Энэ долоо хоногт уншигч та ”Р.Чойномын ертөнцөөр аялаарай”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

 Zindaa.mn сайт Чөлөөт цаг- Утга  зохиол буландаа шинэ өнгө төрх нэмлээ. Энэ долоо хоногт уншигч та  билэг танхай найрагч Р.Чойномын ертөнцөөр аялах болно. Бид энэхүү буландаа Монголын шилдэг хийгээд залуу зохиолчдын бүтээлийг долоо, долоо хоногоор нийтэлж байх болсноо баяртайгаар дуулгая. 1990 оны цагаан морин жилээр шүлгүүд нь хүлээснээс гарч, нар салхи үзэн, ард түмний хүртээл болсон, Монгол түмний их авьяасын охь Р.Чойномыг хөх Монгол бүү хэл, хөрст дэлхий мэддэг боллоо. Энэ аугаа их авьяастны тухай олныг өгүүлж болох авч энэхэн зайд яахан багтах билээ. Цэцэн боржгины Чойном агсан 1936 онд Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар мэндэлсэн ажгуу. Дөнгөж бага сургууль төгссөн ч тэрбээр байгалиас заяасан их авьяастан байсан тул шүлэг найргаар орь залуугаасаа бялхаж эхэлсэн бөлгөө. Амьд сэрүүн цагтаа “Алтай”, “Залуу нас”, “Хүн” зэрэг хэдхэн зохиол нь хэвлэгдсэн.

Энэ суу билигтнийг ад шоо үзэж, эсэргүү болгож, чанга дэглэмтэй шоронд дөрвөн жил хатаасан тэр үеийн засаглал, эрхтэн дархтнуудыг ард түмэн мэдэх тул энд илүүг өгүүлэх юун. 1990-ээд оноос хойш билгүүн их авьяастны шүлэг зохиолууд нь хэвлэгдэж эхэлсэн бөгөөд түүний түрүүч буюу шилдгийн нэг “Сүмтэй бударын чулуу” түүвэр нь эдүгээ ард түмний хайртай ном болжээ. Түүнээс хойших 20 гаруй номыг нь Дорлигийн Ганболд захиралтай Р.Чойномын “Од” сангаас эрхлэн, “Жиком пресс” ХХК-д хэвлэн түмний хүртээл болгосон нь нэн талархууштай, их найрагчийн өвийг түмэн олондоо хүргэсээр буй том гавьяа, буянт үйлс хэмээн хэлж болно. Саявтар “Сүмтэй бударын чулуу” номыг “Өд” сангаас бүрэн эхээр нь нэмж шинэтгэсэн эхээр нь хэвлэж гаргалаа.

1960-аад оноос уран бүтээлээ эхэлсэн Р.Чойном хэрвээ амьд сэрүүн байсансан бол багцаагаар 100 ном, орчуулгын 30 ном бүтээх байсан гэж бодогдох үе байх л юмаа.

Туг 

 

Тугийн тухай шүлэг намайг бичлээ гэж

Тун олон хүн гайхаж магадгүй

Уужим талын дураараа шүлэгч,

Улаан туг хоёр сэтгэлд нь хамт багтахгүй байж магадгүй

Гэвч би, туггүйгээр амьдрахгүй

Гэгээн үнэний тулд туггүйгээр тэмцээгүй

Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан

Эгэл түмний ижил эгэл ард байна!

Гаднаас нь хараад юм бүхнийг дүгнэгчдэд

Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагүй

Талбай дээр, их жагсаалын дэргэд

Ташаа тулаад зогсож байсан байх

Өвлийн пальтоны энгэр задгай тавиад

Өндөр гоголь малгайг хазгай дараад

Сахлаа засаж, духаараа харсан хүн

Савхин бээлийтэй дув дуугүй явсан байх

Гэвч би, өмссөн хувцас шигээн биш

Гэр орон, өссөн нутаг шигээн

Эглийн эгэл хүн, хүний л ижил хүн.

Эх оронтой, ард түмэнтэй иргэн!

Гэртээ, арван зургаан цагийн ажилтай,

Гэргийдээ, хүүхэд шиг хайртай,

Айлдаа, алаг бяруу шиг номхон,

Архи уудаг, тамхи татдаг ийм л хүн!

Зүрх сэтгэл дотор минь гэвч улаан туг мандаж явдаг юм.

Зүйрлэшгүй хайраар би улс орондоон туг шиг үнэнч явдаг юм.

Яруу шүлгийнхээн мөр, бадаг бүхэн дээр

Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.

Эх орны төлөө асгах цусны минь өнгө

Энэ тугийн даавуунд тодоос тод шингэсэн юм.

Энэ тугийн өнгө, судас бүхэнд минь дүүрэн

Энх цагийн жаргалаар хацарт минь туяарч байдаг юм.

Өнөр түмэндээ үнэнч явж, юм бүтээе гэж

Өвдөг сөхөрч би, тугандаан тангарагласан.

Өргөсөн тангаргаа биелүүлж, орчлонгоос буцах цагт

Өөрт минь биш, шүлэгт минь туг нэгэнтээ бөхийнө.

 

Залуу нас 

 

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад енгөрсөн

Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй

Асгаж явсан залуу нас минь.

Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй

Үрж явсан залуу нас минь

Зуны шөнийн нойрыг тоолгүй

Зуун гурван учралыг мөрөөсөж

Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч

Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй

Өөр хүний авгайд сэтгэл хаяж

Өрхний үзүүр шиг дэрвэж явсан

Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...

Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,

Дассан салсан годон гэзэгтүүд шигээ

Дардан зам дээр үлджээ -залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар

Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ

Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг

Долоохон хоногт  точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй

Хүүхэд шиг өссөн залуу нас минь.

Хүүхний сайхныг таниа нь үгүй

Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар

Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь

Айлын чийдэн хага чулуудаад

Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг

Алгадаж явсан залуу нас минь

Адилхан нөхдийнхөө хамрын цусыг

Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй

Үүрдийн юм шиг дургиж явахдаа

Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй

Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах

Хотын хүүхний өнгөнд хууртаж,

Ариухан цусаа түүний төлөө

Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн

Онгод цадигаар бялхаж явахдаа

Орчлон хорвоогийн нарийн учрыг

Олчихпоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь

Арваадхан жилийн ханилгаатай байжээ.

Халуунаас халуухан запуухан цаг минь

Хаврын үер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж

Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй

Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар

Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхүү шагналаа .  

Бутархай мөнгө шиг тарааж хаясаар

Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ

Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо

Санан санан гунихардаг шиг

Болоод өнгөрсөн хойноо, залуу насаа

Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь

Барилдсан гэж бодвол би ойчжээ.

Уралдсан гэж үзвэл би хоцорчээ.

Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин

Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч

Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top