Монгол улсын тэргүүлэгч арилжааны банк гэх тодотголоороо түрий барих дуртай ХААН банкны эрхэм удирдлагууд болоод ТУЗ-ынхаа харьяа Аудитын хороонд ажлаа шууд тайлагнадаг тус Банкны Дотоод Хяналтын газрынханд тавих асуулт байна.
Танай банк Аж ахуйн нэгж байгууллагын энгийн харилцах дансны үйлчилгээг санал болгохдоо өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаагаа явуулахад зориулсан хамгийн таатай үйлчилгээ энэ тэр гэсэн сурталчилгааг хийдэг. Гэтэл танай банкны харилцах дансны үйлчилгээг арилжааны бусад банкуудын ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад иргэд, аж ахуй нэгжид илүү дарамт учруулж байна. Тодруулбал, харилцах данснаас банк дотор болон банк хооронд гуйвуулга хийх, харилцагч өөрийн данснаасаа бэлэн мөнгө авах зэрэг үйлчилгээний сарын хураамжид танай Хаан банк 1 сард 1000 төгрөг авдаг нэртэй ч, хэрэг дээрээ хийгдсэн гүйлгээ бүрээс танайх шимтгэл авч байна.
-Харилцах данснаасаа мөнгө авахад 150 төгрөг
-Банк дотроо шилжүүлэг хийхэд 100 төгрөг
-Банк хооронд шилжүүлэг хийхэд 300 төгрөгийн шимтгэл тус тус авдаг. Танайд данстай аж ахуй нэгж 1 өдөрт 5 удаагийн шилжүүлэг хийлээ гэхэд 5 удаа шимтгэл төлж байна.
Гэтэл арилжааны бусад банкууд танайх шиг тэгж шуналтдаггүй. Голомт банк Харилцах дансны үйлчилгээнд улиралд 1500 төгрөг авдаг бол, Хас банк сард 1000 төгрөг авдаг. Банк хоорондын гүйлгээнээс шимтгэл авдаг бол өөрийн данснаасаа мөнгө авахад танайх шиг 100 төгрөгийн шимтгэл авдаггүй. Ерөөс арилжааны бусад банкууд танайх шиг шимтгэл нэрээр харилцагчдаа ингэж шимэгчилдэггүй. Нэг удаагийн гүйлгээнээс танай банкинд үлдэж байгаа 100 төгрөг бага мөнгө юм шиг боловч, мянга мянган харилцах данснаас ийм маягаар танайх ашиг олж ирсэн байна. Энэ чинь тэгээд шударга явдал мөн үү.
Ер нь ХААН банктай холбоотой асуудал дагуулсан мэдээлэл нэлээдгүй гардаг. Ямартаа л Т.Мөнхнаран гэх иргэн тус банкинд 98 сая төгрөгөө завшуулчилсан асуудал ихээхэн дуулиан дагуулж байсан билээ.
За ямартай ч монгол иргэдийг шулах чиглэлийг эрхэм болгосон мэт авирлах ХААН Банк ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн мэдээллийг харвал 63 хувийг нь гадныхан эзэмшиж байна. Тодруулбал:
-Савада Холдингс ХХК (Япон улс, Токио хот) 41.30%
-Эйч Эс Интернэйшнл(Ази) Лимитед ( (Хонгконг) 13.10%
-Таван Богд Трейд ХХК (Монгол улс, Улаанбаатар хот) 22.96%
- Д.Хулан (Монгол улс, Улаанбаатар хот) 13.32%
-Олон улсын санхvvгийн корпораци 9.32%-ийг тус тус эзэмшиж байна.
Япон эзний банк
41.30 хувийн эзэн Савада холдингс ХХК-ийн тухайд Осакагийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.Гол төлөв санхүүгийн бизнес эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшдэг Холдинг компани бөгөөд одоогоор 10 охин ба 5 хувь эзэмшдэг компанитай. Үүнд H.S. Securities Ltd, H.S. International (Asia) Ltd (HSIA), H.S. Servicer Ltd, H.S. Insurance Ltd болон Хаан банк ХХК зэрэг орно. Түүнчлэн SWH компани нь бизнесийг сэргээн босгох үйл ажиллагаанд оролцдог ба энэхүү ажлын хүрээнд Kyushu Sangyo Kotsu Holdings Ltd автобусны компани, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Ascot корпорацийн хувьцааг эзэмшдэг. Ноён Хидео Савада нь аялал жуулчлалын H.I.S. Ltd (Токиогийн Хөрөнгийн бирж: 9603)-ийн үндэслэгч бөгөөд түүний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Түүнчлэн Хидео Савада нь ХААН Банкны ТУЗ-ийн дарга, харин Ёшиаки Мишима нь тус банкны ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
Савадагийн хамсаатан
Эйч Эс Интернэйшнл(Ази) Лимитед компани нь Савада Холдингс компанийн 100% эзэмшилтэй Хонгконг дахь охин компани билээ. Тус компани нь Хятадын болон Ази тивийн эдийн засгийн өсөлт дээр тулгуурлан Савада Холдингс компаний Ази дах стратегийг хэрэгжүүлж бvс нутгийн улс орнуудын зах зээлийн судалгааг хийхээс гадна Хонгконгийн зах зээл дээр бизнесийн vйл ажиллагаа эрхэлдэг гэх тодотголтой. Тэгэхээр Эйч Эс Интернэйшнл(Ази) Лимитед –ийн эзэмшлийн 13.10% Савадагийнх учраас ХААН банкны 53 хувь нь Япон эзнийх.
“Таван Богд Трейд”-ийн эзэмшил
Харин манай талаас Таван Богд Групп 22.9 хувийг нь эзэмшиж байна. Жижиглэнгийн болон бөөний худалдаа, аялал жуулчлал, төрөл бүрийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулдаг 12 охин компани бүхий Монгол Улсын томоохон групп-корпораци юм.Тус компанийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Д.Хулан нар нь ХААН Банкны ТУЗ-ийн гишүүд юм.
13.32 хувийн эзэн
Монгол Улсын иргэн Д.Хулан нь Таван Богд Группийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд 2003 оноос Таван Богд Группийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Д. Хулан нь тус банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд 2010 оны 12 дугаар сараас банкны хувьцаа эзэмшигч болжээ.
Гадны эздийн нэг
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудын хувийн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийн томоохон хєгжлийн институци юм. Ноён Жемал-уд-дин Кассум ОУСК-ийг төлөөлөн ХААН Банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
Тэгэхээр дийлэнхи хувь нь гадны нөхдүүдийн мэдэлд байдаг ХААН банк монголын банкны үйлчилгээний салбарт шударга бус байдлаар хаанчилж байгаад харилцагч, үйлчлүүлэгчид сэтгэл тун дундуур байна.
Үйлчлүүлэгч монголчуудыг шулахаа болих хэрэгтэй байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 3 )
luivrjin turtee ymjin urgeljlseerbaih bolnoo
XAAN bank odoo boltol minii oron suutsnii zeeliig 8 xuvi ruu shiljuulexgui bna. Eniig yu gej oilgox ve.
shalguuliy bas