Монгол улсад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болох чухал ач холбогдолтой билээ. Ийм учраас Голомт банкболон Голомт СекюритизХХК-аас санаачилж, Нью-Йоркын Үнэт Цаасны Шинжээчдийн Нийгэмлэг (NYSSA), олон улсын хуулийн фирм болох Shearman & SterlingLLP–тэй хамтран Монголд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “INVEST IN MONGOLIA” чуулга уулзалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо амжилттай зохион байгууллаа.
Нью-Йоркын Үнэт Цаасны Шинжээчдийн Нийгэмлэг (NYSSA) нь олон улсын санхүүгийн шинжээчдийн нийт 135 нийгэмлэгээс хамгийн томд тооцогддог, тэргүүлэгч нийгэмлэг бөгөөд 8,000 гаруй санхүүгийн мэргэшсэн шинжээч (CFA), олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн гишүүдтэй байгууллага юм.
“INVEST IN MONGOLIA” чуулга уулзалтад Нью-Йоркын Үнэт Цаасны Шинжээчдийн Нийгэмлэг (NYSSA)-ийн гишүүд болон хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн корпорациудын төлөөлөгчид оролцон Монгол дахь хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, уул уурхай, дэд бүтэц, үл хөдлөх болон санхүүгийн зах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, салбар тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэ үеэр Монголын төрийн болон хувийн хэвшлийн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох Эрдэнэс Таван толгой ХК, АПУ ХК, Сод Монгол групп, Очир Ундраа групп, Оюуны Ундраа групп, Шарын Гол ХКнар өөрсдийн үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээ, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг судалснаас гаднашинэ харилцаа холбоо, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Түүнчлэн Монгол улсад хөрөнгө оруулалт хийн бизнесээ өргөжүүлж буй Prima Fluorspar Corp,Mongolian Growth Group,Khot Infrastructure Holdings зэрэг компаниуд Монголд хөрөнгө оруулсан туршлага, амжилтынхаа түүхийг хуваалцжээ.
“INVEST IN MONGOLIA” чуулга уулзалт нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монголын зүг татаж чадсан, бизнес эрхлэгчдийн шинэ хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан онцгой ач холбогдолтой болж өнгөрлөө.
Сэтгэгдэл ( 0 )