Монгол Улсын Төрийн туг далбаа. 1911 он.
1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.
Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.
1924 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАЙДАЛ
1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.
1940 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАЙДАЛ
1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна. Харин Улсын туг далбаанд хэрэглэх сүлдийг уламжлалт соёмбыг хэрэглэх болсон байна.
1945 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д нэлээд богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн юм. Үүний учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ явагдаж, түүний нэгэн чухал асуудал нь БНМАУ-ын тусгаар тогнолын тухай асуудал байсан юм. 7 дугаар сарын 5-ны орой Сталин Кремльд Х.Чойбалсанг хүлээн авч уулзан, ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээр болж байгаа хийгээд Хятадын Ерөнхий сайд Сун Зы Вэнь Москвад байгаа талаа мэдэгдээд: “Хятад улс танай Монгол Улсыг одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байсаар ирлээ. Энэ удаа манай зүгээс Монголыг тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд Хятадаар батлуулах тухай ярилцаж байгаа боловч бас дуртай биш байна.
БНМАУ-ын Төрийн далбааны зураг. 1945 он.
Миний бодоход энэ асуудлыг Хятадын төлөөлөгчид эцсийн бүлэгт зөвшөөрөх байх. Бидний хэлэлцээр үр дүнд хүрвэл Дундад иргэн улсаас танай Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргана гэж бодож байна. Энэ талаар таны саналыг сонсох нь зүйтэй байна” хэмээжээ. Х.Чойбалсан үүний хариуд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө санаа тавьж байгаад гүн талархлаа илэрхийлж, өөрсдийн тусгаар тогтнолын төлөө хэмээх сэтгэлийн эрмэлзэлтэй байдгаа нотолсон байна.
Ингээд 7 дугаар сарын 7-ны орой Сталин Х.Чойбалсанд зориулсан зоог барьсан бөгөөд түүн дээрээ “Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө хэмээн тэмдэглэн хундага дэвшүүлсэн” байна.
Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирүүт маргааш нь буюу 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2 x 1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Энд улсын нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй. Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй холбоотой ажээ. Үүнээс өмнөх Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичсэн буй. Харин энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
1911 оны Монголын үндэсний хувьсгалын дүнд “Богдын Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан дарь эхийг Улсын Эх дагина хэмээн өргөмжлөн, эрдэнийн сууринд залж суулгаад, “дундаа соёмбо үсэгтэй шар торгоор хийсэн төрийн далбаа бүхий Монголын тулгар төр нээсэн тухай” даяар олноо тунхаглан зарласан юм. ХХ зууны Монгол Улсын анхны төрийн далбаа байв.
1940 оны Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ. “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна.
Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо, тэмдэг, Бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна” хэмээжээ.
БНМАУ-ын Төрийн далбааны зураг. 1960 он.
1960 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАЙДАЛ
1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаа, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огтогуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна.
Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хүшуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна.
Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БАЙДАЛ
1992 оны Үндсэн хуульд улсын далбааны талаар заахдаа:
“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмэээ заажээ.
2012 онд Төрийн далбааны стандартыг батлав
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код: 03.160
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
1. Зорилго
Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
2.1. Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах) хамаарна.
2.2. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө.
3.Норматив ишлэл
Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.
• Монгол Улсын Үндсэн хууль
• Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль
• MNS 1-1 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг:
Техникийн ажлын журам
• MNS 1-2 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:
Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм
• ГОСТ Р 51130 ОХУ-ын далбаа. Ерөнхий техникийн нөхцөл
• ГОСТ Р 30470 Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа.
Техникийн нөхцөл
• MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
• MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
• MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
• MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт
тодорхойлох арга
• MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний
өөрчлөлт тодорхойлох арга
• MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд
тодорхойлох арга
• MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон
байдал үрэлтэнд тодорхойлох арга
• MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд
тодорхойлох арга
• ASTM D 6613-08 Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага
• Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал
The international Association of Colour (IAC)
4. Нэр томьёо тодорхойлолт
4.1. Өнгөний загвар (CMYK) – Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч
C – cyan (aqua) – усан өнгө
M – magenta (pink) – ягаан өнгө
Y – yellow – шар өнгө
K – black – хар өнгө
5. Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага
5.1. Далбааны өнгөнд тавих шаардлага
5.1.1. Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.
5.1.2. Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.
5.1.3. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) - ийн хөх өнгөтэй байна.
5.1.4. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй хоёр талын хэсэг нь (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) - ийн улаан өнгөтэй байна.
5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) - ийн алтан шар өнгөтэй байна.
5.2. Далбааны хэмжээнд тавих шаардлага
5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.
5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.
5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2 дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.
Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.
А-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.
Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.
5.3. Соёмбонд тавих шаардлага
5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.
5.3.2. Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.3. Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 1,5 а нь 1,5 см, 4 а нь 4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.4. Соёмбоны гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5. Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5. Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
5.4. Далбааны эд, түүнд тавих шаардлага
5.4.1. Төрийн далбааг ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.
5.4.2. Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.
5.4.3 ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан нэхмэл эдээр хийсэн төрийн далбааны гадна орчинд байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.
6. Нэхмэл эдийг шалгах арга
6.1. Төрийн далбааны нэхмэл эдийг дараах стандартын дагуу шалгана. Үүнд:
• MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
• MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
• MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
• MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт
тодорхойлох арга
• MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний
өөрчлөлт тодорхойлох арга
• MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд
тодорхойлох арга
• MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон
байдал үрэлтэнд тодорхойлох арга
• MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд
тодорхойлох арга
Сэтгэгдэл ( 2 )
heregtei medeelel blaa jhn dutuu ymaaaa
энэ хэрэгтэй мэдээлэл байлаа