Ринчингийн Ганбат
Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Тахиа жилтэй. 1968 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. Монгол Телевиз, Мэдээлийн "МОНЦАМЭ" агентлаг, Соёлын яамны сонин сэтгүүлийн редакцид ажилласан. "Сүүлчийн галт тэрэг" хэмээх анхны туужаа1972 онд "Цог" сэтгүүлд хэвлүүлсэн. Зохиолч Р.Ганбатын "Хараагийн туужууд", "Ботгон нүд", "Алаг морь", "Хужир нугадаа очих юмсан" тууж, өгүүлэгийн ном болон роман нь хэвлэгдэн гарсан.
Найр
Цахилгаан станцын дэлхий шиг том хашааны наадах гарам дээр зогсож байсан галт тэрэгний цуваа түчигнэж тачигнан, гинж холбоос нь харжигнан дугтчиж гэв гэнэт хөдлөв. Галт тэрэгний нуүрстэй тэвшний амсар дээр гэнэгүй сууж байсан Сондормаа барьж байсан том нүүрсээ алдан ар тийшээ саван унаж жигтэй тургэн хурдаа авч байгаа галт тэрэгний хоорондуур нүднээ бараг үзэгдэхгүй жирэлзэх дэр мод руу унахдаа холбоос бүдүүн, бүдуүн төмөр дээр ойчсон боловч яагаад ч юм ухаан алдсангүй, вагон хоорондоо мөргөлдөн шүргэлцэхээс хамгаалдаг том ширмэн тавагнаас хоёр гараараа тас зууран тогтсон боловч завсар зайгаар нь хөл нь унжин дэр модон дээгүүр чирэгдэхэд хоёр гутал нь суга үсрэн нүцгэн хөл нь хайрга чулуу дэр мод балбасаар улаан нялга болж, тамир тэнхээ нь тасран бүх биеэрээ өөрийн эрхгүй доошоо унахдаа, айсандаа тас анисан хоёр нүдээ арайхийн зориглон нээвэл гал очис цацруулсан хос хос ган төмөр дугуйнууд асар том махны машины хутга мэт эргэлдэн тас хэрчихээр аймшигтай харагдахад яах ч аврал байсангуй зөвхөн л "Ээжээ" хэмээн ганц удаа хашгирч амжсан нь төмөр дугуйнуудын түмэн түчигнээн дунд замхран дарагдлаа...
Сондормаа ингэж аймшигтай муухай хар даран зүүдлээд хамаг хөлс нь цутган сэрэв. Гэр нь дулаахан болохоор халууцсандаа юмуу, эсвэл энэ аймшигтай зүүднээс болж хар хөлс нь цутгасан юмуу мэдсэнгүй, зүрх нь галт тэрэгний дугуй мэт нэгэн хэмээр түргэн түргэн цохилж, цээжиндээ багтахгүй амаар нь гарах гэж байгаа юм шиг дотор нь бачимдаж байсан ч нээрээ л өөрөө нүүрс ачсан вагон дээрээс савж унаагүй, саяын аймшигт зөвхөн хар дарсан зүүд байсанд нь хачин их баярлав. Нүүрсэнд явах болгонд нь чөтгөр шүглэсэн мэт дандаа дагадаг аймшиг, айдас хүйдэс нь ингэж зүүдлэгдсэн нь ямар нэгэн аюулын дохио ч юмуу гэж бас түгшин бодлоо...
Сондормаагийн гэр будаг нь ханхалсан цоо шинэ хэрнээ дотор нь ганц ч тавилга, эд хогшилгүй, зүүн хаяандаа алимны ганц нэг цаасан хайрцаг тавьж, түүндээ аяга халбага, түмпэн сав тэргүүтнээ хийсэн, элэнц хуланцаас нь дамжиж ирсэн, нөхөр нь согтуудаа хамаг хогшил, хуучин муу хувцас хунараа галдан шатаахад айлын пинд байсан тулдаа бүтэн үлдсэн нэг муу бор авдраа хоймортоо тавьж, том хүү нь хаанаас ч юм олж ирсэн нэг зурмал бурхнаа аав ээжийнхээ болон дээр үед ахан дүүс явсан бололтой одоо өөрөө ч таньж мэдэхгүй хүмүүсийн шаргалтсан гэрэл зурагнууд байсан хуучин жаазанд хийж залаад зөвхөн аав ээж хоёрынхоо зургийг нүүрэнд нь хавчуулж өмнө нь зул барьсан нь бөхөөгүй байлаа."Энэ ургамлын тос чинь яасан их тортогтой юм дээ. Ийм тортогтой юмаар зул бариад байвал энэ сайхан гэрийн маань шинэ мод удахгүй нэл хар болох юм байна. Энэ лав ургамлын тос биш, нөгөө нефть, нүүрснээс нь гаргаж авсан юм байгаа байх. Зул барихад л ийм их тортог гаргаж байгаа юм чинь хүний дотор орохдоо яаж харлуулдаг бол..." гээд ямар шар тосоор зул барих тэнхээ байх биш дээ гэж Сондормаа бодов. Тэднийд шар тос байтугай өөхөн тос ч байхгүй. Шинэ гэртэй болж бурхан залсан болохоороо зул барих гэж зүрх гарган мянга гаруй төгрөгөөр ганц лонх ургамлын тос авсан бөгөөд өөрсдөөсөө ч харамлаж, гамбир хайрахаасаа ч хайрлаж зөвхөн л бурхандаа зул барьж байгаа билээ. Сондормаагийн гэр нь ч шинэ, зуух яндан ч шинэ. Шөнө унтахдаа нүүрс хийсэн болохоор гэр нь дулаанаараа дүнхийж, ёстой л жаргалын өргөө байлаа. Намрын сүүл сар хүртэл дан майханд толгой хоргодож байхдаа Сондормаа хувь тавиландаа гомдож, ер нь энэ хорвоод ингэж амьд явах нь утга учиргүй мэт санагдаж гутарч явсан билээ. Хүн гэдэг амьтан орох оронгүй л бол олсон юмаа ч юм болгож чадахгүй, гадаах нь гэртээ орохгүй, гэр дэх нь гэдсэндээ орохгүй, таних хүн тааралдсан ч манайх тэнд энд гэж зааж зурж өгөхийн аргагүй, ядарч зүдэрсэн үедээ ч юмуу, жихүүн хүйтэн өдөр гал түлэн тавтай тухтай амарч хэвтэхийн аргагүй, үр хүүхэд нь хүртэл тогтож байхгүй, айлын тогоо, дулаан гэр бараадан алга болж амьтан хүний ад болон, эсвэл хаана яваа нь мэдэгдэхгүй тэнэж сураг алдран, ер зовлон бүхнийг амсдаг билээ. Орон гэргүй хүн гэдэг сүнсгүй болсон амьтан мэт Сондормаад санагддаг байсаан. Гэтэл өнөөдөр ингэж дулаахан гэртээ аймшигтай хар даран зүүдэлсэн ч нойроо ханатал унтаж хэвтэхдээ хэнээс ч айж эмээх юмгүй, хэний ч царай харахгүй бор гэртээ Богд, хар гэртээ хаан болж санаа сэтгэл амгалан байх нь түүнд жаргалын дээд байлаа. "Дандаа ингэж нүүрс түлээд байвал энэ сайхан зуух маань бөөрөөрөө цоорч мэднэ. Тоосгоны хэлтэрхий ч болов цуглуулж бушуухан шиг пийшин барьж авъя. Тэмүгээгээ босохоор дагуулаад тоосгоны үйлдвэр лүү очьё. Хагархай хэмхэрхий юм хогон дээр нь ч гэсэн хэвтээ байлгүй..." гэж бодсоноо "үгүй энэ чинь юу билээ. Өнөөдөр чинь шинэ гэрийнхээ найрыг хийнэ шүү дээ" гэж санав.Тэмүгэ нь эгчийнхээ өвөрт тухтай нь аргагүй унтаж байлаа. Их л халууцсан бололтой бяцхан цээжээ ил гарган унтаж байгаа хүүгээ Сондормаа өхөөрдөн харснаа очиж хучлагыг нь засан, хөлс дааварласан духан дээр нь үнсэв. "Хүүгийн минь нэр томдсон юм биш байгаа даа. Ядруу зүдрүү улс бид чинь өөрсдөө өөдөлдөг нь өнгөрсөн ч гэсэн үр хүүхдээ сайн сайхан хүн болох байх гэж горьдсондоо том том гоё сайхан нэр өгөх юм даа. Гэхдээ миний муу хүү ч ганцаараа тийм том хүний нэр авсан юм биш дээ... Миний муу хүү тийм том мундаг хүн болохгүй ч гэсэн сайн сайхан сэтгэлтэй, ойр тойрондоо нөмөр нөөлөгтэй хүн болбол боллоо доо гэж бас чиг өмөөрөн бодов. Хүү нь мөд сэрэх янзгүй унтаж байлаа. Ямар дан даавуу майханд даараад атирч хэвтээ биш дээ...Унтаг даа гэж Сондормаа бодов.
"Явж явж муу хүүгийнхээ буянаар бид чинь орох оронтой болов шүү. Болох болохдоо ийм сайхан шинэ гэртэй болов. Бурхны минь ач юм даа" гэж Сондормаа сүслэн залбирав.
Тавилангаараа болно гэдэг бол дэндүү ухаангүй, арга ядарсан амьтны бодол юм шиг санагдана. Тэгвэл бурхан мэдэх үү? Хэрэв бурхан мэддэг бол өөрийг нь арай ч ийм явуулахгүй баймаар... Бурхан байдаггүй гэсэн сурталд итгэж явсан минь гэсгээл юм болов уу гэж бас бодогдох нь бий.
Одоо нөгөө өндөр цагаан Сүхээ нь амьдралын ачаагаа даагаагүйдээ тийм болсон юм шиг сэрвээгээрээ бөгтөрдүү, батга шавсан базгар царайтай, яралзсан цагаан шүд нь хорвоогийн хатуу хоолыг даалгүй үйрч унасан мэт онгорхой амтай хар хүн болж. Нөгөө ажиллаж байсан үйлдвэр энэ тэр нь ч байхгүй болсон болохоор ажил төрөл ч гэж үгүй, энэ том орчлонд илүүдсэн хүн болж хувираад амьдрахын эрхэнд арга буюу ууланд явдаг, хангайн хишиг буян их юм болохоор самар, жимс, халиар, сонгино түүж гурилынхаа мөнгийг олдог, цагтаа "Онц тээвэрчин" болж мандаж явсан. Сүхээ өнөөдөр уул руу явж хулгайгаар мод хөрөөдөж, цэрэг цагдаад баригдахгүй гэж үүрийн таван жингээр тэмээн тэрэг туйлсан мэт хоёр мод чирч гэр лүүгээ хар гүйхээрээ хар хөлсөө асган гүйж ирдэг, тэрнийхээ хооронд зав чөлөө гарч амсхийвэл хувийн үйлдвэрийн найруулсан хор ууж ухаан мэдрэлээ алдсан, харахад осолдохгүй л хүний оронцог болж дээ. Түүний чирч өнхрүүлж ирсэн модыг нь Сондормаа охинтойгоо хөрөөдөж хагалаад шуудайлж зарна. Заримдаа Сондормаа Сүхээдээ хань болж хамт явах нь бий. Хөрөөдсөн ганц тайрдас ч гэсэн эргүүлэгтэй төмөр хоёр үзүүрт нь шаагаад тэрнээсээ олсоороо оосорлон мөрнөөсөө углаж гэртээ ирж чадвал хоёр гурван хоногийг даах тосгүй ч гэсэн гамбирын бор гурилын мөнгө болно. Гэхдээ Сондормаагаа модонд цохиулчихна, аз хаяж цэрэг цагдаад баригдвал хаяг нэрийг нь тогтоох гэж, торгууль бааг нь авах гэж, бас байгаль хамгаалах тухай лекц яриа сонсох гэж хоёр гурав хоног саатуулагдаж ядарч мэднэ. Тэрний оронд хоосон ч гэсэн майхандаа үр хүүхдэдээ бараа болж байсан нь дээр гэж хүний л хань юм болохоор Сүхээ нь авч явдаггүй байлаа. Мод үүрч чирсээр байгаад, олс, холтос хоёрт үрүүлж холгосоор байгаад нөхрийнх нь нуруу мөр улаан нялга болсон нь сүүлдээ харлаад нэг их том хар хөх үлд гарсан мэт, загасны хайрс мэт хатуу болсныг Сондормаа элдвийн эм тос олж өөрийн эрхгүй бөмбөрөн асгарах нулимстайгаа холин байж түрхэж өгдөг билээ. Заримдаа Сүхээгээ архи уун гадуур тэнэж хэдэн хоног сураггүй алга болоод ухаан санаа нь самуурсан мэт, аймшгийн кинон дээр гардаг хачин муухай амьтан шиг юм ирэхэд нь гомдохдоо "Өглөөний нар шиг гялсхийсэн өнгөлөг залуу сайхан насандаа сайнтай муутайгаа сагаж байсан хорвоогоос сонгож авсан хань минь энэ дээ..." гэж гомдовч "Хөөрхий минь ажил төрөлгүй болохоороо баяр жаргал ч алга даа. Хааяа нөхөдтэйгөө бас чиг наргиж, зовлонгоо мартахгүй бол дандаа л өдөр шөнөгүй уул руу гүйгээд байдаг ойн бор гөрөөс биш дээ. Энүүнд маань архинаас өөр сэтгэлээ баясгаж амрах юм энэ хорвоод даан чиг алга даа... Харин өвлийн хүйтэнд битгий л гадаа хөлдөж үхээсэй билээ. Муу ч гэсэн үр хүүхдэдээ харагдаж, наддаа хань болж явсан нь дээр юмсан даа..." гэж ханиа дотроо цагаатган боддог ч явдал бий. Залуудаа царай зүс харж тэнэглээгүй бол өөрт нь хайртай гэж үхэж хатаад байсан цехийнхээ засварчин залууг нуруу нь навтгар, царай муутай гэж мунхаглан голоогүй бол одоо алтны компанийн захирлын авгай гэж булга нэхийнд ороолгосон өндөр цагаан хүүхэн тэр жийп машиныг нь хөлөглөсөн сэхлүүн амьтан явахсан даа гэж хувь тавилан, тэнэг мунхагтаа хааяа гомдож уйлж суухгүйсэн гэж бодно. Одоо над шиг эцэнхий туранхай, хуучин муу хиймэл үстэй шүүбний танаган дээр нөхрийнхөө хуучин муу тэлээг бүсэлчихсэн, амиа золин байж цахилгаан станцын вагон дээрээс хулгайлсан нүүрс, үүрийн таван жингээр уулнаас чирч ирэн хагалж шуудайлсан түлээ мод зараг гэж өвлийн хүйтэнд голоо царцтал, хамраа улайтал зогссон амьтныг хэн ч тоож нааш харах билээ. Амьдрал минь нэг иймэрхүү л өнгөрөх ёстой урьд насны нүгэл, лай ланчиг байсан юм байлгүй, ер над шиг тэнэг мунхаг хүн хорвоод олон төрөөд ч хэрэг алга даа гэж заримдаа боддог, бүрхэг бүүдгэр өдөр шиг нэгэн хэвээр уйтайхан өнгөрөх амьдралтайгаа эвлэрэн дассан хүн бөлгөө. Гэхдээ бага залуудаа хайраа өгч ханилсан Сүхээдээ ч өширхөн гомдоод байдаггүй. Амьдралын шуурганд овсгоо самбаа гаргаж чадаагүй, амьдралдаа хөлөө олоогүй л хүн дээ, тэрнээс биш эрхэлсэн ажил төрөлтэй бол хэнээс ч доргүй ажиллаж, амьдраад явахсан даа, сэтгэл нь сайхан амьтан шүү дээ гэж хааяа бас өмөөрөн боддог билээ. Сүхээ нь архи уугаагүй үедээ ухаан орж нөгөө мод чирдэг үзүүртээ эргүүлгэн төмөртэй олсоо мөрөндөө углаад шөнө дөлөөр амьтны хөл чагнасхийн хулгайгаар хулмалзан байж уул руу явахад нь гурил хайран самарсан өтгөн цайгаа ханатлаа уугаад, зуухан дээрээ тосгүй хайрсан бор гурилан гамбираа халаасаар нь дүүргэж чихэж өгөөд гаргахдаа мод чулуунд цохиулчих вий, хангайн амьтанд хазуулж хадруулчих вий гэж айхдаа ганц мэддэг мааниа л уншиж үлдэнэ. Гэхдээ онгон дагшин ууланд гарч ой модноос нь хяргаж байгаа юм чинь лус савдаг хилэгнэвэл яана гэж хамгийн ихээр айна. Сүхээ нь болохоор "Би онц тээвэрчин хүн. Харин одоо тэмдэг үнэмлэхийг нь л аваагүй болохоос биш "Онц ой хамгаалагч" болсон. Би өмхөрч муудсан, шатаж түлэгдсэн модноос л авч ой цэвэрлэдэг. Тийм болохоор миний хөгшин айх юмгүй. Лус савдаг чинь хэн юу хийдгийг мэднэ шүү" гэж тайвшруулна. Бас "Бид өөрөөр яаж амьдрах вэ? Хэлээд өг л дөө. Тэр хийж чаддаг ажлыг минь олоод өг л дөө. Би тэгвэл мод байтугай навч таслахгүй амьдарч чадна. Байгалиа хамгаална гэж ярихынхаа хажуугаар хүнээ хамгаална гэж ярьдаг байх хэрэгтэй! Хүнээ хамгаалж байж байгалиа хамгаалдаг юм" гэж халамцуу үедээ хэнд ч хэлээд байгаа юм хашгирна. Бүр нэг удаа "Би тэр өмхөрч шатсан хожуулаас чинь хямдхан байна уу? Хэрэв тийм бол намайг үр хүүхэдтэй минь хамт ой мод шиг шатаачихаач" гэж цагдаад баригдсан үедээ хашгирч цамнаад, танхайн хэргээр арай л шоронд явчихалгүй арван тав хоног баригдаж байж өнгөрсөн. Сүхээгийнхээ үгийг Сондормаа дотроо зөвшөөрөвч, "Балай дэмий юм ярьж байж шоронгийн хадаас болж биднийгээ зовоох нь уу?! Согтуу солиотой ч гэсэн хань минь шүү дээ чи. Аядуу намдуу явсан нь дээр биш үү. Насныхаа эцэст шоронгийн бантан халбагадаж суух чинь дутаад байна уу" гэж уйлж гуйсан. Гэхдээ л Сүхээ халамцуу үедээ "Бид шатсан хожуулаас дор юм уу" гэж хашгирдаг нь хэвээрээ...Нээрээ ажил төрөл олдтол өөрөөр яаж ч амьдрах юм билээ. Ажил олдоно гэдэг энэ насанд өнгөрсөн бололтой. Араажаваар зарлахдаа нас тогтооно. Яваад очвол бараг үг солих ч үгүй... Дандаа царайлаг охид хэрэгтэй болсон цаг юм байх даа, цэрэг цагдаад баригдавч, торгуулж баалуулавч, цагдаагийн хэсэг тасаг дээр хоол ундгүй хонон өнжин хоригдож лекц яриа сонсовч гэдэс өлсөнө гэдэг, тэрэн дотроо хүүхдүүд нь хоосон хонохыг харна гэдэг бол ямарч аймшгийг умартуулдаг билээ. Сүхээ хэдийгээр ууж иддэг ч гэсэн ухаан мэдрэлийн өвчтэй юм биш болохоороо гамбир ч үгүй болсон үедээ зүгээр хэвтээд байж тэвчиж чадахгүй, нөгөө муу олсоо эгэлдрэглээд, хөрөөгөө сугавчлаад малын хулгайч шиг шөнө дөлөөр гарахаас өөр яах ч юм билээ.
Хаана ч юм найз охидынхоороо хоног төөрүүлж явсан охин нь ирээд шинэ гэртэй болсондоо баярлаж, бас найр хийнэ гэхээр хөөрөөд шөнө ч олигтой унтаагүй. Охин нь толины жижиг хагархайд харан үсээ самнаж сууснаа:
-Аав азгүй тахиа юмаа гэж дуугарав.
Тогоотой цайгаа самарч зогссон Сондормаа чихэндээ ч итгэсэнгүй.
-Юу гэнээ?
-Аав азгүй тахиа юмаа гэж байна аа.
-Юу гэсэн үг юм наадах чинь.
-Шинэ жил болоход аав баригдаад байхгүй байсан. Одоо шинэ гэрийн найр хийхэд бас баригдаад байдаггүй...Дандаа архи уунаа...
-Наад амаа тат. Байтлаа аавыгаа тахиа, нохой гэх нь үү? Та нарын төлөө л явж байгаад баригдаа биз дээ. Шинэ жилээр шинэ гуталгүй гэж үглээд байхаар чинь "Өсч өндийж байгаа хүн гоёлгүй яахав. Аав нь нэг их мундаг биш ч гэсэн шинэ гутал авч охиндоо өмсгөнө гэж яваад л баригдаа биз дээ... Яахав шөнө ууланд даараад л жаахан юм уугаа биз. “Одоо найр хийнэ гэхээр зэрэг зиндаа доогуур ч гэсэн миний л найз нар ирэх юм чинь ганц удаа ч гэсэн аятайхан, амттай юм хум идэг дээ. Би явж хэдэн төгрөг олох мод чирч ирье" гэж яваад л бас баригдчихсан шүү дээ. Муу аав нь ядаж зовж та нарыг тэжээж байгааг чи ойлгодоггүй... Ёстой өөрөө л хоосон донгоддог тахиа байна даа...
-Яахав дээ... айлын аавууд амьдралаа аваад яваад байхад...
-Чамд хамаагүй. Чамайг баян тарган өсгөөгүй ч гэсэн чамайг төрүүлсэн эцэг чинь, аав чинь байгаагүй бол чи энэ хорвоод төрөхгүй байсан. Чамайг төрүүлнэ гэдэг хамгийн том ач. Төрсөн хойно чинь юу ч өгөхгүй байсан ч болно.
-Хн...гэж дугараад охин нь дахиад юм хэлсэнгүй.
-Аав чинь биднийг тэжээх л гэж нурууныхаа ясыг гартал мод үүрч байна.Нэг өдөр модонд цохиулаад үхэх ч юм билүү. Тэр жил энэ хойд аманд хадлан хадаж байсан өвгөнийг баавгай ирээд идчихээ биз дээ. Ингэж ярьж байхынхаа оронд явж ажил хийгээч...
-Ингээд л үглээд байдаг юм. Би юу хийх юм бэ. Гуанзанд сав угаахаар өдөрт арван дөрөв, таван цаг ажиллуулаад л долоо хоноод халчих юм. Над шиг юм олон болохоор хүнээр дутах биш.
-Чи л ажилд муу болохоороо гологдож байхгүй юу
-Ээжээ, та юу ч мэдэхгүй байна. Хэрэв та нарт хэлбэл аав очоод гуанзны эзнийг алчихна. Тэгээд манайх гэдэг айл будаа!
Охин нь дахиад юм хэлсэнгүй. Хатавчны цаасан хайрцагнаас аяга гарган цай хийхэд бэлдэв. Тэгээд талх авч зүсч таваглав. Сондормаа охиныхоо хэлсэн үгийг бодоод өөрийг ч хэлсэнгүй. Тэгснээ:
-Охин минь! Ах нь тэр ажилдаа тэнцэх нь үү. Жаахан харъя. Хэрэв болвол гэрээрээ явнаа. Баатар захирал тиймэрхүү юм дуугарсан шүү. Тэгвэл бүгдээрээ ажилтай болно. Хүү минь гологдохгүй л байгаасай...
-Манайх ч овоо...Өнөөдөр найр хийх болохоор талх авсан юм уу?
-Тиймээ цаана чинь жаахан тос, ёотон байгаа...Тосыг нь ч хүмүүс идэхгүй биз дээ... Нөгөө юм нь л байвал...Харин миний охин өдөр аавыгаа эргэхдээ тосоо аваачиж өгөөрэй...
-Ээжээ! Нээрээ манайх нүүмээр байна. Аав ч архичингуудаасаа холдог...Алтны уурхайд та хоёрт таарах ажил олдох байлгүй... Алтны уурхай юм чинь манаа сахиул хамгийн их хэрэгтэй байгаа...Би яахав. Би шороо ухсан ч чадна...Тэмүгэ л байна.
-Тэмүгээгээ аваад явна. Тэнд нь бага сургуультай гэсэн байхаа.
-Ээжээ, тэр Баатар захирал чинь таны найз юмуу, аавын найз юмуу?
-Найз юу байхав дээ. Залуудаа бид хамт ажиллаж байсан юм...
-Тийм баян залуу байсан юмуу? Одоо алтны уурхайтай байдаг...
-Социализмын үед баян хүн гэж байсангүй. Цэргийн хуаранд байгаа юм шиг л бүгдээрээ юмаа хуваагаад авдаг байсан юм. Харин одоо бол ухаантай л амьдрах хэрэгтэй. Ухаан чинь л хамгийн том баялаг шүү дээ. Баатар залуугийн ухаантай л даа...
-Тэгвэл та суучихгүй яасан юм?
-За солиор. Ээжтэйгээ юу ярих нь вэ. Хэрэв тэгсэн бол чи байхгүй шүү дээ.
-Надаар яах юм..
-Бушуухан цайгаа уугаад мах тат!
-Би гялалзуулнаа...Ээжээ яасан их мах авсан юм бэ?
-Би ч жаахан юм авах байсан юмаа...Тэгсэн Мөнхөө ах чинь..
-Ямар Мөнхөө?
-Яагаав аавтай чинь цэрэгт байсан...Махны ченж шүү дээ...Шинэ гэрийн найр хийнэ гэж дуулаад өгсөн юм. "Би улаан махаар мялааж байгаа юм биш шүү...3ах амрах өдер очиж өөрөө мялаана" гэж байна лээ...
-Аавдаа бууз аваачиж өгнөө!
-Тэгэлгүй яахав дээ...
-Ээжээ! Нээрээ нүүмээр байна аа. Хаврыг хүлээгээд ч яах юм...
-Яараад яахав дээ охин минь...Энэ алтан хошуу ч бидэндээ бас ээл буянтай шүү... Чулуу байсан газраасаа хөдөлбөл гурван жил зовдог гэсэн. Хүн ч гэсэн нутаг сэлгэхдээ таарах тохирохгүй гэж байдаг юм. Ах нь нэг ирэг. Туугдаад ч юмуу, тоогдоод ч юмуу нэг ирэх байх...Тэндээ сайхан байна гэвэл бүгдээрээ нүүнээ...Уг нь Баатар хүүг маань харж хандана л гэсэн юмсан. Гэхдээ гэрээсээ холдож ч үзээгүй, ажил ч хийж сүрхий юм болоогүй хүн шүү дээ... Бурхан минь...
-Агаа ч гүргэр л дээ!
-Юу гэж байгаа юм.
-Тэвчээртэй гэж байгаа юм...
-Ээжээ! Та их сайхан хүн шүү дээ...Аав ч сайхан...Та нарын үед царай зүс хардаг байж... Одоо бол хөрөнгө хардаг болж...
-Би чамд нэг шүлэг уншиж өгөх үү? Тарас Шевченко...
"Баян авгайтай битгий суу!
Гэрээ орхиод нэг л өдөр хөөгдөнө
Барлаг ядуутай ч битгий хавьт!
Гэгээ үзэхгүй зовох болно!"
-Миний ээж мундаг шүү!...3өндөө ном уншсан...
-Та нар шиг ном уншдаггүй харанхуй улс байсангүй...Ном уншаад юм ойлгоххэрэгтэй!
-Та ч их ойлгосон доо! !...
-Тиймээ...Бид сэтгэлээрээ л амьдарч байсан...Баян, ядуу ч гэж байсангүй.
-Хуарангийн цэргүүд шиг нэг нэг бахиалтай...
-Амьдрах чадвар гэдэг чинь хүний сэтгэл шүүдээ..."Санаа сайн бол заяа сайн" гэдэг юм...
-Манай аав санаа муутай гэж үү?
Нүүрээ угааж байсан Тэмүгэ гэнэт тэдний зүг харж:
-Чи ёстой тэнэг! Ийм том болчихоод юу ч мэдэхгүй...Манай аав хамгийн сайхан сэтгэлтэй! Мэдэв үү?
-Чи хоцор! Аав нь сэтгэл сайхантай...Харин сэтгэлийн хат муутай юмуу...
-Би бол зоригтой. Чи муу Навчаа эзэндээ загнуулаад л ажлаасаа гардаг. Чи бол ядруу амьтан. Би бол сөхрөхгүй...Шүдээ зуугаад л зүтгэнэ. Би сайн эр болно! Харж л байгаарай...
-Юу гэнээ? Миний хүү. Чи хулгайч болох нь уу?
-Би хулгайч болохгүй... Дээр үеийн сайн эрүүд чинь цөмөөрөө хулгайч нар. Би харин багшийн хэлсэн шиг бэрхшээлийг даадаг, давдаг сайн эр болно...
-За сайн эр минь бушуухан цайгаа уу...Тэгээд дэлгүүр яваад ир...Ээж нь сармисаа мартчихаж...
-Нэгмөсөн явуулаарай! Дахин дахин явмааргүй байна...
-Ээжээ гэртэй болох ямар сайхан юм бэ?
-Тиймээ. Миний охин одоо гэртээ байна биз дээ...Найз майзынхаараа яваад яахав... Гэртээ дулаахан суугаад ээж аавыгаа ирэхэд хоолоо хийчихээд байвал боллоо...
-Навчаа тэгээд ажил хийхгүй улам гахай болоод л гэртээ хэвтээд байх юм уу?
-Ээж нь ажил олж өгнөө...Агаа нь ирэг...Юу болох нь вэ...
-Та нар хавар болтол эндээсээ нүүхгүй бол би Агааг ирэхээр дагаад явнаа...Тэнд надад ажил олдох байх...
-За үг олдлоо. Хоёулаа мах татъя...
-За ээжээ...Би аав шиг хүмүүст маллуулахгүй...Агаатайгаа байгаад ажил хийж чадаж л таараа...
Нээрээ ч тийм шүү. Уржнан жил Сүхээ нь галладаг ч гэсэн хоёр өрөө сайхан байр луйварчингуудад алдчихсан, Архи ууж согтуурч явахдаа мөрийтэй тоглоод орон гэрээ алдчихсан. Цаад хоёр луйварчин нь Сүхээг хавсайдаад байрыг нь авчихсан. Сондормаа өгөхгүй гэж үзээд цэрэг цагдаад өгнө, барина гэсэн боловч залуугийн л бүтэлгүй явсан шар Гончиг гэдэг амьтан "Тэг л дээ. Одоо хууль чинь мөрийтэй тоглоом тоохоо байсан. Бүр бүх талаар нь дэмжиж байгаа. Лото мото гэсэн луйврыг дэмжиж өөгшүүлээд бүр зурагтаар тогтмол сурталчилдаг болоо биз дээ. Чи байраа битгий өг л дөө. Мөрийтэй тоглоом гэдэг чинь заавал өр төлөөсөө авдаг юм. Сүхээг чинь ууланд явж байхад нь мод унаад цохичихож магадгүй. Эсвэл ухаан мэдрэлгүй согтуу явахдаа ямар ч юмтай таарч, машин тэргэнд шүргүүлж ч мэднэ. Дайрлага ч дайрах юм билүү! Энэ алтан хошуунаасхэнийг нь гэж олох юм...Чи байртайгаа үлдэвч, яахав дээ өрх толгойлсон эмэгтэй нэгээр л нэмэгдэнэ биз...
-Эрчүүлийн тоглоом хатуу шүү! гэдгийг үзэж дуулаа биз дээ...гэж айлгасан.
Тэгээд шар Гончигт байраа өгч төрсөн дүүгийнхээ байранд очиж толгой хоргодсон боловч "Дандаа архи үнэртсэн согтуу хар юм чинь энэ хавийн шившиг болголоо. Орцны гадаа согтуу хэвтэхийг нь хараад хүн болгон намайг шоолж, бах нь ханаж байх шиг байна. Тэр алтан хошуундаа очиж гахай нохой шигээ амьдарцгаа!" гэж ёстой л нөгөө Шевченкогийн шүлгэнд бичсэн шиг нэг л өдөр хөөж орхисон. Цагтаа Сүхээ нь архи тамхи мэдэхгүй, авто засварын заводын аварга энэ тэр болж мянга мянгаар нь цалин авч хүн явахад нь дүү хүүхэн нь бас хүн болох гэж Хараагаас ирээд бас л Сүхээгийн ачаар хүнсний ТМС-д орж худалдагч болсон, хөдөөний пөөнөгөр юм ирээд Сүхээгийн цалингаар хотын дэгшин охидын өмсдөгийг өмсөж, зүүдгийг зүүсэн. Одоо хувийн дэлгүүртэй болоод сая саяар нь олдог хирнээ муу ч гэсэн дөрвөн ханатай юм аваад өгсөн бол яахав. Тэгэхэд шууд л хөөгөөд гаргачихаж байгаа юм даа. Төгрөг мөнгө төрсөн ах дүүгээс үнэтэй болсон цаг гэж энэ ажээ... Шинэ гэрийн найран дээр Тэмүгэг дүү рүүгээ явуулсан чинь:
-Найр хэсч явдаг завтай хүн алга гэж хэлээд хоёр шил найрка бэлэг гэж өгүүлсэн байсан...Цайгаа ууж суусан Тэмүгэ:
-Агаа даргын туслах болсон гэлүү, тэгж байгаад дарга болох байхдаа...гэв.
-Даргын туслах бишээ..Даргын туслах машинч...
-Дарга гэж юу юм бэ?
-Ээж нь мэдэхгүй. Алт олдог, угаадаг, хайлуулдаг ч гэлүү...Машин ч юмуу, экскватор ч юмуу, үйлдвэр ч юмуу...
-Юу ч байсан яадаг юм...Ажил хийж байвал ...гэж охин нь дуугарав.
-Агаа нь цалингаа хурааж байгаад гэрийн мөнгө авчирч өгнө гэсэн байна лээ.
-Өөрөө авч өгөх юм байх...Одоо ч бурхны ивээлээр гэртэй боллоо...
-Одоо ядахнаа ортой болцгоох юмсан...Тэгээд дулаан хувцас. Хамгийн гол нь хүү минь л сайн ажиллаасай билээ...
Шар Гончиг байрнаас нь хөөж гаргахад гутарсандаа бүтэн шил найрка ууж шал согтсон Сүхээ байшингийнхаа гадаа овоолоостой байсан бүх ор дэр, ширээ сандлаа шатаачихсан байсан...Сондормаа тэгэхэд амиа хорлочихмоор санагдаж байж билээ... "Бүх юмаа шинээр эхэлнэ! Дөчин насанд амьдрал эхэлдэг юм гэж Сүхээ нь хашгирч байсан даа...
-Ээжээ! Агааг ямар азаар ажилд авбаа. Та оруулсан юмуу?
-Би ч юу байхав. Залуу байхад хамт ажиллаж байсан хүн. Одоо тэр компанийн захирал нь санаандгүй тааралдаад...
Тиймээ. Залуудаа хамт ажиллаж байсан, Сондормаад хайртай явсан тэр Баатартай санаандгүй тааралдсан. Яаж ч таньж байгаа юм сүйд болоод л...Ер хэвээрээ байна лээ... Хүүхэд шуухад асуугаад...Сондормаа, гэрийг нь Сүхээг нь, амьдралыг нь асуух вий гэж их айсан. Амьдрал нь ямар байгаа нь харагдаж байсан юм чинь... Гуталнаасаа бүр их ичиж билээ. Баатар ч ухаантай хүн болохоороо элдвийн юм асуугаагүй. Сондормаа ичсэндээ салж явахын түүс болжбайсан. Гэвч шууд яваад өгөлтэй биш... Агааг чинь ажилгүй байгааг дуулаад "Би бүр ажилчин эрж яваа юм. Аав ээж нь найдвартай, ар тал нь томоотой сайн хүн хэрэгтэй байдаг юм. Би авъя. Би мэргэжилтэй болгоно. Залуу хүн ажил хийж амьдралаа эхлэх хэрэгтэй! Чи над руу явуул" гэсэн. “Гэрээсээ холдож үзээгүй нялх юм. Ажил ч хийж үзээгүй" гэсэн чинь "Аавын бийд хүнтэй танилцдаг юм. Гэрээсээ холдож үзээгүй гэж юу байсан юм. Хүүд чинь ажил таалагдвал та нар гэрээрээ ч очсон болно. Сүхээ та хоёрт ч гэсэн ажил олдоно" гэж тушаасан. Намайг өнөө таньж, туслахыг бодож байдаг нүнжиг сайтай л хүн юм даа гэж би баярласан шүү.
-Ээжээ, тэр Баатар ах чинь танд яагаад тийм сайн байгаа юм бэ?
-Хамт ажиллаж байсан гээд байхад...
-Хн. Хамт ажиллаж байсан хүн алийг тэр гэдэг юм. Төрсөн дүү чинь хөөгөөд л гаргаа биз дээ...
-Хүн ухаанаараа л байдаг юм. Нэг буянтай хүнийг дагаж хэдэн хүн хоолоо олж иддэг гэж бурхны номонд байдаг юм гэнэ лээ...
-Тэр Баатар ах танд сайн байсан уу гэж Тэмүгэ жигтэйхэн том хүний юм асуув.
-За чи жаахан бацаан байж! гэж эгч нь зандрав.
-Тэмүгэ, миний хүү яваад сармис аваад ир! Ялзархай юм авбаа...Гялалзана шүү...
Хүү нь гялалзан гарч одов. Сондормаагийнх одоохондоо хашаагүй, жалгын ирмэг дээр гэрээ барьсан. Хороон дарга нь гэр барихад ирээд "Энд хашаа барьж болохгүй.дээ! Хаврын шар усны үерээр жалгын эрэг нурж магадгүй гэсэн. Хавар хэдүүлээ аятайхан газар олоод хашаа баринаа! Хашаа барих мод л хэрэгтэй. Гэхдээ тэр өдөр ирсэн Дуламжав найз нь "Би гэрийг чинь хашааны зах банзаар мялаана. Чи битгий элдвийн юм цуглуулаарай!" гэсэн. Дуламжав нөхөртэйгөө хоёулаа банзны ченжүүд. Багаасаа найзалж явсан болохоор худлаа хэлэхгүй гэж Сондормаа итгэнэ. Сондормаад харин найзууд олон бий. Хоосон хонох болоход очоод цай уучих найзууд Дулмаагаас эхлээд бий. Харин Сүхээгийн архины найзуудаас л ганц нь ч хүнд хэрэг болохгүй...Уусан үедээ л найзууд. Маргааш нь мэндгүй зөрж байж ч мэднэ...
Удвал охинтойгоо орж ирэв. Удвал бас л Сондормаагийн найз. Холбооны залгагч хийж гялалзаж явсан, ижил дээл хийж гангарч явсан хоёр. Одоо ч амьдрал ахуй нь сайн. Эр хүн ер нь архи л уухгүй бол өөдөлдөг учиртай бололтой. Удвал аяга цай ч уулгүй гараа угаагаад л банш чимхэж гарав...
-Сондороо! Энэ гэрийг чинь тэгээд чухам хэн нь өгч байгаа юм бэ? Хот өгч байгаа юм уу? Дүүрэг үү?
-Аль аль нь. Бас "Дэлхийн зөн" байгууллага.
-Дэлхийн зөн?
-Тиймээ. Манай Тэмүгэг тэнэхээ байсан, сургуульдаа явдаг гэж өгч байгаа юм.
-Буянаа дэлгэр! Тэд чинь Тэмүгэг яаж мэддэг байна?
-Манай хороон дарга, дүүрэг тодорхойлоод, дэмжээд л...
-Тэгвэл энэ гэр чинь Тэмүгэгийн гэр байна шүү дээ...
-Тийм шүү. Эр хүн багаддаггүй юм байна.
Хорвоогийн амьдрал үнэхээр сонин сайхан ажээ. Энэ хорвоогийн хаа байгаа газраас "Дэлхийн зөн" нь ирээд ямар зөнгөөрөө эднийхийг олж тусалж байгаа юм бол гэж Удвал бодож суулаа. Ядарч зүдэрч, төрсөн дүү нь хүртэл нүүр буруулахын цагт, огт бараа царайг нь хараагүй, ер мэдэхгүй хүмүүс ирж, чухамдаа л бурхны элч нар ирээд туслаж байна даа гэж түүнд бодогдож байв. Тэгээд дотор нь эвгүйрхэн уйлмаар ч юм шиг.
Алтан хошууны жаргал зовлон сүлэлдсэн их хөндийд нарны туяа алтран цацарч, өнөөдөр бүр нэг жаргал дүүрсэн юм шиг санагдаж байлаа.
Одоо хэдэн найз авгай нар нь ирнэ. Нөхрүүд нь ч ирнэ. Тэгээд найрлана. Зарим хүмүүс юм олох гэж найр хийдэг гэсэн. Сондормаагийн хувьд юм олох гэсэн юм биш, зүгээр л хүмүүст, бурхандаа, нөхдөдөө баярласнаа илэрхийлэх гэсэн билээ. Найз нар нь өөр шиг нь ядруухан амьдралтай. Хүнд өгөөд байх, илүүчлэх юм ч байхгүй. Гэхдээ зовохын цагт байгаагаараа, сэтгэлээрээ тусалдаг нөхөд нь...Яагаад ч юм Сүхээгээ ирээсэй! гэж хүсэв. Нөхөр нь гэртээ байсан бол их л баярлах байсан даа. Яахав, ийм л зураг төөрөгтэй ч гэсэн багадаа ханилсан хань минь, гурван хүүхдийн минь эцэг нь юм даа гэж дотроо жигтэй ихээр хайрлав. Ямар хулгай хийж, хүрээ талсан биш дээ...
Өглөөний сэрүүн тунгалаг агаар амьсгалан дотор нь жаахан уужран зогстол Тэмүгэ хүү нь хашааны булангаар гарч ирэхдээ:
-Ээжээ! Агаа ирсэн! Агаа аавыг аваад одоохон машинтай ирнэ! гэж Алтан хошууны хөндий дүүрэн хашгирав.
-Бурхан минь! Хорвоо гэдэг тийм ч дандаа гэрэл гэгээгүй харанхуй биш байдаг юм байна. Баярлалаа! Бурхан минь! гэж Сондормаа амандаа шивнэснээ нүдийг бүрхэн ирсэн нулимсандаа болоод нэг том цүнхтэй юм арай ядан мөрөн дээрээ үүрээд, даахгүй ачаатай тором шиг гуйвалсаар нүүр дүүрэн инээд алдан дөхөж яваа Тэмүгэ хүүгээ ч харж чадсангүй...
Найр эхлэх дөхөж байлаа.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Сэтгэл хөдөлгөм сайхан өгүүллэг, тууж, роман бичдэг тандаа баярлалаа.