Танин мэдэхүй: Гарын алганаас юу мэдэж болох вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

“Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Хурууны минь хээ

Хувиршгүй

Алганы минь хээ

Арилшгүй

Миний хээ-минийх” гэсэн нэгэн этгээд ч юм шиг, гайхалтай уран ухаантай хэдэн мөр шүлгийг нэрт найрагч Н.Нямдорж агсан 70-аад онд бичиж билээ. Ийнхүү гар хурууны хээний тухай ярихын өмнө энэ шүлгийг эргэн санав. Дээрх хэдэн мөр бол гарцаагүй үнэний шигтгээ мэт нягтруулан хэлсэн нь хэнд ч тодорхой. Ертөнц уудам. Энэ их уудмын хаа сайгүй цыганууд гэдэг нэгэн өвөрмөц хүмүүс аж төрдөг. Тэд хүний гар хурууг үзэж мэргэлж төлөглөх талаар гаргуун гэх. Үүнийг бичигч тээр жил Унгарт явж байхдаа саваагүйтээд нэг цыганаар мэргэлүүлж билээ. Гайхалтай онож хэлсэн, гар дээр нь би зоос тавьсан. Хүн бүхний хурууны өндөг, алганы хээ өөр өөр байдаг. Байгаль эх гэгч маш хямгатай, дэмий юм огт хийдэггүй ажээ. Хурууны хээ бие махбодын тус бүрийн ямар нэгэн өвөрмөц онцлогийг тусгадаг гэж эрдэмтэд ярьж байна. Үг хэлний согогтой хүүхдийн хээ нь нуман зураас олон байдаг гэнэ. Хурууны өндгөн дээр долгиотсон хэлбэртэй хээ олон байвал тэр хүн хөдлөл хөгжөөнөөр хомс нэгэн, харин цагираг хэлбэртэй хээ нь хүүхдийн эрчимтэй өсөлтийг илтгэдэг байна. Энэ мэтээр судалж мэдсэн, үе үед хуримтлагдсан мэдээлэл олон байдаг ажгуу. Алганы зураасаар мэргэлэхийг гараар таах буюу Грекийн хиромантия гэдэг үгээр орлуулан нэрлэдэг юм байна. МЭӨ энэ “урлагийг” хятадууд мэддэг байжээ.

Эртний Энэтхэг, Грек, Римд ч гараар таагчид олон байсан гэх. Нэг сонирхолтой нь энэ мэргэ төлөгт аугаа их Пифагор, Цезарь, Сулла зэрэг суутнууд итгэдэг байсан аж. Дундад зууны үед алганы зураасаар мэргэлэх нь эрдэм ухааны тоонд орж. Европын зарим сургуульд заадаг болсон байна. Эмч өвчтөний зүрх, уушгийг чагнаж, даралтыг нь үзчихээд алгыг нь маш анхааралтай ажиглах явдал мэр сэр байдаг. Энэ нь алганы зураасаар мэргэлдэг арга ч биш, шинжлэх ухааны үүднээс хүний гарыг /алгыг/ ажиглан буй хэрэг биз ээ. Одоо эргэж яриандаа оръё. Төгөлдөр хуурч, төмрийн дархан, оёдолчин хүний гарт мэргэжлийнх нь шинж тэмдэг бий. Гарыг маш анхааралтай үзэх юм бол олон зүйлийг илрүүлж болдог гэнэ. Цусны судасны байрлал, хуучин сорви, толбо зэргээс гадна тэр хүний муу зуршил болон цэвэрч нямбайн шинж мэтийг ямар нэг хэмжээгээр  гадарлаж болдог гэх. Тэр ч байтугай хүн тус бүрийн хурууны хээний өвөрмөц байдлыг гэмт хэргийн мөрдөн байцаалтад ашигладаг байх юм. Ер нь тэгээд алганы зураас, хурууны хэлбэр зэрэг нь хүний зан төлөв, тодорхой чадварыг, хувийнх нь онцлогийг тусгасан байж яагаад болохгүй гэж. Удамшлын өвчин бас л өөрийгөө таниулах зураасыг алган дээр үлдээж болох л юм. Үүнд бол ид шид гээд байх юм юу байна аа? Хуруу, алганы хээ заримдаа эмч нарт удамшлын өвчнийг эрт илрүүлэхэд тусалдаг. Арьсны ээдрээтэй хээ, үрчлээсэнд тодорхой зүй тогтол нуугддаг. Судас бариад зүрхний цохилтын хүч, хэм давтамжийг мэддэг нь эмч хүний мэдрэхүйн чадал юм. Мөн хүний хромсомд их учир бий гэх. Хүний зэтэр сөрсөн байвал гэдэс, улаан хоолой, зүрх өвдсөн байдаг. Хурц өвчин хумсны тэжээлийг алдагдуулдаг. Бие махбодын хумсан дээр үлдээдэг тэмдэг нь хөндлөн цагаан зураас юм. Хумс ургах бүр уул зураас голоосоо зах руугаа шилжиж, 10 хоногт нэг мм хумс ургаж байгаагаар нь хүний амьдралд ямар нэг таагүй явдал тохиолдсоныг нь барагцаалан тогтоож болдог гэнэ. Энэ мэтээр гар хуруу, хумс, судаснаас ихийг мэдэж оношлох хийгээд мэргэлэх зэрэгт ашигласаар иржээ. Алганы зураас, хурууны хээний талаар бүхэл бүтэн ном, нарийвчилсан заалт, барин тавин зүйлс олон бий. Тэр бүхнийг сонирхон үзвээс та төлөг буулгагч больж мэдэх юм шүү. Алгаар мэргэлэгчид нь уул хүний хүсэл зориг, хувийн онцлог, зовох жаргах, хэдэн хүүхэдтэй болох тухай төлөг буулгадаг. Харин эрхий хурууны үеэр бардам зан, хэнэггүй байдлыг тодорхойлдог аж. Хүн бол орчлонд гайхамшгийг бүтээгч төдийгүй бие махбод нь өөрөө бас гайхамшиг юмаа.

Э.Хархүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top