Гаажидын Дамба
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1936 онд төрсөн, хошин шог зохиолч, нэрт сэтгүүлч бүлгээ. Дамба 1960-аад оноос уран бүтээлээ эхэлж, “Тэмээний эвэр”, “Танхай өвгөн”, “Тийрэн”, “Буузны будлиан”, “Шинэ нутаг” зэрэг шог хошин, өгүүллэг, туужийн ном хэвлүүлжээ.
90-ээд оны монгол хүн
Монголчууд биднийг аймхай мөртлөө зоригтой улс гэж гадаадынхан ярьж байна гэнэ. Тэр ер нь юу гэсэн үг вэ хэмээн нөхөр минь надаас асууж билээ. Нээрээ тэр юу гэсэн үг вэ. Сайхан мөртлөө муу гэсэн шиг хачин санагдаад ер болдоггүй. Харийнхны тэр тодорхойлолтыг яс махаараа үнэмших нэгэн тохиолдол надад учирдаг байна шүү, таминь.
ӨГҮҮЛЭХ НЬ: Өвгөн Пандийн 60 нас сүүдэр зэрэгцсэний бяцхан ойн ёслол болдог юм байна. Хүндэт зочдыг угтан тосох, үдэж мордуулах яггүй дипломат албанаа намайг тохоон томилов. Буянт бууралд мэнд дэвшүүлж, ерөөл сургаалийг нь сонсох хүсэлтэй хүн олон ажээ.
Өглөө эрт эхний зочид морилон ирэв. Тэд Панди өвөөгийн унаган багын найзууд, нэг ангийн “банди нар” гэнэ.
Хоёр зочин хашааны хаалга зөөлхөн тогшиж, ийш тийшээ болгоомжлон сэртэлзэж Панди ажаагийн муу нохойноос үнхэлцгээ хагартал айж, бушуухан гэрийн босго давах гэж өрсөлдөн тэвдэх нь өрөвдмөөр аймхай, хөөрхийлөлтэй улс ажээ. Тэр хоёрын нүдэнд өвгөний муу пөөнөгөр нохой галзуу барыг дээсээр оосорлон дутуухан уячихсан мэт аймшигтай харагдсан болов уу.
Нэг ангийн гурав дуу шуу болж, их баяр хөөр болон золгоод, ой тэмдэглэгчид алд цэнхэр хадаг, лонх хатуу сархад өргөн барьж, зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөл дэвшүүлээд сууцгаав. Идээ ундаа, архи дарс, дуу хуур ээлжилсээр. Үдийн алдад нэг ажиглахнаа нь Панди ажаагийн хоёр найз алга болчихсон байв. Ёс төртэй үдэж мордуулах гол хоёр хүн гэнэт алга болсонд би тэвдэн гадаа гүйж гарав. Гэтэл хоёр зочин маань час улаан царайлчихсан, нэг нь өвгөний нохойг уначихсан, нөгөө нь ам руу боов чихээд зогсож байв.
-Чи их зуудаг сүрхий нохой гэл үү.
-Хүн рүү хуцаж чадахаа байтал нь аманд нь боов чих!
-Өглөө орж ирэхэд цор цор хийж дургүй хүргэсний чинь шанг одоо чамд өгнө дөө, бид хоёр.
-Одоо бид хоёр чам муугаас айнаа, гонж.
-Амьдаар чинь арьсыг чинь өвчөөд сайран хамар дээр чинь унжуулаад орхино доо, хөө...
Бурхан минь ээ, улаан хөлтийг урдуураа гаргадаггүй аюултай сүрхий нохой хүртэл согтуу хүнийг галзуу амьтан гэж айгаад урдаггүй юм гэнэ лээ гэж дуулсан маань үнэн ажээ. Хоёр хүндэт зочныг арай гэж нохойноос салгаж, гэрт оруулан хүндэт суудалд нь залж түр амсхийв. Оройхон өвгөний ач хүүгийн ангийн хүүхдүүд баяр хүргэхээр хүрч ирцгээв. Зочин руу цор цорхийж байж агсам тавиулж, амандаа боов чихүүлж хүнд шийтгэл амссан муу нохой сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр хонуур дотроосоо хоншоороо дөнгөж цухуйлган зөөлхөн шөн шөн хуцахад нөгөө хүүхдүүдийн айж сандарч байгаа гэдэг жигтэйхэн. Оройхон найр хавтгайрч, баруун урд хаяанаас,
Ойлгооч дээ, намайгаа амраг минь
Орчлон дээр ганцхан чамдаа хайртай шүү, би ... хэмээн цахиртуулан хадаж суусан сурагч хөвгүүн төдөлгүй агсам тавьж эхлэв. Өвгөний хашаан дотор хөвгүүдийн нанчилдаан, охидын уйлалдаан цаг гаруй нижигнээд сая нэг дайн дуусч, дарийн утаа замхарсан хойно гэрэл гэгээ гаргаж үзвээс идээ будаа шалаар нэг тарж, шил шаазан, аяга таваг тээрэмдсэн будаа мэт няц бяц үсэрч дуусчээ. Хамгийн харамсалтай нь өвгөний хөөрхий муу нохой согтуу хөвгүүдийн хөлд няц гишгүүлж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хэвтэх нь тэр. Үүнээс хойш л монголчууд эрүүл, энгийн үедээ аймхай хулчгар, архи сархад амсмагц л галзуу арслан мэт балмад түрэмгий болдгийг би биеэрээ мэдэрсэн билээ. Бидний араншин юунд хүргэдэг бол!
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )