Т.Навчаа: Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэх орны тоонд Монгол багтдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Аялал жуулчлал-Экологийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Навчаатай ярилцлаа.

- ХУИС-ийн эрдэмтэн багш нар олон улсын хэмжээнд хэд хэдэн судалгаа хийсэн байна. Энэ судалгааныхаа талаар танилцуулна уу?

-Их сургуулийн багшийн үүрэг бол судалгаа хийх. Экологи, аялал жуучлалын тэнхим бол хавсрага буюу хэрэглээний чиглэлийн мэрэгжилтэн бэлтгэдэг тэнхим. Тиймээс олон улсын аялал жуучлалын менежментийн чиглэлд манай багш нарын хамтарсан цөөнгүй бүтээл хэвлэгдсэн. Аялал жуучлалын нөлөөллийн чиглэлээр Монгол орны тусгай хамгаалалтай газар нутагт хийсэн судалгааны өгүүлэл олон улсын түвшинд нэгдүгээр зэрэглэлд бичигддэг “Томсоройторс”-ий индекстэй сэтгүүлд гарсан. Мөн 2012 онд Германы Клон хотод олон улсын газарзүйн холбооны 32-р хуралд бидний судалгааны ажлууд хэвлэгдэж гарлаа. Манай багш нарын бүтээлүүүд 2013 онд Оросод болсон Олон улсын экотуррисмын форум /International eco tourism forum/-д хийж байгаа судалгааныхаа үр дүнгээс хэлэлцүүллээ. Мөн олон улсын мэргэжлийн холбоодын гишүүд гэж явж байна. Жишээ нь миний миний бие “Европын Гео Шинжлэх Ухааны холбоо”-ныгишүүн. Энэ оны таван сард Австрийн Венна хотод  холбооныхоо Ерөнхий ассемблэйн хуралд очиж илтгэл тавиад ирсэн.

Мөн хамгийн сүүлд гол мөрний сав газрын усны менежментийн чиглэлээр хийсэн судалгааны бүтээлээ хэвлүүлж танилцууллаа. Амьтан, ургамлын экологийн чиглэлээр манай багш нар олон улсын хурлуудад удаа дараа судалгаагаа хэвлүүлж байна. ХУИС-ийн нэг онцлог нь тэнхмүүд дангаараа биш хамтарч судалгаа хийдэг нь давуу тал болдог. Энэ мэтчилэн бид түвшин түвшиндээ өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж байна.

-Эдгээр судалгаа бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждэг вэ?  

-Манайд Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөгжлийн хөтөлбөр гэх зэрэг олон улсын байгууллагуудын зээл тусламжаар хэрэгжиж байгаа томоохон хөтөлбөр бий. Эдгээрт нээлттэй судалгааны тендер зарладаг. Энд манай багш нар нэг баг болж 2007 оноос, ялангуяа сүүлийн таван жил идэвхитэй оролцож байна. Тухайлбал, тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийн чиглэлээр хийсэн ажлууд маань хэрэгжсэн. Орхоны хөндийн тусгай хамгаалалт, байгалийн цогцолборт газрын менежмент, аялал жуучлал, бизнес төлөвлөгөөнүүдийг “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусгай хамгаалттай газрын сүлжээг бэхжүүлэх нь” гээд төслийн захиалгаар хэрэгжүүллээ. Мөн НҮБ-ын хөтөлбөрт дасан зохицох сангийн хамтарсан санхүүжилттэй “Эко системд түшиглэсэн дасан зохицохуй” гээд их урт нэртэй төсөл Байгаль Орчины Яаманд хэрэгжиж байгаа. Энд би 2012 оноос бид судлаач шинжээчээр ажиллаж байна. Манай багийн ажлын үр дүнд нэвтрүүлэг хийж телевизүүдээр хэд хэдэн удаа цацагдаж байсан. Энэ нь иргэдэд экологийн боловсрол олгох нэг арга зам юм.

Мөн 2013 оны наймдугаар сараас Увс голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хийж 2014 оны гурван сард Байгаль Орчин Ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар батлагдаад, хэрэгжээд эхэлчихсэн. Иймэрхүү байдлаар төсөл хөтөлбөрүүдэд өрсөлдөж ажиллаж байна даа. Яг одоо хийж байгаа ч үр дүн нь гарах болоогүй хугацаа шаардсан ажлууд олон байна.

-ХУИС өөрийн лаборторидоо судалгаа шинжилгээ хийхээс гадна сургалтын хөтөлбөрөө хэрэглээний түвшинд илүү ойртуулахын тулд хавсрага мэргэжлээр элсэлт авдаг. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Аялал жуучлалын менежментийн хөтөлбөр бол цэвэр бизнесийн удирдлагад суурилсан. Монгол орны аялал жуучлалын онцлог нь байгаль дээр тулгуурладаг. Тэгэхээр манай улсад аялал жуучлалын чиглэлээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд зайлшгүй уур амьсгал, экологийн талаар ойлголттой байх ёстой. Тэгж байж нөөцөө үнэлж, олон улсын зах зээл дээр гаргаж борлуулах тэр чадамжийг бий болгохын тулд байгалийн ухааны болон Монгол орны газарзүйн суурь мэдлэгийг эзэмшүүлэх шаардлага тулгардаг.

Аялал жуучлалын мэргэжилтэн бэлтгэж байгаа орнууд өөр өөрийнхөө онцлогоос хамаараад багц хөтөлбөртэй. Жишээ нь, Европын холбооны орнуудад түүх, соёлын чиглэлийн хөтөлбөрүүд  их байдаг. Тухайн орны нөөц нь юу байна гэдгээс хамаарч байгаа юм. Гэтэл манай нөөц бол байгаль. Соёл, зан заншил нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан бүтэцтэй. Тэгэхээр бид энэ талын чиглэлд сууриласан хичээлүүдийг бусад орны боловсролын системээс ялгаатайгаар оруулж өгөх шаардлагатай болдог.

Монгол орны аялал жуучлалын үндсэн маршрутын 90 гаруй хувь нь тусгай хамгаалттай газрууд байдаг. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент өөрөө байгаль орчны хамгаалалтын асуудал учраас зайлшгүй холбоо хамааралтай авч үзнэ.

- Өнөөдөр аялал жуучлалын боловсролын салбарын түүх яг ямар түвшинд явж байна вэ?

-Монголын аялал жуучлалын боловсролын салбарын түүхийг ярих ёстой хүн би биш. Гэхдээ яг тэр түүхийг бичсэн хүний шавь нь яах аргагүй мөн. Манай багш Ш.Шагдар гэж хүн бий. Аялал жуучлал газарзүйн салбарын хүмүүс мэдэх байх. 1993 онд Ш.Шагдар багш тэргүүтэй тухайн үеийн нэрээр УБИС, МУИС -ийн “Газарзүйн тэнхим”-ийн багш Жамсрансүрэн нар байсан. Энэ хоёр хүн бол Монголын аялал жуучлалын боловсролын түүхийг тавьсан хүмүүс.

Анх аялал жуучлалын анги Газарзүйн тэнхимд түшиглэн байгуулагдаж байсан. Энэ бол зөвхөн Монголд гарсан онцгой үзэгдэл биш. Олон улсын түвшинд судлаад үзэхээр анхны аялал жуучлалын мэргэжлээр Франц, Швейцар, Герман зэрэг орнуудад 1940-өөд оноос бэлтгэж эхэлсэн байдаг. Манайх ч бас ялгаагүй энэ мэргэжлийг тэр шугамаар бэлдэж эхэлсэн.  1995 онд орчуулагч, аялал жуучлалын ангийг анх нээж, тухайн үеийн УБИС-иас багш нар ирж мэргэжлийн хичээлүүдийг заадаг байлаа. Миний хувьд 1999 оноос анх аялал жуучлал, газарзүйн багшаар ороод одоог хүртэл 15 гаруй жил ажиллаж байна.

Ингээд 1998 оноос Аялал жуучлалын менежментийн ангийг албан ёсоор нээсэн байдаг. Тухайлбал 2002 онд манай анхны мэргэжилтнүүд төгсөж эхэлсэн. Монголын зах зээл дээр аялал жуучлалын мэргэжилтэн бэлтгээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ууган сургуулиудын нэг гэж хэлж болно. Ийм ч учраас манай төгсөгчид аялал жуучлалын мэргэжлээр төрийн болон хувийн хэвшлийн байгуулагад бүхий л шат, салбарт амжилттай ажиллаж байгаа. Сүүлийн 20 жилд нь аялал жуучлалын мэргэжил ХИС-ийн нэг үндсэн салбар нь болж чадсан. Мөн экологи байгаль хамгаалалтын мэргэжлээр анги нээж энэ чиглэлээр сургалт явуулдаг гарын таван хуруунд багтах сургуулиудын нэг болж хүрээгээ тэлсэн.

-Экологи, аялал жуучлал хамарсан шинжлэх ухаан их өргөн хүрээтэй. Таны шавь нар ямар ямар чиглэлд боловсон хүчин болж очдог вэ?

-2007 оны манай анхны төгсөгчид байгаль орчин, байгаль хамгаалалын чиглэлээр, сургалт судалгааны түвшинд амжилттай ажиллаж эхлээд өөр өөрийн гэсэн орон зайг аль хэдийнэ бий болгоод явж байна. Миний сургуулийнхаа 35 жилийн ойн хүрээнд барьж байгаа бэлэг бол хөдөлмөрийн зах зээл дээр амжиллтай ажиллаж байгаа мэргэжилтнүүд.

-Энэ чиглэлээр жилдээ хэдэн боловсон хүчин  бэлтгэдэг вэ?

-ХУИС бол жилд дунджаар 25-30 оюутанг Аялал жуучлалын менежментийн чиглэлээр бэлтгэдэг. Харин экологийн чиглэлээр жилдээ 20 гаруй мэргэжилтэн төгсдөг.

-Энэ мэргэжлээр төгсөөд  ажлын байр хэр хангалттай байдаг вэ?

-Төрийн байгуулагуудад жишээлбэл бүх шатны захиргааны нэгжүүдэд байгаль орчны ажилтан шаардлагатай байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэгийн нэгжүүд, Байгаль орчны яам, харьяа агентлагууд гэх зэрэг газруудад манай төгсөгчид ажилладаг. Сүүлийн  хоёр жилд “Сав газрын хамгаалалтын захиргаа” гэж Байгаль Орчны Яамны харьяа төрийн захиргааны байгууллагууд олноор байгуулагдаж байгаа. Төгсөгчид маань энд ажилд ороод явж байна даа.

-Монголын байгаль, экологид аюул нүүрлэж байна гэж бичиж, ярьж байна. Та ямар дүгнэлт өгөх вэ?

- Уур амьсгалын өөрчлөлт гэдэг өөрөө дэлхий нийтийг хамарсан глобал асуудал. Тэгэхээр дэлхий нийтийн хэмжээнд гарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварыг бид амсч байна уу гэвэл тийм. Олон улсын түвшинд гарсан прогнозууд уур амьсгалын өөрчлөлтөнд багаггүй нэрвэгдэх орны тоонд Монголыг багтаасан. Яагаад гэвэл их хуурай, зундаа агаарын хэм эрчимтэй өсөж байгаа, хурд тунадас багасах зэргээс гадаргын ус, гол мөрний хэмжээ багасах гэх мэт үр дагаварууд ажиглагдаад байна.

Уул уурхайг ч бас дан сөрөг талаас харж болохгүй. Уул уурхайн технологийг зөв зохистой хэрэгжүүлэхийн тулд технологийн шинэчлэлийг, ялангуяа ус ашиглалтын технологийн дэвшлүүдийг ашиглаж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Гэхдээ Канад, АНУ-ын загварыг шууд хуулж авчираад хэрэгжүүлж бас болохгүй. Монголын байгалийн болон уур амьсгалын нөхцлийн онцлогоос хамаарна. Монгол дотроо баруун аймгуудын нутагт , хангайн бүс, эсвэл өндөр уулын бүсэд хэрэглэж болж байгаа уул уурхайн технологийг говьд авчираад хэрэгжүүлчих юм бол энэ өөрөө аюул дагуулна.

Бид сөрөг юмыг илүү дэвэргэж сонсдог байж болох юм. Гэхдээ заавал хэн нэг хүнээс болоод байгаль бохирдоод байгаа юм биш. Байгаль өөрөө өөрийгөө цэвэрлэдэг, усны эргэлт, агаарын эргэлт явагдаж байгаа нь жам ёсных.  Хүний үйлдэл байгаль өөрөө өөрийгөө элээх чадварт нь хурдасгагч болох нь бий. Жишээ нь тухайн газарт мал их бэлчээх, удаан хугацаагаар сэлгэлт хийхгүй байх нь хөрсний элэгдэлийн үйл явцыг хурдасгаж өгч байгаа.

-Ингээд сонсоод байхаар нөхөн сэргээлт бидний зайлшгүй ягштал биелүүлэх дүрмүүдийн нэг болоод байна. Энэ чиглэлээр тусгай мэргэжилтэн бэлтгэж байна уу?

-Экологийн ангийн оюутнуудад нөхөн сэргээлт, тусгай хамгаалалтын чиглэлээр бакалаврын нөхөн сэргээлтийн технологийн хичээлүүд орно. Гэхдээ нөхөн сэргээлийн технологи бол тогтвортой хөдөлдөггүй зүйл биш. Байнга шинэчлэгдэж байдаг шинжлэх ухааны хөгжлийг дагадаг. Тэр болгонд уул уурхайн компаниудад мэргэшсэн байгаль орчны хүнтэй байж тэр шинэчлэгдэж байгаа дэвшил, өөрчлөгдөж байгаа технологийг хэрэгжүүлэх чадавхи нь бүрдэнэ.

-Байгаль орчны тухай хууль нь хэр оновчтой болсон гэж боддог вэ?

-2012 оны байгаль орчны багц хуулиудын шинэ төслийн хэлэлцүүлэг их урт удаан хугацаанд явсан. Миний ажигласнаар олон талын ажиглагчдыг оролцуулсан, хуулинд урьд өмнө тусгагдсан, эсвэл өрөөсгөл байсан зүйлийг нэмж оруулсан. Сүүлийн үед байгаль орчны чиглэлийн баримт бичиг боловсруулахдаа олон талын оролцоог чухалчилах боллоо. Энэ бол дэвшил.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top