Трамп: Ираны эсрэг ажиллагаа удахгүй дуусна

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Ираны эсрэг явуулж байгаа АНУ-Израилын цэргийн ажиллагаа удахгүй дуусна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ.

Тэрбээр ажиллагаа дуусах товыг тогтоохоос татгалзсан ч ирэх долоо хоногт үргэлжилнэ гэж тодруулсан байна.

Ингэхдээ АНУ шаардлагатай гэж үзвэл Ираны эсрэг дахин хүч хэрэглэхэд бэлэн хэмээн Трамп сүрдүүлжээ. Трампын үзэж буйгаар, Тегеран Ойрх Дорнодыг бүхэлд нь эзлэх төлөвлөгөө боловсруулж байсан аж. Тегеран Израилыг устгах оролдлого хийхээр зэхэж байсан. Тиймээс АНУ үүнийг зогсоосон гэж Трамп онцолжээ.

Эрх баригч Бүгд найрамдах намаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр Трамп үг хэлэхдээ, Иран АНУ-руу халдахад бэлэн байсныг мөн дурдаж байв. Тиймээс Вашингтон урьтаж цэргийн хүч хэрэглэсэн гэжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөхүүд олон нийтийн дэмжлэгийг алдахгүйн тулд Ираны эсрэг дайнаас гарах гарцыг эрэлхийлэхийг зөвлөж байгаа тухай The Wall Street Journal сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, Цагаан ордны тэргүүн Иран бууж өгөхөөс татгалзаж байгаад ихээхэн гайхаж байгаа аж. Трампын хүрээлэл зэвсэгт мөргөлдөөнөөс гарах төлөвлөгөө боловсруулж, үүнийгээ АНУ-ын зэвсэгт хүчний ялалт болгон танилцуулах шаардлагатай гэж үзэж байна.

Ираны эсрэг ажиллагааг олон нийт дэмжихгүй байгаагийн дээр мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжилбэл олон нийтийн дэмжлэг улам унана гэж тус сонин онцолжээ. “Байгалийн хий, газрын тосны үнэ өсөхөд бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж байна. Энэ нь ноцтой асуудалд хүргэнэ” гэж Трампын орон тооны бус эдийн засгийн зөвлөх Стивен Мур онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top