Энэ хаврын Монголын улс төрийн “гол дүр” Санжийн Баяр ам нээлээ. Бүр уушгаа нээлээ. Сэтгэлээ онгойтол нэг сайхан ярих сан гэж мань эр үнэхээр бодож явж дээ гэж дүгнэхээр чөлөөтэй ярилаа. Экс ерөнхий сайд маань өөртэй нь холбоотой юунд ч буулт хийсэнгүй. Харин тэр энэ удаад нэлээд стандарт ярина билээ. Тэр ард түмэнд, төр засагт, жагсагчдад, Н.Энхбаярт үгээ дамжуулах телевизээр “ТВ5”-ыг сонгожээ. Zindaa.mn сайт “ТВ5” телевизийн сэтгүүлч Э.Дагиймаагийн ерөнхий сайд асан С.Баяртай хийсэн ярилцлагаас цаг үеийн халуун сэдвийг нь онцлон танд хүргэж байна.
Оюу толгойгоос Монгол улс 30 тэрбумын ашиг олно
-Та Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ. Жишээлбэл, Оюу толгой төслийн хэрэгжилт ямар байх шиг байна?
-За ерөнхийдөө бол чадахаараа л ажиллаж байна гэж би хувьдаа бодож байна. Би нарийн ширийнийг нь мэдэхгүй байна. Одоо Засгийн газарт хөндлөнгөөс оролцоод хүүе хаая гээд байх нь хаашаа юм. Тийм эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Өчигдөр УИХ дээр Оюу толгойн ерөнхий төсөл яаж хэрэгжиж байна вэ гэдэг талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна лээ. Би зүгээр л сонссон. Ерөнхийдөө хийгдэх ёстой ажлууд цаг хугацаандаа хийгдэж л байгаа юм байна. Оюу толгой төсөл дээр Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч бүх зардлаа дааж байгаа. Дөрөв, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм. Хуулийхаа дагуу Монголын тал 34 хувиа эзэмшиж байгаа. Нэг ч төгрөг гаргахгүй байгаа юм шүү дээ. Тэгээд нийт төслийн хугацаанд гучаад тэрбум ам.доллар олно гэж үзэж байгаа юм. Тэрний 3/1 нь бол 34 хувьд ноогдох ноогдол ашиг, 3/2 буюу 20–иод тэрбум ам.доллар нь компанийн үйл ажиллагаанаас орж ирэх татварын орлого. 30 тэрбум ам.доллар манай өнөөгийн хэмжээний улсын төсвөөр аваад үзэх юм бол 6 жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн Оюу толгой оруулж өгч байгаа юм. 34 хувийг нь эзэмшээд тэндээ нэг ч төгрөг гаргахгүй тэгээд нийт ашгийн бараг 60 хувийг авч байгаа юм. Нөгөө мөнгөө гаргасан компани чинь 40 хувийг авч байгаа юм. Ийм байдлаар хэрэгжүүлэхээр гэрээг байгуулсан юм. Гэтэл сайн муу боллоо, ард түмнээ цөлмөлөө, Оюу толгойг луйвардаад идсэн ч гэх шиг, эсвэл ерөөсөө Монгол улсаа хохироосон гээд л ярьдаг. Гэрээ гэдэг бол наймаа шүү дээ. Хоёр тал наймаалцаж байна шүү дээ. Монголын тал бид нар бол нэг ч төгрөг гаргах боломжгүй, та орж ирээд хийгээд өгөөч гээд гэрээ хэлэлцээр хийж байгаад нийт ашгийн 60 хувийг авахаар боллоо. Би үүнийг муу гэрээ гэж хэлж чадахгүй. Жирийн наймаан дээр бодоод үз л дээ. Би нэг ч мөнгө гаргахгүй байна шүү дээ. Тэгээд ашгийн 60 хувийг авахаар боллоо. Яагаад 60 хувийг нь авах гээд байгаа юм бэ гэхээр нөгөө л Үндсэн хуулийн заалтаар бол газрын доорх баялаг ард түмний өмч. Чиний хэрэгцээ манайд, чамд миний хэрэгцээ байгаа учраас чи ингэж ирж ажиллаад бүтээгдэхүүнээ гаргаад болвол өөрийнхөө хөрөнгийг нөхөөд ав, үлдэж байгаа ашгийн 40 хувийг ав. Тэрнийг манай тал зөвшөөрүүлж чадсан л байгаа байхгүй юу.
Цаашид Оюу толгой, Таван толгой шиг орд газруудыг илрүүлэх магадлал өндөр бий
-Одоо өөр бусад ордуудын асуудал яригдана шүү дээ. Оюу толгой, Таван толгой гэдэг бол сүүлийн арваад жил яриад байгаа болохоос биш, цаана нь манай улсад ямар баялаг байгаа талаар бидний мэдлэг маруухан шүү дээ. Бодоод үз дээ, нийт Монголынхоо газар нутгийн ердөө 10 хүрэхгүй хувийг л бид геологичдын судалгаагаар тийм, тийм юмтай гэж мэдэж авлаа. Тийм учраас Оюу толгой, Таван толгойн гэрээн дээр олны анхаарал хандаад байгаа юм. Хандах нь зүйтэй. Гол нь зөв жишиг тогтоох ёстой байхгүй юу. Цаашдаа Оюу толгой, Таван толгой шиг орд газруудыг илрүүлэх магадлал өндөр бий гэж үздэг. Олборлоод эхэллээ гэхэд ямар жишгээр яаж, яаж зохион байгуулах юм бэ гэдгийг Оюу толгойн гэрээ, Таван толгойн гэрээ жишиг болгон тогтоож өгч байгаа юм. Тийм учраас олны анхаарлын төвд байдаг нь ч зөв. Зөв буруу гэж хэлэлцээд байдаг нь ч зөв. Өнөөг хүртэл байгуулсан гэрээг ийм ийм зүйлээрээ буруу болчихож гэж нэг ч бичиг баримт гаргаж ирж тавиад мэтгэлцэж байгаа зүйлийг би лав сонсоогүй.
Нөгөө талаас Оюу толгойн гэрээнээс нэг тийм хумсалсан юм шиг авлига авсан юм шиг яриад байгаа юм. Тийм баримт байгаа бол телевизээр яриад байх юмуу, сонин хэвлэлээр нийтлээд байх хэрэг байхгүй шүү дээ. Бэлээхэн хууль хяналтын байгууллага байна. Цагдаа байна, шүүх байна. Прокурор, Авлигатай тэмцэх газар байна. Баяр гэдэг юмуу, гэрээг байгуулсан сайд гэдэг юмуу ингэсэн байна гээд заргалдах л ёстой байхгүй юу. Тийм юм өнөөг хүртэл гарахгүй байна.
Эрдэнэтийн гэрээ ч бас бүрэн дүүрэн Монголынхоо эрх ашигт нийцчихээгүй
-Оюу толгойн гэрээг заавал Засгийн газар нь орж ирээд хийх ёстой байсан уу гэдэг шүүмжлэл гардаг. Хариуцсан яам ч юмуу, мэргэжилтнүүд нь хийж болоогүй юм уу гэж?
-Хийх ёстой. Тэгж хийх ёстой. Яагаад гэвэл үүнийг нэг яамны мэдэлд үлдээж болохгүй асуудал. Энэ бол стратегийн орд газар. Стратегийн орд газар гэдэг бол хөгжил талаасаа үндэсний аюулгүй байдал талаасаа ерөөсөө цаашдаа Монголын эдийн засгийн дүр төрхийг тодорхойлох жин дарах талаасаа тэгж шийдэхээс өөр арга байхгүй. Ганц Засгийн газар ч бас шийдчихэж болохгүй. Ард түмний төлөөлөл болсон 76 гишүүн ерөнхий зарчим, шийдэх арга зам, хуулийн хүрээг нь тогтоож өгөөд тэр дотор Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь зөвөөс зөв. Ингэхээс ч өөр арга байхгүй. Тийм учраас нэг талаасаа харахад гадаадын нэг компани Монголын төртэй хэлэлцээр хийгээд байгаа юм шиг боловч гадаадын тэр компани бол олон улсын хэмжээний том корпорациуд байгаа байхгүй юу? Тэдний хэтэвчинд байгаа мөнгө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний нөөцөөс хэд дахин даваад явчихсан. Дэлхийн олон газар тийм зүйл хийж байгаа, биднээсээ илүү туршлагатай болчихсон улсууд шүү дээ. Бидэнд бол урьд өмнө нь ийм гэрээ хийж байсан жишээ гэвэл Эрдэнэт маань л байна. Гэхдээ Эрдэнэт байгуулагдаж байх үед Ардын их хурлаар хэлэлцэж ийм тийм юм болж байсангүй. Тэнд бол хоёр улсууд яг гол шийдвэрүүдийг нь гаргаж, тэрнийг нь бид дагахаас өөр аргагүйд хүрч байсан байх. Эрдэнэтийн гэрээ ч бас нэг тийм бүрэн дүүрэн Монголынхоо эрх ашигт нийцчихээгүй... Эцсийн үр өгөөж 90 оны ардчиллын дараа л гарч ирж эхэлсэн шүү дээ.
Оюу толгой, Таван толгой маань том учраас өнөөдөр хийгдээд маргааш үр дүн нь гарахгүй. Наад зах нь Оюу толгой гэхэд л оруулсан хөрөнгөө нөхөх нь 17 оноос наашгүй байгаа байхгүй юу. Бид нар хугацаа алдсан байгаа юм. Оюу толгойн гэрээг байгуулах гэж дор хаяж дөрвөөс таван жил алдсан л байдаг байхгүй юу. Яагаад алдсан юм бэ гэхээр улс төрчид хэрүүл хийгээд л хоёр тал болж талцаж суугаад л. Өнөөгийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хийгдсэн нэг том ажил бол яах аргагүй Оюу толгой. Хоёр том нам тэнд суучихаад хуваагаад идэж байв гэж дээ. Монгол улсыг өнөөдөр муу ч, сайн ч тодорхойлоод авч яваа хоёр нам Оюу толгойн гэрээн дээр наймаалцаад л сууж байх юм бол тохирохгүй. Хэрэв тийм зүйл болсон бол хэзээ нэгэн цагт сөхөгдөн хариуцлага хүлээж төрийн хуулиар шийтгүүлэх биз. Надаас авахуулаад тэр гэрээг байгуулалцсан сайд нартаа би бахархалтай байдаг. Энэ бол том эрсдэл. Анхны юм. Гэхдээ нүүр бардам байх ёстой. Би уул уурхайн мэргэжилтэн ч биш. Гэхдээ манайх Оюу толгойн гэрээг байгуулсан нь оносон гэж бодож байгаа юм. Ингээд үйл ажиллагаа цаашаа сайхан үргэлжлээд явна биз дээ. Ирээдүйг нь өөдрөгөөр харж байгаа.
Жагсагчид хэн нэгний гар хөл болоод байна уу даа
-Сүүлийн хэдэн жил монголчууд “Хаврын улирал бол жагсаалын улирал” гэж хардаг болж. Жагсаалгүй хавар ч гэж байхаа болих шив?
-Жагсахад буруу юм байхгүй шүү дээ. Ардчиллаар Монголын ард түмэнд олдсон эрх чөлөө шүү дээ. Жагсаж байж хүн өөрийнхөө үзэл бодлыг төр засагтаа хүргэнэ. Энэ бол ардчиллын нэг том ололт гэж би хувьдаа үздэг. Жагссан ч бай, үзэл бодлоо илэрхийлсэн ч бай хуулийн хүрээнд байх л ёстой. Ерөнхийдөө санаа зовж байгаа зүйл юу вэ гэхээр жагсагчдын дотроос төрийнхөө хууль тогтоомжийг үл хайхарсан, илт үл ойшоосон байдалтайгаар оролцож байгаад нь миний хувьд санаа зовоож байгаа юм. Хууль нь бэлээхэн байсаар байтал одоо байгаа тогтолцооноос гадуур зүйл оруулаад л, тэнд хүмүүс оруулж шүүгээд л, тэгээд буудаад цаазлаад л байна гээд яриад байна лээ. Байж болохгүй шүү дээ. Тийм учраас жагсахдаа хуулийнхаа хүрээнд байх ёстой. Жагсаахдаа хүртэл зөвшөөрөл авч байх ёстой. Нөгөө талаас жагссан олны дотор амьдралын үнэн байдлыг хэлж байгаа хүн цөөнгүй байна лээ. Би сайн хараагүй л дээ, гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гарч байгаа зүйлийг харж байхад үнэхээр л бидний дотор байгаад байгаа болохгүй бүтэхгүй ажилгүйдэл, ядуурал, эмх замбараагүй байдал, худлаа гэхийн аргагүй тийм л зүйлийг хэлж байна. Тэрэнд нь бол жагсагчдыг буруутгах ямар ч арга байхгүй. Нөгөө талаар жагсагчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхийн хажуугаар хэн нэгний гар хөл болоод байна уу даа гэсэн зүйл ажиглагдаад байдаг. Ер нь манайд бол ардчилалтай хамт орж ирсэн сайн ч юм байдаг, саар ч юм байдаг. Захиалгат нийтлэл нэвтрүүлгээс авахуулаад захиалгатай төлбөртэй жагсаал цуглаан гэж байна шүү дээ.
Хаашдаа онц байдал зарлах юм чинь харанхуй бүрэнхий болохоос өмнө тогтооё гэж хэлсэн
-7-р сарын 1–ний үйл явдалд гэм буруутай этгээд одоо хүртэл олдоогүй байна. Жагсаалын эхэнд явж байсан хүмүүс бол таныг буруутай гэж үзсэн?
-7-р сарын 1. Энэ сэдвээр яривал их урт удаан зүйл ярьж болно. Гэхдээ би энэ сэдвээр яриад байх дуртай байдаггүй юм аа. Яагаад гэвэл Монголын туухэнд гарсан эмгэнэлтэй хар өдрүүдийн нэг гэж би ойлгодог. Надад дурсахад хүртэл хувь хүний хувьд тийм таатай байдаггүй. Ерөөсөө хуулийн хүрээнээс гадуур алхсан үйл явдлууд явсаар байгаад 7-р сарын 1-нд хүргэсэн шүү дээ. 7-р сарын 1 гэдэг чинь зүв зүгээр гараад ирсэн хэрэг биш шүү дээ. Олон удаа ийм зүйл гарсаар, гарсаар олон хавар нэгэндээ гэдэг нь л болсон. МАХН руу анх удаа дайрч байгаа ч юм биш. Тухайн үед миний зүгээс буруу зөрүү хийсэн юм юу байна гэж би их боддог л доо. Зөндөө байдаг юм билээ. Жишээлбэл, тухайн үед манай намын гишүүд байсан ахмадуудаас би зэмлэл хүртэж л байсан.
Энэ залуучууд 2006 оны нэгдүгээр сард манай намын байр руу дайрч орж байр шатаагаагүй ч, тэнд байсан туг шатаасан. Дараа нь бид тэр залуустай нь уулздаг юм. Намынхаа удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ байж байгаад тэр залуустай уулзсан. Та нар одоо ямар шаардлага тавьж байгаа юм. Яаж байгаа юм. Энэ чинь хуулийн хүрээнээс гадуур зүйл боллоо, айл руу дайраад орж байна. Айлын эд өмчийг устгаж байна. Энэ чинь бол Монгол Улсын хуулинд харшилж байгаа зүйл шүү дээ. Гэхдээ та нөхдийг ямар нэгэн байдлаар шүүх цагдаад өгөөд хашраая, залхаан цээрлүүлье гэсэн тийм бодол алга. Эхнийх нь учраас өнгөрөөе. Дахиж ийм зүйл гаргахгүй байх гэж найдаж байна. Та нар ч бас тэгэхгүй гэдэг үгээ хэлбэл заавал гомдол санал, зарга болоод цагдаа шүүх гээд явах шаардлага алга гэж үзэж байна гэж хэлсэн. Би тэр үед намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас тэгээд шийдчихсэн юм. Тэр шийдвэрийг бол манайхны зарим нь зөв байна гэж хэлсэн. Зарим хүмүүс нь намайг шүүмжилсэн.
Тэгээд одоо бодоход шүүмжилсэн хүмүүсийн зөв байжээ гэж бодож байна. Тухайн цагт нь хэн хууль зөрчсөн юм. Тэр хуулийнх нь дагуу хариуцлага хүлээлгэдэг байж дээ гэсэн бодол надад төрдөг болсон. Гарцаагүй нэг юм нь юу вэ гэхээр бүх юм олны нүдэн дээр болоод өнгөрсөн. Хэдэн цагаас яаж эхэлсэн гээд л. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт ч олон телевиз шууд дамжуулсан. Хэн буруу хөдөлсөн юм бэ, хэн зөв хөдөлсөн юм бэ гэдгийг бол тогтоох л ёстой. Тийм учраас Улсын ерөнхий прокурорт хандаад 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал болоход улсын Ерөнхий сайд, улсын иргэн хүнийхээ хувьд, албан ёсны тайлбарыг Монголын төрд гаргаж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Энэ тухай тайлбарыг яаралтай гаргаж өгнө үү гэсэн. Шаардлагыг хүлээж авсан. Гэхдээ одоо болтол хариу бүрэн гараагүй л байна. Шалгаж барих зүйл байдаг л байлгүй. Эцэст нь 7 сарын 1-тэй холбоотойгоор нэгэн зүйл хэлэхэд цагдаа буруутай, цагдааг удирддаг Засгийн газар буруутай, Засгийн газрыг удирддаг Ерөнхий сайд буруутай гэсэн цорын ганц дүгнэлт өгөөд энэ асуудлыг хаая гэж байгаа бол энэ бол шударга үнэнд нийцэхгүй байх аа. Бий болсон нөхцөл байдалтай нүцгэн гараараа тулгарах л тийм байдалд учирсан. Тэгээд миний хувьд бол алдсан оносон зүйл юу байдаг билээ гэж одоог хүртэл бодоод л байдаг. Одоо бол онцгой байдлыг тогтоосноор энэ айхтар үймээн самуун цаашаа савнаасаа халиад бусад газар руу явчихаагүй ийм ач холбогдолтой зүйл боллоо гэж үздэг юм.
-Онц байдалтай холбоотойгоор МУ-ын Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд С.Баяр бараг л гарыг нь барьж байгаад гарын үсэг зуруулчихсан юм шиг ярьдаг шүү дээ. Энэ талаар?
-Яахав дээ, арай ч тийм зүйл яриагүй ээ. Шахсан дарамталсан гэж ярьсан байна лээ. Яагаад тэгж хэлснийг өөрөөс нь асуух нь зүйтэй байх. Хуулиа л барьж ажиллах ёстой, бүх юманд. Ерөнхий сайд асуудал оруулаад тэрнийг нь Ерөнхийлөгч судалж үзээд шийдвэрээ гаргадаг тийм дүрэм байхгүй. УИХ, УИХ-ын эзгүйд Ерөнхийлөгч тухайн цагийн байдлыг өөрөө үнэлээд хойшлуулшгүй нөхцөлд зарлиг гаргаад онц байдал тогтоох ёстой юм. Би бол Ерөнхий сайдын хувьд , Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө саналыг Ерөнхийлөгчид нэлээн эртнээс хэлсэн. 7-р сарын нэгэнд ялангуяа гал тавиад, тэр жагсагчид чинь нэг намын байрнаас гараад Төрийн ордон руу гүйгээд л, машин шатаагаад л. Тэр үед ерөнхийдөө байдал ер нь хяналтаас гарч магадгүй байна. Ердийн аргаар үүнийг зохицуулах зохион байгуулах бололцоо алдагдаж байх шиг байна. Би энэ намын байранд байгаа хүмүүсийг гаргаж дууссаны дараа гарах ёстой учраас би эндээ байхаас аргагүй нь ээ. Энэ дотор байгаа хүн байдлыг буруу дүгнэж магадгүй. Та ер нь энэ талаар бодож үзээч ээ гэж хэлсэн. Манай байранд их олон хүмүүс байсан юм. Сэтгүүлчид ч байсан. Олон байгууллага ажилладаг байсан. Үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд гээд 200, 300-гаад хүнийг гаргах хэрэгтэй байдаг. Тэдгээр хүмүүсийг гаргасаар байтал 8 цаг өнгөрсөн. Намайг гараад очтол 9 цаг болсон байсан. Тэр хоорондоо Ерөнхийлөгчтэй яриад л байдаг юм. Яваад очсон чинь Ерөнхийлөгч маань тэнд улс төрийн намуудтай зөвлөөд л сууж байсан. Би үнэндээ их бухимдсан л даа. Энэ чинь юун улс төрийн намуудын зөвлөгөөн бэ? Одоо зөвлөлддөг цаг мөн үү? Улс төрийн намууд чинь хийдгээ хийчихэж байгаа юм биш үү? Одоо улс төрийн намууд биш, Монголын төр ажилдаа орох ёстой юм биш үү гэтэл “Харин тийм ээ, Лүндээжанцан гишүүн хөдөө ажилтай, ирж амжаагүй байна. Гэхдээ ер нь ирэх дөхөж байгаа юм байна аюулгүйн зөвлөлийнхөө хурлыг хийе” гэж хэлсэн. Тэр үед миний хэлээд яриад байсныг шахалт дарамт гэж ойлгож ярьж байгаа юм байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хэлээд яриад байсан зүйл бол харанхуй бүрэнхий болохоос өмнө хаашдаа онц байдал зарлах юм чинь шаардлагатай гэж үзээд тэр ердийн аргаар зохицуулах боломжгүй гэж үзээд тэгээд онц байдал тогтооё гэж үзэх юм бол эртхэн л тэрнийг дарсан нь дээр гэж хэлсэн.
Би хоёр парламентыг дэмжиж байгаа
-Парламентын дээд доод танхимын тухай асуудал сүүлийн үед хөндөгдөж байна. Үүн дээр залуу гишүүд эсрэг хандаж байна. Ахмад гишүүд суудлаа тавьж өгөхгүй заавал дээд доод танхимыг байгуулж аль нэг нэгэнд нь үлдэх гээд байна гэсэн хардлагын өнгө аяс цухалзах боллоо. Харин нөгөө хэсэг нь цөөн хүн амтай байж заавал хоёр танхимтай байх ямар хэрэг байгаа юм. Одоо энэ 76-гаа яая гэж байхад ч гэж ярих юм?
-Асуудалд хувийн өнцгөөс хандах нь зөв хэрэг биш л дээ. Хууччуул жишээлбэл, зайгаа авч үлдэх гэж байна. Мэдээж ингэж харж болох л доо. Асуудлыг тэгж харж байгаа бол асуудлыг үндсээр нь шийдэх бэлтгэл хангагдаагүй байна гэж би хувьдаа дүгнэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол их нарийн асуудал. Би 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах, ялангуяа энэ төрийн байгуулалттай хэсгийг нь хамруулж тэр Үндсэн хуулийн яг энэ хэсгийг ахлаж ажиллаж байсан хүн. 1992 онд үндсэн хуулиа батлалцсан хүний нэг. Үндсэн хуулинд маань үнэхээр цаг хугацааны шалгуураар харахад олон сайхан заалт байдаг. Ер нь бол энийгээ сайжруулах хэрэгтэй юм байна гэж бодмоор заалтууд ч бас байдаг. Түүний дотор энэ сонгуулийн тогтолцооны асуудал. Яагаад гэвэл одоогийн үндсэн хуулинд бол УИХ-ын гишүүнийг сонгоно гээд заасан. Тэр бол мажоритар байна гээд хуульчлаад заачихсан юм шиг ойлгогддог. Гэхдээ бас яг тэгж байна гэж ойлгохгүй байвал ойлгохгүй байна л даа. Гишүүнийг сонгоно гэдэг бол үндсэндээ можоритар тогтолцоо. Тэгэхээр үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж сонгуулиа явуулахаас аргагүй. Нэг ийм дүгнэлт өөрийн эрхгүй гараад ирж байгаа биз. Хоёрт, ерөөсөө хууль тогтоох байгууллага маань өнөөдөр хэр хэмжээнд ажиллаж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж байна уу гэдэг нөгөө талаас нь асуулт тавина. Ялангуяа энэ том, том төслүүдийг шийдэж байхад ардчилсан нийгэмд олон таамаг олон сэжиг хардлага гарна. Засгийг цаанадаж юм хум хуваагаад цохичихсон юм болов уу гэж харддаг. 76 гишүүнийг харддаг. Нөгөө талаас ерөнхийдөө ардчиллын байр суурийг өргөтгөе гэж байгаа бол орон нутгийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад оролцох тухай юм. Тэгэхээр би хувьдаа хоёр парламентын тогтолцоог дэмжиж байгаа. Тэр дээд парламентад чинь яг суманд амьдарч байгаа тийм хүмүүс ажиллана. Ер нь амьдралаас тасархай шийдвэр гаргалаа гээд л шүүмжилдэг байсан. Тэр хүмүүс чинь жинхэнэ амьдрал дундаас бидэнд мэдээлэл өгнө. Та нар санаж байгаа. АИХ-д хичнээн төлөөлөгч суудаг байлаа. Тэд ямар их хэрэгтэй зүйл ярьж, хууль батлахад оролцож байлаа.
Тэмдэглэсэн: Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
сайн байна