Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны ханшид нөлөөллөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ираны дэмжлэгтэй хуситууд Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнууд руу халдаж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны ханш өсөж эхэллээ. Грийнвичийн цагаар брент төрлийн газрын тосны фьючерс ханш 0.73 хувиар өсч, баррель тутамдаа 105.48 ам.долларт хүрсэн. Харин WTI төрлийн газрын тосны ханш баррель тутамдаа 92.44 ам.доллар болж 0.64 хувиар өсөөд байна.

Хуситуудын дайралтын улмаас газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг сүйдэж, энэ нь арилжаанд оролцогчдод тээвэрлэлтээс үүдэлтэй нийлүүлэлтийн эрсдлийг нэмэгдүүлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабтай хамтран хуситуудад цохилт өгөх асуудлыг авч хэлэлцэж буйгаа зарласан. Гэвч Йемен дэх хуситууд Ираны дэмжлэгтэйгээр халдлагаа үргэлжлүүлсээр байна.

Газрын тосны ханшийн тухайд өнгөрсөн долоо хоногт брент төрлийн газрын тосны ханш өндөр хэлбэлзэлтэй байлаа. Өнгөрсөн долоо хоногийн эхэнт 100 орчим ам.долларт байсан энэ төрлийн газрын тосны ханш тав орчим ам.доллароор өссөн. Харин WTI төрлийн газрын тосны ханш харьцангуй бага буюу ханшийн хэлбэлзэл дунджаар 2.4 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

Цаашид Ойрх Дорнодын нөхцөл байдал хэрхэн эргэхээс хамаараад ханшийн хэлбэлзэл үргэлжилнэ гэж шинжээчид үзэж буй. АНУ-Иран улсууд мөддөө тохиролцоонд хүрэх төлөв ажиглагдахгүй байгаа тул 2026 оны эцэс гэхэд дундаж үнэ 90 орчим ам.долларт хүрэхийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top