Ертөнц яруу найргийн эгшгэнд уярч, найрагчийн сэтгэлд нэгэн уянга онгод болон үлддэг. Тийм л бадрангуй найргийн дууллаараа өөрийгөө хөглөн, утга зохиолын нөхөддөө “хайрын бадрангуй дууч” хэмээн хүндлэгдсэн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт болон МҮЧЗХ-ний шагналт зохиолч, яруу найрагч Данзангийн Нямаатай ажил, амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Ярилцлагаа таны эхнэртэйгээ анх танилцаж байсан үеийн дурсамжаар эхэлье?
-Хүний амьдралын хамгийн гэрэлтэй, торгон мартагдашгүй мөч бол хэнд ч гэсэн ханьтайгаа танилцах тийм агшин байдаг болов уу. Яг л энэ торгон энэ агшнаас ирээдүйн амьдралын бүх үүд хаалга нээгдэж байгаа. Одоогоос гучаад жилийн өмнө эхнэртэйгээ танилцсан. Онгоцны буудал дээр анх түүнийгээ харж байлаа. Би Баянхонгороос нэг хүн тосч авах гээд Буянт ухаа нисэх буудал дээр байсан юм. Онгоц ирдэггүй нэлээн хүлээлээ. Дөнгөж их сургууль төгссөн хорин хоёр гуравтай хүү Баянхонгороос ирэх онгоцоо хүлээх зуураа тэр дундуур чинь явна ш дээ. Тэгсэн нэг тийм сайхан, монгол дээлтэй, гоё шляптэй хөөрхөн бор охин нүдэнд туссан. Тэгээд тэр охинтой танилцах юмсан гэж тэрхэн үедээ бодсон. Ер нь хүнтэй танилцахад янз янзын л арга эв байх шүү дээ. Миний хувьд бол тэр бүсгүйг цай авах гээд зогсож байхад нь урдуур нь дайрч ороод. Би энд байсан гэх маягтай юм хэлээд танилцсан. Тэр үед ямар гар утас, нэрийн хуудас гэж байсан биш ажлынхаа утсыг өгчихөөд бид хоёр хаана сурдаг, юу хийдэг зэргийг ярилцаж байгаад салсан. Тэр анх надтай айхтар ярилцаагүй л дээ. Би л баахан юм асууж байгаад өөрийнхөө ажлын утсыг өгчихөөд явсан даа. Хоёр хоногийн дараа манай гэргий над руу утасдаж тэгээд бид хоёр анхныхаа болзоонд очсон. Тэрнээс хойш уулзаж учирсаар байгаад ханьтайгаа суугаад гучаад жил болж байна. Одоо ханьтайгаа хааяа сууж байгаад ”Чи над руу утасдаагүй бол ийм яруу найрагч, сайхан ханьтай таарахгүй байсан даа. Тэгэхэд чиний утасдсан чинь их зөв болсон шүү” гэж тоглоом хийдэг юм.
-Та эхнэртэйгээ нэг нутгийнх уу?
-Манай эхнэр Хөвсгөл аймгийн Цагаан- уул сумын хүн. Би өөрөө Баянхонгор аймгийн Баян-Овоогийнх. Хол аймгийн улсууд л даа.
-Таныг утга зохиолынхон хайр дурлалын бадрангуй дууч гэдэг. Ингэж хайрын шүлэг их бичих болсон нь эхнэртэйгээ анх танилцаж байсан үетэй чинь холбоотой юу?
-Ер нь залуу хүн хайрын шүлэг бичихгүй байна гэж байхгүй. Тэр тусмаа анхны шүлгүүд ихэнхдээ хайрын шүлгүүд байдаг. Би аравдугаар анги төгсөхдөө л хайрын шүлэг биччихсэн байсан юм. “Холоос чамайгаа санах сайхан” гэдэг анхны шүлэг минь хайрын шүлэг байлаа. Тэр шүлэг “Утга зохиол урлаг” сонин дээр 70-аад оны сүүлээр гарсан. Хайрын шүлгийг би арван найм естэй л бичсэн санагдана. Эхнэртэйгээ танилцахаас өмнө өчнөөн олон хайрын шүлэг биччихсэн байсан. Залуу хүн сайхан дурлахгүйгээр, сайхан бүсгүй харахгүйгээр, ертөнцийн гоо сайхныг мэдрэхгүйгээр зүгээр л явна гэж байхгүй. Тийм учраас бүсгүй хүний үзэсгэлэн төгөлдөр бие галбир, царай зүс, за тэгээд сайхан сэтгэл бол хайрын шүлэг бичих хамгийн гол ундарга хөдөлгөгч хүч нь гэж боддог. Манай үеийнхэн намайг хайрын дууч гэдэг. Ер нь миний олон номнууд хайрын шүлгээр бүтсэн. “Үзэсгэлэнт дурсамж”, гэж дан хайрын шүлгийн ном, мөн “Амрагийн өргөл” гээд бас хайрын шүлгийн ном бий. Хайрын шүлэг өөрийнхөө увидас тарни, сэтгэл дотор байгаа аяс өнгөөр бүтдэг. Ухаандаа зарим шүлгийг бодож бясалгаж, сэтгэлдээ буулгаж бичдэг бол хайрын шүлэг тухайн агшинд л гэрэлтэн буудгаараа онцлог. Тийм учраас эхнэртэйгээ уулзахаас ч өмнө хайрын олон шүлэг бичсэн, гэрлэсэнээсээ хойш ч олон арван хайрын шүлэг бичсэн. Миний шүлэг найргийн амин сүнс яах аргагүй мөн. Саяхөн хүртэл нэг хайрын шүлэг бичсэн дээ.
-Та анхныхаа номын өмнөтгөлөөс болж эхнэрээ нэг их гомдоохоо шахсан гэдэг яриа байдаг. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Тийм. Бидний анхны ном их олон шүүлтүүрээр орж гардаг байсан. Одоо та нарын үеийнхэн шүлгээ бичсэн бол болоо, ном хийлээ, өөрөө мөнгөтэй бол хэвлүүллээ. Ийм л болсон ш дээ. Бидний залууд ном хэвлүүлнэ гэдэг санаанд багтамгүй ажил байлаа. Яагаад гэвэл эхний ээлжинд МЗЭ-ээр орно. Яруу найргийн зөвлөлөөр орно.Дараа нь яруу найргийн зөвлөлөөр хэлэлцээд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн хурлаар бас орно. Хэрвээ батлагдаж гэмээнэ МАХН-ын төв хорооны үзэл суртлын хэлтсээр хэлэлцэгдэнэ. Тэгээд батлагдахдаа утга зохиол хянах газраар орж, тэнд баталсан бол сая хэвлэх эрхээ олж авдаг байсан. Анхны ном маань “Алс цагийн аяс” гэсэн ном байдаг. Энэ номонд хайрын шүлгийн тусгай бүлэг бий. Тэр бүлэгт гэргийдээ зориулсан “Хайрын өргөл” шүлгээ оруулсан. Дээр нь эхнэрийнхээ нэрийг бичээд М.Печоска гэж. Манай эхнэр гадаад нэртэй. Тэгсэн ийм сонин нэр тавиулахгүй ээ. Ер нь анхны номонд хэн нэгэнд зориулсан нэр байх албагүй гээд .Би яахав зөвшингүй хүн учраас тэрийг нь өө тэгье ээ тэгье гээд хассан . Орой гэртээ очоод гэргийдээ найз нь чамд зориулсан нэрээ хасуулчихлаа. Нэрийг чинь оруулах гэсэн хэвлэл хянах газар зөвшөөрөхгүй байна гэлээ. Манай эхнэр залуухан ч байсныг хэлэх үү. Миний нэрийг яагаад оруулж болдоггүй юм гээд уйлаад. Уйлахаар нь айгаад хэвлэл хянах газар очиж гуйж байгаад оруулсан. Ингэж анх гэргийдээ зориулсан шүлэг, гэргийнхээ нэрийг тавиулж хэвлүүлж байлаа. Хайрын шүлгийн ном маань заавал гэргийдээ зориулж бичсэн шүлгээр эхэлдэг. Хайрын шүлгийн маань цаад эзэн нь миний гэргий байдаг гэж хэлж болно. Шүлгийн минь шүншиг болгонд гэргийн минь ямар нэгэн гэрэл гэгээ гялбаж байдаг байх боддог. Энэ нэг талаар хайрын шүлэгч хүний гэргийгээ аргадаж байгаа арга л юм даа.
-Та анх МҮОНР-д ирж байсан үеийн дурсамжаасаа манай уншигчидад ярьж өгөхгүй юу?
-МҮОНР-д ирээд яг 31 жил болж байна. 1980-07-15 ажилд орох тушаал минь гарч байлаа. Нэг сонирхолтой юм хэлэхэд Яруу найрагч Цэндийн Чимэддорж бид хоёрын тушаал нэг өдөр гарсан юм. Цэндийн Чимэддорж гэж түнжин толгойтой жижигхэн бор цэрэг цэргээс халагдаад би халимаг үсээ сүрхий айхтар самначихсан жижигхэн шар хүү сургууль төгсөөд ирсэн. Ингээд бид хоёр нэг өдрийн тушаалтай МҮОНР-д ажиллаад одоо хоёулаа 31 жил болж байна. Бид хоёр нэг өдөр тушаалаар орсон нэгэн өдөр гавьяаныхаа амралтанд хамт гарна даа гэж хошигнодог юм. Миний амьдралын замнал, баяр хөөрийг монголын радиогоос салгаж ойлгох аргагүй. Би радиод насаараа ажиллаж байна. Радиогийнхоо буянд аваагүй алдар, сонсоогүй магтаал ч алга. Энэ л радиод ирж анхныхаа түүврийг хэвлүүлж байлаа. Ханьтайгаа танилцаж байлаа. Сайхан гэр аваад гарч голомтоо бадрааж байлаа. Монголын радиод зургаан жил ажиллаад радиогийнхоо ач буянаар одоо энэ амьдарч суугаа орон сууцаа засгаас авч айл гэр болж төвхнөж байлаа. Радио бол миний хамгийн гэрэл гэгээтэй газар байгаа юм. Өглөө эрт ажил руугаа яарна, орой ажил тарахын үед гэр рүүгээ их яарна. Энэ сайхан хоёр яарлын дунд миний амьдрал өнгөрч байна гэж хэлж болно. Хоёр гурван удаа уран бүтээлийн дууны найргийн цэнгүүн хийсэн. Радиогийн алтан фондод миний оруулсан өчнөөн олон нэвтрүүлэг байна.
-Та эдийн засагч мэргэжилтэй. Тухайн үед сэтгүүлчийн ажил хийхэд хүндрэлтэй үе гарч байсан уу?
-Ер нь аливаа ажил өөрийн гэсэн бэрхшээлтэй. Тэр бэрхшээлийг давж ажлынхаа амтанд орно гэдэг сайхан байдаг. Тэрнээс биш ажилд орлоо ямарч бэрхшээл саад тохиолдохгүй л яваад байх юм бол тэр ажлын амтыг, баяр жаргалыг мэдрэхгүй. Гэрэл байлаа сүүдэр байдаг, сүүдэр байж гэрэл байдаг шиг тухайн ажилд өөрт нь бэрхшээл саад байж гэмээнэ тэр ажлын аз жаргалыг мэдэрдэг. Анх ороход бэрхшээл байлгүй яахав. Би МУИС-ийн нягтлан бодох эдийн засгийн ангийг төгсөөд сэтгүүлч болсон. Сэтгүүл зүйн ямар ч ном үзээгүй ямар ч тэмдэглэл, яриа ярилцлага томьёолол мэдэхгүй зүгээр л шүлэг бичдэг утга зохиолд дуртай эдийн засагч мэргэжилтэй ийм л хүн монголын радиод ажлаа эхэлж байсан. Тэр үед радио телевизэд боловсон хүчний бодлого гэж айхтар зүйл байсан. Энэ нь тухайн байгууллагыг авч явдаг маш том бодлого юм байна. Энэ үед Орост их сургууль төгссөн хүнийг яагаад нягтлан бодогчоор солив оо гэдэг асуудал бас сонирхолтой. Яагаад гэвэл тэр үед радиод эдийн засагч мэргэжилтэй, тэгээд сэтгүүлч хийчхээр тийм хүн хэрэгтэй байсан. Радио намайг авсанаар алдаагүй, би ч радиод ирсэнээр алдаагүй. Намайг ирэхэд үйлдвэр худалдааны редакц гэж байсан. Тэнд 20 жил ажилласан. Сүүлд уран зохиолын редакцад ирээд арван жил ингээд 30 жил болж байгаа юм. Ямар хүн хэдийд хэрэгтэй вэ тэр хүнээ хэрхэн таньж авах вэ гэсэн бодлого аль ч байгууллагад байх хэрэгтэй.
-Та шүлэг найргийн хичнээн ном гаргаад байна вэ?
-Би их бичдэг хүнийг бодвол бага. Бага бичдэг хүнийг бодвол их бичдэг. Одоо арав гаруй уран сайхны кино, ганц нэг жүжиг , арваад ном хэвлүүлсэн. Одоо гар дээр гурав дөрвөн ном байна. Хүний гар дээр очсон ном гэх юм бол 13 байна. МУСГЗ, Дэлхийн урлаг соёлын академийн дэд тэргүүн, Гомбожавын Мэнд-Ооёогийн Соёл яруу найргийн академи гэж байдаг юм. Энэ академийн гишүүний хувьд дэлхийн олон орны яруу найргийн их хуралд оролцлоо. Таван их хуралд биечлэн оролцсон. Монголын яруу найргийг дэлхий дахинд түгээх ажлыг энэ академи хийж байна. Олон яруу найрагч дэлхийн олон оронд уран бүтээлээ таниулж байна. Орос, Англи, Хятад, Япон,Испани хэл дээр шүлгүүд маань гарч байна. Би ирсэн оролцсон хурал болгоныхоо дараа тэр яруу найргийн хурлын тухай мэдээлэл, ярилцлагыг гаргадаг. Тухайн их хурал ямар болов, хэн хэн оролцов гэдэг нь манай утга зохиол сонирхогч уншигчидад хэрэгтэй юм болов уу гэсэн үүднээс ингэж хүргэдэг юм.
-Таныг утга зохиолын нөхөд тань их уян зөөлөн хүн гэж ярилцдаг. Уран бүтээлд чинь ч анзаарагдаад байдаг юм?
-Хүний ааш араншин гэдэг өөртэйгөө төрдөг эд. Би уян зөөлөн, хатуу хүн болъё гэж эрдэм ном шиг сураад эсвэл өөрийгөө бүтээж болохгүй ш дээ. Ерөөсөө л эхээс өвлөж авсан араншин минь энэ л дээ. Ерөнхийдөө л найзаа хө, тиймүү хө гээд явж байдаг. Гэхдээ бас өөрийн сэтгэл дотор барьсан чин хандлага, сэтгэлийн хат өөртөө үнэнч байх бодол зорилго байлгүй яахав. Юм болгон дээр халирсан, аязнасан биш шүү. Шийдэх юмаа шийднэ, зорих юмандаа зорино. Миний аав ээж хөдөөний малчин хүмүүс. Хөдөөний малчдын аядуу дүр төрх надад бүрэлдэн бий болсон. Манай үеийнхэн бол Нямаа уян зөөлөн энэ тэр гэж л байдаг юм.
-Мэдээж уран бүтээлч хүн бүтээл бүхэндээ хайртай. Таны хувь аль уран бүтээлдээ илүү хайртай вэ?
-Төрсөн хүүхэд болгондоо хүний эцэг эх хайртай байдаг. Түүний адил бүх л уран бүтээлдээ хайртай. За энэ л овоо гайгүй болчихсон гэж ураг бүтээлч яруу найрагч өөрөө мэдэрдэг. Миний “Нарны алга” гэж одоогоос 20 жилийн өмнө гарсан нэг ном бий. РТДС, СУИС, энэ жүжигчид бэлтгэдэг дамжаанд анхан шатны сурах бичгийн хэмжээнд ашигладаг ном байна. Энэ номондоо нилээн хайртай. Яагаад гэвэл энэ ном маань удах тусмаа хүмүүсийн анхаарлыг татаж байна. Англи, Орос хэл дээр хэвлэгдсэн. Бас гадна дотныхон сонирхоод байх шиг байна. Шүлгүүддээ хайртай.
Шүлэг яруу найраг тодорхой эзэнтэй байдаг. Таны “Сениората мэхикана” гэдэг сайхан шүлэг бий. Та үүнийгээ хэн нэгэнд зориулж бичсэн үү?
-Ер нь хол ойр явахад шүлэг өөрөө ороод ирдэг. Баруун зүүн мөрөн дээр онгод явж байдаг гэдэг шиг. Тэр шүлгийг Мехсикд дэлхийн яруу найргийн хуралд орж байхдаа Мехсик хүүхнүүдэд зориулж бичсэн. Мехсикийн бүсгүйчүүд бол үнэхээр цоглог бадрангуй сайхан. “Сениората мэхикана” гэдэг нь Испаниар Мехсик хүүхэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хэлээр нь бичсэн юм. Шүлэг бүхэн өөрийн шүншигтэй, шүлэг бүхэн төрх цаг хугацаатай, орон зайтай байдаг. Аян замд бичсэн шүлэг их онгодлог, хөгжимлөг их тийм сэтгэлийн хөг ая, дүүрэн байдаг. Яагаад гэвэл тухайн цаг мөчид төрж байгаа учраас. Шүлэг бол нэг л агшинд төрдөг зүйл шүү дээ.
-Таны бодлоор таны үеийн сэтгүүлч, одоо үеийн сэтгүүлч нарын хооронд ямар ялгаа ажиглагддаг вэ?
-Сэтгүүлчид хоорондоо их ялгаа байхгүй. Сэтгүүлчид уншигч, сонсогчдод үнэнийг л хүргэх гэж явдаг хүмүүс. Яг тэр зүй тогтлоороо өнөө үеийн сэтгүүлчид муу байна. Бидний үеийн сэтгүүлчид сайн байна. Дээр үед бид ингэдэг байсан. Одоо үеийнхэн ийм байна гэж хэлэх ямар ч боломжгүй. Сэтгүүлчид үнэнийг л хүргэж байх үүрэгтэй. Аль ч үеийн сэтгүүлчидийг энэ чанартаа үнэнч явна гэж боддог.
-Та хувиасаа орчин үеийн сэтгүүлчдэд ямар үнэлэлт өгч явдаг вэ?
- Энэ цагийн сэтгүүлчид харьцангуй сайн болсон ш дээ. Бидний үед тодорхой бичих зааг тавьдаг байсан. Би хорь, гучин жил сэтгүүлч хийлээ. Биднийг ид бичиж байх үед эхлээд намын үүрийн даргатай уулздаг. Намын үүрийн дарга хэн нэгэн хүнийг сонгож өгдөг. Тэр хүнтэй л уулзана. Тэрнээс өөр хүнтэй уулзахаар ирээд ч нэвтрэхгүй, уулзаад ч нэмэр байхгүй цаг үе байсан. Одооны сэтгүүлчид бол бичих үнэнийг дуулгах , үнэхээр бичих сэтгэл байдаг юм бол том бололцоо байна. Бидний үеийнхэнд байгаагүй. Тиймээс энэ үеийн сэтгүүлчдийг хамгийн чадалтай, авьяастай, нөр хичээнгүй ийм л сэтгүүлчид гэж би үнэлдэг.
-Та ер нь залуу уран бүтээлчид, шүлэг яруу найраг сонирхогчидод хандаж юу гэж хэлмээр байна?
-Би залуу уран бүтээлчиддээ гурван зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт их уншмаар байгаа юм. Уншина гэдэг бол өөрийнхөө хаана явааг мэднэ гэсэн үг. Хоёрдугаарт манай энэ залуучууд хэлтэй баймаар байна. Дэлхийн олон арван хэлийг сурмаар байна. Манай залуучууд төрөлх хэлээрээ бичихээс гадна дэлхийн хэл дээр бичмээр байна. Ингэж байж монголын утга зохиол дэлхийн хэмжээнд гарна. Би хол ойр явсанаа эргэцүүлээд бодоход манай утга зохиолын хэм хэмжээ дэлхийн аль ч утга зохиолын хэлнээс дутахгүй. Англи, Япон, Испани зэргийн утга зохиолын хэмжээнд байгаа юм. Ганцхан тэр зиндаанд очиж дэлхийн уншигчидад хүрэхгүй байгаа юм. Иймээс залуу найрагчид Б. Явуухулангийн хэлснээр хүлэг минь ,шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй байна. Ингэж л бодож байгаа бол хэл сурах хэрэгтэй. Хүмүүс бидний бүтээлийг олон хэл дээр буулгаж байгаа ч тэр язгуур хэмжээнд нь хүргэж буулгаж чадахгүй байна. Зан заншлыг нь мэдэхгүйгээс гадна монгол хүн шиг сэтгэхгүй, дам сэтгэж байна. Хэрвээ өөрсдөө гадаад хэл дээр бүтээлээ буулгавал монголын утга зохиол дэлхийн хаана хэнээс ч дутахааргүй эрийн цээнд хүрсэн байна гэж би баталгаатай хэлж чадна. Гуравдугаарт өөрийгөө мэдрэх, өөрийгөө хүндлэх, оргилуун бадрангуй золбоолог байх хэрэгтэй. Залуучуудын шүлэг наадамд шүүгчээр оролцож байна. Нэг л золбоо авьяасын гал дөл дутаад байна уу гэж боддог. Тийм учраас Дүрэлзээчээ, Бадраачээ, Золбоотой байгаачээ гэж хэлмээр бодогдоод байдаг юм. Өөрийгөө таньж байж энэ ертөнцийг таньж эхэлнэ. Тиймээс өөрийгөө таних аянд мордох хэрэгтэй дээ. Тэгж байж энэ ертөнцийг таних аялалд зөв зүйтэй чиг хандлагаа тогтооно.
Бидний саналыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдыг ажил амьдрал, уран бүтээлд сайн сайхныг хүсье.
-Баярлалаа
Д.Мөнхзул. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )