Манай “түрүүлэгч” ёроолоос өгсөж, Энэтхэг, Оросынх уруудаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 09

Нэгдсэн Түрүүлэгч Индикатор  нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой. Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2013 оны I улирлын ДНБ болон бусад макроэдийн засгийн үзүүлэлтүүдийн ҮСХ, Монголбанкны 2013 оны 5 дугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолжээ.

Монгол Улсын эдийн засаг 2011 оны 11 дүгээр сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол НТИ нь түрүүлж 2011 оны 8 дугаар сард оргилдоо хүрч, түүнээс хойш буурсаар одоо мөчлөгийнхөө ёроол орчимд байна. НТИ нь 2012 оны 12 дугаар сард ёроолын цэгтээ хүрээд эргээд сэргэх хандлагатай байгаа бөгөөд энэ сард 99.37 болж өмнөх сараас 0.2 нэгжээр, ёроолын цэгээс 0.5 нэгжээр өсөөд байгаа нь Монгол Улсын эдийн засаг ирэх 1-2 улиралд сэргэх төлөвтэй байгааг харуулж байна.     

Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын мөчлөг эргээд сэргэх хандлагатай байгаа нь энэ сарын индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт, нийт экспорт, БНХАУ-руу гаргасан экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ, нийт импортын хэмжээ болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл эргээд өсч байгаатай холбоотой юм. 

Тодотгоход, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Нэгдсэн түрүүлэгч индикаторыг 1970-аад онд анх боловсруулсан бөгөөд, тэр цагаас хойш эдийн засагчид, бизнесменүүд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргачдад богино хугацааны эдийн засгийн мэдээллийг өгөх, тухайн эдийн засгийн үйл ажиллагаа урт хугацааны чиг хандлагатай нь харьцуулахад хаана, ямар чиглэлтэй байгааг урьдчилан таамаглах зорилгоор байнга гаргадаг болсон байна. Сарын давтамжтай гаргадаг энэ үзүүлэлтийг өнөөдрийн байдлаар ЭЗХАХБ-ын 33 гишүүн орнууд болон гишүүн бус Хятад, Энэтхэг, Бразил, ОХУ, Индонези, ӨАБНУ гэсэн  6 орны хувьд тооцож байна.

Хамгийн сүүлийн, 4 дүгээр сарын мэдээллээр тооцож, 6 дугаар сард нийтэлсэн НТИ-ын таамаглалаар АНУ, Японд эдийн засаг эргээд сэргэж байгаа нь бататгагдсан бол бусад орнуудад өсөлт хангалтгүй байна. Еврогийн бүсэд ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт урт хугацааны чиг хандлагаруугаа эргэсэн, Итали эерэг өсөлтрүү орсон, харин Франц онцын өөрчлөлтгүй дүр зураг харагдаж байна. Их Британи, Канад, Хятад, Бразилийн өсөлт урт хугацааны чиг хандлагынхаа ойролцоо, харин Энэтхэг, ОХУ-уудын өсөлт чиг хандлагаасаа доогуур байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top