Газрын тосны ханш өссөөр байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ, Израилийн зэвсэгт хүчин Иранд дайн дэгдээсэн нь газрын тосны ханшийг өрдсөөр байна. Тухайлбал өчигдрийн арилжаагаар газрын тосны ханш нэг хувиар өсжээ. Брент маркийн газрын тосны ханш 82.57 ам.долларт хүрч, 1.4% өссөн байна. Түүнчлэн АНУ-ын Баруун Техасын нутгаас олборлосон түүхий газрын тосны ханш 75.28 ам.долларт хүрч 2025 оны зургаадугаар сараас хойш байгаагүйгээр огцом өслөө.

Ираны засаг захиргаа Ормузын хоолойг хааж, нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэсэн нь нийлүүлэлтийн хомстол үүсгэх суурь шалгаан болж байгаа юм. “Филлип Нова” агентлагийн санхүүгийн шинжээч Приянка Сашдева хэлэхдээ “Одоогоор бид Персийн булангийн экспортын мэдээлэл, Ормузын хоолойд гарч буй тээвэрлэлтийн сүлжээний доголдол, Ираны засаг захиргааны бодлого, АНУ-ын тэнгисийн цэргийн навигац зэргийг анхааралтай ажиглах ёстой. Энэ бүгдээс шалтгаалж газрын тосны ханш хэлбэлзэнэ” гэсэн юм.

ОПЕК+ орнуудын хоёр дахь том түүхий нефть үйлдвэрлэгч Ирак улсын газрын тосны гарц өдөрт 1.5 сая баррелиар буурсан нь газрын тосны агуулах танкерын хязгаарлагдмал байдал, тээврийн зам хаагдсантай холбоотой байна. Одоогоор Ормузын хоолой хаалттай байгаа нь зөвхөн газрын тос биш, байгалийн хийн нийлүүлэлт буурах нөхцөл бүрдүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top