Хямрал ярих биш хөрөнгө олж ирэх цаг

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол учир шалтгаан нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын төлбөрийн тэнцэлд дарамт, хүндрэлүүд бий болж, тэр нь 2013 онд бүр хямралын шинж чанартай болсонд оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монгол улс 2010-2012 онуудад орлого сайтай байх үедээ тэрнийгээ хуримтлуулж чадалгүй хэрэглээг голдуу санхүүжүүлсэн. Тэр дундаа төсвийн урсгал зардлыг хавтгайрсан халамжийн богино хугацаат урьдчилгаа зээлээр санхүүжүүлсэн. Ингээд сүүлийн гурван жилийн дотор Монгол Улс жил бүр 3.1 тэрбум ам.долларын урсгал дансны алдагдалтай, 2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдалтай явж ирсэн. Хамгийн аюултай нь төлбөрийн тэнцлийн хүндрэл нь улсын төсвийн алдагдалтай нэгэн зэрэг давхцаж эдийн засгийн болзошгүй хямралын эрсдлийг нэмэгдүүлсээр байна.

Энэ бүх хүндрэлээс үүдэж эдийн засагт валют хомсдож төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1830 төгрөгт хүрч суларсан. Бид хэрэг­лээнийхээ дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг учраас валютын хомсдол эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь мэдээж. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний салбар ч хумигдаж байгааг 2014 оны нэгдүгээр улирлын статистик харуулж бай­на. Үүнд бөөний болон жижиг­лэнгийн худалдааны салбар 12,2 хувиар буурсан тоо гарсан.

Нөгөөтэйгүүр манай эдийн засгийн хамгийн гол багана болоод байсан Уул уурхайн салбарын “гацалт” нь олон хүмүүсийг ажилгүй болгосоор байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл эдийн засгийн жинхэнэ хямрал үүсэх нь гарцаагүй.

Одоо хамгийн чухал нь мөнгөний дутагдлаас л гарах юм. Үүнийгээ бид гаднаас валют л олж ирж байж нөхнө. Учир нь манай эдийн засаг гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай. Өр зээлээ ч гадаад валютаар төлж, бүтээн байгуулалтаа ч гадны импортын бараа бүтээгдэхүүнүүдээр босгож байгаа шүү дээ. Иймийн тулд хамгийн том хөрөнгө оруулалт орж ирэх уул уурхайн салбарын зогсонги байдлыг арилгаж, Оюутолгой, Тавантолгойгоо бодлоготой ажиллуулж, хөрөнгө оруулагчдийн итгэлийг олж, гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх нь чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top