Жагсаал хамуудын нууцаас

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Хавар цаг монгол хүний өдрийн дэглэм, амьдралын хэвшилд хүрсэн хүсээгүй тодорхой өөрчлөлт авчирдаг. Цаг улирлын дулаарал нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, дам утгаараа улс төрд нөлөөлдөг нь сүүлийн 20 жилийн үйл явцаас тодорхой харагдаж байгаа юм. Үүнийг монголчууд “хаврын синдром” гэж нэрлээд заншчихсан бөгөөд 1990 оноос хойш өрнөсөн нийт жагсаал цуглааныг цаг хугацааны хувьд бүртгэн судалж үзвэл ихээхэн сонирхолтой дүр зураг гарна. Энэ жилийн “хаврын синдром” нэлээд онцлогтой, бас эрчимтэй өрнөж байна. Сонгуулийн өмнөх жил болоод тэр үү, жагсаал цуглааны өнгө аяс, агуулга хэлбэр ч баяжиж, анх удаа адуу мал хүмүүсийн дайчилгаагаар төв талбайд “жагсав”. Элдэв нэртэй иргэний хөдөлгөөнүүд  нэгдэж, тууварчид, малчдаар бүл нэмэн төв талбайд айлсаж үзлээ. “Их  хуралдай” хэмээх Эзэн Чингис хааны үеийн цугларалт орчин үеийн хэлбэрээр эргэж ирлээ. Угаасаа ч зоо нь тэнийхийн заяа багатай жанжны талбай амин чухал асуудлуудыг алгасалгүй хэлэлцэх индэр болоод хэд хоногийн нүүр үзэв. Их улс төрийн эргэн тойронд өрнөж буй энэ мэт үйл явдлыг дагаад урьд хожид байгаагүй этгээд сонин үзэгдэл ч хөвөрч байна. Эдгээрээс энэ хаврын онцлогийг тодотгох зарим жишээг тоймлоё.

Мөнгөтэй хүмүүс гудамжинд гарав

Саяхныг хүртэл жагсаал цуглаан нь хийх юмгүй, мөнгөгүй, алдах зүйлгүй хүмүүсийн ажил мэтээр ойлгогддог байсан нь өөрчлөгдөж, сүүлийн үед аль л мөнгөтэй, алдартай эрхмүүд жагсаалаар хөөцөлдөх болов. Тэд бүгд өөр өөрийн зорилготой. Иргэний хөдөлгөөнүүдийн “нууц ноён” гэгдээд байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрд хумигдсан орон зайгаа эргүүлж авахын тулд зүүний сүвэгчээр шагайхаас бусдыг хийж байгаа бол “Гал үндэстэн” холбооны тэргүүн С.Жавхлан, “Улс төрийн сонин”-ы эрхлэгч Г.Уянга гээд үзэгний хурц, хоолойн цараар олонд танигдсан нөхдүүд улс төрд орох замаа засч яваа гэлцэх. Харин цагтаа АН-ын нөлөө бүхий лидер байсан М.Энхсайхан уг цуглаанд дөрөө харшуулсан учир нь ҮШН хэмээх парламентад суудалгүй намаа ард түмэнд сурталчлах зорилготой аж. Энэ мэт “Михаилын дотор нэг бодол бий” гэдэгчлэн жагсаал зохион байгуулагчдад нийт ард түмний гэхээсээ тус тусын ашиг сонирхол бий.

Зөвхөн тархи ч биш, мөнгө угааж болно

Жагсаал цуглаан хийхэд мэдээж зардал гарна. Тэр тусмаа энэ олон хөдөөний хүмүүс өөрсдийнхөө зардлаар морио эмээллээд ирнэ гэж байхгүй. Ийм олон хоног өч төчнөөн хүмүүсийг байрлуулна, хооллоно ундална, морь малыг нь тэжээнэ, агуулна. Цаашлаад унаа тэрэг, туг дарцаг, өсгөгч яригч гээд зарлага мундахгүй. Харин энэ мөнгө хэний халааснаас гарч, хэнд эргээд ямар ашиг болж очдог нь тун ч ойлгомжгүй. Нийт ард түмний нэрийг барьж, төр эргүүлэх тэмцэлд  уриалж тархи угааж болно. Тэгснээрээ зорилгодоо хүрэх учир гаргасан мөнгөндөө харамсахгүй. Жагсаалд зарцуулснаа жагсаалаар эргүүлээд олоод авна гэдэг утгаараа энд бас мөнгө угаалт яваад байх шиг.

Нэгнээ үздэггүй байсан хүмүүсийн нэгдэл

Цагтаа бие биенээ алуурчин, авлигачнаар дуудаж явсан хоёр улс төрчийг жагсаал нэгтгэв. Бас гүтгэлээ, гүтгүүллээ хэмээн шүүхцэлдэж явсан сайд, сэтгүүлч хоёр ч “жагсаал хамууд” боллоо. Монголын улс төрийн гол хоёр намын томоохон лидер, Төрийн тэргүүний сонгуульд ана мана өрсөлдөж асан Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр одоо нэг нь МАХН-ын, нөгөө нь ҮШН-ын төлөөлөл. Тэднийг хуучин намууддаа гомдсон гомдол, мөр зэрэгцэж яваад зүс хувиргасан мэт санагдах журмын нөхдөдөө санасан өш хонзон нь ойртуулж байгаа бололтой. Түүнээс биш өдий хэрийн насны, улс төрийн туршлага хуримтлуулсан эрхмүүдэд үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшил тэгтлээ сонин биш байх. Тэд төр эргүүлж хувьсгал хийнэ гэхээсээ МАХН, ҮШН нэрийг хот, хөдөөгүй цуурайтуулж, ирэх сонгуулийн сурталчилгаагаа энэ жагсаалаар дорвитойхон хийхийг мэдээж хүсч байгаа. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-өөр овоглодог сэтгүүлч Г.Уянга ч мөн адил гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай Ерөнхий сайд байхад нь сонины хуудсаар заргалдаж, сайн муугаа дуудалцаж явсан. Тэд одоо эрх баригчдыг хоолой хоршин муулж явна, сонгууль ч хүчтэй юм даа.

Үндэсний үзэл үнэгүйдэх цагаар

Монголоороо гоёрхох дуртай хүмүүс ихэсч байгаа нь уг нь сайн хэрэг. “Чингисийн баатрууд” л гэнэ, “Их хуралдай” л гэнэ. Гэхдээ үндэсний үзлийг хэт гуйвуулж, өс хонзонгийн хэрэглүүр болгох, эсвэл үндэсний эрх ашиг гэхээсээ Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авах санаархал хавчуулаад байвал онцгүй л юм. Засгийн газрыг солих, чадахгүй бол УИХ тарах, МАН, АН гэсэн муу намуудыг улс төрийн тавцангаас зайлуулах нь үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол юм гэсэн ухуулга ид явж байна. Нөгөө талд нь 90 жилийн түүхтэй намыг бүртгэхгүй, дэмжихгүй байгаа нь үндэсний түүх, эрх ашиг руугаа чулуу шидсэн хэрэг гэхчилэн занасан, тулгасан үзэл бодлыг зарим хүний ярьсан яриа, тавьсан илтгэлүүдээс харж болохоор байна.

“Хувийн” шүүх байгуулагдлаа

Их хуралдайгаас “Ард түмний шүүх” байгуулж, 15 олигархийг зарлав. Харин үүнийг хэн дуртай нь “хувийн шүүх” байгуулж, дургүй хүргэснээ яллаж, цоллож болох жишиг тогтоосон үйлдэл гэж дийлэнх иргэд үзэж байна. Үнэндээ бол ард түмэн гэдэг нэрийг хэн ч ашиглаж болох ч хуулиас гадуур шүүх байгуулан өстнүүдээ залхаан цээрлүүлэх зорилгоор ашиглаад байвал утгагүй. Ер нь бизнес эрхэлдэггүй атлаа төрөөс төрсөн тэрбумтнуудын нэн шинэ давхарга өнгөрсөн жилүүдэд мэндэлснийг олигархи гэж нэрлэх нь шударга ёсонд нийцнэ. Олон хүн сайнтай, муутай гэдэгчлэн Монголын төрд олигархи ч бий, цэвэр шударга нь ч бий. Харин нэр бүхий 15 хүнийг ямар баримт, шалгуураар олигархиар тодруулснаа нийтэд зарлавал илүү бодитой болох юм. Энэ мэт хачин сонин үзэгдлүүдээр энэ хаврын улс төр баян байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top