МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн профессор Ш.Чоймаа багштай ярилцлаа.
-Таны хөндсөн "Хэлний экологи" сэдэв анхаарал татаж байна. Хэлний экологийн тэнцвэр үнэхээр алдагдчихаад байна уу?
-Экологи хэмээх ойлголт орчин үед унаган төрхийг нь хамгаалах, нөхөн төлжүүлэх гэх гол агуулгыг илэрхийлж, сав шимийн болоод оюун санааны ертөнцийн тэнцвэрт орчныг хэвээр нь хадгалах, тийм боломж нөхцлийг бүрдүүлэх, түүнд харшлах аливаа үйлдэлтэй эрс тэмцэх зэргийг зорилгоо болгож байна. Товчхондоо бол хүн төрөлхтний оюун санааны ертөнц, түүний өв санг хамгаалах хэмээвээс тулгуур үндэс нь болсон хэлийг хамгаалах ёстой. 2004 онд жил бүрийн тавдугаар сарын эхний бямба гарагийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэх зарлигийг Ерөнхийлөгч асан Н.Багабанди гаргасан. Жил ирэх тусам энэ арга хэмжээ өргөжиж байна. Засгийн газраас 2008-2015 онд хэрэгжих "Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II"-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн зарлиг гаргасан. Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан зохиогдох үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ өдөр гэлтгүй үндэсний бичиг үсгийг сурах судлах талаар байнга анхаарах нь чухал. Хэл шинжээчдийн тооцоолсноор манай дэлхийн зургаан тэрбум гаруй хүн 3000 орчим хэлээр харилцдаг. Хэрэв нутгийн аялгууг аман аялгуу, хэлтэй нь хамтатгавал 25-30 мянга орчим хэмээсэн бүртгэл бий. Хэлний экологийн асуудал буюу аль нэг үндэстний хэл оршин байх орчныг хамгаалах тухайд Монгол Улс, монгол үндэстний өнөөгийн байдалд дулдуйдан цөөн санал хэлье. Нэн түрүүнд тухайн хэлний түүхэн хөгжлийг судлах хэрэгтэй. Аливаа амьтан, ургамлыг хөгжил, хувьслыг нь судалж мэдэхгүйгээр хамгаална гэж байдаггүйтэй адил. Монгол хэл гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтдаг. Үүнд, түрэг, манж, түнгүүс, солонгос зэрэг хэлийг хамруулдаг. Монгол хэлний үг бүтэх ёс үгийн язгуурын хойноос үг бүтээх дагаврууд, түүний араас үг хувилгах дагаврууд угсран залгадаг зүй тогтолтой. Монгол хэл түүхийнхээ явцад өвөг, эртний, дундад, орчин үе хэмээсэн хөгжлийн дөрвөн үе шатыг туулсан эртний хэлний нэг. Өнөөгийн байдлаар харьцангуй цөөн хүн хэрэглэж байгаагаар нь хэмжүүр болгож, үнэлж дүгнэх, дорд үзэн басамжилж болохгүй. Хэлийг том, жижиг хэмээн үзэх нь утгагүй. Харин тухайн хэлээр хэдэн хүн харилцаж байна гэдгээр нь бус, хэр зэрэг эртний хэл вэ, хэдийд бичиг үсэгтэй болсон бэ, тэрхүү бичгээр хэдий хэр оюуны өв хадгалагдсан, хэзээнээс ном барлаж, хэвлэж эхэлсэн бэ, бичгийн хэл нь хэдий үеэс бүрэн цэгцэрсэн, ямархуу түүхэн хөгжлийг туулж, хэр баян үгийн сантай вэ зэрэг олон зүйлийгхаргалзан үздэг юм.
-Энэ бүхэнд монгол хэл давтагдашгүй өв соёлтойгоороо гайхагдах байх?
-Монгол хэл яах аргагүй хүн төрөлхтний оюуны соёлын нэг хэсгийг тээж ирсэн эртний том хэл. Цагтаа монгол хэл одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж, олон улсад зайлшгүй сурч мэдэх хэрэгцээтэй хэл байсан. Монгол бичгээр бичсэн албан бичиг тив дамжин өртөөлж байсан түүхтэй. Монгол хэлний түүхэн хөгжил нийгмийн ямар адармаатай зам туулж, өнөөгийн бидэнд өвлөгдөж ирснийг олонд баримт болгон таниулах нь монгол хэлний экологид тустай. Тиймээс нэн түрүүнд бичгийн хэлийг цэвэр, ариун байлгах, улам баяжуулах нь хэлний экологийн гол асуудал. Хувь хүний ярианы хэлийг журамлах боломж бараг байдаггүй тул бичгийн хэлийг эрхэмлэдэг нь аль ч улс үндэстний баримталдаг жишиг. Хэл шинжлэлийн ухаанд, зөв бичих, зөв дуудах зүй, хэлзүй, найруулга зүйн тогтсон хэм хэмжээтэй, сайтар боловсорсон хэлийг бичгийн хэл хэмээн тодорхойлдог. Нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан сайтар боловсорсон бичгийн хэлийг Их Монгол Улсын хэмжээнд албан ёсоор хэрэглэсэн түүхтэй. Ийм эртний уламжлалтай монгол бичгийн хэл маань XVII зууны эцэс гэхэд, зөв бичих дүрэм, хэл зүйн тогтолцоо, хэл найруулгын хувьд аль хэдийнэ бүрэн төгс боловсорсон, бас харь үгийг тэмдэглэх тогтолцоот галиг үсэгтэй, орчуулгад баримтлах нарийн чанд зарчимтай сонгодог бичгийн хэл болсон. Түүхийн хугачаа, нугачаанд ороо бусгаа цагийн аяс элдэв янзаар нөлөөлж байсан боловч ерөнхийдөө сонгодог бичгийн хэл уламжилсаар өнөөг хүрсэн юм.
-Тэгэхээр монгол бичгийн хэлийг харийн хэл хүч түрэн орж ирж байгаа энэ үед хэрхэн хамгаалах вэ?
-Бичгийн хэлийг тасралтгүй тэжээгч нутгийн аялгуунуудыг хамгаалах учиртай. Академич Ш.Лувсанвандан "Монгол бичгийн хэл нь 700-гаад жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж ирэхдээ ямагт үе үеийн ардын ярианы хэл, нутгийн аялгуугаар тэжээгдэн хөгжсөөр ирсэн тул мөхсөн хэл болсонгүй, болох ч нөхцөлгүй" хэмээсэн. Тэгэхээр нутгийн олон аялгуу оршин байх нь тухайн үндэстний хэлний дархлаа нь болдог учиртай. Монголхэл гэдэг нь Монголын олон аялгууны ерөнхий нэр бөгөөд тэдгээрийг лавтай 800 жил нэгтгэн зангидаж байгаа бодит зүйл нь монгол бичгийн хэл юм. Ер нь монгол эх хэлээ харь хэлний зохисгүй нөлөөнөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг өнөөгийн тулгамдсан асуудал болсон. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурд, ялангуяа мэдээллийн технологийн гайхамшигт ололт амжилт аль нэг оронд байгаа хүнийг дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй, орон зай, цаг хугацааны нэгэн агшинд холбох болж. Мөн шинжлэх ухааны шинэ нэр томъёо, зах зээл, худалдаа арилжаатай холбогдсон үгс монгол хэлэнд ихээр орж ирж байна. Мөн харь хэлний үг хэллэгийг чамирхал болгон хэрэглэж, өөрийнхөө "боловсролтой"-г гайхуулагчид багагүй уршиг тарьж байна. Аливаа улс орон харь хэлний үг, нэр томъёог өөрийн хэлний үгээр буулгахыг хичээдэг. Монгол хэлэнд ч бусад хэлний нэр томъёоны зүйлийг монголчлох, шинэ үг бүтээх олон аргатай, эртний бичгийн хэлний үг, нутгийн аялгууны үг хэллэгийг таацуулах, хэрэглэх боломж ихтэй. Гагцхүү тухайн мэргэжлийн хүн, монгол хэлний мэргэжилтэн хоёр нийлж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Сурч боловсрох болон аж амьдралын шаардлагаар гадаад хэл сурах нь түгээмэл хэрэгцээ болжээ. Нөгөө талаар зөвхөн орчуулагч, хэлмэрч төдийгүй гадаад хэлтэй хүн бүрт эх хэлний боловсрол нэн чухал. Эх хэлээ сайн мэднэ гэдэг гадаад хэлийг сайн сурах, ялгаа заагийг нь гаргаж ойлгоход хэрэг болоод зогсохгүй монгол хэлний мэдлэг, боловсрол, сэтгэхүйг хөгжүүлэх хүчин зүйл юм.
-Сүүлийн үед эх хэлээрээ цэгцтэй, зөв бичих нь бүү хэл, зөв ярьдаг хүн ч цөөрсөн. Үүнтэй яаж тэмцэх вэ?
-Үгээр тоглогчидтой тэмцэх хэрэгтэй. Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хамгаалах цаг болж. Аливаа хэлний үг гэдэг үнэ цэнэтэй, ид шидтэй, нарийн нандин зүйл, Чой.Лувсан-жав багш "Монгол хэлийг монгол соёлын том музей хэмээн бодвоос монгол хэлний үг бүр тэр музейн нэг сонин үзмэр хэмээлтэй" гэсэн байдаг. Мөн профессор Ч.Онгоодой "Гадаад хэлээр уншиж, бичиж ойлгодог байх нь нэг хэрэг боловч эх хэлнийхээ яруу сайхныг мэддэггүй, бичих найруулах авьяасгүй бол нэн гачлантай. Үг эвлүүлж, өгүүлбэр зохион, судар ном бүтээх нь тоосго өрж, орд харш босгохтой адил. Өндөр нам өрж, өнцөг буланг нь жигдлээгүй тоосго, барилгыгямар болгох вэ? Гэгээн оюун зарж, үгийн "тоосгоор" өрж босгосон номын их суварга ч үүнтэй утга дүйх бус уу. Үг сонгож зөв найруулах нь нарийн өрлөг шаарддаг чимхлүүр ажил юм" хэмээн мэргэжил огт өөр боловч эх хэлээ энхрийлэгчийн сэтгэлээр бичсэн байдаг. Үг сонгох, зөв найруулах, үгийн нарийн өрлөг хийхэд эх хэлний үгийн сангийн баялаг, мэдлэг, монголоороо сэтгэн бодох чадвар, монгол хэлнийхээ зүй тогтлоор бичих, сэтгэх чадамж, үг хэлхэж, өгүүлбэр бүтээн, утга төгс санааг илэрхийлэх дадлага туршлага байж гэмээнэ бийр барьж, бэх, цаас нийлүүлэх эрх олно. Энэ чадвар ээжийн бүүвэйн дуунаас эхлээд эцэг эхийн хэл яриа, эрдмийг амлуулагч багшийн хичээл, эх хэлний яруу тансгийг агуулсан уран зохиолын ном, толь бичиг сэлтийг дамжиж, бас өөрийн үргэлжийн чармайлт мэрийлтээр буй болдог юм. Ийн чармайлт гаргах эсэх нь "Би монгол хүн" гэсэн чин сэтгэл, үзэл бодол төлөвшсөн эсэхээс шууд хамаарна.
-Үндэсний бичиг соёлоороо бахархах олон ажил ойрын өдрүүдэд өрнөж байгаа. Үндэсний бичгийн олон уралдаан болж байна. Тэр дундаа төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн олимпиад зохиосон нь сонирхолтой санагдсан?
-Оюутан залуус, төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн улсын олимпиад амжилттай зохиолоо. Төрийн албан хаагчид энэ олимпиадад идэвхийлэн оролцож, мэдлэг чадвараа сорилоо. Шилдгүүдэд үндэсний бичиг соёлын баярын өдрөөр шагналыг нь гардуулна. Мөн оюутнуудын дунд зохиосон монгол бичгийн олимпиадад 30 гаруй их, дээд сургуулийн 200 гаруй оюутан оролцсон. Мэргэжлийн бус чиглэлд өрсөлдсөн оюутны ангилалд математик, эдийн засгийн ангийн оюутнууд хошуучилсан. Манай мэргэжлийн баг сургуулийнхаа Мэдээлэл, технологийн сургуулийнхантай хамтарч кирилл, монгол бичгийн 50 мянган үгээс бүрдсэн толь бичиг бүтээж вэб сайтад байрлуулсан. Сонирхсон хүн http://dict.num.edu.mn/Default2.aspx сайтад зочлоорой.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )