Цэнд-Аюушийн Буянзаяа
Тэргүүн овогт Цэнд-Аюушийн Буянзаяа 1972 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1994 онд УБИС-ийг уран зохиолын багш, мэргэжлээр төгссөн. ТЕГ-ын тусгай албаны ажилтан, 1994-1999 онд чөлөөт хэвлэлүүдэд хариуцлагатай редактор, ерөнхий эрхлэгч, Монголын радиогийн "Зуун билэг студи"-ийн редактор зэрэг ажлуудыг эрхэлж байсан.1980-аад оны дунд үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж 1997 он "Залуугийн бадгууд" шүлгийн түүвэр, 2000 онд "Улаан шувууны жиргээ" хүүрнэл зохиолын түүвэр хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт.
Шинэ цагийн Молом тойны намтар
Намтар хүү хот айлынхаа хүүхдүүдээс шал өөр зүс царайтай байснаас эхэлжээ. Түүний цас цагаан шүд, памбагар зузаан уруул, сартгар хэрнээ нуруугаараа хотгор хамар, ямар ч алаггүй бов бор нүүр нь бусад хүүхдүүдэд байсангүй. Хүү бусадтайгаа адилхан байхыг хүсч байв. Даанч тэр хүсэл нь санаснаар нь болохгүй байлаа. Өдөр өнгөрөх тусам л тэрээр хот айлынхаа хүүхдүүдээс улам л өөр болж байв. Тоглоомон хүүхэлдэйнийх мэт ширэлдсэн буржгар үс нь бүр зовлонтой. Тэр гэхийн аргагүй гогцоорч мушгирна. Хүү:
-“Үс маань ядаж бусдынх шиг намирсан зөөлөн байдаг ч болоосой, тэгвэл хажуу тийш нь налтал нь самнахсан" гэж үргэлжид хүснэ. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг л улам л мярнуусан хонь шиг буржийж зовооно. Нүүр нь бол бүр хэрэг алга, усанд цутгуулж шалба норсон үхэр оготно шиг гөлийж гөлчийж хөхөрнө. Хүү хааяа толинд харахдаа:
-"Миний нүүр ийм хөхийсөн бор биш, яг л Зоригоогийнх шиг мантайсан улаан болчихсон байвал гоё доо. Хоёр хацар маань алим шиг улайраад л духан дээгүүр тос дааварлаж байвал мөн гоёо. Бас энэ хоёр нүд маань дүрлийсэн хар биш, онийсон бор байвал санаа амар байхгүй юу. Даанч энэ муу заяагүй нүүр санаснаар болохгүй юм" хэмээн битүүхэн бодоод санаа алддаг байв. Хүүг хот айлынхан нь хүүхдүүд мэдсэн юм шиг л ялигүй юман дээр ам мурийхаараа:
-“Өө өмхий нигер, Африкийн сармагчин. Хөөе, хар нигер ээ, чи манай Монголоос зайлаач" гэж элдвээр хэлэн тамыг нь иднэ. Тэр болгонд нь хүү үгээр хэлэхийн аргагүй гомддог агаад сэтгэлийнх нь гүнээс садарсан гашуун хэрнээ час хийсэн хатуу нулимс хацрыг зүсэн урсдаг ажгуу. Хүү гашуун нулимсаа гаргахгүй гэж дотогш нь залгиж үзсэн. Тэгэхэд нулимс нь давс нь ихэдсэн цайнаас ч шорвог байдгийг анзаарсан билээ. Заримдаа хүүхдүүд түүнийг ямар ч гэм зэм хийгээгүй зүв зүгээр байхад нь л:
-"Нигерийн шээс, янхны хүүхэд" гэж хоолой нийлүүлэн хашгирч шоолно. Хүү өөрийг нь яагаад хүүхдүүд "нигерийн шээс, янхны хүүхэд" гэж шоолоод байдгийн учрыг сайн мэддэг байлаа. Тийм болохоор хүү хот айлынхандаа ахин ер үзэгдэж харагдахгүйгээр хаашаа ч юм холдон одохсон гэж мөрөөддөг байв.
Хүү өөрийгөө бусдаас шал өөр төрснийг аль эрт мэдсэн юм. Нэгэн удаа эмээгийнх нь дүү болох нагац ах нь халамцуухан ирээд үүр цайтал өвөг эцэгтэй нь өөрийнх нь тухай ярихыг хүү амьсгал даран сонссон. Нагац ах нь өвөөд нь хандаж:
-"Дармаа ах минь ний нуугүй хэлэхэд би заримдаа өөрийнхөө хэдэн хүүхдэд биш, танай энэ зээ хүүд л их санаа зовох юм. Хаа газрын амьтны үр ингэж бидний цусан төрөлд багтаж яваа юм бол доо, зайлуул. Наад муу хүүг чинь нигер, мигерээр нь дуудаад амар заяаг нь үзүүлдэггүй бололтой дог. Хэлээд ойлгохгүй дээ, энэ хүүхдүүд. Хүүхдийн зовлон их юм даа. Энэ хүү өсөх тусмаа л улам зовох байх даа хөөрхий. Ээ дээ, манай Сүнжээ ч (хүүгийн эх) мөн тэнэг хүн юм даа. Тэр хол газар нутаг нугынхаа нэг эр сүвтэй амьтантай дэр нийлүүлдэггүй юмаа гэхэд ядаж энэ Монголдоо багтаад нэг хар юмтай ханилчихгүй дээ. Бүр харь элгийн хүнтэй үерхэж нөхөрлөх гээд байсан юм бол нутаг ус, дүр төрх нь арай эерүү юм орос моросуудтай нөхөрлөхгүй дээ. Эцэст нь тэгээд тэр хартайгаа ханилсан ч юмгүй энэ амьтныг өнчрүүлж, хаа газрын арьс, араншин ондоо амьтны дунд хаяж гээж явах юм даа" хэмээн өгүүлсэн аж. Тэгэхэд өвөө нь:
-"Хэлээд яах вэ, хэлээд яахав. Би чинь аль насандаа муу үйл үйлдчихсэн юм бол. Насны бөгсөнд үр хүүхэд өсгөснийхөө үйл лайг эдэлж явна. Амьтан хүн элдвээр л ярьж хэлэх юм. Тэр бүгдийг нь тоох ч хэцүү, тоохгүй байх ч хэцүү юм. Иймээс элэгнээс минь унасан үр болохоор Сүнжээгээ өрөвдөх юм. Энэ муу хүү ч яахав, хөгшин бид хоёрыг зовоохгүй л эрүүл энх торниж байна. Үрийн минь үр болохоор л тэр үү, энэ хүүгээ бодохоор зарим шөнө нойр ч хүрэхгүй юм. Хөгшин ясаа яжигнуулж байгаад ч болтугай энэ хүүгээ эрийн цээнд хүргэж хүний гар харуулахгүй болгоод нүд анихсан. Тэгж гэмээнэ л санаа минь амарч нүд аних байх" гэж их л гунигтай хүүрнэсэн аж. Хүү тэгж анх өөрийнхөө хэн болохыг мэдсэн. Тэр шөнө бас эмэг эх нь өвөө, нагац ах хоёрынх нь ярианд хачир нэмэн:
-"Манай энэ хүүгийн чинь эцэг нь бүр Африк тивийнх гэсэн байх шүү. Сүнжээ нэг цухас дурдахнээ их л халуун орон бололтой гэсэн. Тэгээд тэр хар нь Того ч гэлүү, нэг тийм сонин нэртэй үндэстэн гэж дуулдсан шүү" хэмээсэн аж.
Тэр шөнөөс хойш хүү өөрийнхөө азгүй заяанд даанч ихээр гутардаг болсон юм.
Хүү ээж дээрээ очих туйлын дургүй. Хүүгийн ээж хотод дүү нартай нь, дүү нарынх нь эцэг гэх нүдний шилтэй, халзан толгойтой хижээлдүү эртэй амьдардаг аж. Тэр халзан толгойтой эр хүүг нэг нүдээр ч үзэхгүй. Сав л хийвэл ээжид нь:
-"Чиний энэ нэг юм харлаж ногоорчихоод яасан их иддэг шаар вэ. Хоол унд нь ч дийлдэхгүй юм. Үгүй тэгээд үнэр танар ч гэж авах арга алга" гэж хэрүүл өднө. Амьтан хүний сиймхий харж байгаад хүүг шоглоод орхих нь энүүхэнд. Дүү нар нь ч хүүг үзэхгүй.
-"Муу хар нигер ээ, чи яасан ховдог юм" гэж хоёул хоёулаа дайрч давшилна. Үйлийн үргүй л өөрийнх нь дүү нар байтлаа л хүний урманд ахыгаа гэж хүндлэхгүй. Юм л бол манайхаас зайл гэцгээнэ. Тэд жаахан л болохооос биш, яг л эцэг гэсэн үг. Эцгийгээ өвчсөн хүйтэн нүдээрээ хүүг тас хяргах л шахна. Тэд ч яахав хүүг тэгж ад үздэг юм байгаа биз, хамгийн муухай нь ээж нь хүүг адалдаг байлаа. Хүүгээс болж нөхөртэйгөө хэрэлдэн салах сарних дээрээ тулаад нэг удаа бүр хүүг хайр найргүй алгадан:
-"Чи ёстой заяагүй амьтан юм аа. Чамаас болж би махаа зулгааж байна" гээд яг л шулам шиг аашилсан юм. Хүү тэгэхэд ээждээ туйлын их гомдсон. Тэгээд тэр даруй л зугтах нь холгүй өвөө, эмээ дээрээ ирсэн аж. Түүнээс хойш хот руу явах ямар ч хүсэлгүй, ээж, дүү нар дээрээ очих туйлын дургүй болсон билээ. Хүү хотын сайхныг мэдэрсэн. Өвөө, эмээгийнх нь, өөрийнх нь амьдардаг уулын мухар дахь хот айлаас даанч их ялгаатай. Үзэж харах юм нь уйдахын аргагүй их гэдгийг анзаарсан. За тэр зүсэн зүйлийн сонирхолтой юм гардаг зурагтнаас нь бол салахын ч аргагүй. Гээд одоо яахав дээ. Хүүд тэнд аз жаргал олдохгүй нь тодорхой хойно тийшээ зүглэхийн ч хэрэг алга байлаа. Хүү тэгээд ээждээ гомдсон тухайгаа, ээжийгээ хэрхэн аашилж авирласан тухай өвөөдөө тэсэлгүй ярьчихсан юм. Өвөө нь тэгэхэд:
-"Миний хүү тэгж болдоггүй юм. Ээждээ тэгж гомдож болдоггүй юм. Ээж чинь чамд буруу юм хэлж, чамайг алгадаж зодож зовоосон байж болно. Тэглээ гээд тэр нь чиний өмнө байгуулсан ачийнх нь өчүүхэн хэсгийг нь ч харлуулж чадахгүй. Хүн эхийнхээ ачийг хэзээ ч төлж бардаггүй юм. Шүүдрийн дуслыг тогоо дүүртэл түүгээд цай чанаж өгсөн ч ачийг нь хариулж бардаггүй юм" хэмээн сургасан аж. Тэгээд дараа нь өвөө нь түүнд Молом тойн хэмээх эртний мэргэн лам эхийнхээ ачийг хэрхэн хариулсан тухай ярьж өгсөн юм. Тамын аймшигт оронд эрлэгт яллуулж тарчилж буй эхийгээ Молом тойн суллан аваад үүрч дүүрэхийн зовлонг эдлэн бурхны оронд хэрхэн аваачиж буй тэр үлгэрийг хүү сайн ойлгосон. Ад зэтгэр, есөн зүйлийн хорлол, муу санаа, атгаг хорон явуулга, эсэн бусын гай түйтгэрийгдавах гэж зүдэрч байгаа Молом тойныг хүү маш их өрөвдсөн. Тэгээд бас хүү Молом тойн шиг л эхийгээ өрөвдөн ачилж байж ачийг нь хариулах юм байна даа гэдгийг ухаарсан. Бас тэр үлгэрт гардаг Молом тойны эх хүүдээ үүрүүлчихээд үйлийг нь үзэж яваа хэрнээ хөлийнхөө салаагаар цэцэг тастан нүглээ нэмж хүүгийнхээ зовлонг улам л дарагдуулж байгааг сонсоод:
-"Манай ээж ч Молом тойны эх шиг тийм муу хүн биш байх аа" гэж бодсон юм. Энэ бол үнэндээ түүний намтрын өрнөл байсан юм.
Хүү Молом тойны үлгэрийг өвөөгөөсөө сонссоноосхойш бурхан шашинд үйлийн үргүй дурлах болсон. Сав л хийвэл өвөөгөөрөө бурхдын тухай домог яриулж, дээр үеийн хутагт хувилгаад хэрхэн гэгээрлийг олсон талаар ухаан мэдрэлээ алдах нь халаг сонсдог болсон билээ. Зургаахан настай Говийн догшин ноён хутагт Данзанравжаа "Хурмаст тэнгэр" хэмээх утга төгс гүр дуу зохиосон тухай сонсоод хүү дэндүү ихээр биширсэн ажгуу. Хүү тэгээд өвөөгөөрөө "Хурмаст тэнгэр" шүлгийн
"...Үүлэн гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ
Үйлэн ирээд үхэхийн цагт
Залуу гэмээ нь хөгшин юуны ялгаа вэ" хэмээх дөрвөн мөрийг хэлүүлэн цээжлэн авч сав л хийвэл амандаа үглэн унших болсон бөгөөд утгынх нь гүнийг олж хараад ихэд баяссан бөлгөө. Өвөө нь тэгээд хүүг тийнхүү бурхны шашинд ихэд сүсэглэхийг хараад туйлын ихэд баярлан үхэхийн цагт толгой дээр минь хонх дуугаргах хүү гэж халмагхан үедээ ойр орчныхондоо шулуун цагаан хэлчихдэг болсон аж. Хүү өвөө нь гэгээрлийн үрийг олох гэж лам нар хэрхэн нямба үйлдэн тэсвэр тэвчээр заан ууланд суудаг тухай ярьсныг бодох болгондоо дотоод сэтгэлдээ өөрийгөө номхотгон, их л тэсвэр тэвчээртэй хүн болох гэж хичээж явдаг болсон билээ. Хүүг тэгж бурхны шашинд сүсэглэн маань мэгзэм унших нь холгүй явдагт хот айлынхан нь туйлын дургүй. Зүс царай ондоотой хачин хар юм манай шашныг бузарлах нь гэж ихэд ундууцна. Ямар сайндаа хүүгийн дотроо ганц сайн найз гэж бодож явдаг хажуу айлынх нь Зоригоо:
-"Чи бид нараас шал ондоо шүү дээ. Тийм болохоор манай бурхны шашинг шүтэж болохгүй. Танай Африкийн шашин бол шал өөр байдаг гэсэн. Аав, ээж хоёр тэгж ярьж байсан" хэмээн саймшран өгүүлэхэв дээ. Хүү хот айлынхан нь түүнийг бурхны шашин шүтлээ гээд дургүй байгааг мэдэж байгаа хэрнээ шал тоохгүй байлаа. Тэр бүхнийг хүү хөндлөнгийн хүмүүсийн атгаг санаа, хорон явуулга гэж бодож байв. Гэгээрлийг олох гэж байгаа түүнд бол тэр бүхэн юу ч биш байсан юм.
Хүү их л хойно бүр арван нас хүрч байж сургуульд оров. Өвөө нь түүнийг найман настай оруулчихвал хүүхдүүд шоглоод байх болно гээд тийнхүү оройтуулсан аж. Хүү хэдий арван нас хүрч сургуульд орлоо гээд байдал нь өөрчлөгдсөнгүй. Том ангийн хүүхдүүд түүнийг сав л хийвэл "нигерийн хүүхэд" хэмээн хочлон зодож нүдээд амрыг нь үзүүлэхгүй байлаа. Ангийнхан нь ялгаагүй "нигер, нигер" гэж хочлон шоглоно. Хүү үнэндээ сургуульд суух туйлын дургүй байв. Гэлээ гээд яахав дээ. Өвөө, эмээ хоёр нь түүнийг сургуульд сур гээд байхад үгүй гэх газаргүй. Хүү:
-"Болдогсон бол энэ сургуулиас гарчихаад өвөөгөөрөө бурхны ном заалгахсан” гэж ихэд хүснэ. Гэвч тэр өөрөө бүхнийг яахан шийдэж чадна. Хүү бусдад шоглуулан байж гурван жил шахуу сургуульд сурлаа. Гурав дахь жил дээр нь өвөө нь нас барав. Хүү яг арван гурван нас хүрэхээс тавхан хоногийн өмнө өвөө нь нас барсан юм. Өвөөгөөс нь хойш хүүгийн зовлон улам нэмэгдэв. Хамгийн түрүүнд ээжийнх нь отгон дүү болох нагац ах нь:
-"Эцгийнхээ гал голомтыг харь газрын хар арьстнаар залгуулахгүй" гэж бөөн сүр болон олныг бусниулав. Түүний үгнээс санаа авсан ах дүүс нь хүүг болох болохоороо ад үзэцгээлээ...Төд удалгүй талийгаач өвөөгийнх нь гэрийг отгон хүү нь ээжийгээ асрах нэрээр хажуудаа буулган авч хүүгийн зовлонг тэсэхийн аргагүй болтол нэмэгдүүлэв. Учир нь тэрхүү нагац ахынх нь эхнэр болох намхан шар авгай гадаа гэртгүй л түүнийг хар бороор нь дуудаж гар хөлийнхөө үзүүр болгон гүйлгэх болов. Тэр авгайн үг гэж үг. "Үдээрийн зудын муухай харлачихаад юугаа хийж зогсоод байгаа юм" гээд л хүү рүү хандсанаараа чулуудна. Хүүхдүүд нь ч ялгаагүй. Боломж гарвал хүүг шогчилно. Хүү тэр бүх зовлонг хэр чинээгээрээ л тэсвэрлэж байв. Хаа нэгтээ эмээ нь хүүг эрж суран аяга хусам, тарагхан аминчлан өгнө. Буурай залгаж буй эмэг эх нь ач хүүгээ хэрхэн зовж байгааг тэр бүр мэдэхийн арга байхгүй байлаа. Ээжийгээ асрах нэрээр хүү нь гэртээ оруулсан болохоор өвөөгийнх нь гэр нэг ёсондоо илүү гэр болон хувираад байв. Хүү гэртээ дандаа ганцаар хононо. Намрын зэвэргэн салхинд өрхний оосор дэлдсэн уйтгарт шөнүүдэд ганцаараа түгшин хонож буй хүү бяцхан оюунаа гашилтал даанч ихийг боддог байв. Хүү өвөөгөө дандаа бодно. Өвөө нь амьд байхад ямарч л байсан одоогийнхоосоо аз жаргалтай байсныг хүү сайн ухаарч байв...Тэгээд бас өвөө нь нас барахаасаа өмнө ач хүүгээ нутгийнхаа нэг ламд шавь оруулах гэсэн. Тэгтэл нөгөө лам нь танай хүүхдийг би шавиар авахгүй ээ гэж өвөөд нь шулуухан хэлсэн. Яагаад тэгж хэлснийг хүү ойлгож байсан. Мөнөөх л нигер гэсэн шалтгаан гэдгийг хүү хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан. Өвөө нь хүүг гарч бай гэж хэлсэн. Хүү өвөөгийнхөө үгийг даган ламынхаас гарсан хэрнээ аанай бас сүйхээчлэн тэр хоёрыг юу ярьж байгааг сонсож амжсан. Өвөө нь тэр ламд:
-"Бурхны ёсонд хүнийг хар, цагаанаар нь ялгадаггүй л юм даа. Тэгж ярих юм бол бидний дээд шүтээн Бурхан Шагжимуни маань цэгээн царайтай хүн байгаагүй гэдэг шүү..." хэмээн хэлж байсан. Лам цааш нь юу хэлснийг хүү нэг их ойшоож сонсоогүй. Хамгийн гол нь тэр өдөр хүүг туйлын ихээр баярлуулсан үг бол "Бурхны ёсонд хүнийг хар, цагаанаар нь ялгадаггүй" гэж хэлсэн өвөөгийнх нь үг байсан юм. Хүү тэр үгийг сонссоноосоо хойш:
-"Би бас Бурхан Шагжимуни шиг, Молом тойн шиг гэгээрч болох юм байна даа" хэмээн өөртөө итгэлтэйгээр боддог болсон юм.
Өвөөгөө нас барснаас хойш өнгөрүүлж байсан зовлонт өдрүүдийнхээ тэр нэгэн шөнө хүү өөрөө өөртөө туйлын мэргэн санаа олсон юм. Тэр нь юу вэ гэхлээр өвөөгийнхөө ярьснаар алс холын ууланд очиж нямба хийж суугаад гэгээрлийг олох гэсэн санаа юм. Хүү тийнхүү санаа олчихоод:
-"Өөрийгөө энэ тамын амьдралаас юуны урьд гэгээрлийг олон салгая, дараа нь өвөөгийнхөө байгаа газрыг очиж үзье. Хэрвээ өвөө маань амьддаа гэнэ алдан нүгэл хийчихсэн бол тамд оччихсон байгаа. Тэгвэл өвөөгөө Молом тойн шиг үүрээд бурхны оронд аваачна. Дараа нь ээжийнхээ хийсэн нүглийг цагаатгаж ачийг нь хариулъя" гэж ихэд баясан бодсон билээ. Тэгээд л тэр бодолдоо итгэсэн хүү нямба үйлдэж гэгээрлийг олохоор хамгийн дулаахан дээлээ емсөөд өвөөгийнхөө элэгдэж хуучирсан бүрх малгайг толгойдоо углан, хуучин тааран уутны ёроолд тав аравхан ээзгий, хуруудхан хийгээд бургас таяглан тулаад дүн шөнөөр алсын уулыг чиглэн зориглон алхсан юм. Энэ бол намтрынх нь төгсгөл байсан билээ. Яагаад гэвэл нямба үйлдэн гэгээрлийг олохоор явсан хүү ууланд очиж өөрийнхөө бодсоноор зуун найман хоног сууж чадаагүй юм. Алсын модот уулын хэц дээр өвөөгийнхөө заасан тарнийг үглэн үглэн уншин байж үүр шөнөөр хүү гараад эцэж туйлдахын эрхэнд ягтан суугаад хүүхэд цагийн бөх нойрондоо дийлдэн унтсан билээ. Харин зүүд нойрон дундаа хүү олзондоо улайрсан зэрлэг нохдын дууг ариун сүмд уянгалах дунгийн дуутай эндүүрч байсан ажгуу... Магад ч үгүй бишид хүний нэгэн насаар үл олох гэгээрлийг хүү аль хэдийн олчихоод Молом тойн мэтээр эхийнхээ нүглийг цагаатгах гэж зүдэрч яваа ч юм билүү дээ. Даанч тэр талаар махан бие цусан заяанд төрсөн хүний үрс яахан тааж мэдэх билээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )