Өгүүллэг: Хилэнцэт шөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Жанчивдоржийн Дашзэгвэ

 

“Ган тайлах хур”, “Цэнхэр зэрэглээ”, “Жаргаагүй үлгэр” зэрэг өгүүллэгийн номнуудаараа олны танил болсон үргэлжилсэн үгийн авьяаслаг зохиолч асан Ж.Дашзэгвэ Сэлэнгэ нутгийн харьяат юм. Амьдралын гэрэл сүүдэр, үнэн худал, сайн мууг тун нухацтай дүрсэлдэг түүний бүтээлүүд нь 1990-ээд оны, ялангуяа хот газрын бусармаг ахуйг гойд хурц гаргасан байдгаараа сургамж, ухаарлаар баялаг юм. “Хилэнцэт шөнө” өгүүллэг танд нэгийг бодогдуулах биз ээ.

 

 

Хилэнцэт шөнө

Гэрийн баруун орон дээр хажуулж хэвтсэн эх, орж ирсэн хүнийг таньж ядан нүцгэн цээжээдээ дээлээ татаж, “Хашааны хаалга түгжсэн л байлтай” гэж бодон араас нь Наранг ороод  ирэх нь үү гэсэн шиг чимээ чагнан ханцуйгаа шургуулж хагас өндийв. Зандраа инээмсэглэн зогсож, нас, хүлээлт хоёрт дарагдан өтөлж хөгширсөн эхээ өрөвдөн, хөгширнө гэдэг ямар хурдан юм бэ гэж бодогдон, гол руу нь зурагдаад  ирэхэд тэсэлгүй,

-Ээж ээ, сайн уу гэж хоолой зангируулав.

-Хүү минь ... үр минь ... Чи мөн үү гэж шивгэнэн тамирдаж сульдсан дуугаар үглэв.

-Ээжээ ... Ижий минь дээ гэж Зандраа уярч нулимс унагаав.

-Ээж нь хүүтэйгээ амьд мэнд уулздаг байж дээ. Ээжид нь хүүгээ эргэж тойрох чадал байх биш дээ. Муу талиймараас хойш гар мухардаж, хөл явгараад ... Сураг алдаж, сэтгэлээрээ бэтгэрч суулаа... Ээ ... Ээж нь хүүдээ цай цүү чаная. Аяганы амсар зуулгахгүй гэлээ.

Зандраа хүрмээ тайлж эцгийнхээ суудалд хоймроо голлон завилан суугаад, галын илчинд тавиран найман жилийн өмнө гарсан төрсөн гэрээ сониучирхан харц гүйлгэн тойруулж харна. Зандраагийн налж суусан хоймрын орны урдуур хямд төсөр эрээн даавуун хөшиг унжуулж, хөшигний ам нийлээгүй хоосон хэцэд цагаан даавуун дээр сүүл шүхэрлэсэн тогос шувууг их дадамгай хатгамлан тохсон ажээ. Энэ охин дүүгийн ор бөлгөө.  Зандраа “Эр хүн энэ айлд их ховор орж гардаг юм байна даа. Орой үдэш хоёр бүсгүй амьтан айж ичдэг л байх даа” гэж санахын сацуу найман жилийн дотор энд юу ч өөрчлөгдсөнгүй. Эх нь орныхоо толгойд байдаг “өмчийн” хайрцаг руугаа мөлхөж хүрээд, бамбай гудсан доогуураа гараа шургуулж жижигхэн холбоо түлхүүр авч хайрцгаа  нээн хэдийд ч юм бэ цоохор бөсөд боож хадгалсан чихэр гаргаж таваглахдаа “Манай Наран чихэр тэсгээхгүй ээ. Чихэр бурмаар амлаж өссөн юм шиг далд шүүрч, хулгайлж идээд дуусгачихдаг юм.  Амьтан хүн орж ирэхээр би л нүүрээ улайлгадгийг  ер мэдэхгүй шүү. Өдий болсон хүүхэн яана даа , мэдэхгүй. Миний хүү ч харин чихрийг тоодоггүй байж билээ” гэж охин дүүг нь ховлож, Зандрааг завсар нь хавчуулан магтаж амжлаа.

-Ээж минь дээ. Хүү нь ялаа дууссан. Одоо л нэг хүн шиг амьдаръя. Алдаж ханалаа гээд засангаас суллагдсан бичгээ эх рүүгээ итгэлтэй сарвайв. Зандрааг хооллох зуур эх нь хажууд нь ирж суучихаад толгойг нь илж байсхийгээд “Алив ээж нь нэг хүүгээ үнэрлэе” гэнэ.

Эх дүүгийн орыг засаж өгөв. Зандраа ус цасанд ороогүйдээ цааргалж баруун орон дээр дээл хөдрөөд унтчихъя гэсэн авч эх нь тас зөрөөд халгаасангүй.

-Бүсгүй хүүхэд чинь томрохоороо сэтгэл зовоох нь ихсэх юм. Ингээд л тэнээд л намайг чинь шар махтай нь хатаана шүү. Амьдралын зах амсаж чадалгүй гэдэс гүзээгээ чирчих бий гэж айх юм гээд ам хамхилгүй урсгаж гарлаа. Харин Зандрааг өөр үнэр, өөр хүсэл тачаал тамлаж байжээ. Зандраа нүд анилдан нойрмоглож  эхэлснээ тэр дорхноо цочиж сэрчихээд хэсэгтээ унтаж чадахгүй холбирч эхлэв. Бүсгүй дүүгийнхээ хэт их үнэртэн шингээсэн хөнжил дотор дэмий л сэтгэлээ шаналаан өнхчлөө. Саяхны явдал, өнгөрсөн үеийн хэсэг бусаг тасархай дуртгал санаанд нь орж гарч, тогтож өгөхгүй ороо унага шиг чавхдаж одно.

 Зандраа хүүхнийг гүйцэн барьж авсан аж. Тэр энэ хорвоод хэзээ ч Зандраа руу найланхайтаж ирэхгүй залуухан бүсгүй байв. Зандраагийн аз гийхэд ойр хавьд садаа болох амьд амьтан байсангүй. Хатаж хагссан бие сэтгэлийн дуудлагаар эрүүл ухаанаа алдаж, нүглийн хаалгыг дэлдэгч эр эрэг рүү буух нам газар хэрхэн олж, жалгын мухарт очсоноо мэдсэнгүй. Бүсгүй айсандаа сүнс нь зайлчихжээ. Номхон гуйц мэгшихэд нь зүрх зориг нэмсэн Зандраа цувы нь мултлан дэвсээд, бүсгүйг элгэн дороо дарж унагаахдаа хашгирч магадгүй гэж бодон хашгирахгүй болгов. Бүсгүйн айсан зүрх цээжийг оволзтол түлхэн байснаа намжин суларчээ. Өртөө газар жолоо татаагүй морь шиг хар хөлс нь мөндөрлөн буусан Зандраа дуусчихаад гэмэрхэн нүүр өгөх гэснээ хууртаж баригдахаас айж хаширлан “Намайг далд орсон хойно хувцаслаад яваарай” гээд холдов. Хорвоогийн нэг хилэнцэт “амтат” шөнө өнгөрлөө. Зандраа сэтгэл таагүй холбирсоор үүрийн өмнөхөн нялх хүүхдийн бөх нойронд дарагдав.

Нар хөөрөх дөхөж, газар тэнгэрийн зүүн савслага шаргал туяагаар будагдан ирэх үед Зандраа давхийн цочиж сэрлээ. Эх нь хүүгээ сэрээх гэж магнайд нь гар хүрчээ. Зандраагийн нойрны нь манан гүйцэд сарниагүй нүдэнд эхийн аймссан царай зэвхийрч, хүүхэн харц нь гөлтгөнөн байх нь сэтгэл сэрхийлгэв. Эх муу юм зөгнөж:

-Хороон дарга, цагдаа хоёр хэдэн хүнтэй манайх руу ирж явна гэж хоолойн хөвч нь тасрах нь уу гэмээр өнгөгүй дуугаар чичирхийлэв. Зандраагийн ар голоод мөс гүйх шиг хамаг бие нь сэрүү татаад “дүүрчээ” гэж бодохдоо инээх гэж оролдон,

-Ээжээ, миний суллагдсан бичиг ... Яавал гэж дээ. Хүн эндүүрээд гэж бувтнаад эхийнхээ харцнаас буруулж хөнжлөө татан эргэж хөрвөөв. Зүрх нь шахиран пэлбэлзэж айсандаа “Ингээд би орондоо амьсгал хураачихдаг болоосой” гэж хүслээ. Зугтана гэдэг нэгэнт оройтсонд хорсож “Ингэж занганд орох гэж. Бузар хог шаарнууд шиншилчихжээ. Тэр яатуу араас дагаж дээ... Ээ тэнэг амьтан өрөвдөж орхилгүй ... Тэр янханд ганц охуулахад юу нь хорчихов гэж ... Ээжийгээ дахин чарлуулж зууруулан салахад л хэцүү байна даа. Өнгөрчээ. Амьдрал маань ч өнгөрч” гэж гашуун бодолдоо агзаан дагжиж, улаан хоолойд нь хутганы торгон үзүүр тулган чичих шиг болжээ.

Үүд нээгдэж, хороон дарга бололтой хүн түрүүлж босго даван араас нь сэргийлэхийн дүрэмт хувцас цухуйж, хөшигний завсраар шагайж байсан Зандраагийн аймссан нүдэн дээр халз тулаад ирэв. Хороон дарга эхийн сандарсан харцаас их л халгаж,

-Хажид гуай, танайд хүн ирээ юү ... гэв

-Ти-ийм-ээ ... хүү минь. Тавиг-даад ...

-Танд тун таагүй юм дуулгах гэж ирлээ.

Цагдаа орны хөл тушаа очиход Зандраа өндийж суугаад хувцаслаж эхлэв. Хороон дарга түгдэчсээр залгуулж,

-Цөмөөрөө явах уу даа ... Та биеэ бариарай гэж сануулав.

-Хаашаа

-Үл мэдэх бузар амьтан ... Доод жалганд ... Охины чинь амийг бүрэлгэжээ. Бид хожимдож оллоо. Алчуураар нь хоолойгий нь боочихож. Алчуур нь зангилаандаа чивчрээгүй бол амьд гарах байж. Түүнээ ухаан алдсандаа сулруулж чадалгүй. Тэр яргачин бузарлаад ... гэхэд Хажид авгайн харц тогтон гөлөрч  орхисноо гэнэт амь орох шиг хоолой нь хоржигноод,

-Юу-у ... Ээ, элээ минь ... Яаж ээжийгээ ... гээд шимээсгээр шилбээ ширвүүлэх шиг сул нугаран уналаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sugiraaa(66.181.161.71) 2022 оны 11 сарын 06

uneheeer goy ymaaa hunii amidarliin har baraan gerel suudriiig aimr heljeee

1  |  0
Top