Хориотой экспорт: 2023 оны бензиний хямралын онцлог

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Газрын тосны өндөр үнэ, рублийн ханшны сулралт, төмөр замын тээврийн ачаалал Орост түлшний шинэ хямрал үүсэх тохироог бүрдүүлжээ.

ОХУ-ын Засгийн газраас бензин, дизель түлшний экспортыг хориглосноор тус улсад үүсээд байгаа хомстол, үнийн өсөлтийг ойрын үед шийдэх ч урт хугацааны шийдэл биш гэж шинжээчид үзэж байна.

Есдүгээр сарын 21-нд Оросын Засгийн газар бензин, дизель түлшний экспортод түр хориг тавьсан билээ. Энэхүү хязгаарлалт нь 2023 оны зуны дунд үеэс эхэлж, сүүлийн хэдэн сарын турш гүнзгийрсэн түлшний хямралын оргил үе нь байв. Экспортын хориг үйлчлээд эхэлсэн. Есдүгээр сарын 22-ны өдөр гэхэд бирж дээр дизель түлшний үнэ 15 хувиар, АИ-92 бензиний үнэ 10 хувиар тус тус буурч, 2018 оноос хойш биржийн индексийн үнэлгээний түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болов.

Түлшний хямрал хурц үе шатанд шилжихэд юу нөлөөлсөн, Оросын зах зээлийг ирэх саруудад юу хүлээж байгаа вэ? Зах зээлд оролцогчдод маневр хийх орон зай бий юу, нөхцөл байдал бүх тал сэтгэл ханамжтай үлдэхээр өрнөх боломж бий эсэх  талаар Forbes сэтгүүл хариулт өгчээ.

2011 оны бензиний зун

Нэн шинэ үеийн түүхэнд дэлхий дахин түлшний хямралтай нэг бус удаа нүүр тулж байсан. Энд онцгой зүйл үгүй. Үнийн огцом өсөлт, түлшний зах зээл дээрх хомстол Франц, АНУ гээд дэлхийн олон оронд тохиодог. Зах зээлийн бүтэц өөр өөр, зохицуулалт болон татварын тогтолцоо ялгаатай байдаг хэдий ч эдгээр хямралд нэг ижил шинж байдаг. Тэр нь зах зээлийн механизмыг залруулахад чиглэсэн төрийн идэвхтэй оролцоо юм.

Орост хамгийн хурц хямралуудын нэг 2011 онд тохиож байсан. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ болон НӨАТ-ын өсөлт бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд хүргэсэн билээ. Оросын Монополын эсрэг алба газрын тос нийлүүлэгчдэд үнээ бууруулахыг зөвлөсөн ч энэ нь асуудлыг шийдэхэд бус харин ч асуудлыг дэвэргэхэд хүргэжээ. Оросын хэрэглэгчдэд очих, экспортод гаргах түлшний үнийн зөрүү нэмэгдсэн нь нийлүүлэлтийг гаднын зах зээл рүү чиглүүлэхэд хүргэж, улмаар дотоодын зах зээл дээр хомстол үүсгэжээ.

Алтайн хязгаар, Тува, Өвөр Байгаль зэрэг Оросын бусад бүс нутагт бензиний үнэ 20-40 хувиар нэмэгдэж, ихэнх шатахуун түгээгүүрийн станц түлшгүй болсон. Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Оросын Засгийн газар бензиний экспортын татварыг нэмэгдүүлсэн. Үүнтэй зэрэгцэн газрын тосны боловсруулалтад нэмэлт хөрөнгө оруулалтыг шаардсан шинэ техникийн дүрэм, журмыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Ингэснээр дотоодын зах зээл дээр эрэлтийг өндөр хэмжээнд барьж чаджээ. Нөхцөл байдалд дүгнэлт хийсэн Оросын Засгийн газар бензиний экспортын татварыг 2015 он хүртэл өндөр хэвээр барьж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй шинэчлэлийн дөрвөн талт хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд газрын тосны компаниуд газрын тос дахин боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж, авто бензин, дизель түлшний гаралтыг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байна.

Дежа ву

Гэвч түлшний зах зээл дээр асуудал үүссээр байсан ба 2018 онд бензиний үнэ огцом өссөний дараа Оросын Засгийн газар бөөний үнийг царцааж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэв.

2021 оны хямрал. Цар тахлын дараах эдийн засгийн түргэн сэргэлт түлшний зах зээлийн хувьд жинхэнэ сорилт болсон. Шинэ хямрал өмнөх хямралуудаас ялгаатай. Хямрал өндөр нийлүүлэлт, өндөр эрэлтийн нөхцөлд эхэлсэн. Тухайлбал, 2023 оны наймдугаар сард бензиний үйлдвэрлэл 3.78 сая тоннд хүрч, энэ салбарын түүхэн  дээд хэмжээнд хүрсэн бол дотоодын хэрэглээ 3.47 сая тонн буюу 2022 оны наймдугаар сараас хоёр хувиар бага байв.

Зах зээлд дараах хүчин зүйлсээс болж хямрал үүссэн гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний өндөр үнэ, рублийн ханшийн уналт экспортыг нэмэгдүүлж, бөөний үнийг араасаа дагуулав. Шатахуун түгээх станцын түлшний үнийг түр хугацаанд бууруулсан ч бодит байдал дээр нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Учир нь энэ нь экспорт болон дотоодын үнийг зөрүүг улам нэмэгдүүлжээ. “Саарал” экспорт буюу трейдэрүүд газрын тосны үйлдвэрүүдээс дотоодын зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг худалдан авч, экспортлох болжээ. Энэхүү үзэгдлийн цар хэмжээний үнэлгээг Оросын эрчим хүчний яам ч тэр, газрын тосны зах зээл дээр тоглогчид ч тэр дурддаггүй. Үүний сацуу Оросын төмөр зам хэт ачаалалд орсонтой зэрэгцэн газрын тос боловсруулах үйлдвэрүүд засвар, шинэчлэл хийв. Хүнд нөхцөл байдал жил бүр л гардаг. Гэхдээ 2023 онд тээврийн урсгалыг баруунаас зүүн чиглэлд шилжүүлснээр нөхцөл байдал улам хурцдав. Трейдэрүүдэд захиалгаа 3-5 хоног биш 2-3 долоо хоног хүлээх шаардлагатай болжээ.

Хэдийгээр Оросын Засгийн газар үүнийг шийдэх арга хэмжээг наймдугаар сарын эхээр хэлэлцэж эхэлсэн ч хатуу алхам хийх шийдвэр гаргахаас цааргалсан байна. Үүний үр дүнд бензин, дизель түлшний экспортыг бараг бүрэн хориглоход хүрчээ. Эл арга хэмжээ дотоодын зах зээл дээр илүүдэл нийлүүлэлт бий болгох, хомстол болон үнийн өсөлтийг зогсоох боломж олгох ч асуудлыг урт хугацаанд шийдэхгүй.

Салаа замын өмнө

ОХУ жилд 85 сая гаруй тонн дизель түлш үйлдвэрлэдэг бол дотоодын хэрэглээ нь 50 сая тонн байдаг. Үлдсэн 35 сая тонн дизель түлшийг экспортод гаргадаг байна. Ихэнх газрын тос боловсруулах үйлдвэр дизель түлшний төрөлд хамаардаг ба авто бензин, нисэх онгоцны керосин түлш болон газрын тосны бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг харилцан бууруулахаас нааш дизель түлшний үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц багасгах боломжгүй байдаг байна. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд хязгаарласнаар төсөвт төдийгүй /экспортын татвараас олох орлого буурна/ дотоодын зах зээлд асуудал үүсгэж байна. Учир нь дизель түлшний илүүдэл нь үнэ унагаж, үйлдвэрлэлийн төрлийг өөрчлөхөд хүргэнэ. Улмаар газрын тосны бусад бүтээгдэхүүний зах зээл дээр хомстол үүсгэнэ.

Одоо Оросын эрх баригчид салаа замын өмнө зогсож байна. Татварын тогтолцоог өөрчлөх эсвэл түлшний үнийг тогтворжуулах бодлогоосоо татгалзаж, үнийн өсөлт инфляцаас давахыг зөвшөөрөх гэсэн сонголт хийх болж байна. Эхний тохиолдолд төсвөөс татаас олгох арга хэмжээг сэргээнэ. Ингэснээр түлшний үнийг 50-60 мянган рубльд барьж, тогтворжуулах боломжтой. Эсвэл газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварыг нэмэгдүүлнэ.

Өмнө нь нэг тонн бензинд 250 ам.долларын экспортын татвар ногдуулах асуудал яригдаж байсан. Энэ арга хэмжээ хэлэлцэх асуудлын жагсаалтад байх талтай. Хөвөгч хүүтэй экспортын татвар нь газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнд үл хамаарч байгаа. Энэ бодлого нь урсгалыг дахин хуваарилах, бензиний үйлдвэрлэл бус түүхий нефтийн экспортыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй.

Хоёр дахь тохиолдолд юу ч хийх шаардлагагүй. Ялангуяа дотоодын зах зээл дээрх бензин, дизель түлшний үнэ дэлхийн зах зээл дээрх үнэ унахад буурна. Тиймээс  энэ нь тийм ч муу хувилбар биш байж магадгүй.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.219) 2023 оны 09 сарын 27

Гол шалтгаан нь нефть боловсруулах үйлдвэрүүдэд төрөөс дотаци өгдөг байснаа тэрийгээ больчихсон,ингээд үйлдвэрүүд бензин,дизель түлшээ их хэмжээгээр беларусь,казакстан,киргизээр дамжуулаад гадагш зараад бгаа явдал юм.рублийн ханш унаад 1$ 100 рублид хүрчихсэн учраас бензин түлш гадагш зарвал хамаагүй ашигтай болсон учраас л ийм бдалд ороод бна.экпортыг хориглолоо гээд олигтой үр дүн гарахгүй,нефтийн үйлдвэрүүд зүгээр л бүтээгдхүүн үйлдвэрлэх хэмжээгээ л багасгачихна.

0  |  0
Top