Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монголын сайтуудын холбоо анхдугаар уулзалтаа зохион байгууллаа.
Өчигдөр болсон Монголын вэб сайтуудын анхдугаар уулзалт 13.00 цагт Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөсөн юм. 1994 оноос монголд анх интернэт хөгжиж эхэлсэн. Энэ мөчөөс цахим сэтгүүл зүйг өнөөг хүртэл хөгжүүлж буй мэдээллийн сайтууд энэ өдөр өөрсдөд тулгамдаж буй асуудал цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаагаа илэрхийлсэн. Сайтуудын уулзалтаар Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд нийт сэтгүүлчид төдийгүй, интернэт хэрэглэгч, ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлсэнг уламжилсан.
Мөн Цахим сэтгүүлзүйн хөгжлийн цаашдын хөгжил , Data center, Social mediа хэрэглэгчдэд зориулсан илтгэлүүдийг тавьж байсан юм.
Илтгэлүүдэд дурьдагдсанаар Монголд мэдээллийн сайт түлхүү хөгжиж байгаа аж. Тодруулж хэлбэл 26 мэдээллийн сайт байдгаас зургаа нь бие даасан өөрсдийн мэдээлэлтэй байдаг байна. Харин бусад нь бие биенээсээ хуулж, шимэгчлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ингэснээрээ тухайн мэдээллээс шалтгаалж хэн нэгэн хүний эрх хөндөгдвөл түүнд хүлээх хариуцлага гэж зүйл байдаггүй талаар хэлсэн юм.
Монголд сайтуудын холбоо байгуулагдсан нь интернэт хэрэглэгч хэр өсч, интернэтийн орчин хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү алдаа оноогоо дэнсэлсэн Монголын сайтуудын холбооны анхдугаар зөвлөгөөн амжилттай боллоо.
Уншигчдадаа сонирхолтой болгох үүднээс тус уулзалтын үеэр тавигдсан илтгэлээс дор сийрүүллээ.
Монгол дахь цахим сэтгүүл зүйн хөгжил
-Энэ оны нэгдүгээр сарын 17-нд Монголд интернэт нэвтэрсэний 15 жилийн ойг тэмдэглэлээ. Интернэтийн хөгжилтэй уялдан Монголд анхны цахим хуудсууд үүссэн.
-2000 оноос мэдээллийн хэрэгслүүд үүн дотроо өдөр тутмын сонин, МОНЦАМЭ агентлаг өөрийн цахим хуудсуудыг үүсгэсэн нь цахим сэтгүүл зүйн үүсэл гэж хэлж болно. Гэсэн ч эдгээр цахим хуудас нь өчигдрийн мэдээллийг маргааш өглөө нь цахим хуудсандаа тавих зарчмаар ажиллаж байлаа.
Цахим сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйгээс ямар ялгаатай вэ
-Сэтггүүл зүйн бүтээгдэхүүн бэлтгэж байгаагийн хувьд зарчим ижил. Мэдээнд тавигдах шаардлага, сэтгүүлчийн шаардлага гэх мэт
-Гэвч цахим мэдээллийн онцлогоос шалтгаалан хэд хэдэн онцлог байна. Үүнд:
-Технологийн шийдэлтэй холбоотойгоор болж байгаа үйл явдлыг газар дээрээс нь шуурхай хүргэх маш том давуу. Зарим үед телевизээс ч хурдан. Мэдээллийг товч бөгөөд дүрслэлтэй гаргах, үйл явдлын газар дээрх уур амьсгалыг уншигчдад мэдрүүлэх чадварыг сэтгүүлчээс шаардаж байна.
-Шуурхай мэдээллийг хүлээн аваад боловсруулах, дэлгэрүүлсэн тойм бичих дадал бүхий редакторуудыг шаардаж байна.
-Шуурхай байдлыг хангах техникийн хангамжийг шийдэх. Интернэтийн өндөр хурдтай компьютер, гэрэл зураг дамжуулах.
-Мэдээллийг багцалж хүргэх, архив үүсгэх боломжтой учраас уншигчдад цаг үеийн мэдээллийг авахын хажуугаар тухайн үйл явдалтай холбоотой өнгөрсөн бүх мэдээллийн архивыг авч дэлгэрэнгүй ойлголттой болох давуу талыг уншигчид олгож байна.
Цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд цаашид юу хийх вэ?
-Мэргэшсэн баг буюу редакци ажиллуулах
-Сэтгүүлчдийн боловсрол мэдлэгийг тэлэх, мэргэжлийн болон техник, технологийн хангамжаа нэмэгдүүлэх
-Цахим мэдээллийн зохиогчийн болоод оюуны өмчийн баталгааг хангахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцон ихээхэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.
Zaluu.com сайтаас нийтлэв. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )