Товуугийн Доржсүрэн
Зохиолч, сэтгүүлч Т.Доржсүрэн Завхан аймгийн Отгон сумын харьяат. Яруу найраг, өгүүллэгийн “Хүлгийн үүрсэх дуу”, “Амь чулуу”, “Шүлгэн судар”, “Үүлэн борлог” зэрэг номууд хэвлүүлжээ. Сэтгүүл зүйн хэд хэдэн бүтээлтэй. Сэлэнгэ, Дархан хотын яруу найргийн наадмуудад удаа дараа түрүүлсэн, морины тухай олон сайхан шүлэг, өгүүллэгээрээ уншигчдын хэзээний танил болсон авьяаслаг уран бүтээлчийн “Хүлэг” өгүүллэгийг өргөн барья.
Хүлэг
Морьдын туурайнаас туузрах ухаа бор тоос хүлгийн давхилыг гүйцэлгүй тэнгэрт угалзрахыг ажин их усны түрхрээ шиг чимээ алсаас нүргэлэхийг анирласан наадамчин олон өндөлзөн байх үес дурангийн хурц хараанд нэгэн бүгээн морь гарч ирлээ. Түүний араас өөр нэгэн бараан морь нэхэн нэхэн хурдална. Эгц дээшээ цойлон босох тоосноосоо зугтах мэт хурдлах энэ хоёр хүлэг бусдаас хол тасарчээ.
-Энэ чинь Догмидын хүрэн шив дээ... гэхийг сонсон эргэж харвал Сандаг гуай өвөр дээрээ тавьсан даалин, хөөргөө унагаан дурангаа улам ахиулан өндөлзөж байв.
-Нээрээ тийм байна шүү. Толин сар нь гялалзаад мөн дөө... гэж уяач Сүрэн өндөлзлөө. Хурдан хүрэн тиймээ гэх шиг огцом хүчээ аван бүгээн морийг ардаа орхин хол тасарлаа. Барианы газар ирэхэд хэдхэн зуун метр үлджээ. Гэтэл... гэтэл... Уухайлан баярласан олны баярын совин нүүрнээс нь арилах зав өгөлгүй сайхь хүлэг гэнэтхэн хөл нь солбин гуйвахад унаж явсан хүүхэд нь үсрэн буухыг хараад инээдээ цалгиан уулга алдацгаалаа. Догмид ухасхийн мориндоо мордоод чүү хэмээн өндийхөд саарал морь салхи татуулан ухасхийлээ. Тэр хүн мориныхоо дэргэд салхи, тоос хоёртой зэрэгцэн бууж морио сул хаяад хурдан хүлгээ түшин авах эгшинд сартай хүрэн алгуурхан сөхөрч газарт зөөлхөн уналаа. Тэр эзнээ таниад үүрсэх гэсэн боловч чадсангүй хоёронтоо гүн амьсгалав. Ховор унадаг эр хүний харам нулимс нозоорсон нарны халуун цацрагтай нийлэлдэн сондорлож чимээгүйхэн мэлмэрлээ.
Аяа, хөөрхий чи хүлэг сайн морины үхлээр өнгөрлөө дөө. Энэ урт хөндийд олон наадмын түрүү авч баярын нулимс мэлмэрүүлж явахдаа ийм юм болно гэж зүүдэлсэнгүй дээ гэж Догмид чичирсэн хоолойгоороо хэлэхэд уулс дайвж хүмүүсийн харууслын сүүдэрт эрээлжлэв. Хурдан хүрний туурайнаас тасарсан ухаа саарал тоос салж ядан хөх тэнгэрийн өехий өөд замхарна. Хажуугаар морьд бөмбөр мэт нижигнэн өнгөрнө. Уулс ажин түжин дүнсийж, тэнгэрт хурган цагаан үүлс амирлангуй хөвнө. Хаа нэгтээ ангир ганганах нь сонсогдож барианы газар багшрах олны хөл дунд цагаан тоос хөглөрөн сааралтана. Энэ хүлэг олон олон хүлгийн манлайд, тэдний тоосноос зугтан зугтан явсан шүү дээ гэж санахад харуусал төрнө. Сартай хүрний тэнгэр ширтсэн нүднийх нь ухархайд тогтсон хөлс бүлээнээрээ ч хүлэг сайн морь аль хэдийнээ ертөнцийг орхижээ. Догмид хүрэн мориныхоо толгойг өвөр дээрээ тавиад өөрийн эрхгүй бөмбөрөн гарах нулимсаа нударгаараа эв хавгүйхэн шударч сууна. Хүмүүс малгайгаа базан зогсоцгоосноо уван цуван явсаар ч наадмын талбай эзгүйрсэнгүй. Догмидын сэтгэл борооны үүлс шиг харанхуйлна. Босох гэхэд хөл нь эзгүйрч сэтгэлийн тэнхэл алдарчээ. Морьдоо хөлсөлж дууссан уяачид тал талаасаа цугларсаар...
Хүлгээ дээдэлдэг наадамчид сая нулимсаа унаган зогссон газар уяачид цугларчээ. Бусдад тохиолдсон зовлонг хуваалцан сэтгэлийн хат нэмдэг сайхан ёс үгүйсэн бол энэ хүн яахыг хэн мэднэ. Аяа хөөрхий, хүлэг сайн морь, хүлгээ хайрлах түмний сэтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй монгол газар шороо минь. Чиний хөрсөн дээр олон олон хурдан хүлгүүд тоосоо өргөсөн, олон олон хүлгүүд ясаа тавьсан билээ л...
Нэр төртэй явах зөвхөн хүнд хамаатай биш юм даа гэж наадмын талбайгаас холдож явахдаа бодлоо. Хөл дор цэцэгт дэлхий хөвсөлзөн тосовч сэтгэл минь бор тоосон дунд ороолдон ороолдон ээдэрнэ. Чихэнд хүлэг морьдын туурайн чимээ мөндөрлөн шаагиж мэлмий бүрхсэн нулимсан дунд толин сартай хүрэн тоосноосоо сугаран сугаран хурдлах нь үзэгдээд ердөө болсонгүй. Сэтгэл мөддөө уужрах төлөвгүй ээ...
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр сайхна байна. Дандаа адууны тухай бичдэг хүн гэж дуулсан юм байна. бусад адууны тухай уран бүтээлүүдээс нь үзэх саналтай байна. Өмнө нь энэ сайтруу орж байгаагүй учир мэдэхгүй байжээ.