Луйврын сонгууль болдгоороо болно, харин МАН хууль засчих вий!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Сонгуулийн хууль ямар байх вэ гэсэн маргаан үргэлжилсээр байна. Хууль тогтоогч 76 маань жинхэнэ ухаанаа уралдуулж байгаа бололтой. МАН-ынхан хэд хуваагдчихаад хоорондоо үзэлцэх нь тун сүртэй. Тэд их жинтэй хууль гаргах нь ээ, янз нь. 2008 оны сонгуулийг олон мандаттай мажоритари системээр явуулж азаар ялснаас биш уг нь навс тавиулчих байсан гэж зарим судлаачид хэлдэг. С.Баяр намын дарга болмогцоо “Сонгуульд заавал ялна” гэсэн нь хатуу зорилго тавьсан төдийгүй хуулийг ямар ч аргаар хамаагүй гуйвуулж санал худалдан авна гэсэн далд санаа агуулсан байлаа. Түүний хүчээр томилуулсан Сонгуулийн Ерөнхий хороо нь ч “үүргээ” яс биелүүлнэ гээд маадгар байв. Дарга нь яагаав нөгөө будлиу царайлчихаад ёстой нэг хорны эр байгаагүй юу. С.Эрдэнэ гишүүнийг хуулийнхантай нийлж байгаад шоронд хийх гэж оролдоод бараагүй Баттулга гэдэг нөхөр байлаа шүү дээ. Сонгуулийн дараа тэр МАН-аас шагнал болгож өгсөн Эрдэнэт үйлдвэрийн дэд даргын албанд шилжсэн. 2008 оны сонгуулийг луйвар болгоход түүнд үнэндээ их амархан байлаа. УИХ-ын тамгын газрынхан сонгуулийн хуулийг шинэчлэн баталмагц нийтэд хэвлэн түгээхдээ засвар хийчихсэн байв. Ингэхдээ “УИХ-ын сонгуулийг томсгосон 76 тойргоор явуулна” гэснийг “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гээд засчихсан байжээ. Энэ талаар иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд зарга гомдол мэдүүлсэн боловч намын үзэл суртлаасаа салж амжаагүй цэцийн гишүүд авч хэлэлцэхээс татгалзсан юм. Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Д.Дондог нар хуулийг ийнхүү засварласан хэргийг анхаарч үзэх л ёстой байв. Гэвч тэдний хэн нь ч үл тоож үлдээсэн нь эцэстээ сонгуулийн будлиан, луйврын эхлэл болсон юм. Өөрөөр хэлбэл С.Баярын хатуу зорилго анхнаасаа ингэж биелжээ. Хуулийн ойлголт нэр томъёог нэг үгээр засахад л тэс өөр утгатай болоод ирнэ. МАН-ын найзуудын хүчлэн хийсэн луйврын энэ үйлдлийг хуулийн аргаар төрийн эрхийг булааж авах санаархал хэмээн үздэг л дээ. Манайхан болсон хойно аливаа зүйлийн ач холбогдлыг алдуулж, замбараагүйтүүлж байдаг болохоос биш. Ер нь тэгээд олигархижсан төр засгийн толгойд байгаа хүмүүсийн ганц дургүй юм нь хатуу хяналт, нарийн дэг журам юм. Хуулийг хэрэгжүүлэх гэж тэд үхэн хатан зүтгэдэггүй. Бүх юмыг урсгалаар нь тавиад туучихдаг. Энэ нь тэдэнд луйвраа хийх аятайхан боломж болдог байхгүй юу. Чоно борооноор гэж манайхан ярьдаг биз дээ. 2008 оны сонгуулийн луйврын уг үндсийг хайгаад байхад нэг ийм л юм гарч ирээд байна. За, тэр сонгуулийг зохион байгуулсан, санал хураасан процесс зэргийг бол ярих юм байхгүй. Сонгуулийн Ерөнхий хорооноос тойрог хэсгийн хороог бараг бүхэлд нь МАН-ын гишүүдээр бүрдүүлээд тэдний луйвраа зохицуулсны шагналын мөнгийг овоолоод тавьчихсан байлаа. Мөнгө үнэртсэн гишүүд нь ёстой алж өгсөн дөө. Хэнтийд гэхэд Д.Арвинг гаргаж ирэх гэж маш нарийн хуйвалдаан зохиосон байв. Саналын дүнг нэгтгэхдээ илүү тоо нэмж бичин чирээд гаргаад ирсэн. Дорнод аймагт мөн яг ийм схемээр луйвар хийгдсэн гэнэ лээ. Бусад аймгуудад бас адилхан. Ийнхүү өргөн хэрэглэгдсэн луйврын арга болохоор нь “Нэг тэгийн арга” хэмээн өндөр үнэлж, бараг бурхныхаа гүнгэрвааны өмнө тодоор бичээд тахихаа шахсан даа. Зарим газарт тахиж ч байгаа байх. Энэ нь сонгуулийн санал тоолохдоо нэг тэг нэмээд бичдэг сонгомол арга юм. Саяхан Баабар “Сонгууль” гэдэг нийтлэлээ “Өдрийн сонин”-д тавьжээ. Тэр өмнөх бүх сонгуулийн онцлогийг дурьдсан байна. Өөрийнх нь лааз өшиглөсөн гашуун сургамжийн цаад учир шалтгаан жижиг мажоритари системд байсан юм гэнэ. Тэгэхээр томосгосон мажоритари нь мөн ялгаагүй шүү дээ. Жижиг талбар дээр мөнгө тараахад бага мөнгө, том дээр том мөнгө л гарна. Мөнгөөр бааж байгаа МАН, АН хоёрт энэ бол юу ч биш. Бүдүүн тоймоор тооцоо бодоод үзье. Манай хөдөөгийн сумд нисээд 2000 хүнтэй. Сонгуулийн насныхан тал хувь нь гэвэл нэг хүнд ноогдох 50 мянган төгрөгөөр бодоход 50 сая болно. Тоглоом байгаа биз дээ. Нэг суманд 50 сая төгрөг хаяад явахад аймгийн хэмжээгээр нийтдээ дунджаар ганц тэрбум хүрэхтэй үгүйтэй мөнгө зарцуулна. 2008 оны сонгууль хэдийгээр томсгосон мажоритари байсан ч гэсэн дор хаяж иймэрхүү хэмжээний мөнгө нэг нэр дэвшигчээс гарч байсан байхгүй юу. Хамгийн бага хаялга гэхэд ийм байлаа. Тэгвэл одоо МАН-ын хашрууд үүнийгээ зүүдлээд салахаа болив бололтой. Дотроо хоёр гурван хэсэг болчихсон сонгуулийн ямар хувилбараар луйвраа хийвэл илүү ашигтай вэ гээд тархиа гашилгаж байна. Хамгийн олон жил парламентад суусан П.Лүндээжанжан хүртэл сүүлдээ толгой нь эргэж, нэг өглөө босоод пропорциональ системээр сонгууль явуулъя гэсэн бол маргааш нөгөөдөр нь тэс өөрөөр ярина. Мань хүн ингэж эргүүтсээр сүүлдээ холимог систем нь ч дээр юм уу гэнэ. Түүний сүрэгт нэгдээд явдаг хэсэг нөхөд манай Лүндээ хэлж байгаа бол унацтай байж таараа гэсэн шиг “холимог”-оор хийнэ шүү гэцгээх ажээ. Холимог гэдэг нь тэдний одоо яриад байгаачлан 26:50 гэсэн хувилбар. Улсын хэмжээний 26 тойргоос УИХ-д ороод ирнэ гэсэн үг. Нөгөө 50 нь намын авсан суудлын тоогоор сонгуульд ялалт байгуулан УИХ-ын гишүүн болно. Жижиглэсэн мажоритариас энэ тогтолцоо нь арай дээр л дээ. Ядаж тараах мөнгө нь ихсэнэ. Санал худалдан авах мөнгө муутай нь шаансгүй. МАН-АН цэвэр рейтингээрээ биш популист далд аргуудыг хэрэглэн гадаад, дотоодоос олж цуглуулсан хахуулийн мөнгөө хайр найргүй цацна. ИЗ-НН зэрэг жижгүүд чирэгдэж таарах биз. Гэхдээ МАН одоо жижигрүүлсэн мажоритарийг зүтгүүлээд баталчихвал, за тэгээд дууслаа гэсэн үг. Мөн сонгуулийн хороодыг намын харъяаллаас салгах дургүй байгаа нь бид луйвар хийдгээрээ хийнэ гэсэн санаа юм. 2012 оны сонгуулийг ингээд хямдхан шиг худалдаж авна. Тиймээс тэд холимог, эсвэл ийм мажоритари гээд сууж байна. Харин АН хувь тэнцүүлэх буюу пропорциональ систем дээр бат зогсох шиг боллоо. Энэ тогтолцоо нь нэр дэвшихээр горилогсдод дэндүү халгаатай. Орон нутгийн намын байгууллага нь тухайн хүний долоон булхайг нэгбүрчлэн тоолно. Манайд ямар но-гүй хүн гэж байх биш. Ялангуяа улс төрийг мөрөөдөөд явдаг хүмүүс ихэвчлэн намаа доош нь чихэж өөрөө мундаг хүн болох гээд байгаа. Нам нь халгаатай, яршигтай түүнийг бас дээш нь гаргах дургүй. Тиймээс нөгөө горьдогч маань намынхаа бага хурлын гишүүдэд халаасаа сэгсрэн барин мөнгөө чулуудна. Эцэстээ тогтолцоо юу ч биш болж хувирна. Мөнгөний сонгууль ийнхүү болдгоороо л болно. Гэхдээ хууль батлагдсаны дараа дахиад засвар хийх вий. Сэрэмжтэй байх нь зөв. МАН-ынхан чинь хууль засварлахдаа гаргууд шүү дээ.


Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top