Сүм хийдэд очих, намд элсэх хоёр юугаараа ялгаатай вэ. Монголчууд өнгөрсөн хориод жил үүнд хариу хайсаар ирлээ. Америк, Солонгос, Японы Христийг номлогчид манайхныг эргүүттэл дарж байна. С.Ганбаатар Англиас Фэнг шүй гэгч нэг юм цүнхлээд ирсэн нь хүмүүсийг жинхэнэ хуйлруулж өгсөн. Мусульманчууд ч зүгээр суусангүй, Монголыг сонирхож эхлэв. Дээр нь улс төрийн намууд борооны дараах мөөг шиг бурзайж, цөөхөн монголчуудыг хувааж өмчлөх хүчин мундахгүй байна. Фэнг Шүй-гийн мэлхий, зоос ч яая гэхэв. Дуртай нь авч л байдаг юм байгаа биз. Харин Христийн элдэв урсгалууд, тэдгээрийн сүмд номлогчоор ирэгсэд хүмүүст бэлэг сэлт тараах нь намууд сонгуулиар мөнгө амлах, түгээх, архидуулахтай бараг адилхан байгаа юм. Христчид өвчтэй хүнийг эмчилж байна гэж залбирал хийдэг бол олон гишүүнтэй болсон том намууд баг, хороогоор эмч нарыг явуулж үнэгүй оношлогоо, сувилгаа хийлгэнэ. Аягүй бол айлын эзэгтэйн хуян хөөрлөө бариач, массажист явуулаач гэвэл намын дарга нар дор нь амжуулах төлөвтэй болов. За, зарим нь тэгж хөглөж л байгаа биз. Тэгвэл Христийн сүмд очиж эмнэлгийн үйлчилгээ авах, намын даргаар илээч, бариач авчруулах юуны ялгаа байх билээ. Буддын шашинтнууд бас иймэрхүү үйлчилгээнээс хоцорно гэж үгүй. Намын дарга нартай элдэв гэрээ хэлцэл хийж, намын гишүүдийнх нь хурал цуглаан дээр очиж ном гүрэм айлдана. Тэд хамтраад сүүлдээ телевив байгуулах нь турсик оёхоос амархан шүү дээ гээд л харайцгаана. Буддын телевиз үзэх, намын телевиз үзэх бас л ялгаагүй. Өнөөдөр МАН-АН хамтраад засгийн эрх барьж байгаа тул гишүүдийнх нь харц дээшилж, бялууны хэлтэрхий хаана байна өгөөч гээд дарга нар руугаа утас цохиж, уулзахаар оочерлож байна. Намын гишүүнээр элссэн бол хэн ч байсан хамаагүй гэнэ. МАН гишүүдийнхээ тоог дэгсдүүлсэн ч хамаагүй 150 мянга гэхэд АН нь хол дутахгүй гэсэн шиг 120 мянга гаруй гэж зална. МАН-аас тусгаарлаад байгаа МАХН саяхан гишүүдээ 20 гаруй мянгад хүрлээ гэж байна. Том намын буурин дээрээс гарч ирсэн болохоор олон гишүүнтэй гэж сурталдаж байгаа бололтой. Саваагүйтээд үүнийг бичиглээч би бээр хэдэн хүнээс намд гишүүн байхын ач тусын талаар асууж орхив оо. Зарим нь “Намд л орохгүй бол дээш ахих шаанс алга” гэнэ. Нөгөө хэсэг нь “Төрийн албанд орж ажиллахад намгүй бол нэмэргүй” гэж байна. Уг нь нам, төр хоёрыг зааглаж, төрийн албан хаагчдыг намаас нь түдгэлзүүлсэн гэдэг. Гэвч том намаас зөвшөөрөл аваагүй бол төрийн алба руу өнгийх эрх хэнд ч байхгүй ажээ. Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл гэж байдаг ч тэнд ажиллагсад нь намаас хамааралтайгаар тохоон томилогдсон тул яалт ч үгүй намынхаа гишүүдийг харж хандахаас өөрийг эс хийнэ. Нэгэн залуу өөрийн амьдардаг хорооныхоо Засаг даргатай уулзаад хогоо ачуулах гэхээр машин нь ирэхгүй юм гэх зэргээр гомдол тавьсан байлаа. Гэтэл нөгөө Засаг дарга анхааралтай сонссон дүр үзүүлж сууснаа “Хөөе, ингэхэд чи аль намын гишүүн бэ. Манай МАН-ыг дэмждэг үү” гэж асуужээ. Уг нь хогоо тогтмол ачуулж байхсан гэж асуудал тавиад шийдвэртэй хариу сонсохыг хүссэн залууд аль намын гишүүн энээ тэрээ ямар хамаа байх билээ. Хорооны Засаг даргын санаагаар бол тэр залуу МАН-ын гишүүн бол өглөө бүр хогийг нь ачиж байх бололтой юм. Намаар ялгаварлахын нэг жижигхээн жишээ гэвэл энэ байна. Намчирхалтыг дагасан ялгаварлан гадуурхалтын өөр олон баримт бий. Эрх баригч намын гишүүн томоохон гэмт хэрэг хийвэл намынх нь нэр хүндэд сэвтэй тул шүүх, цагдаагийнхныг унаж тустал нь панаалдаж байгаад хэрэгтнийг хэргээс бүрэн чөлөөлнө. Эс чадвал хөнгөн ял өгүүлнэ. Ийм хандлага МАН-АН-д сүүлийн жилүүдэд маш амь бөхтэй байлаа. “Хадгаламж” банкнаас 14 тэрбумыг хуссан Чимэдцэрэн удахгүй шоронгоос гарах гэж байна. Тэр улсад учруулсан тэрхүү хохирлын дөнгөж 30 хувийг нь төлөөд гарах болжээ. Ингэх хуулийн үндэстэй гэж намынхан нь тайлбарлаж байгаа. Үлдсэн нь хэнд хамаагүй хог болж байна гэсэн үг. Мөн лут байгаа биз. Манай, танай намын хүн гээд ярихаар цагдаа, шүүх, прокуор, авлигатай тэмцэгчид, хяналт шалгалтынхан дотор хог шиг их бий гэж сайрхана.Тиймээс тэдгээр намын гишүүд үнэнхүү давилуун, хачин пээдгэр, юу ч хийхээс сийхгүй болж хүмүүжжээ. Өрсөлдөгч намынхаа гишүүнийг яаж ч егүүтгэж чадна. Хүн л болсон хойно алдалгүй дээ. Алдааг нь маш овжин ашиглана. Зориудаар зохион байгуулж гэмт хэрэг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг зохиогчидтой болсон. Нэг удаа Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаагийнхан таксины жолоочийн амийг хөнөөсөн хэрэгтнийг олж чадалгүй аргаа бараад шал өөр, ямар ч хамааралгүй, гэм зэмгүй гурван залууг баривчлан Ганц худагт хорьсон байлаа. Хэргийг тулгаж хүлээлгэх гээд нэг нэгээр нь зодож байхдаа мөрдөн байцаагч нь “Чи муу Ардчилсан намын хулгайч уу” хэмээн байн байн асууж байсан гэдэг. 2008 оны 7 сарын 1-ний үймээнээр баривчлагдаж хилс хэргээр ял сонсоод байсан бас нэг залуугийн өмгөөлөгчтэй Дээд шүүхийн ажилтан ам мурийж хэрэлдэхдээ “Тэр нөхөр чинь манай намын байрыг шатаасан биз дээ” гэсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байлаа. Төрийн тусгай албан хаагчид манай, танай нам огт хамаагүй юм шүү дээ. Намаас түдгэлзсэн хүн байх учиртай. Саяхан Хүний эрхийн комиссын дарга Бямбадорж Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын тайлан мэдээллийг олон нийтэд дэлгэжээ. Тэндээс харахад намын гишүүнчлэлээр нь ялгаварладаг, хүмүүсийг үзэл бодлоор нь хавчин гадуурхдаг тухай нэг ч өгүүүлбэр алга. Зөвхөн эрүүдэн шүүх, албан тушаалтны хүнд суртлаас болж хүнийг хохироож, эрхийг нь зөрчсөн гэх мэт хэлбэрүүдийг тоочсон байна. Үндэстнийг хамгийн ихээр хагалан бутаргаж байгаа үзэгдэл бол намын харъяалал, үзэл санаагаар нь хавчин гадуурхалт болсныг тэр огт тоохгүй байгаа ажээ. Хувийн компанид ажилд ороход хүртэл намын гишүүний хамаарал ихээхэн нөлөөлдөг тухай нэгэн эх сурвалж өгүүлээд уйлахаа шахаж байлаа. Хамгийн хөгийн, инээдтэй , бас эмгэнэлтэй нь том намуудад гишүүнээр элссэн хүмүүсээс “Танай намын үндсэн үзэл баримтлал юу вэ” гэж асуухаар тоймтой, үнэн зөв хариулчих хүн ер нь бараг байгаагүй тухай нэгэн судлаач ярьж байв. Үүнээс үзэхэд намд орох, сүмд очих ялгаагүй мухар сүсэглэл болжээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж яриад байгаа намуудыг гишүүнчлэлгүй болгож, барууны орнуудад нэгэнт төлөвшсөн сонгодог хэлбэрийн бүтцэд шилжүүлэх нь хамгийн зөв хувилбар ажээ. Үндэстний хагарлын үрийг тарьдаг социалист маягийн дарангуйлах хэв загвартай гажууд бүтцээсээ салаач ээ гэж тэр шаардаж байна. Харамсалтай нь Ц.Элбэгдоржийн энэ санал, шаардлагыг МАН-АН наанаа хүлээж авсан дүртэй ч, далдуур хэмх эсэргүүцэж байгаа юм. Сонгуулийн чимээ ойртсон тул МАН-АН гишүүдээ гар хөлийн үзүүрт зарж, сүүлд нь хэрэглэсэн бэлгэвч шиг хаядаг зуршлаа гээхээс үхтэлээ айж байгаа бололтой. Бусад намууд нь харин хатуу гишүүнчлэлгүй, зөвхөн парламентад суудал авах хэмжээнд л гишүүнийхээ асуудлыг шийдэж, идэвхтэй дэмжигчдээр хүрээгүй тэлэхийг зорьж байна. Ялангуяа, саяхан нийлж шинээр зохион байгуулагдсан ИЗ-НН ийм замыг сонгосон нь эв нэгдлийг чухалчилсан, намаар талцаж, үзэл санаагаар нь хавчиж, ялгаварлан гадуурхахын эсрэг зогсохын эхлэл боллоо. Харин сонгууль бүрд намаа дэмжиж, гишүүнийхээ үүргийг ямар ч хамаагүй аргаар, хэнийг, яаж ч ялгаварлан гадуурхахаас буцахгүй МАН-АН-ынхан дарангуйллын системтэйгээ хэвээр хоцрох нь шиг байна. Гэхдээ тэд сонгууль бүрийн дараа намдаа амны салфетка шиг ганцхан удаа ашиглагдаад хаягдсандаа голдоо ортол гомддог ч, мухар сүсэгт хүлэгдэн салахгүй дагаж гүйгээд байдаг нь даанч гутамшигтай.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )