Б.Баатар: Үүрийн буурал хяруунаар намайг буудах юм гэнэ лээ.

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр яриагаа эхэлье. Хүмүүсийн маш их хүлээдэг, хайрладаг тэр чинээгээрээ шүүдэг нэвтрүүлэг болж чадсан байна. Монгол Туургатан гэх түгээмэл хэллэг байдаг ч танайх Тулгатан гэж нэрлэсэн нь чамирхал уу?                                                                                

-          Монгол Тулгатан гэдэг нэрийг Лхагваа ах маань өгсөн. Бид тулгаа, галаа тойрч олон зуун жилийн түүхээ бүтээсэн, тийм ч учраас Тулгатан гэдэг нэр оносон гэж боддог. Түүхийг бид өөр өөрийн эрх ашиг, үзэл бодолд тохируулан бичиж, тайлбарладаг. Дэлхийн түүхийг ч, монголын түүхийг ч харахад тийм л байдаг. Ийм учраас амьд баатруудын дуу хоолой, үзэл бодол, дотоод ертөнцийг тэр чигт нь үлдээхийг зорьсон юм. Хувь хүний мөн чанараас шалтгаалж түүхэн үйл явдлууд төрсөн байх нь олонтой. 100 эрхмийн хувьд мэдээж Монголын эрхэм зуугаар дуусахгүй. Үлдсэнийг нь ирээдүйн авъяслаг уран бүтээлчид хийнэ гэдэгт итгэдэг.

 Нэвтрүүлгээ улсын архивт шилжүүлэн өгч байгаа гэсэн?

-          Тийм ээ. Эрхмүүдийнхээ яриаг зөвхөн нэвтрүүлэг байдлаар бус бичиж авсан бүхий л дүрсийг өөрөөр хэлбэл хар материалыг тэр чигт нь улсын архивт үлдээж байгаа. Найруулагч миний шийдлээр хэрэггүй гэж хайчлан хасч байсан хэсгүүд, энэ үед хэрэггүй мэт санагдах олон яриа хожмын хүмүүст, хожмын цаг үед хамгийн чухал болж болох. Нөгөө талаасаа энэ уран бүтээл маань зөвхөн Баатарын бүтээл биш, бүтээлд оролцож байгаа бүхий л уран бүтээлчид, мөн оролцогч эрхмүүдийн хамтын бүтээл. Тиймээс ирээдүй цагт үлдэх энэ түүхэн баримтыг дан ганцаараа танах эрх надад байхгүй. 

 Хоёр хөтлөгчийн хувьд хоёулаа хэвлэл, мэдээллийн салбарын хүмүүс биш. Тэднийг ямар шалгуураар сонгосон бэ?

-          Зөв сонголт хийхэд туршлага нөлөөлдөг. Би маш олон уран сайхны болоод өөр төрөл жанрын нэвтрүүлэг хийж байсан, баримтат уран сайхны кино ч хийж байлаа. Дандаа л мэргэжлийн уран бүтээлч, сэтгүүлч нартай хамтран ажиллаж байсан. Гэвч өнөөх хэвшмэл нэвтрүүлгүүдийг л үйлдвэрлээд байсан. Нэг л сэтгэлд хүрч өгөхгүй. Энэ удаад ямар нэгэн загварт баригдаагүй, форматлагдаагүй өөр зүйл хийхийг зорьсон. Мэргэжлийн гэх ч багшийн заасан онолоос хэтэр ч чаддаггүй, баригдмал хүмүүстэй хамтарч ажиллахаас энэ удаад татгалзсан. Камер хараад л хувирдаг, байгаагаасаа өөр дүр гаргадаг, өөр юм ярьдаг, өөр инээдэг, өөр хоолой дуугардаг, жүжиглэдэг хэлбэр хөөсөн зүйл хийж бас үзэж ханацгаалаа ш дээ. Миний туршлагаас харахад мэргэжлийн хүн заавал илүү гэж дүгнэж чадахгүй, тэр дундаа сэтгүүл зүй, телевизийнхний хувьд илүү хувь хүний авъяас шаардсан өвөрмөц салбар. Гэхдээ би мэргэжлийн бус байх нь зөв гэдэг зүйл яриагүй шүү.  Ер нь тэгээд аливаа зүйлийг яг ийм тийм байна гэж ангилаад, түүнийгээ тулгаж, загварчилах гээд ирэхээрээ л мухардалд  орчихдог юм биш үү.  100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгчийн хувьд мэдлэгтэйгээс гадна хувь хүн нь өөрөө өвөрмөц, илүү сэтгэлгээний байх шалгуур тавьсан.  Яагаад гэхээр уран бүтээл маань шоу цэнгээний төрлийнх биш, дотоод сэтгэлгээний талдаа учраас.

Лхагваа ахын хувьд бид бүтээлүүдийг нь сайн мэднэ, маш уран бас гүн сэтгэлгээний хүн. Анужингийн хувьд дипломат мэргэжилтэй, судлаач хүн.  Энэ хоёр маань амьдрал дээр эрс тэс өөр, сонин өвөрмөц зан характертай ч яг тайзан дээрээ ахин давтагдашгүй гайхалтай зохицол болж чаддаг. Уран бүтээл маань амжилттай явж байгаа бас нэгэн шалтгаан бол энэ хоёр маань надад юу ч барьж, бүтээж болмоор тийм л гайхалтай барилгын материал, өнгө будгийг бэлэглэдэг болохоор аль болох сайн сайхан зүйл урлаж, өнгө будгийг ч сайхан тавихыг хичээнэ шүү дээ.

 Таны зүйрлэл сонин санагдаж байна?

-          Би зураач хүн болохоор бүхий л зүйлийг зураглаж хардаг.  Өгүүлбэрийг ч мөн зургаар хэлэх дуртай, ер нь бичих талдаа маруухан хүн ш дээ.

 Анужинг судлаач гэж мэдээгүй юм байна?

-          Нийгмийн бахархал, гэрэлт хөшөөг босгохын тулд хоёр хөтлөгч маань оролцогчдынхоо өмнө зарим зүйлийг мэдсэн ч мэдээгүй, сонссон ч сонсоогүй юм шиг ер нь өөрсдийгөө золиослох үе их гардаг. Яг энэ нэвтрүүлгийн хувьд бол хоёр хөтлөгч маань зочныхоо нислэгийн талбар, аеродром юм шүү дээ. Тиймдээ ч тэдний мэдлэг боловсрол, ухааны цараа хангалттай илэрдэггүй. Анужингийн хувьд хоол хүнсээр дамжуулан эрүүл аж төрөх, ер нь хүн судлалын тухай судалгааг олон жил бие даан хийсэн хүн. Энэ талаарх мэдлэг хомс үедээ бүдүүлэг асуултууд тавьж, үл тоож байснаа санадаг юм.

Тэд таны саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

-          Хэн хэнийх нь хувьд хүлээж авах болов уу гэдэг зовинол байсаан. Азаар Лхагваа ах маань залуучууд бидний хийж бүтээх гэсэн зорилго, саналыг маш сайн ойлгож дэмжсэн. Үүнд нь залуучууд бид үнэхээр их талархаж байдаг. Анужингийн хувьд энэ төслийг илүү бодитой болгож, төслийг амьдруулсан хүн. Бизнес болголгүй мөнгө цаас, ашиг хөөхгүйгээр түүхэн хүмүүсийн хөргийг бичиж үлдээе гэвэл хамтарч ажиллаж болох тухай болзолыг эргүүлэн тавьж байсан. Нэвтрүүлгийг бүтээх явцад зорилго чиглэл маань илүү тодорхой харагдаж эхэлсэн. Бидэнд Монголын төлөөх гэдэг ганц сэтгэл үлдсэн юм даа.


 Танай нэвтрүүлгийг асар их мөнгө авч байж бүтдэг гэдэг ... тэгэхээр?

-          Хүмүүс Баатар бизнес хийгээд байна, мөнгө олоод байна гэж маш их дайрч, хардаж байна. Энэ дайралтыг шууд буруу шаахад бас хэцүү. Яагаад гэхээр энэ үед хийгдэж байгаа бараг бүхий л уран бүтээл хэн нэгний ашиг сонирхлын төлөө дандаа захиалгаар, мөнгөөр хийгддэг. Хүмүүс сайн зүйлд итгэж яддаг болсон байна шүү дээ. Тэгвэл ямар ч ашиг олохгүй энэ нүсэр ажлыг яах гэж хийгээд байна гэж захын хүн асуух байх л даа. Амьдарч байгаа нийгэм маань бахархах зүйлгүй болчихсон байна. Огт бахархалгүй болсон юмуу гэхээр бас тийм биш, бид танихаа мэдэхээ байчихсан байна. Дахин хэлэхэд бид бахархлыг бий болгох чин зоригоор энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Энэ медиа салбарт байгаагийнх ядаж 100 хүний түүх бичээд үлдээе л дээ. Бидний он цагт амьдарч байгаа олон эрхмүүд нэг нэгээрээ явцгаагаад л байна. Бид тэднээс юутай үлддэг юм бэ? С. Зориг, Ж.Батмөнх, Б.Явуухулан, н.Жигжид .... олон гайхамшигт айхтар хүмүүсийн амьд яриа хөөрөө, сэтгэл оюун, дотоод бодол, дүрс хаана байна? Би архивын ажилтан биш ч эдгээр түүхийг бичиж үлдээх ёстой хүн л гэж өөрийгөө боддог. Хийж байгаагаа ч тохиолдол гэж боддоггүй, зугтаж халширмаар олон бэрхшээл гардаг ч хийгээд байгаагын маань учир энэ. Монгол хүн монгол хүнээрээ бахархах ёстой.

 Сайхан сэтгэл байж болох ч мөнгө огт олохгүйгээр хийдэг гэхэд бас л эргэлзээтэй сонсогдоод байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр танайхыг 650 сая төгрөгөөр ерөнхийлөгчийн нэвтрүүлгийг хийсэн гэдэг шүү дээ? Хийж чадаж байгаа бол яагаад болохгүй гэж? Эсвэл танд мөнгө хэрэггүй юмуу?

-          Бидний бүтээх гэсэн сэтгэл, зорьж буй зорилоготой маань дүйцүүлбэл харин ч чамлалттай сонсогдож байна. Би ганцхан удаагийн нэвтрүүлэг сонгуульд зориулаад хийх байсан бол таны хэлдгээр яагаад болохгүй гэж?!! Би түүнээс гадна ерөн есөн бүтээлээ бодно, түүнийг сэвтээх алхамыг бид хэзээ ч хийхгүй шүү дээ. Ахин хэлэхэд бид Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдoрж гэдэг хүнээс нэг ч төгрөг аваагүй ээ. Мөнгөний тухайд бол чанар, сэтгэл хоёрыг шингээх тусам тэр өөрөө ирдэг юм шиг. Харин хэт улайрч хөөцөлдөөд ирэхээр л алсраад байдаг. Жишээ нь 100 эрхэмд бизнесийн салбараас МСS-ийн захирал н.Оджаргал гэж нэгэн эрхэм орж байсан, түүний хийж бүтээхийн сэрэл нь түүнд шуудай шуудай мөнгийг авчирсан байна гэдгийг л олж харсан.

100 эрхэм нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаасаа олон таамаг, яриа шуугиануудыг ар араасаа дагуулсан. Тэр дундаа танай нэвтрүүлгийн эмэгтэй хөтлөгчийг тойрсон яриа. Та түүнд богтлогдон, булаалгасан мэт яриа газар авч тань руу бус түүн рүү маш ихээр дайрч байхад та яагаад чимээгүй байгаад байсан юм бэ?

 -          Бид маш том зорилгын төлөө нэгдэн ажиллаж байгаа учраас аар саар хов хөөх цаг зав байхгүй. Тэгээд ч нийгэм тэр аяараа яриад байгаа юм биш шүү дээ, энэ төслийг зогсоох гэсэн зарим нэг хүмүүс санаатай, захиалгатай хийгээд байгааг мэдсэн учраас хариу өгөөд, яриад явах шаардлага байгаагүй. Би өөрөө насанд хүрч төлөвшсөн бие хүн, хувь хүн учраас хүний нөлөөнд ороод амьдралаа янз бүр болгоод байхгүй шүү дээ. Энэ төслөөс өмнө Ч.Ундрал бид хоёрын харилцаа өөрчлөлтөнд орсон байсаан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ундрал өөрөө бие даасан эмэгтэй учраас тэр маань эрх чөлөөт амьдралыг илүүд үзсэн байхаа. Эр эмийн хоорондын харьцаанд гаднаас буруутан хайна гэдэг нь огт утгагүй зүйл. Анужин бидний харьцаа хүмүүсийн ярьж байгаа шиг бишээ, бид өөр харьцаатай.

 Өөр гэдэг нь?

-          Бидний хооронд уран бүтээлийн хатуу зөрчилтэй харилцаа зонхилдог, хамт ажиллаж байгаа уран бүтээлчид маань халгахаар л үзэлцэнэ ш дээ ..., зарим эфир дээр бид яг л дайсан шиг байдаг, Лхагваа ахтай ч адил. Ардын уран зохиолч Лхагвасүрэнгийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг дуртайгаараа эвдээд ажиллуулна гэж байхгүй, үүнийг Монголын ард түмэн гадарлах байх. Анужингийн хувьд ч өөрийнх нь хувь ертөнц, итгэл үнэмшил маш гүн, өвөрмөц, хэн хэн нь адармаатай улс. Биеэ тоосон, авъяастай, тэгээд тэрс үзэлтэй ийм хоёр хүнийг нийлүүлж хамт ажиллана гэдэг бол найруулагч надад заримдаа тамын, заримдаа гайхалтай ч юм шиг мэдрэмжийг өгдөг.

 Хэвлэл мэдээллийн хэт эрх чөлөөний тухайд та ямар бодолтой явдаг вэ?

 -          Бид үүнийг л зорьсон, гэхдээ оюун санааны дэвшилгүй эрх чөлөө бас биш юм байнаа. Ерөөсөө ямар ч материаллаг хөгжил оюун санааны хувьсал өөрчлөлттэйгээ давхар явахгүй л бол бүтдэггүй гэдгийг харж байна. Бид соёлын довтолгоог амжилттай хийж чадсан ш дээ, Одоо ахин хийх хэрэгтэй байна. Бид хийж байгаа бүтээл бүхнээ хүмүүсийг соён гэгээрүүлэхэд хэрэгтэй нэг алхам болоосой гэж боддог. Амбицтай, өөрсдийгөө дөвийлгөсөн сонсогдож магадгүй ч ийм л зорилготой ажилладаг. Нийгэмд нүүрлээд буй оюуны болоод сэтгэл зүйн хямралын бас нэг шалтгаан бол мэдрэмжгүй, өс хонзонгийн, атаархлын, хэт улс төржсөн сэтгүүл зүйн нөлөө гэж боддог. Сэтгүүл зүй гудамжны мэдээ хоёр тэс өөр зүйл шүү дээ. Сэтгүүлчдээ зүрхээ сугалаад биднийг гэрэлтүүлээч!!! яг л Данко шиг.

 100 эрхэм нэвтрүүлэг монголын телевизийн нэвтрүүлгүүдийн өнгө төрх, хийц чанарыг урагш чирсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Олон ч нэвтрүүлгүүд танайхыг дууриан гарч ирж байна?

 -          Бусдад гэхээсээ надад хувь хүн, найруулагчын хувьд юугаар ч үнэлшгүй тэлэлт өгсөн. Монголын хамгийн билиг авъяастай, гайхамшигтай тэнгэрлэг хүмүүстэй уулзаж, тэдний гүнрүү нэвтрэхийг хичээж ажилладаг учраас оюуны их тэлэлт гэж хэлмээр байна. Даруухан биш сонсогдож болох юм гэхдээ сэтгэлгээний, тэр дундаа хүний сэтгэлийн гүнд нэвтэрч чаддаг ярилцлагын бас уран сайхны ч юм шиг яг ийм жанрын нэвтрүүлэг монголд л байна гэхэд дэгсдүүлэг болохүй байхаа. Бид нэвтрүүлэг гэхээсээ уран бүтээл гэж боддог. Телевизийн нэвтрүүлгүүдийн хэв маяг өөрчлөгдөж буйд үнэхээр баяртай байлгүй яахав ээ. Олон ч телевизүүд HD форматад шилжиж байгаа нь технологын том дэвшил. Мөн телевизийн олон ангит кинонууд хийж эхэлж байгаад их баяртай байна. Зураач, оператор, найруулагч, хөтлөгчид илүү бүтээлч сэтгэлгээтэй ажиллаж байна, гэхдээ хэлбэр дууриахаасаа илүү агуулгыг баяжуулж өөрчлөх шаардлагатай. 

 Нэвтрүүлэг ард түмний сэтгэлд хүрэхийн хирээр тэдний өмч болдог шиг. Оролцогчдын тухай шүүмж багагүй гардаг. У.Хүрэлсүх, Стивэн Сигал гэх мэт? 

 -          Эрхэм хүн, ажлаа сайн хийж байгаа хүний хооронд ялгаа их байдаг. Зочдын хувьд Монголын түүхэнд ямар чухал үйл хийв гэдэг шалгуур бол нилээд чухал нь. Тухайн салбартаа шинэ төрөл, шинэ өнцөг, эсвэл түүхэн өөрчлөлт авчирсан гэдэг ч юмуу. Хүрэлсүхийн хувьд бол Монголын түүхэн нам, ууган улс төрийн хүчний нэрийг оросын улс төр, бодлогын шахалтаар хувьсгалжуулан өөрчилсөн түүхийн нугалааг засч, өөрөөр хэлбэл түүхийг эргүүлэн үнэнээр нь тавьж, өөрчилж чадсан тэр зоригийг үнэлэн оруулсан. Нөгөө талаасаа Хүрэлсүх гэдэг хүний тухай бүтээл хийж байхдаа түүнийг хувь хүн талаас нь илүү их таньж, гайхалтай чанартай эр хүн юм байна гэдгийг олж харсан. Монголын нэгэн эрхэм хүнийг онож оруулсандаа баяртай байгаа. Сигалын хувьд, дэлхийн хүн шүү дээ. Монгол цус, монгол удамтай хүн. Бас монгол эхнэртэй, монгол хүүхэдтэй. Ийм хүнийг монгол хүн биш гэхэд хэцүү. Монголчуудын үсэрсэн цусны нэгэн том төлөөлөл нь Сигал байсан болов уу гэж бодож байна. Уудам тал, агаар ус, ахуй амьдралын онцлогтоо байдаг юмуу яагаад ч юм монгол цустай хүний бодол сэтгэл гүн байдгийг энэ олон гайхамшигтай хүмүүстэй уулзаж учирч байхдаа улам бүр мэдэрч, монгол хүн болж төрсөнөөрөө илүү бахархаж байна. 

 Нэвтрүүлэг хэдий хугацаанд бүтдэг вэ?

-          Янз бүр л дээ. Бичсэн даруйдаа сэтгэл дүүрэн бүтдэг эфир гэж байна. Санаанд хүрэхгүй үе гэж байна. Бүтээл бүхэн маань ямар нэгэн ухаарал, бодлыг дагуулж байгаасай гэж боддог болохоор яардаг ч бас яарч болдоггүй. Дээр хэлсэнчилэн энэ гайхамшигтай хамт олныг бүрдүүлж ажиллачихаад муу юм хольж хутгаад байвал дараа нь өөртөө харуусаад ханахгүй шүү дээ.

 100 эрхмээс гадна “Чухал 100 сэдэв” нэртэй нэвтрүүлэг гарч эхэлсэн. Эхний дугааруудаасаа л сайд Х.Баттулга хаа нэгтээ нь гараад байдаг. Энэ ч үүднээс танай нэвтрүүлгүүдийг түүнтэй холбох хандлага байдаг. Энэ хардалт уу эсвэл ...?

 -          Бүх нэвтрүүлгүүдэд гардаг гэвэл дэгсдүүлэгээ. Залуу хүүхэд байсан миний амьдралд тэр нэг тийм сонин дүрээр орж ирсэн. Эр хүний билэгдэл ч юмуу, эсвэл гэмт хэргийн элемент ч юмуу, загалмайлсан эцэг Дон ч юмуу. Энэ дүрээ дотроо амилуулж түүнийг маш харгис, эсвэл мөнгөний төлөө улайрсан хүн мэтээр боддог байсан. Энэ төсөөлөл маань түүнийг мэддэг, түүнтэй ойр болсоноор их өөр болсон юм даа.

 Дон гэснээс түүний нэвтрүүлгийн завсраар Загалмайлсан эцэг киноны хөгжим яваад л, хэтрүүлэгтэй санагдсан шүү?

 -          Тэр кинотой төстэй характерууд түүнд байдаг гэж би хардаг. Муу талаараа огт биш л дээ. Бид уран бүтээлийн андууд, тэр уран бүтээлийн маш сайн зөвлөгч.  Баттулга сайд бол улстөрчөөс гадна уран бүтээлч хүн шүү дээ. Өөртөө ямар ч ашиг хожоогүйгээр Монголын төлөө маш олон зүйлийг бүтээж буй болгох гэж хөдөлмөрлөж чаддаг хүн учраас бидний бодож сэтгэж, зорьж байгаа зүйлийг анхнаас нь сэтгэлээрээ дэмжиж ойлгосон хүмүүсийн нэг. Түмний төлөө, сайн сайхныг зорьж яваа хирнээ хардалтанд өртөхийн зовлонг мэддэг хүний хувьд түүнд дэм болохсон гэсэн хувь хүний сэтгэл л байдаг. “Бид түүнээс их юм хүлээж байгаа, тэр бидний итгэлийг алдахгүй гэдэгт итгэж байнаа” гэж загалмайлсан эцэг кинонд хэлдэг дээ.  Монголчуудын төлөө тэр маш их зүйлийг хийнэ гэж би боддог. 

  Удаан хүлээлгэсэн  Ганган Төгскиноныхоо бэлтгэл ажилд орсон гэж сонссон. Заавал шилийн сайн эр, дээрэмчний тухай сэдэв сонгосны учир юувэ?

 -          Уран бүтээлч хүн өөрийн амьдарч буй цаг үеийнхээ дуу хоолой нь байдаг гэж боддог.  Тэр ч талаасаа бид энэ олон нэвтрүүлэг, клип, киног хийж ирсэн байх. Өвөг дээдсийнхээ асар их цус, хөлс, ухаанаар авчирсэн тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг зүйлийг бид нандигнаж ирээдүйн үр удамдаа үлдээх ёстой. Энд нэг зүйлийг хэлэхэд, зарим нэг уран бүтээл бодлогын чанартай хийгдэх тохиолдол байдаг. Ингэж хэлэхээр шударга бус сонсогдож магадгүй л дээ, гэхдээ уран бүтээл тухайн нийгмийн захиалгаар бий болох нь олонтой. Энэ нь мөнгөн захиалга огт биш, оюун санаа, итгэл үнэмшлийн захиалга байдаг. Шилийн сайн эрийн тухайд нийгэмд адгийн гэгдэх хулгайч, дээрэмчин ер нь өөр муу юу ч байж болно тэдний зүрхэнд хүртэл эх орноо гэсэн сэтгэл дүрэлзэж байдаг, түүнийхээ төлөө өөрийн амь насыг зольж чаддаг гэсэн санааг гаргах гэсэн юм. Золиослогсдын амиар тусгаар тогтнол ирдэг шүү дээ.

 Таны өмнө хийж байсан кинонуудаас эрс өөр сэдэвтэй юм байна. Ийм төрлийн кино хийхэд таны нас, туршлага багадахгүй юу? 

-          Найруулагч нар хүн судлаач, сэтгэл зүйч байдаг гэдэг талаасаа амьдралын туршлага мэдээж хэрэгтэй байхаа. Гэхдээ амьдралын туршлага гэдэг чинь бас насны тоотой шууд хамааралтай зүйл биш биз дээ. Нас залуу ч амьдралыг ухаарах шалтгаан олон таарсан байж болно. Нас хэдий хэвийсэн ч оюун санаа, туулсан амьдрал нь хар нялхаараа хүмүүс бас байдаг даа.


 Кино зохиолыг хэн бичсэн бэ? Гол дүрүүдээ сонгосон уу? Жүжигчин Эби болоод бусад байнга тоглодог жүжигчид тоглох уу?

-          Сайн кино хийхэд нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэдэг л дээ. АУЗ Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Цустай Дөрөө буюу ГанганТөгс” гэдэг зохиолыг кино зохиол болгохоор цаг гарган ажиллаж байна. Зарим хүмүүс Баатараа энэ удаагийн кинон дээр чи их удаан байна, яагаад гацчихав гэж асуудаг. Энэ бол гацалт биш, өөрийгөө илүү боловсруулж бэлдэж байгаа л хэрэг гэж бодож байна. Олон чанаргүй юм хийж байхаар ганц чанартай уран бүтээл хийх чухал ч байж мэднэ. Магадгүй энэ кино миний хамгийн анхны кино эсвэл сүүлчийнх ч байж болно. Гол дүрийн жүжигчдийн тухайд би таныг юуны тухай асуух гээд байгааг ойлгож байна. Уран бүтээлчид бие биесээ бараг үггүйгээр ойлголцож мэдэрч байж л сая сайн бүтээл гарна. Зарим хүнтэй чинь ойлголцох гэсээр байтал бүтээл дуусчихдаг. Ер нь кино гэлтгүй бусад салбарын хувьд ч өөрчилнө шинэчилнэ гэж байгаад гол юмаа, гол агуулгаа алдах тохиолдол элбэг. Жүжигчдийн хувьд сайн хувирч л байвал дандаа ч тоглож болно. Жүжигчин хүнийг хэрхэн яаж тоглуулах вэ гэдэг найруулагчын ур чадвар байдаг л даа, манайд сайн найруулагчид ховор байна, сайн найруулагчид мэргэжлээрээ бас ажиллахгүй байна.

 Монголын кино урлагийн өнөөгийн түвшин дэлхийн дэвжээний хаахна явна вэ? Кино урлагийн асуудал бараг хөндөгддөггүй, ер нь хөгжих нь хэрэгтэй юмуу үгүй юмуу?

 -          Бүхий л урлагийн оргил хөгжил нийлж байж кино гэдэг юм бүтсэн юм байна л даа. Кинонд хамаарахгүй урлагийн салбар гэж байхгүй. Спортын хувьд тамирчны өгөгдөл бэлтгэл гээд бас тоймтой зүйл шаардагддаг бол кино их өөр. Хүүхдийг ямар тоглоом тоглож байгаагаар дүгнэж болдог гэдэг шиг улсын тоглоом нь өөрөө кино урлаг гэж хэлж болно. Тухайн улсын эдийн засгийн чадамж, сэтгэхүйн цар хэмжээ, ард түмний сэтгэл санааны байдал гээд бүхий л зүйлийг урлагаар нь тэр дундаа киногоор нь дүгнэчихэж болдог. Нөгөө талаасаа, кино өөрөө ард түмний сэтгэл зүйд нөлөөлж чаддаг маш том зэвсэг. Энэ ч талаасаа улс гүрнүүд хүчирхэг болохынхоо хирээр өөрсдийн үүх түүхийг дэлхийд гаргаж үзүүлдэг шүү дээ, бүр засаад шинэ түүхийг ч үзүүлж байна. Казакстаныг, Хятадыг, Солонгосыг хар л даа, ямар их зүйлийг киногоор хийж сурталчилж байна. Гэтэл бид өөрсдийн нутаг дээр гурван ч удаа эзэнт гүрнийг байгуулсан агуу түүхтэй улс хирнээ, ядаж байсан түүхээ үзүүлчихэж чадахгүй л сууцгааж байна, үүнд бухимддаг, харамсдаг.  Киноны түүхийн хувьд бид харин ч дэлхийн дэвжээн дээр наадаж байсан гэж боддог шүү. Улс нь бодлогоор аваад явж чадаж байсан. Одоо хувь хүмүүсийн иргэний зориг л кино урлагийг авч явж байна. Мөн кино урлагт продюсер маш чухал. Үндэсний хэмжээний бизнесмэнүүдээ кино урлагт татаж оруулах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс тэрбум найман зуун мянгыг олж чадсан “Би чамд хайртай” кино төсөл сайн продюссерын л ажил шүү дээ. “Татар ажиллагаа” кино гадаадын зах зээл дээр арилжааны зорилгоор гарсан монголын хамгийн анхны кино гээд л Есөнмөнх шиг олон продюсерийг бий болгоход кино урлаг урагшилна даа. 

 Клипний урлагаас та холдсон шиг?

-          Том төсөл эхэлсэнтэй холбоотой жаахан завсарлагатай байлаа. Клипийг хүмүүс өнгөц, хэлбэрийн урлаг төдий харах гээд байдаг ч энэ өөрөө маш том гүн утгын урлаг. Загас барихад маш олон цаг тэвчээртэй суугаад дэгээнд загас орох тэр агшинд маш том кайф авдаг шиг маш олон зүйлийг өөртөө хураангуйлан агуулах хирнээ тэр бүгдийг хоёр гуравхан минутанд багтааж чаддаг маш том урлаг л даа.

 Дуучид клипээ өөрсдөө захиалдаг. Клипний тал дээр та бүтээгч үү эсвэл гүйцэтгэгч үү?

-          Гүйцэтгэл өөрөө бүтээлдээ орчихдог. Хэдийгээр дуучин өөрийн хүсэл санаагаа хэлдэгч түүнийг дүр болгоод бүтээлд нь үлдээчихсэн гэж хичээдэг. Амжилттай болсон клипүүд дандаа өмнө байсан хэв шинжээ өөрчилж, тухайн хүнийг эвдэж чадсандаа байдаг юм болов уу гэж боддог. Маш том харилцан итгэлцэл дээр л дүрүүд бас бий болж байдаг юм ш дээ. Ариунаагийн “Санааны чимээ”-ний удган, тайгын бүсгүйн дүр, Сараагийн “Салхиний хээ”-ний баатар эмэгтэйн дүр, Хийлч Дээгийгийн “Үлэмжийн чанар”-ын үсээ авахуулсан, нүцгэн хэсэг ч юмуу, эсвэл Болдын ... Намайг чи явсаны дараа... гээд дуулдаг дууны булчинтай залуугийн дүр, бүр үүнээсээ тэс хувирсан монгол дээл хувцастай монгол попын дүр ч юмуу ...

Төрийн соёрхолт дуучин Болдын Хайрын хүч, Монгол поп цомгууд үнэхээр амжилт дагуулсан. Энэ цомгуудыг Херо үгүйгээр төсөөлөх ямар ч аргагүй мэт санагддаг?

-          Болдтой олон уран бүтээл хамтран хийдэг, уран сайхны кинонд хүртэл хамт ажиллаж байлаа. Түүний нэг гайхамшигтай чанар бол хүний зөвлөгөөг маш сайн авч, түүн дээр өөрийгөө дайчилж чаддаг. Бараг л маргааш иймэрхүү жин хасаад, нэг тиймэрхүү хувцас өмсөөрэй гэхэд түүнийг маш хурдан өөриймшүүлж авч чаддаг, мөн бусдыг өөртөө ховс мэт татаж чаддаг гайхалтай гол дүр л дээ.

Монгол телевизийн Боролдой студийн зураач Баатар, Монголын клипний урлагт цахиур хагалсан Баатар, телевизийн нэвтрүүлгийн урлагт өнгө, ур нэмж хувьсгал авчирсан Баатар, тэгээд кино урлагт хөгжил хийцийн дэвшил авчирсан Баатар гээд таны бүтээж бий болгосныг харахад та авъяастай хүн юм шиг? Авъяас гэж юу вэ?

-          Авъяас гэдэг бол мэдрэмж, эсвэл нэмэх нь хувь тавилан гэж миний багш надад хэлж байсан. Маш их авъяастай хүн хаа байсан алс хээр бөглүү хэн ч мэдэхгүй газар төрчихвөл яах билээ. Хэн нэгэн олж таньж нээж байж л тэр авъяас олны хүртээл болж амьдардаг. Энэ талаас нь хувь тавилан гэж хэлээд байна л даа. Авъяас бүхэн амилдаггүй, үүнийг жинхэнэ бурхан л мэддэг байх.

Та хэдэн цаг унтдаг вэ?

-          Өө би унтах дуртай, эсвэл би буруу утгаар нь ойлгоод байна уу? (инээв). Бага унтдагаа. Би маш яаруу, юманд адгаад л байдаг. Цаг хугацаа гэж бид, би өөрөө ч юм шиг. Өөрөө би цаг учраас юуг ч өөрчилж, юуг ч уртасгах хүчтэй гэж боддог.

МАН намын залуу лидер, НАМЗХ-ын дарга Оюун-Эрдэнэ та хоёрыг эцэг нэгтэй ах дүү гэдэг?

-          Би аавдаа маш их баярладаг. Надад гайхалтай дүү бэлэглэсэнд. Хэнтийн Бэрхэд дэлхийн зөн байгууллагад ажилладаг нэгэн залуу монголын сайн сайхны төлөө гэдэг дууны клип хийлгэхээр манай дээр ирж байсан. Хамгийн анх дүүгээ тэгж харсан байдаг юм.

 Тэгээд яаж ах дүүгээ мэдсэн юм бэ? Тэр өдөр үү?

-          Үгүй ээ тэр өдөр мэдээгүй. Гэхдээ надтай адилхан залуу өөртэй минь яриад л ... би өөрийгөө хараад байгаа ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрж байсан. Хүн өөртэйгээ адилхан, ижил цэнэгтэй зүйлтэй түлхэлцээд байдгийн байна лээ. Би маш хурдтай уулзаад зугтсан, зугтсан ч гэх үү сонин холдмоор оргиод л ... тэр клипийг хийгээгүй шалтгаан тэр байх. Харин тэр явдлаас нилээд хойно, дүүг маань өсгөж өндийлгөсөн өвөө нь тэнгэрт хальсан тэр өдөр бид уулзаж ах дүүгээ мэдэлцсэн...

Хийсэн бүхэн тань амжилт дагуулж байдаг. Амжилттай, өөдрөг байгаа та их жаргалтай хүн байх аа?

 -          Нийгмийн тавьдаг шалгуураар би тийм ч жаргалтай хүн биш байх. Гэхдээ би зовоод байнаа гэж бас хэлмээргүй байдаг. Хүн өөрийгөө ганцаараа зовж байгаа мэтээр хэт дөвийлгөж бодоод ирэхээр нэгдүгээрт өөрийгөө, нөгөөтэйгүүр хавь ойр өрөөлийг маш их зовоож эхэлдэг гэж боддог. Зовлонгийн дундуур байх тэр жаахан жаргалаар сэтгэлээ дүүргэж явах л чухал юм уу. Би ер нь жаргалтай байхаас их айдаг. Жаргал өөрөө түгшүүр дуудаж байдаг мэт. Ээжтэйгээ байх хязгааргүй жаргал мэт боловч яваад өгөхвий гэдэг нь өөрөө түгшүүр. Ер нь тэгээд зовж байгаа хүн л жарганаа гэж боддогоос жаргаж яваа хүн жаргаж байнаа гэж хэлж чаддаг юм уу. Өөрийн зовлонг хүнд халдаахгүй юмсан л гэж их боддог, гэхдээ хүн их адармаатай амьтан юмаа хамгийн дотно хүндээ зовлонгоо ярих гээд байдаг. Ингэхээр хайр гэдэг чинь ч өөрөө их сонин ойлголт байгаа биз.

Жаргал бодож л ханьсдаг шүү дээ?

-          Бид жаргалыг хэнтэй ч хувааж чаддаг. Харин зовлонг бол хамгийн ойр хүнтэйгээ л хуваадаг. Энэ ч талаасаа хань гэдэг бол зовлонг хамтдаа үүрэлцэгч юм шиг. Зовлонг хамт туулдаг болохоороо илүү ойртож, тэр чинээгээрээ хайр дундардаггүй ундардаг мэт. Нүцгэрэх тусмаа зай ойртдог шиг элдэв дүргүй байх тусмаа л хүмүүс ойртдог. Хичнээн зовоож ядраахад юу ч хэлж гомдоллодоггүй эхийн хайр шиг тийм л хайр, тийм л ханийг эр хүн насан туршдаа хайж явдаг юм биш үү. Амьдрал өөрөө ханиа хайх аялалч юм шиг.  

Сайн муу, буруу зөв, үнэн худал ...тогтсон ойлголтуудын тухайд?

-          Байгаль дэлхий дээр хувьсан өөрчлөгддөггүй ганц ч зүйл байхгүй.  Бүхий л зүйл хөдөлгөөнд байдаг. Хүн өөрөө байнга өөрчлөгдөж байдаг тэр тусмаа дотоод сэтгэлийн өөрчлөлтөд орж байдаг. Бүх зүйл хөдлөөд хувираад байхад тогтонги байдлаар аливааг дүгнэх гэж хичээх нь утгагүй. Найз нөхөд, эхнэр нөхөр ер нь байж болох бүхий л харилцаанд бие биесийн хувьсал өөрчлөлтийг анзаарч байх чухал юм болов уу.

Ажил амьдралыг тэгш тэнцүү авч явдаг хүнийг нийгмийн эсвэл эр хүний идеал гэдэг. Хамгийн хүнд зүйлийг хамгийн хялбар яриад байдаг шиг, үгүй ч байж магад. Та хир авч явж байна даа?

-          Таны асуултын цензурь нь өөрөө их сонин юм. Нийгэмд таалагдаж, амьдралаа бүрэн бүтэн аваад явж буй мэт боловч сэтгэл дутуу, хүйтэн, ямарч таашаалгүй амьдрахыг тэгш гэх үү? Эсвэл ажил хийгээд яваад байгаа хирнээ ямарч бүтээмжгүй байгааг ажилтай болоод байнаа гэх үү? харагдах байдлыг гүйцэлдүүлж явсаар ядарцгааж байна ш дээ. Өөрөөрөө амьдарч чадсан хүн л илүү амжилтанд хүрч чадддаг шиг. Бусдад таалагдах гээд хэн нэгнийг эсвэл бүлэг хүмүүсийг амьдралын баяр баясалгүй, зорилгогүй болгож золиосолно гэдэг аймшигтай зүйл биз дээ. Гэр бүл, үр хүүхэд гэдэг хэн нэгний өмч эсвэл тавилга биш. Тэд өөрийнхөөрөө цэцэглэж амьд байх ёстой.

Бүсгүй хүний тухайд?

-          Бүхий л зүйлийн ЭХ гэдэг ямар том утга агуулдаг билээ. Би эмэгтэй хүнийг маш их хүндэтгэн хайрладаг хүн. Дэлхий ертөнцийн муу муухай бүхий л зүйлийн ерөндөг болгож бүсгүй хүнийг байгаль өөрөө бүтээсэн юм шиг.

Гэхдээ зарим аймшигтай зүйлийг бүсгүйчүүд хийж чаддаг?

-          Бүсгүй хүн бүхий л зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Тэдний үйлдэлд сэтгэлээсээ бус хийсэн зүйл бараг байдаггүй. Бас аливаад жижиг гэлтгүй ширхэгчилэн няхуур ханддаг. Тэгэхээр муу зүйлийг ч хийх дээ жижиг хэсгүүдээс авахуулаад бүхий л зүйлийг нь сэтгэлээсээ хийчихээр тэр нь бас маш аймшигтай болж хувирдаг байх.

Би залуу хүнтэй ярилцсангүй, эхний зарим нэг асуултаа татмаар ч юм шиг?

-          Нас маань залуу ч сүнс минь эртнийх байхаа (инээв) Өнөөдрийн амьдрал, хийж бүтээж яваа маань зөвхөн энэ насных биш урьдын олон үйлээр тайлбарлагдах байх. Амьдрал мөнх гэдэгт итгэдэг. Үүрийн буурал хяруунаар намайг буудах юм гэнэ лээ, өдөр болгоныг сүүлчийн өдөр мэт амьдар гэдэг мөрүүдийг болж өгвөл өглөө бүр өөртөө сануулахыг хичээдэг. Би энэ төрөлдөө сэтгэл дүүрэн байдаг.  Хамгийн сүүлд хэлэхэд би хамгийн гайхалтай уран бүтээлээ хийсээн. Түүнийг Хабул гэдэг.

Херо Баатар найруулагчаас энэ яриаг авах гэж чамгүй удаан хөөцөлдсөөн. Үл тоосон эсвэл төвөгшөөсөн мэт түүний төрх байдал, асуулт сэлтийг маань хэдэнтээ сарниаж, бүдчүүлж байсан ч бүтээгч, биеэ тоосон улстай ярилцахад төрдөг л мэдрэмж.

Цаг хугацаатай дайсагналцах мэт өрсөх түүний хэмнэл, бодлын хурдыг мэдрэх агшинд тэр яагаад намайг тоохгүй байсныг, тэрэнд би яагаад төвөгтэй байсныг ойлгож билээ. Тэр биеэ биш цаг хугацааг тоосон цагийн зүү байлаа.

 

Ярилцсан сэтгүүлч Б.Төгс-Оюун

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.71.105) 2021 оны 03 сарын 27

баатар бол хөгийн сүг шдээ.

0  |  0
batkaa (180.43.63.128) 2021 оны 03 сарын 27

Aav gej bas neg zavhai ats baijde tegeed end tend im gaahai shig um hiiged pzdaa gej

1  |  0
batkaa (180.43.63.128) 2021 оны 03 сарын 24

Gahai baataraa duhlaa yarihaa bolioochemongo avdagui ch geh shig chi tegvel sorosiin sand orooch de ainyahv um hiideg tehdee neeh hudlaa hudlaa tom buraha boli naad media salbart chinuur mash olon zaluuchuud zondoo um hiideg oorigoo neeh toviilgeh gej yadah um

1  |  0
Top