Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн чиг хандлага

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Орчин үед хамгийн эрчимтэй даяарчлагдаж буй зүйл бол сэтгүүл зүйн мэдээлэл мөн гэдгийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг уламжлалт "сэтгүүл зүй" хэмээх ойлголтын агуулгад төдийгүй нэр томъёонд хүртэл нөлөөлөх болжээ. Тиймээс мэдээллийн технологи өндөр хөгжсөн барууны орнуудад «Маss Меdia» болон «Маss communication” хэмээх нэр томъёог өргөн хэрэглэх болсон.
Өнөөдөр дэлхий дахины сэтгүүл зүйн хөгжлийг тодорхойлж буй 4 гол үйл явц буюу хүчин зүйлийг судлаачид тогтоосон байдаг. Энэ бол:
1.  Даяарчлал буюу глобализация /үүнд гол үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээллийн шинэ технологи, интернет сэтгүүл зүй, мэдээлэл харилцааны шинэ хэрэгслэл, чиглэлүүд юм/.
2.  Эс олон нийтжилт буюу демассовизация /уламжлалт ОНМХ-ийн хүлээн авагчид багасч, тэд олон хэсэг бүлэгт хуваагдах болсон, хүлээн авагчдад сонголт хийх боломж эрс нэмэгдсэнээр зорилтот хүлээн авагчдыг тодорхойлох боломжгүй болсон/
3.  Төвлөрөл буюу конгло-мерация /ОНМХ-үүд нэг гарт төвлөрөх хандлага хүчтэй явагдаж, нэг мэдээллийг олон сувгаар дамжуулах болсон/
4. Ижилсэх буюу конвергенция /ОНМХ-үүд хоорондоо ойртох, ижилсэх, шинэ технологийн үр дүнд шинэ ба уламжлалт ХМХ-үүдийн хоорондох ялгаа багасч, шинэ ба уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг хослон хэрэглэх үйл явц/
Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хувьд дээрх хандлагууд тодорхой хэмжээгээр илэрч, зарим нь нэлээд эрчимтэй нэвтэрч эхэлсэн гэж хэлж  болно.Тус бүрийг тодорхой жишээгээр тайлбарлавал:
Даяарчлал Монголын сэтгүүл зүйд: Өнөөдөр манай оронд зөвхөн ОНМХ-ийн тоо нэмэгдэх төдийгүй мэдээллийн цоо шинэ хэрэгслэлүүд болох онлайн сэтгүүл зүй, кабелийн телевиз, хэт богино долгионы радио, гар утсаар мэдээлэл дамжуулах, хүлээж авах /мобайл сэтгүүл зүй/ боломж бүрдэхийн зэрэгцээ интернет сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, ОНМХ-ийн зар сурталчилгаа, эдийн засгийн сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, аналитик сэтгүүл зүй зэрэг сэтгүүл зүйн цөөнгүй шинэ чиглэлүүд нэвтэрсэн. Энэ бүхэн нь хүлээн авагчид дэлхийн аль ч өнцгөөс мэдээлэл хүлээж авах, бас дамжуулах, өөрийн үзэл бодлыг интернетээр илэрхийлэх өргөн боломжийг бүрдүүлсэн. Товчоор хэлбэл, мэдээлэлд орон зай, цаг хугацаа үгүй болсон. Ганц жишээ дурдахад, өнөөдөр манай хүлээн авагчид кабелийн телевизийн 70 орчим сувгаар 20 орчим хэл дээр мэдээлэл хүлээн авч, өдөр тутмын 16 сонин гарч, Улаанбаатарт 18, орон нутагт 79, Монгол Улсын нутаг дэвсгэрт 2, нийт 99 телевиз эфирийн үйлчилгээ явуулж, 72 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна.
Интернетийн хэрэглээ 2002 оныхтой харьцуулахад 400 дахин өсч, 150 суманд интернет хэрэглэж байна. Хэрэв 2007 онд 17329 хүн интернет хэрэглэж байсан бол 2010 онд 199849 хүн хэрэглэх болсон. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2010 онд 2,5 сая болж, 100 хүнд 90,2 телефон цэг ноогдож, энэ онд 3 тэрбум минут ярьсан гэсэн тооцоо гарчээ. Манай орон өнөөдөр 1000 хүнд ноогдох ХМХ-ийн тоогоор болон нийт иргэдийн телефон хэрэглээгээр дэлхийн дундаж хөгжилтэй орнуудын үзүүлэлтээс өндөр байна. Энэ бол мэдээллийн даяарчлал ямар түвшинд байгааг харуулах энгийн жишээ мөн.
Эс олон нийтжилт Монголын сэтгүүл зүйд: Өнөөдөр сонголт хийх боломж эрс нэмэгдсэнээс шалтгаалан ОНМХ-үүдийн хүлээн авагчид олон хэсэгт хуваагдаж, нас, мэргэжил, боловсрол, нийгмийн давхаргаар ялгарах, төрөлжих хандлага хүчтэй явагдаж байна. Онлайн сэтгүүл зүй хөгжил тогтмол хэвлэлийн уншигчдын тоо аажим аажмаар багасахад нөлөөлөх болсон. Ялангуяа, сонин, сэтгүүл уншдаг залуучуудын тоо эрс багассан. Тэдний гол хэрэглээ интернет, телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг болж байна. Өдөр тутмын чанартай сонинуудыг гол төлөв нас тогтсон, харьцангуй өндөр боловсролтой хүмүүс уншдаг бол долоо, арав хоногийн сонинуудыг орон нутгийн иргэд болон харьцангуй бага боловсролтой хүмуүс унших нь түгээмэл болжээ.
Мөн блогчид өөрийн гэсэн уншигчтай болж, өдрөөс өдөрт нэмэгдэж буй сайтууд /сайтын тоо 30000-д хүрч, нэг сайтад хандах хандалтын тоо дунджаар 15000 болсон/ хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон. Сүүлийн үед өнгөт, танин мэдэхүйн шинжтэй сэтгүүлийн тоо эрс нэмэгдсэн нь уламжлалт хүлээн авагчдын тодорхой хэсгийг байлдан дагуулж байна. Радио орон нутгийн, ялангуяа малчин, тариаланчдын мэдээлэл хүлээж авах гол хэрэгсэл хэвээр байна.
Төвлөрөл Монголын сэтгүүл зүйд: Энэ бол манай сэтгүүл зүйн практикт 1990 оноос хойш ажиглагдах болсон шинэ үзэгдэл. Өнөөдөр "Монгол ньюс" компани, "Женко" групп, "Оллоо" компани, С.Баярмөнхийн ХМХ-үүд зэрэг нэг байгууллагын мэдэлд 4-10 мэдээллийн хэрэгслэл төвлөрөх нь энгийн үзэгдэл болж, цаашид улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Зарим нь орон нутагт салбараа байгуулж, телевизүүд 2, 3 дахь салбараа нээн ажиллуулж байна.  Өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн болгон телевиз байгуулж, сонин гаргадаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдээс цөөнгүй хүн томоохон ХМХ-үүдийн эзэн байгаа нь үүний тод жишээ юм. Энэ нь эерэг ч, сөрөг ч үр дагавартай гэдэг нь ямар ч тайлбаргүй ойлгомжтой юм.
Ижилсэх хандлага Монголын сэтгүүл зүйд: Энэ бол нэг мэдээллийн хэрэгсэл хэд хэдэн мэдээллийн хэрэгслийн шинжийг нэгэн зэрэг агуулж, түгээж буй мэдээлэл, түүнийг бэлтгэх үйл ажиллагаа нь ижилсэх үйл явц бөгөөд манай орны сэтгүүл зүйд 2000 оноос хүчтэй ажиглагдах болсон. Үүнд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл бол мэдээллийн шинэ технологи юм.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд тоон технологи нэвтэрснээр зөвхөн интернет кино ба телевизийн хөдөлгөөнт дүрсийг, радиогийн дуу чимээг, фото сэтгүүл зүйн хөдөлгөөнгүй дүрсийг, тогтмол хэвлэлийн эх бичвэрийн бүх хувилбарыг, цахим номыг, шуудан холбооны бүх боломжийг өргөн ашиглаж байна. Бараг бүх томоохон тогтмол хэвлэлүүд цахим хувилбартай болж, радио ба телевиз нэвтрүүлгээ интернетээр дамжуулах болсон. Энэ бүхэн нь мэдээлэлд орон зай, цаг хугацаа үгүй болж, шуурхай, хүртээмжтэй байх боломжийг эрс нэмэгдүүлж, мэдээллийн багтаамж мэдэгдэхүйц сайжирсны зэрэгцээ ХМХ-ийн интерактив шинж /хүлээн авагчидтай эргэх холбоо тогтоох, санал бодлоо солилцох/ энгийн үзэгдэл болж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүхний үр дүнд:
• Сэтгүүл зүйн тухай уламжлалт ойлголтын хамрах хүрээ, багтаамж, агуулга өөрчлөгдсөн.
• Сэтгүүл зүй бие дааж оршин тогтнох нь улам багасч олон нийтийн мэдээллийн харилцаа буюу “Маss communiication”-ний бүрэлдэхүүн хэсэг болж хувирсан.
• Мэдээлэл таавар, бизнес болж хувирсан бөгөөд ихэнх ХМХ үүнийг гол зорилго гэж үздэг болсон.
• Сүлжээний мэдээлэл нийгмийн үйл ажиллагааны бүх хүрээ салбарт эрчимтэй нэвтэрч, сэтгүүлчийн үүргийн тодорхой хэсгийг блогчид гүйцэтгэх болсон.
• Сэтгүүл зүйн шинэ чиглэлүүд /иргэний, экологийн, эрэн сурвалжлах, эдийн засгийн, улс төрийн, аналитик, онлайн сэтгүүл зүй г.м./ нэвтэрч, энэ нь хүлээн авагчдыг терөлжүүлэх, тодорхой хэсэг, бүлэгт хуваахад нөлөөлөх болсон.
• Шинэ мэдээ бэлтгэх нь сэтгүүлчийн үүрэг биш болж, үүнийг ямар ч сайт гүйцэтгэж чаддаг болсон.
•Аливаа шинэ мэдээллийг агуулагч эх сурвалж тоон технологийн тусламжтайгаар ямар ч сэтгүүлчгүйгээр шууд дамжуулах болсон.
•Хэрэв хуучин юу бичих вэ гэдгийг удирдах байгууллага, ХМХ-ийн эрхлэгч нар мэддэг байсан бол өнөөдөр хүлээн авагчид мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, хүлээн авагчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг мэдэхгүйгээр хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.    .
• Интерактив шинж гол байр эзлэх болж, хүлээн авагчид өөрсдөө мэдээллийн агуулгыг бүтээгчид болон хувирсан.
• Сэтгүүлчийн мэргэжлийн тухай уламжлалт ойлголт үндсээрээ өөрчлөгдөж, мэдээллийн шинэ технологи сэтгүүлчийн мэргэжлийн агуулгыг улам өргөжүүлж, чанарын шинэ шаардлагуудыг тавих болсон.
•ХМХ-үүдийг удирдахаас эхлээд мэдээ, мэдээллийг бэлтгэх Барууны орнуудын арга барил, туршлага манай сэтгүүл зүйн практикт нэвтэрч эхэлсэн.
• Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бодит үзэгдэл болж, ХМХ-үүд ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болох өргөн боломж нээгдсэн.
Шийдвэрлэх асуудлууд:
Шийдвэрлэх асуудлуудыг үндсэн 5 чиглэлээр авч үзэж болно. Үүнд:
1. Чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
2. Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх /сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага, редакцийн дотоод хяналт, сэтгүүлчийн өөрийн хяналт г.м./.
3. Сэтгүүлчдийг бэлтгэх, давтан бэлтгэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгох.
4. Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийг хөгжүүлэх
5. Сэтгүүлчдийн нийгмийн асуудал, ажиллах нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ авах
Дүгнэлт:
1. Дэлхий дахины сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага орчин үеийн Монголын сэтгүүл зүйд хүчтэй нөлөөлж, ОНМХ-ийн систем, нийтлэл нэвтрүүлгийн агуулга, бичлэгийн ур чадвар, төрөл зүйлд томоохон өөрчлөлт гарсан. Энэ бол манай сэтгүүл зүй дэлхийн чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн хөгжилтэй хөл нийлүүлэн зөв замаар явж байгаагийн илрэл мөн.
2.  Монголын сэтгүүл зүй либертари сэтгүүл зүйгээс хариуцлагатай эрх чөлөөний сэтгүүл зүй рүү шилжих тодорхой алхам хийж эхэлсэн. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудал бий.
3.  Монголын сэтгүүл зүйн 100 орчим жилийн хөгжлийн уламжлалыг тодорхой хэмжээгээр хадгалан, түүнийг орчин үеийн шинэчлэлтэй хослуулан хөгжүүлж байна. Энэ шинж ялангуяа, тогтмол хэвлэлд нэлээд тод илэрч байна.
4. ОНМХ-үүд тооны хувьд хангалттай боловч, нийгмийн мэдээллийн, эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагаас ихээхэн хоцорч байна. Тооноос чанарт шилжих шаардлага хурцаар тавигдах болсон.

Эх  сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top