Гишүүд сайд болох ээлжээ хүлээгээд суучихдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Засгийн газрын гишүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно. Ийм заалтыг Үндсэн хуульд тусгах уу, үгүй юу гэдгээр УИХ-ын гишүүд, эрдэмтэд, судлаачид маргаж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ талаар нэлээн хөндөж, өөр өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Уг нь Үндсэн хуульд байсан хуучин заалт Ерөнхий сайд огцрох асуудлыг түгжиж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцрох гэж байгаа бол дараагийн Ерөнхий сайдаа нэрлэх ёстой байсан. Үндсэн хуулийн энэ заалтыг ойлгоогүйгээс болж Засгийн газар дархлаагуй байна гэж ойлгоод УИХ-ын гишүүн болгож дархлах гээд байгаа байхгүй юу. Эндээс харахад Засгийн газрын гишүүн байх эрхтэй УИХ-ын гишүүн, эсвэл УИХ-ын гишүүн байх эрхтэй Засгийн газрын гишүун гэж ялгадгийн учир юунд байна вэ гэсэн нэг асуулт гарч ирж байна. УИХ-ын гишүүдэд ч, Засгийн газрын гишүүдэд ч харилцан адилгуй ялгаварлал гарч ирнэ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болдог болсноос хойш Засгийн газар тогтворгүй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болох ээлжээ хүлээгээд суучихдаг. УИХ хууль тогтоох ажлаасаа хөндийрсөн. Байнга нэгийгээ овоо хараанд авчихсан сууж байдаг боллоо. Гуравдугаарт нь, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байгаагаас хууль тогтоох ажлаа сонирхохгүй байна. Засгийн газрын гишүүн болох сонирхолтой хүмүүс УИХ-д олноор орж иржээ. Төр олигархижсан байна гэж үүнийг хэлж байгаа юм. Ийм Засгийн газрын гишүүн УИХ дээр ирдэг ч үгүй, сонирхдог ч үгүй. Ийм гурван асуудал байна.

Хуульч С.Нарангэрэл: Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болох уу гэх мэт асуудлыг ярих юм бол 1999 оны нэмэлт өөрчлөлтийг л хүчингүй болгочихвол болно. Засгийн газрын хуулиар болж байсан юм. Ингээд цэгцрэх юм биш үү.

Хуульч Б.Чимид: Уг нь парламентын гишүүнийг Засгийн газрын гуйцэтгэх албаны ажилтай болон аливаа мэргэжлийн үйл ажиллагаатай хавсармал байж болохгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл манай гишүүд Засгийн газрын гишүүн болж л байдаг, Олимпийн хорооны дарга чиг л болж байдаг. Тэд УИХ-ын хуралдаанд орж ирээд л гараад явчихдаг. Баталсан хууль ч мэддэггүй. Ийм байж болохгүй ээ. Гуравны нэг гэдэг нь яахав болно гэж бодъё. Энд асуудал байнаа. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэдгийг улс төрийн агуулгыг нь бодсон хүн байна уу. Манайд бичигдээгүй хууль байна. Олонхын намын дарга нь Ерөнхий сайд болж байна. Манай парламентад нэг намын дарга нь бүлгээ командлаад, бусад намаа командлах болж байна гэсэн үг. Парламентад дөрвөн намын дарга сууж байхад нэг нь илүү эрх мэдэлтэй болж байна. Хамгийн амархан гарц бол Нарангэрэлийн хэлж байгаа санал.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Яагаад гуравны нэг гэдгийг бодсон юм бэ гэхээр, хуучнаар нь байж болох байсан. Гэтэл бид пропорциональ тогтолцоо ярьж байгаа.  Хосолмол тогтолцоо ярьж байгаа. Хэн Ерөнхий сайд болох вэ. Хэн   эрүүл  мэндийн асуудлыг парламентын гишүүдтэй холбож өгөх вэ гэдэг чинь пропорциональ, хосолмол болгоод ирэхээр хүссэн хүсээгүй гараад ирнэ. Парламентын гаднаас Засгийн газрын гишүүнийг тавина гэхэд болно л доо. Тэр чинь намаа дугуйлчих юм чинь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болонгуут сулраад, оронд нь доод хүмүүсийг тавиад явж болох байх. Гэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохыг бүрэн үгүйсгэж болохгүй байна. Энэ заалт Засгийн газрын гишүүн байж болох, бас нөгөө талдаа байхгүй ч байж болох уян хатан заалт байгаа юм. Ер нь УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд, кабинеттай болвол тогтворгүй байдал үүсгэнэ. Тогтвортой болгох гэж байна гээд харин ч эсрэг зүйл болох юм.

Үндсэн хуульд өөрчлөлтөд орох ганцхан энэ заалт гэхэд маргаан ихтэй байна.Тийм ч учрааснэг их яараххэрэг байна уу гэсэн байр суурийг ажлын хэсгийн зарим гишүүн гаргаж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top