Газрын тосны үнэ ямар үед 100 ам.долларын босгыг давж байсан бэ?

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 10

2026 оны гуравдугаар сарын 9-нд Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 119 ам.долларт хүрч, 2022 оны наймдугаар сараас хойш анх удаа 100 ам.долларын босгыг давлаа.

Brent маркийн газрын тосны үнэ ямар үед 100 ам.долларын босгыг давж байсан бэ?

2008 он – эдийн засгийн хямралын өмнөх огцом өсөлт

Brent маркийн газрын тосны үнэ 2008 оны хоёрдугаар сард түүхэнд анх удаа 100 ам.долларын босгыг давж байжээ. Энэ нь цуврал үйл явцын үр дүн байлаа. 2000-аад оны эхээр хямд газрын тосны эрин төгссөн. Персийн булангийн орнуудын хялбархан олборлогддог түүхий эдийн нөөц шавхагдаж эхэлсэн ба Хятад, Энэтхэг зэрэг хурдацтай өсөж буй орнуудын хэрэглээ мөн огцом нэмэгджээ. 2008 оны сүүл гэхэд хэд хэдэн хүчин зүйлс нэрмээс болжээ. Энэ нь АНУ, Европт тухайн онд ер бусын хүйтэн өвөл болно гэсэн урьдчилсан таамаг, 2006 оны Ливаны дайнаас үүдэлтэй Араб-Израилын зөрчил хурцадсан, Газын зурваст төрийн эрхэнд Хамас хөдөлгөөн гарч ирсэн зэрэг хүчин зүйлс юм. Үүний зэрэгцээ айсуй хямралын шинж тэмдгийн улмаас биржүүд “халуурч” эхлээд байв. Трейдерүүд тухайн үед ихээхэн ашигтай байсан ипотекийн бондоос татгалзаж, эрчим хүчний эх үүсвэрт идэвхтэй хөрөнгө оруулж эхэлжээ. Үүний дүнд Brent маркийн газрын тосны үнэ тухайн оны дөрөвдүгээр сард нэг баррель нь түүхэн дээд буюу 143.95 ам.долларт хүрч байлаа. Харин дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын эхлэл хар алтны үнийг 33.73 ам.доллар /2008.12.26/ болж унахад хүргэсэн билээ.

2011-2014 он - Ливи, Сири, Украин

2011 оны хоёрдугаар сарын 1-нд Brent маркийн газрын тосны үнэ 100 ам.долларын босгыг давж, дөрөвдүгээр сард 125 ам.долларт хүрч байв. Шалтгаан нь Ливи дэх улс төрийн хямрал иргэний дайн болж өргөжсөн явдал. Ливийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсны улмаас дэлхийн газрын тосны зах зээл дээрх үнийн өсөлтийг тухайн үед Олон улсын эрчим хүчний агентлаг болон АНУ-ын стратегийн нөөцийн нийлүүлэлтээр хазаарласан байна.

2012 оны хоёрдугаар сар хүртэл Brent газрын тосны үнэ 105-115 ам.долларын хооронд хэлбэлзэж байжээ. 2012 оны гуравдугаар сарын 13-нд оргил цэгтээ хүрсэн үнэ Грекийн хямралын улмаас гүнзгийрсэн Европын бүсийн эдийн засгийн хүндрэлээс үүдэн унаж эхэлжээ. Мөн оны зургаадугаар сарын 1-нд Brent газрын тосны үнэ 10 ам.доллароос буусан ч нэг сар хагасын дараа эргэн 100-115 ам.долларт хүрчээ. Энэ нь Сири дэх зэвсэгт мөргөлдөөн хурцдаж, Калифорни дахь газрын тос боловсруулах томоохон үйлдвэр гал гарсан зэрэг хэдэн хэдэн хүчин зүйлстэй холбоотой байв.

2013 онд Brent газрын тосны үнэ богино хугацаанд 100 ам.доллароос доош буусан ч 2014 оны нэгдүгээр хагаст Украин дахь төрийн эргэлтээс үүдэн үүссэн трейдерүүдийн болгоомжлолтой холбоотойгоор 100 ам.долларын босгыг дахин давсан байна.

2014 оны зун АНУ, Хятад зэрэг томоохон хэрэглэгч орнуудад түлшний эрэлт буурч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ олборлолтоо нэмэгдүүлсний сацуу Саудын Араб экспортын хэмжээгээ өндөр хэвээр барьсан нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэхэд хүргэсэн байна. Улмаар газрын тосны үнэ 100 ам.доллароос доош буужээ.

2022 он – Украины дайн

Украиныг тойрсон хурцадмал байдал болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавих эрсдэл 2014 оны есдүгээр сараас эхлэн газрын тосны үнэ 100 ам.долларын хязгаарыг дахин давсан ч хожим нь буурсан байна. Хар алтны үнэ 2022 оны хоёрдугаар сард дахин тус босгыг давсан нь ОХУ Украин руу халдсантай холбоотой. Үүгээр үнийн өсөлт төгсөөгүй. Мөн оны гуравдугаар сарын 7-нд нэг баррель газрын тосны үнэ 130 ам.долларыг давсан байна. Мөн сарын хоёрдугаар хагаст ОХУ-ын цэргийн ажиллагаа дэлхийн газрын тосны хямралд хүргэхгүй нь ойлгомжтой болж, өрнөдийн орнууд Оросын эрчим хүчний эх үүсвэрийн импортыг даруй зогсоох төлөвлөгөөгүй байгаа нь тодорхой болсны дараа газрын тосны үнэ 105-115 ам.доллар болж, буурч байжээ. 2022 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ 100 ам.доллароос доож буусан тохиолдол ч бүртгэгдэж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top