болох магадлал өндөр болж байна.
-Гэр бүл зуучлалын төвүүд хүн худалдаалаад байна уу?
-Солонгосын Танилцуулах алба гэсэн байгууллагаар дамжуулдаг гэр бүл зуучлалын үйл ажиллагаа хуулиар зөвшөөрөгдөөгүй. Тэдгээр нь хууль бус гэсэн үг. Энд нэг зүйл онцолж хэлмээр байгаа юм. Хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн гурван хэлбэр манайд байна. Бэлгийн мөлжлөгт нийт хохирогчдын 75 орчим хувь өртдөг. 10 гаруй хувь нь албадан хөдөлмөрөөр мөлжүүлдэг. Үлдсэн хэсэг нь гэр бүл зуучлалын захиалгат мөлжлөгт өртөж байна. Солонгост байгаа иргэнтэй хэн охид бүсгүйчүүдээ танилцуулж байна, зуучлах байгууллагууд шүү дээ. Бараа худалдаж байгаа юм шиг. Биеийн хэмжээ, боловсрол, мэргэжлээр нь сурталчилж байгаад л явуулдаг. Арилжааны зориулалтаар ингэж худалдаж байна. Солонгост амиа алдсан хоёр бүсгүйн ар гэрийнхэнд Засгийн газраас эмгэнэл илэрхийлээгүй. Таг чиг л байгаа. Өнөөдөр манай 35 хүртэлх насны залуучуудын 85 хувь нь гадагшаа гарч амьдрах хүсэлтэй байна. Энэ бүхэнд төрийн зохицуулалт үгүйлэгдэж байгаа. 
-Та бүхэн ийм хүнд хэцүү ажил хийхдээ янз бүрийн дарамт шахалтанд ордог уу. Тагнуул, цагдаа гээд хүчний байгууллагаас аль зэрэг эсэргүүцэл ирдэг вэ?
-Яалаа гэж тэд биднийг шахах билээ. Хамтраад ажиллаж байгаа юм чинь. Тагнуулынханд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн заалт байхгүй болчихсон. Хуулиас нь хасчихсан. Гэхдээ тэд бидэнд маш их тусалдаг. Бид цагдаа, тагнуулынхандаа үргэлж баярлаж явдаг юм. Эдгээр байгууллагууд туслахгүй бол ихэнх нь эмэгтэй аравхан ажиллагсадтай энэ байгууллага юу ч хийж чадахгүй шүү дээ.


Б.Отгонбаяр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top