Санжийн Пүрэв
МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, туульсын зохиолын нэрт мастер С.Пүрэв 1941 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төржээ. 1980 онд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Тэрбээр “Эх газрын чулуу”, “Эргүүлэг”, “Хүн сүүдэр”, “Усны гудамж”, “Алаг заяа” зэрэг арав гаруй роман хэвлүүлжээ. Мөн 50 орчим тууж, 400-гаад өгүүллэг бүтээснээрээ манай үргэлжилсэн үгийн зохиолын цөөхөн оргилын нэг болсон шилдэг уран бүтээлч юм.
Ертөнцийн нар
Нар дорноос мандаж өрнө тэнгэрийн хаяанд жаргадаг тухай хэнээр ч хэлүүлэлтгүй нас минь юмсан. Манайхан Дэл цахирынхаа зусланд хүн малгүй жаргаж байсан цаг. Хонь хурганы хүүхдүүд гэгдэх хэдэн дэлдгэр хөх банди нарын нэг би байв. Чухамдаа энэ насанд өсөхийн хүслэн, өсөхгүйн зовлон хоёр алд биед арцалдан байхыг надаас өөр хэн яахан мэдэх билээ.
Тэр зун манай Дарвийн нуруу торго нөмөрчихсөн юм шиг навч цэцгээрээ найгаж байлаа. Ер нь ч манай нутгийн зун бүхэн сайхан ч тэр жилийнх шиг гоц нь үгүй. Ахас ихсийн ярилцах нь дайн дуусч дэлхий дэлэгнэж байгаа нь юм байхаа, хэн мэдлээ дээ. Аюул дундаас амь алдар хоёроо бүтэн авч ирсэн ах нар энгэр дүүрэн одонгоо ярайлган айл хотол, ахан дүүсээрээ бууж мордон олны баяслыг төрүүлнэ. Хүүхэд хөгшидгүй л тэдний өмнө хөл алдан идээ цагааны дээжээ барина. Энэ өдрийг удаан хүлээсэн болохоор өглөөний нар тунгалаг, үдшийн нар жаргалтай, орох борооны дусал нь хүртэл намираа бүлээн.
Дүүдээ Данзан хэмээх ямаан буурал сахалтай, шанаа янхир, нүд хөнхөр өвгөн шинэ сараас хойш тэнхээрхэн, бүр өдөр хоногоор дордож манай нурууныхан ч амьд ганц бурхныхаа аясыг даган барайж байсан цагаар ах нар дайнаас толгой мэнд ирцгээж өвгөний магнай тэнийлгэв. Түүнийг гал нь бүүрийсэн нүдний гүйлгээ зөөлөн харц, шингэн буурап сормуусан дээр нь нойтогнох нулимснаас
хараад л андашгүй.
Дүүдээ овоо дуу шүү орчихож, орон дээрээ өндийгөөд суучихсан цайгаа оочлож байна. Дүүдээ маргааш нөгөөдрөөс гадаалах гэнэ гэсэн яриа өрнөж, тэгэвч тэр нь ёсоор болохгүй л байв.
Намайг хонио эргүүлээд иртэл ээж шинэ тэрлэг эсгээд сууж байв. Наадам ойртож байсан болохоор надад нэг их баярт бодол төрөв.
- Ээжээ, та хэнд тэрлэг эсгэж байгаа юм гэж би асуулаа.
- Дүүдээд чинь!
- Дүүдээ шинэ тэрлэг өмсөх юм уу?
- Нүгэл! ... гэж ээж уулга алдан хэсэгхэн чимээгүй болсноо,
- Өмсөлгүй яахав. Ээжийг чинь тэрлэг хийж өг гэсэн юм. Ээжийн чинь нүд ч юм харахаа байжээ, дориун юм хийж өгөхгүй бол Дүүдээ загнах байх шүү гэсээр ээж уруулаа байдгаар нь жимийн тос дааварласан бор торго хайчилна. Би ээжийгээ ус голдоо уран гэдгийг мэднэ. Ээжийн оёсон тэрлэг маргааш нь л бэлэн болов. Сүүлчийн ганц хаваасыг үлдээгээд,
- Дүүдээд минь жаахан элбэгдчих шиг боллоо, за яахав хэдэн жил өмсөх хойно ... гэж өөртэйгөө ярих нь гэнэт нэг их өрөвдмөөр санагдаж билээ. Чухам яагаад ингэснийг би өнөө хэр гүйцэд ухаардаггүй юм.
Маргааш нь бага үдээс өмнөхөн мөнөөх дарийн үнэр нь арилаагүй эрэлхэг эрчүүл Дүүдээгийнд даруухан морилоцгоож гэрийн баруун, зүүн талыг дүүргэв. Ээж ч шинэ тэрлэгээ эвхэж тэвэрсээр уул ханхар өвгөнийд орлоо. Удаж төдөлгүй Дүүдээ олноор сугадуулан гарч ирэв. Хот айлын бид ч тэнгэрээс бууж заларсан бурхныг харах гэсэн мэт бүчиж авлаа.
Дүүдээ ясархаг том гарынхаа хорчгор алгаар хөнхөр нүдээ арчин "дээд тэнгэрийн нарыг гүйцэд харах хувийг хүүхдүүд та нар минь л надад авч ирлээ. Ертөнцийн нарыг та нар минь бүтэн үлдээжээ" хэмээн гүнзгий амьсгаа авлаа.
Аньсганд нь нулимс цийлнэ. Амьдрал болоод амьд явах гэдэг дэндүү үнэтэй, тэр хэрээр баяр золтойг он цаг өнгөрөх тусам ухаарах юм даа.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )