Өрхийн амжиргаа: Зоорь барьцгаая!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Хавар цаг боллоо. Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжээс гадна хашаандаа өөрсдийн хэрэглэх хүнсний ногоогоо тарьдаг хөдөлмөрч хүмүүс олон байдаг.  Хөрсөө бэлдэхээс эхлээд олон ажил урд байгаа.  Өнөөдрийн хөдөлмөр намрын арвин их ургац хураалт болох нь дамжиггүй. Та бүхэнд зориулж Zindaa.mn сайт "Саалиа бэлдэхээр саваа бэлд" хэмээн зөвлөж байна.

Төмс, хүнсний ногоо хөлдөхгүй, ургаж соёолохгүй, ялзарч муудахгүйгээр дараа жилийн ургац хүртэл хэрэглээнд тэнцэх нөхцлийг ногооны зоорь олгоно. Ногооны зоорь агаарын солилцоо сайтай, тэг градусаас доош хөрөхгүй, +5 градусаас давж халахгүй байх ёстой.

 ГЭРИЙН ШАЛАН ДООРХИ ЗООРЬ

Шаландаа 40x60 юм уу 60x60 см хэмжээтэй дөрвөлжин өрх гаргаж, бариултай, сөхөгддөг модон таглаа хийгээд доор нь зоорио ухна. Зоорийн гүн 1.5-2.5 метр байвал зүйтэй. Зоорийн урт, өргөнийг гэр, сууцны талбайгаас ихгүй байхаар эзэн хүн өөрөө тохируулна. Гэхдээ дунджаар 1-1.5 метр өргөн, 1.5-2 метр урттай хийж, модоор доторлож болох юм. Шавартай, нягт, хатуу хөрстэй газарт зоорио заавал доторлох албагүй. Гэрт бол пийшингийн сууринаас 40 см зайд байвал зохимжтой. Зоорины дор таван см зузаан элс дэвсэж, түүнээс дээш модон сараалж хавтан хийж байрлуулна.

Төмсийг зоориндоо шууд асгаад хадгална. Харин манжин, байцааг хайрцагт эсвэл модон тавиурт, шар лууванг элсэнд хадгалах ёстой.

 

НҮХЭН ЗООРЬ

Зоорь ухахад ус тогтохгүй төвгөр газрыг сонгон 80x80 см хэмжээтэй, дөрвөлжлөн   ухаж, 2.5 метр хүртэл гүнзгийлнэ. Үүний дараа эргэн тойронд 2.5-3 метрийн радиустай хөндийлөн зай гаргана. Мөн зурагт үзүүлснээр дөрвөн тал руу нь хонгил гаргаж, төгсгөлийг нь томруулан хэд хэдэн өрөө бүхий зоорь хийж болно. Ингэж ухсан зоорины хэсэг тус бүрт нь өөр өөр төрлийн ногоо хадгалах боломжтой.

Ийм зоорийг хятад иргэд ардын хувьсгалаас өмнө Монгол нутагт ухаж ашиглаж байсан баримт байдаг. Ухах хөрсний нягтрал, бат бөхийг сайтар сонгох хэрэгтэйг анхаарна уу. Хайрга, элсний хольцгүй нягт шавран хөрс нүхэн зооринд тохиромжтой. Хөрсийг буруу сонгосноос нурж, дарагдаж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Зоорины амыг арваннэгдүгээр сар хүргэж байж битүүлж дулаална. Хэрэв дөрвөн метрээс гүн ухаж, хөндийлсөн бол зоорины амыг  таглах шаардлагагүй. Хавар нүхэн зооринд шууд орвол бүтэх аюултай. Иймд зоориныхоо амыг хэд хоног онгорхой байлгаж, агааржуулсны дараа асаалттай лааг урт оосроор бэхлэн зоорь руу оруулж, агааржсан эсэхийг шалгадаг. Хэрэв лаа унтрахгүй бол зоорь бүрэн агааржжээ гэсэн үг.

 ХАШААНД БАРИХ ЗООРЬ

Нөмөр, төвгөр газарт гурван метр урт, 2.5 метр гүн ухан банз, шургацухуйлган агаар доторлож, завсраар нь нүүрсний үнс , сүрлээр чигжинэ. Дээр нь 10 см зузаан элс дэвсэнэ. Дээврийг газраас 40-60 см шургааг, банзаар хадаж, доторлоод төмөр бетоноор хучиж дулаална. Дулаалга нь нүхний амнаас дээш 0.6-1 метрт байна. Шилэн хөвөн, үнс буюу сүрлээр хучиж, 10 см хэртэй зузаан шавардах хэрэгтэй. Ухсан нүхний хажуу хананаас нэг метр тутамд агаар солилцооны яндан гаргаж, хажууг шороогоор манана. Янданг дулаанд нээж, хүйтэнд хаан битүүлж байх хэрэгтэй.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top