Америкийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлаачид Аризона мужийн пима овгийн индианчуудын наслалтыг 21 жилийн турш судалжээ. Ингэхдээ, бодисын солилцоо, амьдралын хугацаа хоёрын хоорондох харилцан хамаарлыг голлон авч үзсэн гэнэ. Олон жилийн ажиглалтын дүнд бодисын солилцоо хурдан явагдах нь богино наслалтын нэг шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.Бие махбод хоол, тэжээл боловсруулан энерги хуримтлуулж, хөдөлгөөнөөр дамжуулан буцаан зарцуулах явцыг бодисын сопилцоо гэдэг. Энэ явц биед нь хурдан явагддаг индианчууд махлаг индианчуудаас богино настай байсан гэнэ. Үүнийг нарийвчлан судлахад хэт хурдан бодисын солилцоо бие эрхтнийг ядрааж, гэмтээдэг нь тогтоогджээ. Амьтан дээр хийсэн туршилтаар ч үр дүн батлагдаж хуримтлагдсан энергиэ зугуухан зарцуулдаг нь илүү урт насалж байв. Гэвч эрдэмтэд бодисын солилцооны удаан хэмнэл нас уртасгадаг сайн талтай ч, тарган хүмүүст сөрөг үр дүн авчрахыг анхааруулсан байна. Мөн идэвхтэй хөдөлгөөн, хурдан алхаа урт наслах үндэс болдгийг хүлээн зөвшөөрчээ. Урьд нь амьдралын тогтсон дэглэмтэй, түүнийгээ ягштал баримталдаг хүмүүс урт насладгийг тогтоож байв. Мөн англи эрдэмтэд аз жаргалтай, тогтвортой гэр бүл, италичууд секс нас уртасгадаг гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Харин нийтийн дунд өргөн тархсан "урт наслахад инээд хамгийн чухал" гэдэг нь аль ч судалгаагаар батлагдаагүй юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )