Танин мэдэхүй: Агуйн нууц

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

 Газар дэлхийн нууц дотроос агуй хэмээх сонин ертөнцийн тухай олныг өгүүлж болох юм. Энэхүү гараг дэлхий маань нэг л том цул мэт байвч та бидний доор ямархан янзын хөндий, агуй, нуур ус, ер элдэв зүйл хичнээн метрийн доор оршин байдгийг тооцох аргагүй. Харахад жирийн л нэг цувраа гурван хөөрхөн уул, Өмнөговь аймгийн Ханбогд сумын өмнө хэсэгт оршдогийг Гурван зээрд гэх бөгөөд өнгө төрхөөрөө нээрээ л гурван сайхан зээрд зүсмийн морь зогсож буй мэт говийн намхавтар уул бий. Баруун зээрдийнх нь оройд бяцхан хадны ёроолд томхон шиг тогооны тагны хэртэй нүх бий. Түүгээр доош буувал 5-6 метрийн гүнд агуй, дахиад доош буувал бүр 10-аад метрийн гүнд хэд хэдэн салаа хүнхэр том агуй угтана. Дээвэр нь банан буюу хөхөн чулуулгаас бүтсэн хөрс нь зөөлөн саарал, хязгаар хярхаггүй урт энэ агуйгаар 100 орчим метр явснаа санаж байна.

Хөвсгөлийн Даян дээрх, Сүхбаатарын Талын агуй зэрэг олон агуйг эрдэмтэд жуулчид  боломжийн хэрээр судалжээ. Агуй бол ер бусын гайхамшиг бөгөөд агуй үүсэх нь сүртэй агаад аймшигтай ажээ. Нэгэн түүхээс хүүрнэе.

 

Манай эриний 60-аад онд энэ хэрэг явдал болжээ. Донбасс дахь Славянск хотын захад шөнө газрын гүний их доргилт болж амьтан хүнийг сэрээжээ. Тэнгэр нижигнэх мэт их чимээ гарч гэнэ. Тэр хавьд байшингийн дэргэд том гуу бий болсон байлаа. Хүмүүс урт модоор хэмжих гэсэн боловч мод богинодов. Дараагийн өдрүүдэд үргэлжилсэн их чимээ гарсаар , гуу улам бүр томорсоор усаар дүүрэх нь тэр. Нэгэн жижиг байшин ч удалгүй газрын гүн рүү живж алга болов. Хэдэн өдрийн хойно ангал гарсан тэр газарт давстай нуур үүсэв.

Өнгөрсөн зуунд бас нэг хачин явдал Ельцад болж гэнэ. Тэр хотод худалдаачин Талдыкин гэгч нас барж. Булшны нүх рүү авсыг хийчихээд байх үеэр тэр гэнэт доошоо унаж алга болов. Хоосон харанхуй нүх л харагдаж  дээ. Худалдаачны хийсэн нүглийг газар даасангүй гэлцэж сүжигтнүүд цэцэрхсэн юм гэдэг. Эцэж цуцахыг үл мэдэх ус л чулуулгийг угааж, яваандаа газар доор хөндий үүсгэнэ. Хөөрхий нөгөө шарил ч тэр нүх рүү л талийж одсон нь ойлгомжтой, газар доорх хөндий ертөнц зөндөө байдаг бололтой. Зөвхөн дээр өгүүлсэн Гурван зээрд шиг гадагш амсартай агуйг хүмүүс нэлээд судалжээ. Хамгийн том агуй АНУ-ын Кентукки муж улсад бий. 240 км үргэлжилнэ. Уралын орчимд Кунгурын мөсөн агуй гэж бий. Мөс нь зун ч үл хайлна. Хэдэн арван хонгилоос гадна эртний голын үлдэгдэл болох нуур байдаг аж. Агуйн эхний хонгилын хана, тааз том мөсөн талстаар битүү бүрхмэл. Гэрэлтүүлэх үед мөсөн чимэглэл солонгын өнгөөр наана. Таазнаас том том банан унжиж, шохойн чулуун багана жирийн харагдана. Энэ агуй байнга нурдаг аж. Хаврын үер болоход хонгилууд усаар дүүрч нуур газар доогуурх урсгалтай нийлнэ. Абхаз улсын Зин давааны орчимд Цаст нэртэй том агуй нь Францын 1350-1410 метр гүн агуйнуудын дараа ордог аж. Мөн Унгарын Будапештийн ойролцоох Агтелексийн агуй ер бусын үзэсгэлэнтэй бөгөөд цав цагаан өнгөөр гялалзсан баганатай, 200 метрийн гүнд асар гоёмсог танхим байрлана. Танхимын урт 200 метр, өргөн нь 60, өндөр нь 45 метр ажгуу. Энд элдэв янзын баримлуудыг байгаль эх урлан бүтээсэн нь сонин. Агуйгаас одооны байдлаар 200 гаруй зүйлийн бие махбодыг олж илрүүлжээ. Шинэ Зеландын Уайтомо гэдэг агуй ихэд алдаршжээ. Тэндхийн газар доогуурх голд завиар явж болно. Мөн Кени улсын сөнөсөн галт уулын дэргэд орших агуйд амьтад ирдэг нь сонин. Шөнө болмогц зэрлэг заан цувран ирж, өглөө болтол энд амарч жаргадаг аж. Тэднийг юу тэгтлээ татдаг юм бол? Жирийн чулуун давс л бололтой. Агуйн ханаар зааны соёоны мөр харагддаг. Нэн амтлаг давсанд хүрэхийн тулд энэ том амьтад хойд хөл дээрээ суугаад дээш цоройдог байна. Соёогоороо чулуулгийг ухаж төнхөөд, хэлтэрч унасан үйрмэг хэсгийг хошуугаараа авч зооглодог ажээ. Агуй гэж ийм нэг ер бусын ертөнц эх дэлхийн маань хэвлийд айдас бахархал төрүүлэн оршдог бүлгээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top