Д.Содном: Монголын тусын тулд гэсэн ойлголт гадныханд байхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Одоогоос гурван жилийн өмнө БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содномтой уулзаж Монгол Улсын газрын тосны салбарын түүх, уул уурхай, эдийн засгийн талаар ярилцаж байснаа нийтэлж байна. Тэрбээр 1963 оноос Сангийн яамны сайд, 1972 оноос Улсын Төлөвлөгөөний комиссын дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байв. Хэдийгээр гурван жил өнгөрсөн ч түүний ярьсан бүхэн өнөөдөр ч үнэ цэнтэй байна гэдгийг ярилцлагаас уншаарай.


-Монголд газрын тос байх боломжтой гэх таамгийг 1930-аад онд АНУ-ын геологичид хийсэн гэдэг. Тэгэхээр манай баялгийг оросуудаас гадна барууныхан сонирхсон байх нь. Социализмын үед газрын тосны салбар ямар зарчмаар хөгжиж байсан бэ?

-1990 он гарсаар дотоодын нөөцөөр хэрэгцээгээ хангах боломж байгаа эсэхийг тодруулахаар хайгуул хийх, болж өгвөл гаднаас түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүн авалгүйгээр өөрсдөө асуудлыг шийдэхээр зорьж Газрын тосны газрыг шинээр зохион байгуулсан. Үүнээс өмнө манай улс газрын тосны хангалттай нөөцгүй гэх ойлголттой, ЗХУ, бусад социалист орнуудад энэ салбарт хамтрах санал тавихад хүлээж авдаггүй байв. Тэгэхэд Оросын нутагт нефтийн асар их нөөцийг илрүүлсэн байлаа. Тиймээс БНМАУ-ын хэрэгцээг тэндээс бүрэн хангах боломжтой, энэ тал дээр асуудал огт байхгүй гэдэг байсан юм.

Ер нь Монгол орон нефтьтэй байх хэрэггүй, хайгуул, олборлолт хийх шаардлагагүй гэж үзсэн учраас ийм хандлага үзүүлээгүй. Хоёр орны харилцаа маш дотно байсан учраас Оросын нутгаас илэрсэн нөөцийг манайх ашиглах хэрэгтэй гэх үзэл ноёрхож байсан хэрэг. Манай хэрэгцээ ч бага байсан даа. Одоогийн байдлаар манай улс жилд нэг сая гаруй тонн бензин, дизель түлш хэрэглэж байгаа бол тухайн үед 600 мянга орчим тонн л байсан байх. Тэгэхээр энэ хэмжээний хэрэглээг Оросоос авахад асуудалгүй байж. Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоох ч юм уу, зах зээлийн нийгмийн элдэв асуудал байгаагүй юм.

Гэтэл одоогийн нөхцөл маш өөр болсон. Нэгдүгээрт, хэрэглээ их болж. Зах зээлийн эдийн засгийн харилцааны зарчмаар харилцан ашигтай гэрээ, хэлэлцээр хийж байна. Тиймээс бид хүссэн, хүсээгүй дотоодын нөөцийг ашиглан өөрсдийн хэрэгцээг хангахаас өөр аргагүй болж байна.

-1990-ээд онд “Монголын газрын тос” пүүсийг байгуулахад та тус байгууллагыг удирдаж байсан. Тэндээс өнөөгийн газрын тосны салбарын эхлэл тавигдсан гэж үздэг. Тэр үед энэ салбарын байдал хэр байсан бэ?

-Манайд газрын тосны нөөцүүд илэрч байгаа хэдий ч дотоодын хэрэгцээг 100 хувь хангах нөөцтэй болж чадаагүй л байна. Одоогийн байдлаар жилд 300 мянган тонн түүхий нефть олборлож байгаа. Голлох нөөц Дорнод аймагт байх шиг байна. Зүүнбаянд бага зэрэг бий. Бидний одоогийн байдлаас тооцоо хийхэд жилд хоёр сая тонноос багагүй нефть олборлох хэрэгтэй. Үүнийг боловсруулснаар манай улсын хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн гарах юм. Ер нь үүний төлөө ажиллах ёстой. Саяхан газрын тосны салбарынхан оролцсон онол, практикийн бага хурал болсон. Тэр үеэр манайхан хэлэхдээ, Монголын газрын тосны экспортын 2.5 хувь нь Орост ногдож байгаа бол импортын 70 гаруй хувийг оросууд нийлүүлдэг. Гэхдээ манайх түүхий нефть экспортлодог хэрнээ, түлш, шатахуун зэрэг нефтийн бүтээгдэхүүн гаднаас авдаг байх нь. Энэ нь биднийг гадныхнаас хараат гэдгийг тодорхойлж байгаа юм. Тиймээс үүнийг залруулахын тулд газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ ажилд үндэсний компаниудаа дэмжиж оролцуулах нь хамгийн зөв арга. Одоо бол гадаадын компаниуд ажлын ихэнхийг хийж байна. Ялангуяа, газрын тос олборлож байгаа компаниудын олонх нь Хятадынх. Тэр ч бүү хэл манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани нь Хятадынх. Уг нь тэр газрыг анхнаасаа хятадуудад өгөөгүй юм. 1991-1992 онд АНУ-ын хөрөнгө оруулалттай компани тэнд ажиллах зөвшөөрөл авсан ч хэдхэн жил болоод хятадуудад худалдсан юм билээ.

Гэхдээ эцсийн дүндээ хятад эсвэл америк хүн байх нь хамаагүй. Газрын тос олборлох эрх гадаад компанийн мэдэлд байх нь зохимжгүй хэрэг. Хэдийгээр тэд гэрээ байгуулж байгаа ч, аль болох ихийг гадагш авч явах сонирхолтой байгаа.

-Үндэсний компаниудыг дэмжих шаардлагатай гэдэг ч манайханд хангалттай хөрөнгө байхгүй учраас гадныхантай хамтрах нь зайлшгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр үүнд ямар бодлого хэрэгтэй вэ?

-Харин ч Монголдоо газрын тосны хайгуул хийж, олборлон, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах санал тавьж байгаа үндэсний компани олон бий. Үүнийг Засгийн газраас зориуд дэмжих ёстой. Ингэж чадвал Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ч олборлосон газрын тос Монголд үлдэнэ. Энэ маш чухал асуудал шүү.

Хуульд зааснаар маш олон хураамж бий. Тухайлбал, орон нутгийг дэмжих, мэргэжилтэн бэлтгэсний гэх мэт. Эдгээрийг болих хэрэгтэй. Түүний оронд олборлосон тосыг хэрхэн хуваарилах, хэдэн хувийг компани, хэдэн хувийг төр авах зэргийг зөв тогтоох шаардлагатай. Газрын тос бол зүгээр яриад орхих сэдэв биш, Үндэсний аюулгүй байдал, хараат бус байдлын суурь болохуйц асуудал.

-Газрын тос олборлож, боловсруулахаас гадна бусад түүхий эдээс шингэрүүлсэн түлш, хий гарган авах боломжтой болсон. Гэхдээ өртөг зардал өндөртэй гэх юм. Монголд эдгээрийг бүгдийг нь байгуулах хэрэгтэй юү?

-Яг энэ асуудалд Засгийн газраас баримтлах бодлого хэрэгтэй байгаа юм. Одоогоор манайх жилд хоёр сая тонн түүхий газрын тостой байхад болно гэж байгаа ч нефтийн бүтээгдэхүүнийг бусад түүхий эдээс гаргах технологи олон болж. Нүүрс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээс шингэрүүлсэн түлш, шатдаг хий, био түлш гарган авахаар төсөл хөтөлбөрүүд боловсруулаад, зарим нь хэдийнэ ажлаа эхэлсэн байна. Ер нь залуус маань маш их ажил санаачлах болсон нь ажиглагдах болсон. Эдгээрийг зориуд дэмжиж, байгуулах боломжтой үйлдвэрүүдийг босгох хэрэгтэй. Хамгийн гол нь дэмжлэгээ хэрхэн үзүүлэх вэ гэдгийг тодорхойлмоор байгаа юм.

-Гэхдээ өнгөрсөн зун үндэсний компаниуд боловсруулах үйлдвэр байгуулах эрх авахаар багагүй маргаан гарч, салбарын сайдын хэлснээр, болгоомжтой хандахгүй бол монополь үүсч болзошгүй гэж байсан. Газрын тос боловсруулах нь болгоомжлол үүсгэхээр асуудал мөн үү?

-Ер нь төр энэ асуудалд тэгтлээ гүн оролцох хэрэггүй. Дарханд боловсруулах үйлдвэр байгуулахаар болж, оролцох компаниуд тодорсон. Оролцогчдыг харахад бүгд импортлогч байна билээ. Тиймээс тэдний хамтарч буй нь маш зөв алхам.

Боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд гаднаас түүхий нефть авна гэж байхгүй. Харин үндэсний компаниудын олборлосон тосыг боловсруулах юм бол үр өгөөж нь их. Гэхдээ боловсруулсан бүтээгдэхүүнээ дотооддоо хэрхэн боловсруулах вэ гэх асуулт гарч ирнэ. Энэ тохиолдолд нефть импортлогчид үүнд оролцох бөгөөд шатахуун түгээх станцууд, зах зээл тэдний гарт байна. Хамгийн гол нь байршил харгалзхгүй нэг ханшаар бүтээгдэхүүнээ борлуулах ёстой. Түүнээс биш нийслэлээс холдох тусам шатахуун, түлшний үнэ өндөр болдог. Энэ байдлыг л халах үүргийг тэдэнд өгөх хэрэгтэй юм. Ер нь шатахууны үнээс болж нийслэлээс хол үйлдвэр байгуулах, ажлын байр бий болгох асуудал бүдгэрдэг. Энэ нь нөгөө яриад байдаг төвлөрлийн нэг шалтгаан.

Төрийн оролцооны хувьд дэмжлэг үзүүлэх шаардлагатайгаас бус боловсруулах үйлдвэрийн дотоод асуудалд оролцох хэрэггүй. Мөн заавал ч үгүй том үйлдвэр байгуулах албагүй, бүсийн хэрэгцээг хангахуйц жижиг үйлдвэр олноор байгуулах ёстой. Энэ хэрээр хайгуул, олборлолт ч нэмэгдэнэ.

-Та Тавантолгойд Монгол компани ажиллах ёстой гэх байр суурийг хатуу баримталж байгаа. Гэхдээ дэлхийд дээгүүрт орох том ордыг ашиглахад гадны туслалцаа байхаас өөр аргагүй биш үү?

-Нүүрс олборлож, баяжуулах, цаашлаад боловсруулах тал дээр манайх харьцангуй туршлагатай. Газрын тосны салбар шиг тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлэх ёстой, шинэ зүйл биш. Тэр утгаараа нүүрсний салбарт, ялангуяа Тавантолгойн ашиглалтад манайхан давуу эрхтэй ажиллах нь зөв. Гадныхантай хамтрах нь зүйтэй ч оролцох хувь хэмжээ, байр суурь манай талд байх шаардлагатай. Тэгээд ч үндэсний компаниудын дотор хөрөнгө чинээ ихтэй, туршлагатай, хийх бүтээх эрмэлзэлтэй нь олон бий.

Ер нь Тавантолгойг стратегийн гэж нэрлэж байгаа учраас үүнд бидний оролцоо, үүрэг их байх тусмаа сайн үр дүнтэй. Гадныхны хувьд, тэдний эцсийн зорилго ахиухан хэмжээний коксжих нүүрсийг боловсруулалгүй авч гарах. Түүнээс биш Монгол Улсын тусын тулд гэсэн ойлголт байхгүй.

-Уул уурхай манай улсын эдийн засгийн гол эх үүсвэр боллоо. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Дан ганц үүнийг түшиглэх нь зөв болов уу?

-Энэ салбар эдийн засгийн өнгийг тодорхойлж буй нь нэлээд удаан үргэлжилнэ. Гэхдээ энэ бол шавхагдашгүй эх ундарга биш. Нөгөөтэйгүүр олон улс дахь түүхий эдийн ханшаас хамааралтай болно гэсэн үг. Яах вэ, түүхий эдээ тэр хэвээр нь экспортлолгүй боловсруулбал олох ашиг нь ихэснэ. Гэхдээ манайд эдийн засгийг хөгжүүлэх өөр гарц бий. Энэ нь ХАА, тэр дундаа МАА. Уул уурхайн салбар явцгүй болох үе хэзээ нэгэн цагт тохиох нь тодорхой. Маш урт хугацааны дараа байх л даа. Тэр үед ХАА-г хөгжүүлэхээс өөр аргагүй болно.

Хүн төрөлхтөн хоол, хүнстэй байхын тулд элдэв арга санаачлах байх. Үүний цаана МАА л байна. Сүүлийн үеийн залуусын санаачилга олон зүйлд илэрч байгаа. Хүмүүс ХАА-д хөрөнгө оруулах нь ихэсч байна. Нэг талаар энэ нь их буянтай ажил. Энэ ажлыг төрөөс дэмжих нь зүйтэй. Гэхдээ яаж дэмжих вэ гэдэг нь чухал.

Нэн түрүүнд, бүх аймаг, цаашлаад бүх суманд мал нядлах, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулмаар байгаа юм. Үйлдвэр гэхээр заавал нүсэр бүтэцтэй, том байх албагүй. Жижигхэн хэрнээ хүчин чадал сайтай байхад болно. Одоогийн байдлаар малчид малаа туух хэцүү, ачиж чадахгүйн улмаас хямд үнээр өгч, эсвэл хөдөө нядласан малын махыг ачааны машинаар тээвэрлэж нийслэлд авчирч байна. Энэ тохиолдолд эдийн засгийн ашиг, эрүүл ахуй, цаашлаад ХАА-н хөгжил энэ тэрийг ярих хэрэггүй. Экспортыг бол дурсаад ч хэрэггүй болж байгаа юм. Манайх шиг мах ихээр үйлдвэрлэх чадалтай орон уг нь байхгүй. Тэгсэн хэрнээ экспортлож чадахгүй байгаа нь нэгдсэн бодлогогүйн жишээ.

Буудай сайн ургалаа л гэх юм. Гэтэл хадгалах газраа олохгүй байх шиг байна. Өнөө жил цаг агаар сайхан байлаа. Түүнээс биш бид эрдэм чадалтайдаа буудайг хангалттай ургуулаагүй. Жил бүр ийм байна гэж үгүй. Төсөв санхүү улам бүр бололцоотой болж байна. Тиймээс мөнгөө нөөцлөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг заавал мөнгөн тэмдэгтээр нөөцлөх албагүй. Тухайлбал, буудайн сантай болох боломжтой. Энэ их найдвартай арга. Олон улсад буудайн ханш уналаа ч ашигт малтмалынх шиг тэгтлээ доройтохгүй.

-Төсөв тэлэх хэрээр орлого ихсэж байгаа. Харин үүнийг шууд хуваарилж байгаад ямар бодолтой байгаа вэ?

-Анх мөнгө тарааж эхлэхэд энэ нь буруу алхам гэж хэлсэн хүнийг ард түмний эсрэг үзэлтэй гэх нь холгүй буруутгаж байсан. Харин одоо буруу гэдэг нь ойлгомжтой болж байна. ОУВС, Дэлхийн банкныхан энэ талаар хэлдэг байсан ч манайхан үгүйсгэдэг байлаа. Зарим үед тэднийг ад үзэж ч байх шиг.

Тэтгэмж, халамж байх ёстой. Гагцхүү ингэж хавтгайруулах нь зохимжгүй. Эдийн засгийн үүднээс аваад үзсэн ч буруу бодлого. Одоо бол нэгэнт амласан учраас өгөхөөс өөр аргагүй байгаа. Сонгууль өнгөрөхөөр өгөхөө болино гэсэн.

Халамжийг олгохдоо учир зүйтэй, зөв чиглүүлмээр байна. Гэтэл манайхны дунд ажлын чадвартай хэрнээ ажил, цалин голдог, залхуу нөхөд байна. Аргагүй, ядуу хүмүүсийг дэмжилгүй яах вэ. Ядуу гэх ойлголтыг зөвөөр тусгах хэрэгтэй. Тухайн гэр бүлд ажлын чадвартай, хөдөлмөрийн насны хүн байхгүй, орлогогүй бол тэтгэмж өгөх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настан, хүүхэд, тахир дутуу иргэд. Гэхдээ үүнийг амлалт биш тэтгэлэг гэдгийг ойлгуулах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.60.11) 2025 оны 03 сарын 13

Buh zuiliig zubluud heleed ugsun bh um ,iim hun unuudr erunhii saidiin hamgiin tom zubluh ni baimaar um,getel yarahshgui noed ynhaigui albatyydaa gej ,baahan ashigui ,heregui,hoolnii sabnyyd dergedee tsyglyylsan haashaa ch yanziin erunhii said bdag um be

1  |  0
Top