Тамхитай холбоотой ташаа ойлголтууд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Судлаачид эрүүл мэндэд хортой төөрөгдөл хэр олон байдгийг тогтоожээ. Тэдгээрээс тамхи үйлдвэрлэгчид болон тамхичдын тараасан ташаа ойлголтууд тэргүүлсэн байна.
“Шүүлтүүртэй янжуур хоргүй”
Тийм биш. 1950-иад оны сүүлээр шүүлтүүртэй янжуур АНУ-д бий болжээ. Гэвч энэ арга тамхины хор хөнөөлийг багасгаж чадаагүй юм. Тиймээс ч 1970-аад онд уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо дэлхийн хэмжээнд илт нэмэгдсэн байна. Эрдэмтэд шүүлтүүр утааны сорогдох хэмжээг багасгах ч улам их сорох хүсэл төрүүлдгийг тогтоожээ.
“Гаанс хүүхдийн тоглоом”
Тийм биш. Гаансаар тамхи татахад цусанд никотин бага нэвчдэг нь үнэн. Гэвч 20-40 минут гаансаар тамхилахад 40 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээний бохь хорт утаа биед шингэдэг байна. Эдгээр нь амны хөндийн хавдар, уушги, зүрхний архаг өвчин, шүд унах, буйл үрэвсэх зэрэг өвчинд хүргэдэг.
“Навчин тамхи хор багатай”
Энэ бас л худал. Навчин тамхи эрүүл мэндэд янжуураас дутахааргүй сөргөөр нөлөөлдөг бөгөөд ширхэг нь бүтэн хайрцаг янжуур  татсантай ижил хэмжээгээр бие махбодыг хордуулдаг. Энэ төрлийн тамхи давсаг, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг. Мөн чих хамар хоолой өвчлүүлж эрчүүдийн бэлгийн чадавхийг бууруулдаг нь тогтоогджээ. Навчин тамхи янжуураас их никотин агуулдаг тул богино хугацаанд тамхичин болгож донтуулдаг. Мөн удаан уугидаг нь орчныг ихээр хордуулдаг байна.
“Агааржуулагч бүхий олон нийтийн газар аюулгүй”
Саяхныг хүртэл тамхичид олон нийтийн газар тамхи татах эрхтэй байв. Үйлчилгээний газрууд агааржуулагч, шүүлтүүр тавьснаар асуудлыг шийдчихнэ хэмээн бодсон ч хоёуланг нь зэрэг ажиллуулаад ч тамхи, утааг зөвшөөрсөн хэмжээнд хүртэл багасгаж чадаагүй юм.
Тамхи  татах тусгай бүс байгуулах нь хамгийн зөв гарц
Энэ арга ач тустай ч хорт утааны тархалтыг зогсоож чадахгүй. Тамхины утаа багаар бодоход 250 орчим хорт бодис агуулдаг. ДЭМБ-ын тогтоосноор  дэлхийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн тэн хагас нь буюу 700 сая хүүхэд дээрх хорт бодис агуулсан агаараар амьсгалдаг байна. Тэдний 40 гаруй хувийнх нь эцэг эхийн нэг тамхичин байдгаас тэднийг идэвхгүй тамхичин болгодог. Хүүхдийн гэнэтийн нас баралтын 28 хувийн шалтгаан идэвхгүй тамхи таталт болдог аж. Тиймээс олон улсад олон нийтийн газар тамхины утаанаас хүүхдийг хамгаалах тухай хууль мөрдөх болжээ. Гэвч тамхичдын тусгай бүс бий болгох арга олон нийтийн талархал хүлээдгийг дурдах хэрэгтэй. Уг арга гал гарах эрсдлийг бууруулж, засвар, цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг ч хэмнэдэг байна.
“Тамхи гэнэт хаях нь эрүүл мэндэд муу”
Мөн л ташаа ойлголт. Олон жил тамхи татах нь эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулдаг. Архаг тамхичин зориглож тамхиа хаяж чадвал 3-9 сарын дараа амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжрахыг мэдэрнэ. Харин таван жилийн дараа зүрхний шигдээсээр өвдөх магадлал тамхи татдаг байсан үеийнхээс хоёр дахин, 10 жилийн дараа уушигны хавдар тусах магадлал хоёр дахин буурдаг аж.
“Зөөлөн янжуур хор багатай”
Зөөлөн янжуур ердийн тамхинаас хоёр дахин бага хортой гэж үйлдвэрлэгчид хэлдэг ч энэ бол жинхэнэ хууран мэхлэлт. Учир нь никотин агуулсан л бол сэтгэл санаа, бие махбод тамхинаас хараат болно. Тамхины тоог бууруулах, эсвэл зөөлөн янжуурт шилжсэн ч дасал болсон никотины  хэмжээг гүйцээхийн тулд өөрөө ч мэдэлгүй улам ихээр татсаар байдаг.

 

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top