Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээнэ
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремодэ лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.
Лхам бурханд наманчлан мөргөхдөө:
“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуйномын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч ,үргэлж тус амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтнийг номхоруулагч эрлэг, ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.
Домог: Ноён хутагт Данзанравжаа жилдээ нэг удаа Ганжуур тэргүүтэй олон ном судруудаа аван Цэцэнхан, Түшээт ханы нутаг мөн То вангийн бүтээсэн Жанрайсиг бурханыг гороолдог байжээ. Нэгэн жил Ноён хутагт хоёр шавийн хамт гороолон явсаар Мэнэнгийн талд буудалжээ. Хоёр шавь нь оройн хоол гүнцэгийг багшдаа оруулж өгчихөөд буцаж явтал багш нь хэн нэгэнтэй ярилцаж байх нь сонсдов гэнэ. Нэг шавь нь сониучирхан эргэн очиж сэм харвал гэрийн нь зүүн талд Лхам бурхан заларч хоёул ярилцаж байсан гэнэ.
-Дүрст ертөнцийн Агнистад орших бурхад хүмүүний ертөнцийн ирээдүйг болгоон чуулахад Лхам бурхан “Ирээдүйд хүмүүний ертөнцөд Мирари хэмээгч аймшигт мангаст хувилан төрж ихээр доройтуулах юм байна хэмээн болгоогоод хүмүүний ертөнцийг энэхүү аймшигт мангасаас би сахин хамгаалсугай” хэмээгээд тэрхүү Мирари төрөх ёстой ертөнцийн нэгэн мангасынд охин болон төржээ. Түүнээс удалгүй 6 жилийн дараа мангас эцэг эхээс нэгэн аюумшигт мангас хүү төрсөнийг Мирари гэх бөгөөд тэрээр эцэг мангасын гэрт өсч торнивол дийлдэшгүй хүчит нэгэн болж энэ ертөнцөд хязгааргүй зовлон болох тул Лхам бурхан эгч нь Мирариг авч амандаа зуугаад луус унан зугтжээ. Түүний араас эцэг нь хөөж харвасан сум луусны хондлой дээр оносоны нүх нь Лхам бурхан ирээдүйг болгоосоны бэлгэдэл ирээдүйг болгоогч мэлмий болсон гэдэг ажээ.
-Лхам бурхан ирээдүйг болгоосоны учир Лхамын шоо хаядаг хүн андуурдаггүй гэдэг бөгөөд хэрэв худал хэлсэн бол гэм нь түргэн магадтай арилдаг гэдэг.
Дээр үед сартуулууд нар Лхам бурханыг ихэд шүтдэг байв гэнэ. Тэгэхдээ Балданлхам буюу Төгс цогт охин тэнгэр хэмээн нэрээр нь дууддаггүй машид хүндлэн Ванданлхам гэж залбирдаг байж. Нэгэн хүн хятад амбаны луусуудыг хулгайлаад тууж эхэлтэл агтчин мэдээд араас нь хөөж гэнэ. Нөгөө хүн хөөгдөөд хариугүй баригдахын даваан дээр сандраад “Ээ Ванданлхам минь” гээд залбиртал нөгөө араас нь хөөж явсан агтчины морь бүдрээд баригдалгүй зугатааж амжсан гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )