Зэс, нүүрс, алт болон бусад ашигт малтмалын их нөөц бүхий орд газруудаа эргэлтэд оруулснаар эдийн засгийн өөрчлөлтийн огтолцол дээр ирээд байгаа улс гэх тодотголыг олон улсын байгууллагуудаас аваад хэдэн жилийн нүүрийг үзэж буй манай улс гажихгүйгээр шулуухан зүтгээд байх зөв зам дээрээ байгаа гэдэгт бүрэн итгэхэд хэцүү. Уг нь дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ өсч, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн 2003 оноос Монголын эдийн засаг 9 гаруй хувиар өсч ирсэн, дэлхийд эрэмбэлэгдэх томоохон төслүүдийн нэг Оюутолгойтой холбоотойгоор арваннэг, арванхоёр онуудад эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэн гэхчлэн таатай мэдээллүүд цуг явж ирсэн ч, угтах жилүүдэд ашигт малтмалын үйлдвэрлэл болон экспортын өсөлт бидний төлөвлөсөнчлөн байх эсэх нь эргэлзээтэй л байна. Хэрэв тэгээд өсөлтүүд манай талд байдаг бол тэрэнтэй уялдсан зөв бодлого, шийдвэрүүд эдийн засгийн прогнозолсон өсөлтийг энгийн иргэдийн амжиргааний түвшний өсөлттэй шууд уяж бас болох.
За ямартай ч бидний хөл тавиад байгаа 2014 оны эдийн засгийн төлөв байдал тийм ч гэгээтэй бус байгаа юм. Энэ оны төсвийн орлогын төлөвлөгөөнд учирч болзошгүй эрсдэл маш их байгаа гэдгийг Сангийн яамны зүгээс мэдэгдсэн. Өнгөрсөн оны хувьд ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг маш өндөр авснаас болоод тэрхүү түвшиндээ хүрч дийлэхгүй байр байдалтай байгааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э.Алтанзул хэлж байсан юм. Арвангурван оны төсөвт гол дарамт үзүүлж, орлогыг тасалдуулсан асуудлууд нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар төсөвт 457 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон нь талаар болсон, төсөвт 800 тэрбум төгрөгөөр тодотгол хийсэнтэй холбоотой. Харин 350 тэрбум төгрөгийн тасалдал нь уул уурхай, экспортын бүтээгдэхүүнтэй шууд хамааралтай байсан байгаа.
Тэгвэл энэ онд ч нөхцөл байдал ийм эрсдэлүүдийн улмаас хүндрэх янзтай байгаа юм. Учир нь нүүрсний тоо хэмжээг 31 сая тонн буюу Монгол Улс түүхэндээ гарч байгаагүй өндөр тоо хэмжээгээр авчихсан. Хэрэв энэ тоо хэмжээ хүрэхгүй тохиолдолд төсвийн орлого тасарна. Зах зээл төсөөлж байснаас муудаж, ханш буурч, нөгөө тэнцвэржүүлсэн үнээс доошоо орсон тохиолдолд төсөвт эрсдэл үүснэ гэдгийг эдийн засагчид хэлж буй юм. Түүнчлэн манай нөхдүүд эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг нүдээр хараад байгаа нь төсөвт дарамт болж болзошгүй байгаа юм. Учир нь манай өмнөд хөрш БНХАУ –ын эдийн засаг гэхэд 2008 оноос хойш дунджаар 10 хувь, 7.7-7.8 хувиар өссөн. Энэ онд 7.7 хувийн төсөөлөлтэй байгаа бол Евро бүсийн өсөлт 1 хувь, АНУ-ынх 2.7 хувьтай төсөөлөлтэй хүлээгдэж байна. Тэгэхээр дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа өсөлтийг ингэж даруухан байдлаар урьдчилан төсөөлж байхад манай улс 14.8 хувь буюу өмнөд хөршийнхөөс 2 дахин өндөр хувьтайгаар төсөөлж байгаа нь төсвийн орлогод томоохон эрсдэл дагуулж мэднэ гээд байгаа юм.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүн дээр ч гэсэн Монголын нүүрсний экспорт, Хятадын нүүрсний импорт хоёрын харьцаагаар бол ерөнхийдөө 31 сая тонныг БНХАУ худалдан авах чадвар байгаа. Харин Монгол Улсын хувьд хилийн болон дотоодын нөхцөл байдлаасаа болоод гаргаж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл орлого цөмрөх эрсдэл бас бий. За мөн автобензин, дизелийн түлшний татварын бууралтын асуудал байна. Татварын орлогын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудал хилийн үнэ хэр их өсөлттэй байхаас шууд хамаарч байгаа нь эрсдэл дагуулдаг. Хэрэв хилийн үнэ өндөр байвал бид татвараа авахгүй тэглээд явах аж. Тэгэхээр төсвийн орлого тэр хэмжээгээр буурах эрсдэлтэй байгаа. Мөн цаашид УИХ болон бусад хууль санаачлагчдаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хуулиуд санаачлаад ирвэл орлого буурах эрсдэл байсаар л байна. Уг нь өөрсдийгөө шинэчлэгч гэж тодотгодог энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн орлоготой холбоотой татварын шинэчлэлийн асуудал бий. Энэ чиглэлээр яригдаж байгаа асуудлууд бий гэх ч, татварын хуулиуд батлагдаагүй байгаа учраас 2014 оны төсөвт татварын шинжтэй зүйл заалт орлого талаасаа ороогүй гэдгийг мэргэжилтэн хэлж байгаа юм.
Тэгэхээр төсөвт орох орлогыг эрсдэлээс хамгаалах хуулийн зохицуулалт тал дээр манай улстөрчид олигтой зүйл хийхгүй, буруу хараад сууцгааж байна л гэсэн үг. Тийм байхад бараан түүх давтагдахгүй гэх баталгааг хэн өгөх юм бэ?
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
Удахгүй доллар ханш нэмэгдэж 2600 хүрнэ , бензиний үнэ өсч 80-100төг нэмэгдэнэ...