Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цаг агаар хүйтэрч, нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхи секундэд зарим газраа 27-30 метр хүрч ширүүссэн. Шуурганы үеэр орон нутагт, тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Увс аймгуудад цахилгаан, эрчим хүч тасалдаж, цахилгаан дамжуулах шон нурсан, гэр, хашаа, байшин эвдэрч сүйдэн, гурван хүний амь нас эрсдэж /2 том хүн, 1 хүүхэд/ ихээхэн хохирол учирсан юм.
Харин нийслэлийн хэмжээнд байдал ямар байсан талаар НОБГ-ын хэвлэлийн төлөөлөгч, шадар дэслэгч С.Мөнхнарангаас тодрууллаа.
-Дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын хичнээн дуудлагатай байв?
- Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс нутгийн баруун хэсгээс эхлэн хур тунадас орж, салхины хурд зарим газраа 24-28 метр секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байсан. Иймээс ОБЕГ, НОБГ-аас аймаг, нийслэлийн малчид, ард иргэдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулсан.
Орон нутгийн хэмжээнд уг шуурганы улмаас нэлээд хохирол учирч, байгалийн аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг аймаг, орон нутгийнхаа хэмжээнд даван туулахаар ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.
Нийслэлийн хэмжээнд цасан болон шороон шуурганы үеэр амь насаа алдсан, осгож, төөрсөн тохиолдол гараагүй, харьцангуй гайгүй өнгөрсөн. Харин цасанд автомашин суусан дуудлагууд ирлээ.
- Шуурганы үеэр ямар чиглэлд, хичнээн машин цасанд суусан бэ?
-Баасан гаригт нийслэлийн хэмжээнд цас орж, улмаар шуурсан. Энэ үеэр гурван чиглэлд явж байсан автомашинуудыг цаснаас татаж гаргах ажиллагаа явууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баян-Уул амралтын газрын хажууд, Сонгионхайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан орох замд, мөн Багахангай дүүрэгт “Багахангай” өртөөний баруун талд том оврын болон суудлын автомашин, автобус зэрэг нийт 12 машин цасанд суусныг Аврах салбар, Аврах, гал унтраах 11, 80 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид татан гаргасан.
Тухайн үед дээрх тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 18 хүүхэд, 67 том хүн, нийт 85 хүнийг аюулгүй газар гаргав.
-Уг нь цаг агаарын аюулт үзэгдэл болохоос өмнө мэргэжлийн байгууллагуудаас ард, иргэдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлгийг явуулдаг. Гэвч иргэд асуудалд хэнэггүй хандах юм. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Цаг агаарын аюулт үзэгдлээс олон нийтийг сэрэмжлүүлэх, болзошгүй аюулд өртүүлэхгүйн тулд онцгой байдлын алба, цаг уурынхан, мэргэжлийн байгууллагууд хариуцсан чиглэлийнхээ хүрээнд анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэдэг. Гэвч хэлж, анхааруулсаар байтал цас, шуургатай үед холын замд бэлтгэлгүй явах, тухайлбал дулаан хувцас, хоол хүнсээ базааж гараагүй, хүрз, жоотуу зэрэг наад захын гарын доорхи багаж хэрэгсэлгүй явах, мөн бага насны хүүхдэд тавих анхаарлаа сулруулах, тэнгэр муудахыг мэдсээр байж замд гарснаас шуурганд төөрөх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарч байна.
Иймээс иргэд маань цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож, зайлшгүй аян замд явах тохиолдолд хувийн болон техник хэрэгслийнхээ бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, явах чиглэлийнхээ зам, даваа, үүсч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан мэдэж, хувь хүнийхээ үүднээс асуудалд хариуцлагатай хандан аливаа гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )