Газрын тосны хямрал: АНУ яагаад европчуудыг шатахууны нөөцөө ашиглахыг шаардаж байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

JPMorgan Chase болон Goldman Sachs банкууд Персийн булангийн орнуудын газрын тосны нийлүүлэлт дайны өмнөх түвшинд дөхөж очсон талаар мэдээллээ. Гэвч зах зээл үүнд эргэлзэж байгаа бөгөөд нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар орчимд хэвээр байна.

АНУ болон Европт дизель түлшний асуудал үүссээд байгаа. Үүнтэй холбогдуулан  Европын комисс дизель болон газрын тосны нөөцөө ашиглах шийдвэр гаргаж зориглохгүй байгаа тул уг асуудлыг Олон улсын эрчим хүчний агентлагт (ОУЭА) даатгажээ. Гэтэл ОУЭА-д их хэмжээний газрын тос авах газар байхгүй бөгөөд хамгийн том донор болох АНУ-д нөөц бараг үлдээгүй байна.

JPMorgan Chase & Co банкны мэдээгээр, Персийн булангийн газрын тосны нийлүүлэлт есдүгээр сарын сүүлч гэхэд хоногт 17.5 сая баррельд хүрч, дайны өмнөх үеийн 98%-д хүрч өсжээ. Сүүдрийн (нууц) тээвэрлэлтийг оролцуулаад Goldman Sachs банк нийлүүлэлтийн хэмжээг үүнээс ч өндөр буюу хоногт 23.3 сая баррель гэж үнэлж байгаа нь өнгөрсөн жилийн дундаж үзүүлэлттэй дүйцэж байна хэмээн Bloomberg бичжээ.

Гэсэн хэдий ч Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар орчимд хэвээр байна. Зах зээл АНУ, Ираны дайны төлөвийг болгоомжтой ажиглаж байна гэж “Trading Economics” хэвлэлд тэмдэглэсэн байна.

Бодит байдал дээр хэдий хэмжээний газрын тос байгаа вэ?

Шинжээчид банкуудын гаргасан үнэлгээг үнэн зөв эсэхэд эргэлзэж байна. Өрнөдийн агентлагуудын мэдээллээс үзвэл, Персийн булангийн орнуудын газрын тосны нийлүүлэлт хэвийн байдалдаа орж байснаа буцаад унаж байна гэж шинжээчид онцолжээ. Тэд наймдугаар сарын сүүлээр экспорт 75 хувь хүртэл сэргэсэн гэж яригдаж байсан ч есдүгээр сарын эхээр буурч, сарын сүүлээр дахин өссөнийг сануулж байна.

Kpler болон Vortexa агентлагуудын экспортын мэдээлэл Goldman Sachs болон JPMorgan-ий гаргасан үзүүлэлтээс нэлээд бага байна. Тэдний мэдээгээр наймдугаар сард Ормузын хоолойгоор хийсэн нийлүүлэлт хоногт 5.9 саяас 6.4 сая баррель байсан бол газрын тос тээвэрлэгч танкеруудын хөдөлгөөнийг хянах хиймэл дагуулын TankerTrackers.com сайт 5.5 сая баррель гэж үнэлжээ.

Есдүгээр сард тээвэрлэлтийн хэмжээ бодитоор өсөж, хоногт 7.4–7.9 сая баррельд хүрсэн ч энэ нь АНУ-Ираны мөргөлдөөн эхлэхээс өмнөх тус бүс нутгийн жилийн дундаж экспорт болох 16 сая баррелиас нэлэд бага байна гэж  шинжээчид онцолжээ.

Нийлүүлэлтэд сүүдрийн транзит тээвэр гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнийг хянах бараг боломжгүйг шинжээчид тэмдэглэв. Жижиг оврын танкерууд эрсдэлээ өөрсдөө үүрч, шөнийн цагаар байршил тогтоогчоо унтраан Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэж, улмаар том танкерууд руу шилжүүлэн ачиж байна гэж шинжээч тайлбарлав. Үүний шалтгаан нь 300–320 мянган тонн газрын тос тээвэрлэх хүчин чадалтай том оврын танкеруудын тээврийн зардал өнгөрсөн жилээс хойш 20 дахин өсөж, хоёр сая ам.долларт хүрсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

 

 

Хиймэл дагуулын мэдээллээс үзвэл Ойрх Дорнодын орнуудаас есдүгээр сард 11 сая орчим баррель газрын тос экспортолжээ. Үүнд Ормузын хоолойд хамаарахгүй Фужайра боомтоос гаргасан 1.7–1.8 сая баррель газрын тос багтсан байна.

Одоогийн байдлаар Ормузын хоолойгоор хоногт ердөө 9 сая орчим баррель газрын тос дамжин өнгөрч байгаа бөгөөд энэ нь дайны өмнөх үеийн хэмжээний 60 хувьд хүрэхгүй хэмжээ юм. Хэрэв нийлүүлэлт бүрэн сэргэсэн байсан бол нөөцөөс ашиглах тухай яриа гарахгүйгээс гадна газрын тосны үнэ ч 100ам.долларт тогтохгүй байсан гэж шинжээчид ярьжээ.

Ормузын хоолойгоор газрын тос урсаж эхэлсэн ч зах зээл дээрх айдас болгоомжлол арилаагүй, нийлүүлэлтийн сүлжээ бүрэн сэргээгүй байна. Тиймээс хэрэглэгчид зах зээлээс өндөр үнээр спот багц худалдан авахад хүрч байгаа нь сандралыг нэмэгдүүлж, нефтийн үнэ буурахад саад болж байна.

Европ нөөц хайж байна

ЕХ-ны эрчим хүчний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Есдүгээр сарын 28-ны байдлаар бензиний дундаж үнэ литр нь 2.09 евро болж, гуравдугаар сарын эхэн үеийн 1.67-оос 26 хувиар өсжээ. Дизель түлш 37 хувиар өсөж, нэг литр нь 1.63-аас 2.23 еврод хүрсэн байна.

 

 

Нэгдүгээр сарын 1-нд Reuters агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас Франц, Германд хандан дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд хагас жилийн хугацаанд нөөцөөсөө 120 сая баррель дизель түлш гаргахыг зөвлөсөн талаар мэдээлсэн. Хэрэв татгалзвал АНУ Европ руу хийх дизель түлшний нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдэж байв.

Нэгдүгээр сарын 2-нд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдэгдсэнээр "Их 7"-гийн орнууд дөрвөн сарын хугацаанд 100 сая хүртэл баррель нөөцийг чөлөөлөхөөр тохиролцсон бөгөөд үүнд зөвхөн дизель төдийгүй түүхий нефть ч багтажээ.

ОУЭА ч мөн нөөцөө гаргахад бэлэн байна. Есдүгээр сарын 29-нд тус агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бироль Даблин хотноо болсон ЕХ-ны Эрчим хүчний сайд нарын уулзалт дээр хэлэхдээ, хэрэв нийлүүлэлтийн тасалдал даамжирвал түүхий эдийн нэмэлт нөөцийг гаргах боломжийг авч үзнэ гэв. Гэхдээ одоохондоо үүнийг нэн тэргүүний зорилт гэж үзэхгүй байна. Бироль гуравдугаар сард ОУЭА зах зээлд 400 сая баррель газрын тос гаргаж эхэлсний гуравны нэг нь одоог хүртэл ашиглагдаагүй байгааг сануулав. Тэрбээр гуравдугаар сард нийт байгаа газрын тосны нөөцийн дөнгөж 20 хувийг л чөлөөлснийг дурджээ.

ОУЭА их хэмжээний газрын тос өгч чадахгүй

ОУЭА нэмж их хэмжээний түүхий эд чөлөөлж чадах эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Гол донор болох АНУ нь ОУЭА-аас гуравдугаар сард гаргасан 400 сая баррелийн 43 хувь буюу 172 сая баррелийг хангах ёстой байв. Одоогийн байдлаар АНУ нөөцөөсөө 130 сая баррелийг гаргаад байгаа нь ОУЭХА-тай тохиролцсон квотын 75 гаруй хувь юм. Үлдсэн 40 сая баррелийг АНУ-ын Эрчим хүчний яам есдүгээр сарын 29-нд газрын тосны зуучлагчид болон боловсруулах үйлдвэрүүдэд зээлээр нийлүүлэх санал тавьсан ч тэд авсан хэмжээгээ 24 хувиар нэмэгдүүлж, эргүүлэн төлөх ёстой аж.

Үүний зэрэгцээ, дөрөвдүгээр сарын эхнээс хойш АНУ-ын стратегийн нөөц 30 гаруй хувиар буурч, 415 саяас 285 сая баррель болсныг АНУ-ын Эрчим хүчний яамны албан ёсны мэдээллээс харж болно. АНУ-ын арилжааны нөөц өдгөө 170 сая баррель орчим байгаа нь тус улсын гуравдугаар сард хүлээсэн нөөц чөлөөлөх үүрэг амлалттай дүйцэж байна. Тиймээс Вашингтон дэлхийн газрын тосны зах зээлийг дэмжих боломжоо бараг шавхсан гэж шинжээчид тэмдэглэжээ.

Үнэ буурахгүй 

Ойрх Дорнодын мөргөлдөөн үргэлжилж, нөөц багассаны улмаас газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ үргэлжлэн буурах тул дунд хугацаанд үнэ өсөх төлөвтэй байна. Ойрх Дорнодоос газрын тос тасралтгүй нийлүүлэхэд үүссэн асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэхгүй гэдгийг зах зээл ойлгож байгаа тул нефтийн төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн байна.

Тиймээс газрын тосны үнэ огцом унахгүй, байнга хэлбэлзэж байгаа нь зах зээл урт хугацааны найдвартай хэлэлцээрт хүрнэ гэдэгт төдийлөн итгэхгүй байгаагийн шинж. Ормузын хоолой албан ёсоор нээгдээгүйн зэрэгцээ газрын тосны сүүдрийн экспорт үргэлжилж байгаа цагт транзитын хэмжээ өссөн ч үнэ өндөр хэвээр байх болно, учир нь эрсдэл хэтэрхий өндөр байна гэж шинжээчид дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top