Улсын Их Хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такэхико Накаог хүлээн авч уулзлаа. Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн газрын ерөнхий захирал Аюүми Кониши, АХБ-ны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Томоюки Сайсү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер, АХБ-ны ахлах эдийн засагч Ян Хансэн болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо
Уулзалтын үеэр АХБ-ны ерөнхийлөгч Такэхико Накао хэлсэн үгэндээ:
- Биднийг халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Монгол бол би АХБ-ны Ерөнхийлөгчөөр 2013 оны 4 дүгээр сард сонгогдсоноос хойш айлчилж байгаа хоёр дахь улс юм. Монгол Улс 2011 оны 8 дугаар сараас эхлэн АХБ-ны зээлдэгч улсын хувьд холимог улсын ангилалд багтаж, тус банкны ердийн эх үүсвэрээс санхүүжих эрхтэй болсон, түүнчлэн олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд арилжаалж эхэлсэн, томоохон уул уурхайн ордууд ашиглалтад орж байгаа зэрэг нь Монгол улсын хувьд дээрх хөрөнгийн эх үүсвэрүүдийг зөв удирдах, зарцуулах нь зүйтэй хэмээв.
Дараа нь Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ:
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ Монгол Улсын маш олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн манай олон талт хамтын ажиллагааны хамгийн том түнш юм.Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түвшин өөрчлөгдөж, эрчимжиж байгаа энэ цаг үед АХБ-ны Ерөнхийлөгч та хүч сэтгэл нэмэх байх гэж бодож байна.
Монгол Улсын хувийн сектор сүүлийн 10 гаруй жил маш эрчимтэй өсч, манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Монголын хувийн компаниуд олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг бүхий л салбарт бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Иймд АХБ-ны зүгээс манай улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх маш өргөн боломж байна
Олон улсын хөрөнгийн зах зээл дээр АХБ төгрөгийн бонд арилжаалахыг дэмжиж байна. Дотоодын валютаар бонд гаргах нь Монгол Улсын үнэлгээг өсгөх, уул уурхайн салбарын экспортын орлогыг тэнцвэржүүлж валютын эрсдлээс хамгаалах, цаашлаад зөвхөн Засгийн газар гэлтгүй, Монгол Улсын Хөгжлийн банк, хувийн хэвшлийн компаниуд олон улсын зах зээлд төгрөгөөр бонд гаргах боломжийг нээж өгөх юм.
Манай яамны улсын өрийн түвшинг харьцангуй бага, тогтвортой байлгах бодлогыг баримталдаг. Нөгөөтэйгүүр Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг төслүүдийг санхүүжүүлэхэд ойрын жилүүдэд хөрөнгө хөрөнгө оруулалт нилээд их шаардлагатай байна. Иймд АХБ Монгол Улсын томоохон хөрөнга оруулагчийн хувьд төгрөгийн зээл олгох нь Монгол Улс бүтэээн байгуулалтаа хэрэгжүүлэх, ханшийн эрсдлээс хамгаалах давуу талуудыг бий болгох юм. Иймд АХБ-наас төгрөгийн зээл олгох боломжийг судлах нь зүйьтэй хэмээн ажил хэргийн олон санал тавилаа.
Сэтгэгдэл ( 0 )