Олон улсын зах зээлд бенчмаркийн төмрийн хүдрийнх ханш хоёр хувиар буурав. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойш үзэгдээгүй бага ханш болж байгаа юм. Тухайн үед ган үйлдвэрлэгчид хоёр долоо хоногийн турш нэг тонн төмрийн хүдэрт 100 ам.доллар зарцуулж байжээ.
“The steel index”-ийн хүснэгтийг харахад, өнгөрсөн баасан гаригаас Хятадын Тянжиний боомтоор орж ирж буй хүдрийн тонн тутмыг 100.7 ам.доллараар үнэлж байв. Үүнээс нэг өдрийн өмнө энэ ханш 102.8 ам.доллар байсан.
Төмрийн хүдрийн уналтын жилүүд 2009-2012 онд тохиосон ба энэ хугацаанд тонн түүхий эд 100 ам.доллараас доош үнэтэй байсан юм. Гэхдээ шинжээчид гуравдугаар улирлаас ханш өнгөрсөн рүү эргэж, Тянжинд л гэхэд 98.5 ам.доллар болтлоо буурна гэж үзэж байна.
Ерөөс алт, төмрийн үнэ ийн буурч байгаа нь Хятадын зах зээлтэй шууд холбоотой. Тус улсын ган үйлдвэрлэгчдийн өсөлт багасч, эрэлт нь эрс буурчээ.
Хятад улс дэлхийн гангийн хамгийн том хэрэглэгч, бас үйлдвэрлэгч. Гэтэл төмрийн хүдэр хямдарсантай зэрэгцэн ган туйвангийн үнэ ч буурч тонн тутмыг нь 3310 юань буюу 500 ам.доллараар үнэлсэн байна.
Хамгийн гол нь урд хөршийн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал өнгөрсөн оныхоос 70-75 хувиар буурна гэж шинжээчид үзжээ. Гэхдээ одоо Хятадын үйлдвэрлэгчдийн агуулахад 200 сая тонн бүтээгдэхүүн байгаа гэнэ.
Тус улсын Засгийн газраас агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдлыг бууруулах үүднээс хүнд үйлдвэрүүдийг нэгтгэж, ач холбогдол багатайг нь хаах бодлого баримталж байгаа. Харин үүний эсрэг ажлын байр нэмэгдүүлэх, бүс нутгийг тогтвортой орлогоор хангах эх үүсвэр дутмаг болохоор гангийн үйлдвэрүүд өдий зэрэгтэй яваад байгаа аж.
Нөгөөтэйгүүр гангийн үнэ буурсныг тайлбарлаж болох өөр шалтгаан нь агуулах дахь нөөцөө борлуулахын тулд ханшийг зориудаар унагаажээ. Мөн умард боомтууд төмрийн хүдэр хүлээн авахдаа хязгаарлалт хийж байна. Ямар ч байсан дөрөвдүгээр сард 83.39 сая тонн төмрийн хүдрийг далайн тээврээр хүлээн авсан.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )