Өгүүллэг: Өвгөний гайхширал

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Жамсрангийн Гэндэндарам

МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч Ж.Гэндэндарам Завхан аймгийн уугуул. 20-иод жил элчингийн албанд Энэтхэг голдуу оронд алба хашсан бөгөөд амьдралынхаа 40 гаруй жилийг орчуулгын ажилд зүтгэжээ. Хинди хэлнээс “Абаха”, “Ядуугийн зовлон”, “Таван сургамж”, “Нүгэл буян”, “Шрираамачандраан тууш оршвой” зэрэг 17 ном, англи хэлнээс “Монголын байлдан дагуулын түүх”, “Их замын өчиг”, “Нүдээ нээгтүн”, “Махаамаяа” зэрэг арваад ном орчуулснаас гадна өөрийн зохиолын 9 ном бүтээжээ. Нэрт соён гэгээрүүлэгчийн хоёр шогийг өнөөдөр орууллаа. Уншаад үзвээс нэгэн ухаарал, бяцхан хошигнол болох буй за.

Өвгөний гайхширал

Хатгины Лувсан өвгөн компанийн даргатай уулзахаар конторт нь явж ороод нарийн бичгийн даргаас нь 

-Охин минь, би танай даргатай уулзаж болох уу гэж асуухад, 

-Та жаахан хүлээж байгаарай. Манай боос хүнтэй уулзаж байна гэхэд Лувсан нарийн бичгийн дарга руу ёозгүйхэн харж, энэ яасан увайгүй хүүхэд вэ. Даргыгаа боос гэж байдаг. Давхар биетэй хүнийг хөл хүндтэй, жирэмсэн гэдгээс биш, хэзээ гүү мал шиг боос гэдэг байлаа. Үгүй тэгээд энэ компанийн дарга чинь эрэгтэй хүн гээгүй билүү. Энэ охины ярьж байгаагаар бол эмэгтэй хүн, тэгэхдээ бүүр хөл хүндтэй хүн байх нь ээ гэж бодоод сууж байтал нарийн бичгийн дарга, 

-За, та одоо ор гэв. Лувсан өвгөн эмэгтэй даргатай уулзах нь гэж бодоод хаалгы нь аяархан онгойлгож,

-Орж болох уу, даргаа гэж намуухан дуугаар асуув. Тэгтэл хүрлэгэр бор царайтай хүдэр эр ширээний араас,

-За гэв. Лувсан гайхасхийж, энэ дарга нь лав биш байлгүй. Тэгэхдээ ширээн дээр сууж байдаг нь юу билээ гэж бодоод ороход тэнд ердөө л нэг эрэгтэй хүн байв.

Үгүй хачин юмаа. Өнөө давхар биетэй гэдэг чинь юу билээ. Энэ чинь эр хүн байна гэж дотроо бодож гайхсан авч ажил явдлаа яриад гарч одлоо.

Тэрээр орой хүүгийндээ эргэж ирэхэд хүү нь,

-За ааваа, ажил явдал чинь бүтэмжтэй юу. Өнөө компанийн захиралтайгаа уулзав уу гэж асуухад

-Үгүй, хачин юм даа гэхэд хүү нь,

-Юу нь хачин гэж хэмээн лавлахад,

-Тэр компанийн нарийн бичгийн дарга нь даргыгаа боос гээд байх юм гэж их л гайхсан янзтай толгойгоо сэгсрэн ширвээ сахлаа имрэхэд хүү нь инээмсэглэн,

-Ээ, аав минь дээ, энэ чинь хээлтэй гүүг боос гэж ярьдаг малчин та нарын үг биш. Дарга хүнийг боос гэдэг байхгүй юу гэж учрыг тайлбарлахад Лувсан өвгөн хүү өөдөө том харж,

-За тэр, тэгж таарна. Хөдөөний бүдүүлэг монгол бид чинь хотын боловсон та нарын гадна, дотнын үг хэл хутгасан яриаг ойлгохоо байгаад байна шүү гээд одоо тэгээд яадаг юм билээ гэсэн янзтай бодлого болон тамхиа нэг хоёр сорон суув.

 

Намын үүрийн даргын ваар

Дөч тавиад оны багш нар яггүй жүжигчид байлаа. Аймаг сумьн клуб, улаан буланд жүжиг, концерт тоглох болоход багш нар л голлоно. Заримдаа ч хөгтэй юм болдог л байлаа гээд өвгөн багш Дамдин тамхиныхаа үнсийг цохин унагаагаад инээмсэглэн,

-Нэг удаа бид сумын клубт "Учиртай гурван толгой" тавих боллоо. Сургууль хийхийн зэрэгцээ хувцас хунар, хэрэглэлээ өөрсдөө олж бэлтгэв. Жүжгээ тоглож эхэллээ. Балган ноён хиа нараа дагуулан тайзан дээр тойрон давхилаа. Хиа Жамъян багш бүсэндээ нэг ваар зүүчихсэн харайж явтал өнөө ваар нь мултарч унаад хага үсрэв. Тэгтэл Жамъян ноёноо дагах хаа байхав, эргэж явган суугаад "Ээ хайран ваар, хайран ваар, намын үүрийн даргын ваар юмсан" гэж дуу алдан ваарныхаа хагархайг түүж байж билээ гээд хүд хүд инээв.

Дэргэд нь байсан Должин багш,

-Яагаад тэгж хэлсэн юм болоо гэхэд

-Яах юу байхав, Жамъян жүжигт тоглоод өгье гээд сумын намын үүрийн даргын авгайгаас ваарыг нь гуйж авсан байхгүй юу гэв.

 

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top