Өнөө цагт ердийн үзэгдэл болсон уруул дээрх үнсэлт цагтаа бөмбөг дэлбэрснээс дутуугүй сенсааци дэгдээж байсан. 1896 онд Эдисоны хувийн студид зургийг нь авсан “Үнсэлт” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонд Мэй Ирвин, Жон Райс нар анх удаа дэлгэцнээ үнсэлцжээ. Энэхүү энгийн л гэж хэлж болох үзэгдэлд шашны шүтлэгтнүүд хэрхэн хилэгнэж байсныг энд бичихийн аргагүй. Америк даяар бөөн үймээн, хэрүүл шуугиан дэгдсэн. Гэхдээ уг киног тойрсон тэр бүх бужигнаан нь хайр дурлалын сценийг кино ертөнцөд дайран ороход огтхон ч саад болж чадаагүй гэлтэй. Яг тэр үед дэлхийн хөгжмийн болон сонгодог урлагийн шинэ үе гэж болох каббарет, мюзик-холлын эрин ид хүчээ авч байсан нь үүнд нөлөөлсөн ч гэдэг.
Энэ ч утгаараа уг киноноос хойш тухайн үеийн дэлхийн урлагийн сор болгоны нийслэл болоод байсан Парисийн кино театруудаар унтлагийн даашинзтай хатагтай, усанд зугаацах бүсгүйчүүд үзэгдэх болжээ. “Үнсэлт”-ийн дуулиан намдаагүй байхад буюу 1897 оны сүүлээр Луиза Вилминий гол дүрд нь тоглосон “Нөхөртэй хатагтай орон дотроо” хэмээх дуугүй кино гарчээ. Тэгвэл 1898 онд Их Британид тухайн үеийн хамгийн анхны мөн хамгийн зоригтой хийгдсэн эротик кино бүтээгдсэн байна. Нэр нь “Зүүдлэхийг минь зөвшөөрнө үү”. Энэ кинонд нэгэн залуу хонгорхон бүсгүйтэй зүүдэндээ унтаж байна гэж төсөөлөөд хар даран сэртэл өвөрт нь хэвтэх хөгшин авгайгаа хараад хачирхаж байгаа үйл явдал гардаг ажээ. Түүнээс арай хожуухан буюу 1900 онд “Патэ” пүүс ийм төрлийн хэд хэдэн кино гаргасан бөгөөд тэдгээрээс хамгийн их амжилт олсон нь Жорж Мельесийн цэнгээний газрын хүүхний тухай өгүүлсэн богино хэмжээний сүүдэр ший байлаа.
Найруулагч Эрих Фон Шрохэйн 1925 онд “Шунамхай”, хоёр жилийн дараа “Хуримын марш” гэсэн эротик кинонуудаа хийсэн боловч тухайн цаг үеийн хатуу хяналт, дарамтыг даван гарч чадаагүй юм. Эдгээрээс гадна өөр олон бүтээлээс тэр үеийн эротик гэх аяглалыг харж болно. Жишээ нь, хоёр хүүхэн үерхдэг залуутайгаа дугуйгаар аялаж байна. Гэнэт хүүхнүүд бүдчин унахад банзал нь салхинд сөхөгдөнө. Залуу эр тэр хоёрт тусалж босгох хооронд тэдний нүцгэн мөр, цээж ил гарна. Мөн айлын эхнэртэй сэм учирч байтал нөхөр нь хүрч ирнэ. Найз залуугаа шүүгээнд нуугаад байтал тун эгзэгтэй агшинд эхнэрийнх нь банзал шувтран унана. Түүнчлэн Чаплиний кинонд ч гэсэн хөгжөөнтэй, яаруу тэвдүү эротик үзэгдлүүд гардаг. Эдгээрийг өнөөдөр тэгж их задгай эротик гэхгүй боловч энэ нь тэр үедээ олны гайхшралыг төрүүлж үзэгчид анх удаа олон нийтйин газарт хагас нүцгэн эмэгтэйг олж харжээ. Гэхдээ иймхэн хэсгийг гаргахын төлөө эсвэл гаргасныхаа төлөө уран бүтээлчид их дарамтлуулж, хавчилтанд орж байсан.
Ингээд кино бүтээгчид тэрхүү саадыг гатлан гарахын тулд гарцыг хайж байлаа. Эцэст нь тэд библийн үйл явдлаас бүтээлдээ ашиглаж эхэлжээ. Яг ийм сэдвээр хийгдсэн Дэвид Уорк Гриффитийн “Шулмасын гаслан” /1926/, “Эвлрэшгүй” /1918/ кинонууд шашны үзэлтэнгүүдээс хатуу шийтгэл хүртсэн гэдэг. Яагаад гэхээр эдгээр кинонд бүх жүжигчид нь бүрэн нүцгэн тоглосон байна. Тэгвэл 1927 онд хийгдсэн Сесиль Бладит Демилийн “Хаадын хаан” гэдэг христийн тухай кинонд Мария Магдалина хэмээх завхай хүүхний тухай харуулдаг. Чухамдаа л энэ үеэс шашныхны тэмцэл эрс ширүүсэж уран бүтээлчдийг ёс зүйг дагахыг шаардаж байлаа. Тухайн үеийн БНН-ын нэрт зүтгэлтэн У.Хэйс энэ тэмцэл хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж байжээ.
Гэхдээ киночдыг тэд үүгээр дарж чадаагүй юм. 1928 онд Сан-Францискогийн нэгэн зочид буудалд Холливудын жүжигчид оролцсон “Догшин үдшийн наадам” хэмээх задгай үдэшлэг гал дээр тос нэмсэн хэрэг боллоо. Хамгийн эмгэнэлтэй нь тэр үеэр алдарт жүжигчин Фатти Арбакл голшиг сайхан бүсгүйтэй ер бусаар зэрлэг загас наадуулаад дараа нь түүний амийг хороосон хэрэгт сэжиглэгдэн шүүхэд хүртэл дуудагдсан байна. Энэ байдлаас үүдэн олон түмэн түүний тоглосон бүх киног устгасан аж. Харин нэрт жүжигчин маань нэгхэн өдрийн дотор олсон бүхнээсээ хагацан золбин гуйланч нөхцөлд өөд болсон юм.
Тэр хэрэг явдлаас хойш удалгүй 1930 онд Америкийн конгресс “Хэйсийн хууль” гэгчийг гаргаж кинонд сексийг харуулахыг ор тас хорьсон байна. Энэхүү хууль нэь тус улсад олон арван жил үйлчилж хүнд суртал, хуучинсаг сэтгэлгээний ялалт болон киночдыг нухчин дарж байлаа. Ингээд 1966 он гэхэд л уг хууль солигдсон байна. Гэхдээ энэ бүх хууль тогтоомж хориг саадаас болж кино бүтээгчид үзэсгэлэнт бүсгүй, хүсэл бадраасан залуугийн зургаас огт татгалзаагүй юм. Морин О Харагийн “Нотрдамын бөгтөр” /1939/, Грета Гарбогийн “Мата Хари” /1935/, Марлен Дитрихийн “Марокко” /1930/ гээд олон киног энд нэрлэж болно. Хэн ч дурлалыг сөрөх бас хорих эрхгүй ажээ.
Өдгөө олон төрлийн кино бүтээл дотроос оюун ухааны шаардлагын хувьд хамгийн хомс нь эротик кино хэмээн үздэг хүмүүс ч байдаг. Тэгвэл гүн ухааны сургамж, тагнан мөрдөх адал явдлыг харуулсан кино нь үзэгчдийн оюун ухаанд зориулагдсан байдаг. Хошин шог, уянга эмгэнэл айдсыг харуулсан кино үзэгчийнхээ сэтгэл хөөрөлд чиглэгддэг. Тэгвэл эротик кино нь юуны өмнө хүний хүсэл тачаалыг төрүүлдэг нь ойлгомжтой. Байгалиас заяасан хүсэл тачаал байсаар байхад түүнийг заавал сэрээж өдүүлэх нь зөв үү гэдэг асуудал дээр өнөөдөр сэтгэл судлаачид болон кино бүтээгчид санал нийлэхгүй хэвээр байгаа. Эротик киног үзээд байвал бэлгийн тачаалд автан хүч хэрэглэх юм уу эсвэл хүсэл тачаал буурах, бэлгийн сулралд хүргэх юм биш биз хэмээн сэтгэл зүйчид үздэг. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхний дунд нэг суудалд суун кино үзэх боломжийг ч хааж гэнэт гарч ирэх эротик үзэгдлээс болон эцэг эх, хүүхдийн хооронд харьцааны эвгүй байдал үүсдэг болохыг тэд сануулсаар байгаа.
Гэтэл уран бүтээлчид энэ тал дээр өөр байр суурьтай байдаг. Нэгэнт хүний төрөлхийн зөн совинд секс мөнхөд оршин байдаг болохоор үүнийг нуух хэрэггүй. Харин ч ингэж дэлгэцэнд ил гаргаснаар гэр бүл болон хүн хоорондын нандин харьцааг улам ойртуулж өгдөг гэсэн үзэл тэдэнд баттай оршсоор… Ийм хэлбэрээр өнөөдөр дурлал хайрын чөлөөт дүрслэл аль ч төрлийн кинонд оршин тогтносоор л байна. Алдарт найруулагч Зигмунд Фрейдийн толгойлон хийсэн гэх өнгөрсөн зууны дэлгэцийн эротик хувьсгал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Юутай ч атугай дэлхийн олон сая хүн дэлгэцэнд гарах нүцгэн биеийн гайхамшигийг ширтсээр бас шүтэн биширсээр л байна шүү дээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )