Эр-Рияд Saudi Aramco-д халдахад ашигласан дрон, пуужингийн хэлтэрхийг үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Саудын Арабын батлан хамгаалах яам тус улсын газрын тосны объектууд руу үйлдсэн халдлагын үеэр ашигласан дрон болон пуужингийн сүүлний хэлтэрхийнүүдийг олон нийтэд үзүүлэв.

Саудын Арабын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Турки аль-Маликийн мэдэгдсэнээр, хэд хэдэн нотлох баримтууд халдлагыг Иранаас гаралтай нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтайгаар үйлдсэн болон халдлагыг Йемений газар нутгаас үйлдээгүй гэдгийг нотолж байна.

Энэ сарын 14-ний шөнө 10 дрон Саудын Арабын газрын тосны үндэсний компанийн үйлдвэрүүд рүү халдсан билээ. Эр-Рияд тус улсын газрын тосны объектууд руу үйлдсэн халдлагад Ираныг буруутгаж, үүнийг нотлох баримтууд хангалттай бий гэж мэдэгдээд байна. Аль-Маликийн таамгаар, байрлах тогтоох дэвшилтэт систем бүхий 18 дрон, долоон далавчит пуужин ашигласан байна. Хурайс дахь үйлдвэр рүү халдлага үйлдэхэд ашигласан дөрвөн далавчит пуужинг 700 км зайд хойноос өмнө зүгийн чиглэлд харвасан бол гурван пуужин нь байндаа хүрээгүй байна. Пуужингийн чиглэлээс үзвэл халдлагыг Йемений газар нутгаас үйлдээгүй нь тодорхой. Халдлага болсон газраас олсон хэлтэрхийнүүдийг шинжилсэн бөгөөд Ираны газар нутгийг зааж байна гэж аль–Малики онцлоод шалгалтын үр дүнг холбоотнууддаа мэдээлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top