Найман аймагт дулааны станц байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Манай орны эрчим хүчний хэрэглээ жил бүр 9.0 хувиар нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хувьд эрчим хүчний салбарынхан улсын хэмжээнд 5 тэрбум 132 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Үүн дээр ОХУ болон БНХАУ-аас 430 сая кВт цаг цахилгаан импортоор худалдан авч, 23,1 сая кВт цахилгаан экспортолжээ. Хэрэглэгчдэд 4 тэрбум кВт цаг цахилгаан, 6,9 сая Гкал эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлсэн бөгөөд цахилгааны борлуулалт 2012 оныхоос 6.4 хувиар өссөн талаар албаныхан онцоллоо. Энэ жил эрчим хүчний салбарт 147 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 69 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил хийхээс 36 ажлыг шинээр эхлүүлэх ажээ.

Түүнчлэн энэ жил найман аймагт дулааны станц, шугам сүлжээ барихаар болсон бөгөөд өнөөдөр бодлого тодорхойлогчид, нутгийн удирдлага болон хөрөнгө оруулагч нийлсэн гурвалсан гэрээг үзэглэлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “Улаанбаатарын утаа аймаг руу очиж байна. Бид эрчим хүчний бүтээн байгуулалт өрнүүлж, агаарын бохирдлыг бууруулах, орон нутагт дулааны хэрэгцээг хангахаар ийнхүү найман аймгийг сонгож авлаа. Эрчим хүчний эх үүсвэр барьсан бол цаашдаа доголдолгүй аваад явах нь чухал учраас мэргэжлийн том компаниудыг бүтээн байгуулалтад оруулахаар боллоо” гэж хэлсэн юм. Энэ дагуу нэг аймагт гэхэд 8-15 гкал хүчин чадалтай дулааны станц барихаар төлөвлөсөн бөгөөд найман аймгийн дулааны станц ирэх жилээс ашиглалтад орох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top