Энэ зун моринд биш утааг багасгахад ухаанаа уралдуулъя

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Улаанбаатар хотын утааны 60 хувь гэр хорооллынхон, 20 хувь нь автомашин, мөн 20 хувь нь нам даралтын зуухнаас гардаг байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хороололд 177 мянган өрх түүхий нүүрс түлж, 190 мянган автомашины яндангаас утаа олгойдож, нам даралтын 1400 халаалтын зуух гамшиг бий болгож байгаа аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн "Хангарьд" ордонд өчигдер боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нээж үндэсний хороо байгуулагдсанаас хойш хугацаанд хийсэн ажлуудаас танилцууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан Үндэсний хороо 2011-2012 оны өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувь бууруулах том зорилт тавьжээ.

Улаанбаатар хотод амьдарч, ажиллаж буй бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой утааг багасгахын тулд Үндэсний хороо 24 тэрбум төгрөг төлөвлөчихөөд байгаа юм байна. Эхний ээлжинд хийх ажлууд тодорхой болжээ. Ирэх өвөл хязгаарлалтын бүсэд багтсан 11 мянган өрхөд түүхий нүүрс огт түлүүлэхгүй. Түүнчлэн энэ цагаас хойш нүүрсийг гол орцоо болгосон шахмал түлш гэсэн ойлголт байхгүй болно. Хязгаарлалтын бүсэд хамрагдсан айлууд хагас кокс болон үртсэн түлш л хэрэглэнэ гэж Үндэсний хорооны дарга Д.Баттулга хэлж байна. Кокс, үртсэн түлш үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд одооноос үйлдвэрлэлээ явуулж, намар гэхэд нөөц бэлтгэсэн байх тал дээр анхаарна гэлээ. 11 мянган айл түүхий нүүрснээс бүрэн татгалзаж, мөн төдий хэмжээний өрх хагас боловсруулсан түлш түлж, 70 мянга гаруй өрх утаа бага ялгаруулдаг зуух хэрэглэвэл ирэх өвөл хотын хоолой хорсгосон аймшигт утаанд өөрчлөлт орно гэж үзэж байна. Тэрбээр төсөвлөсөн мөнгөнийхөө задаргааг ч танилцуулав. 2.8 тэрбумаар кокс, үртсэн түлш үйлдвэрлэгчдийг дэмжиж, гэрийн дулаалгад 7.1 тэрбум, сайжруулсан гэрийн зууханд 1.4 тэрбум гэх мэтээр нэг бүрчлэн мэдээлэв. Ирэх өвлөөс хэсгийн ахлагч нар утааны байцаагчийн албыг давхар хаших болсонтой холбоотойгоор тэдгээр хүмүүст өгөх урамшууллыг бас тооцсон гэв. Гэвч энэ бүхэн эцсийн дүндээ төгс шийдэл биш юм. Төгс шийдэлд хүрэхийн тулд төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг барилгажуулах, хөрөнгө санхүүгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцсон УИХ, яам тамга, нийслэл, дүүргийн удирдлагуудад хэллээ. Түүний энэ санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн зөвшөөрч байна. Үнэндээ бол Улаанбаатар хотын даац хэтэрчихсэн, 600 мянган хүн ам оршин суухаар төлөвлөлт хийсэн байтал өнөөдөр хоёр дахин их хүн амьдарч байна. Сүүлийн 10 жилийн дотор 470 мянган иргэн шилжин ирж суурьшсан нь бүхэл бүтэн 6 аймгийн хүн амтай тэнцэж байгаа юм. Энэ бүхэн гамшиг болсон утааг үнэндээ бий болгоод байна. Цаашдаа төр засаг утаатай тэмцэхийн тулд иргэддээ хөдөө орон нутагтаа амьдрах боломж олгох хэрэгтэй. Улаанбаатарт амьдарна гэсэн хүмүүс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь хотод амьдарвал өртөг өндөр, татвар төлнө гэсэн ойлголт. Түүнчлэн дагуул хотуудыг бий болгож яагаад болохгүй гэж. Зүүн аймгаас ирснийг Налайх, Багахангайд, баруунаас ирснийг Төв аймгийн сумдад гэх мэтээр нийслэлээ тойрсон дагуул хот байгуулж болох саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт утааны асуудлыг хариуцах албатууд ирсэн болохоор тэднээс ширүүхэн асуултууд асууж хариулт авч байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чухал энэ асуудалд гарын арван хуруунд хүрэхгүй төрийн түшээд анхаарал тавив. Харин Нийслэлийн удирдлагууд, Иргэдийн хурлын төлөөлөгчид гол ирцийг бүрдүүллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэ зун утаа хариуцсан албатууд амрахгүй байхыг анхааруулав. Зургаадугаар сар гээд морь мал уралдуулж, наадамлах гээд явах биш, харин зунжин утааг хэрхэн бууруулах тал дээр ажиллаад өвөл амрахыг санууллаа. Өмнөх жилүүдийг бодвол утаатай холбоотой асуудлыг өвөл биш, урин дулааны цагт ярьж хэлэлцэж буй нь сайшаалтай хэрэг боллоо гэж дүгнэлт хийлээ.

 Эх сурвалж: Монцамэ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top