Монгол Улсын дархан цаазат хилээр харь улсын 43 ширхэг том оврын ачааны автомашин ямар ч хяналт шалгалтгүй БНХАУ-аас танкийн цуваа шиг цувран орж ирээд усанд хаясан чулуу шиг алга болсон гэнэ. Зарим нь бүр тэдгээрийг “хойд хөрш рүү гаргасан” гэсэн мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь буруу ташаа мэдээлэл гэдгийг Гаалийн ерөнхий газар албан ёсоор мэдэгдлээ. “Бид үйл ажиллагаагаа ил тод байлгах зарчимтай. Алдаатай буруу үйлдлээ нууж хаалгүй байж, алдаа дутагдал гаргасан гаалийн ажилтантайгаа хариуцлага тооцож ирсэн. Тиймээс ч гаалийн байгууллагын үйл ажиллагааг буруу мэдээлсэн болохоор тодотгол тайлбар хийж байгаа нь энэ” хэмээн ГЕГ-ынхан хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчдэд хэллээ. 2010 оны зургаадугаар сарын 2-6-ны хооронд Замын-Үүд дэх хилийн боомтоор “Голден сий Петролиум” ХХК 43 ширхэг автомашинаар импортын барилгын материал, тоног төхөөрөмж тээвэрлэн улсын хилээр нэвтэрчээ. Бараа, тоног төхөөрөмжийн хувьд бол холбогдох хууль журмын дагуу ямар нэг зөрчилгүйгээр бүрдүүлэлт хийсэн. Тэдгээр 43 машин ч гэсэн ямар нэг зөрчилгүй байж. Харин эдгээр ачааны автомашин Гаалийн тухай хуулинд заасан “тээврийн хэрэгсэл” гэсэн томъёололд багтаж байсан тул гаальчид бүртгэн оруулсан байна. Хуулинд зааснаар бол “тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас доошгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгслийг хэлдэг. Тээврийн эдгээр 43 хэрэгсэл хуулинд заасан хугацаандаа буюу 2010 оны зургаадугаар сарын 2-13-ны хооронд хоосон буцаж гарсан тул гаалийн байгууллага ямар нэг зөрчил илрүүлээгүй байна. “Харин эдгээр тээврийн хэрэгсэл Дорноговь аймгийн нутийн гүнд нэвтэрсэн бол ГЕГ-ын хариуцах асуудал биш. Гадаадын харьяалал, дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулах асуудлыг хариуцдаг Авто тээврийн газар гэдэг байгууллага байдаг. Тиймээс та бүхэн энэ асуудлыг тэндээс лавлаж тодруулаарай” хэмээн Гаалийн зөрчлийг урьдчилан сэргийлэх хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Гэндэнцэвээн хэллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )